Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Баатрууд буюу Баатууд овгийнхонУншсан4,220

XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, зүүн гарыг Асудын Хатантөмөр, баруун гарыг Баатуудын Алагтөмөр нар удирдаж байв.

Баатууд (Баатуд, Баатад) аймаг бол Ойрадын нэгэн овог аймаг юм. XIV-XVI зууны үед Ойрадын нэгэн гол аймаг болж байжээ. XVI зууны үеэс бусад аймагт хуваагдан сарниж, овгийн байдалтай болсон байна.

Монголын нууц товчоонд, Чингис хааны дээд өвөг болох Торголжин баяны хоёр хөвгүүний ахмад нь болох Дува сохрын дөрвөн хөвгүүн дүрвэн нүүж дөрвөн овогтон болов хэмээсэн буй. Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д, Дува сохорын дөрвөн хөвгүүн Енисей мөрний сав газар нутаглан сууж XIII зууны эхэн үе гэхэд тухайлсан нутагтай, тус бүрийн эзэмшилтэй болсон гэсэн бол хожмын Саган сэцэний “Эрдэнийн товч”-д, Дува сохорын дөрвөн хөвгүүн Доной, Догшин, Эмнэг, Эрх нарын харьяат ард нь Ойрадын Өөлд, Баатад, Хойд, Хэрнүүд овогтон болов гэх зэргээр тэмдэглэсэн байдаг.

 

Баатууд омог дотор нь орсон Хойд аймаг ийнхүү Х зууны үед үүсэн бүрэлдсэн бөгөөд XIII зууны эхэн үе гэхэд Ойрад аймгууд дотроо тэргүүлэх байр суурьтай болж хүн ам нь олшрон хүчирхэгжсэн байна. Энэ үеийн нийтлэг тогтолцоог ажиглахад, Монгол аймгууд нэгэн ханлигт багтан оршихын зэрэгцээ тэрхүү аймгууд нь нэлээд олон овог (отог)-уудаас бүрэлддэг байжээ. Өөрөөр хэлбэл, Ойрад аймгууд нь Ойн иргэний нэг хэсэгт багтахын зэрэгцээ, дотроо дөрвөн томоохон аймаг, мөн тэрхүү аймгууд нь овгуудад хуваагддаг байв.

XIII зууны эхэн үед Ойрадыг Худуга бэхи мэдэн захирч явжээ. Энэ байдал нь лавтай XV зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Худуга бэхийн угсааны ноёд мэдэн захирч явсан байна. Мөн түүнчлэн энэ овгоос Цагаан туг хэмээх томоохон овог ч тусгаарлан гарсан байна.

Ойрадууд Чингис хааны үеэс хүчирхэг байдлаа хадгалсаар ирсэн боловч XY зууны эхэн үед Монгол улсын ноёд язгууртны дотоодын хямралд автан бутран сарнихад хүрчээ. Тэд цорос угсааны хаадуудтай байсан бөгөөд 1400 оны үеэс Зүүн Монголоос тусгаарлан Дөрвөн Ойрадын холбоо байгуулж цорос язгууртай Батула Чинсан, түүний хүү Тогоон тайш, ач хүү Эсэн тайш нар үе улиран захирч байсан бөгөөд эртний Ойрад аймгууд голлон, Барга, Буриад, Түмэд, Баатад аймгууд харъяалагдаж байжээ. Эл нэгдэл нь 1500 оны үед задарч, дахин хоёр дахь Дөрвөн Ойрадын холбоог байгуулж нэгтгэхийг оролдоход бүрэлдэхүүнд нь Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нар багтаж эл холбоо нь 1502-1637 оны хооронд оршин тогтнож байсан хэдий ч Эсэн тайшийн хүүхдүүд өөр хоорондоо дайтаж хүч нь сулрах үед Хошууд аймгийн нөлөө ихсэж Ойрадын чуулганаар сонгогддог болжээ.

XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, зүүн гарыг Асудын Хатантөмөр, баруун гарыг Баатуудын Алагтөмөр нар удирдаж байв. 1530-аад оноос 1623 он хүртэл Зүүн монголоос бага сагыг нь тоочихгүйгээр Ойрад руу есөн удаагийн том довтолгоо явагджээ. Энд Түмэдийн Алтан хан 2 удаа, Ордосын Хутагтай сэцэн 2 удаа, Халхын Автай сайн хан 1 удаа, Засагт хан 1, Хотгойдын Алтан хан хэд хэдэн удаа довтолжээ. Энэ бүх тулааны гол хүндийг үүрсэн аймаг нь хойдууд болон баатууд аймгууд юм.

XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд, Түмэн нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад болж явсан гэжээ.

16-р зууны үед Хойд аймаг нь Ойрдын зүүн талаар Зүүн Монголтой хиллэн нутагладаг байснаас дээр дурдсанчлан Зүүн Монголын довтолгоонд байнга өртөж хойд аймгийнхан нь бутарсан байна. 1617-1628 он хүртэлх хугацаанд Баатдууд тарж бутран нэг хэсэг нь ойрдод, нөгөө хэсэг нь зүүн монголд захирагджээ. Энэ үеэс хойш баатдууд улс төрийн тавцанд голлох байр сууриа алдаж тарж бутарсан овгийн хэмжээнд хүрчээ.

Энд нэгэн сонирхол татаж буй асуудал бол анхандаа хойд аймгийн нэгэн отог болж явсан баатдууд 15-р зууны эхэнд хүчирхэгжин тусдаа аймаг болж хүчирхэгжсэн бололтой. Ийм ч учраас түүхэнд Баатадын Алагтөмөр Ойрдын зүүн гарыг мэдэж явав гэж өгүүлсэн бол 1541 онд Баатадын Мангир ноён Алтан ханы эрхшээлд оров зэргээр бичсэн байдаг.

Халимагийн туульч О.Цагаанзам нь баатууд овгийн хүн бөгөөд Баатууд овог нь Дува сохрын 2-р хүү Догшиноос гаралтай овог хэмээжээ. Өдгөө Халимагт 1000 шахам баатууд овгийн хүмүүс амьдарч байгаа ажээ.

Мэдэгдэж буй эх сурвалжаас үзэхэд Баатад гэдэг нь Баатар, Баатрууд гэсэн үгнээс гаралтай. Анх цэргийн зохион байгуулалтаас үүдсэн аймаг ажээ.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 13. 19:25
Зочин

Үүнийг бичсэн хүний нэрийг мэдмээр байна

2016, 12 сар 13. 20:12
Tolgoilogch.mn

Ene manai redaktsias beltgen niitelsen material yum. Ta sanal huselt baival info@tolgoilogch.mn, tolgoilogch.mn@gmail.com hayguudaar holbogdooroi

2016, 11 сар 21. 22:21

Одоо баатад овгийнхан монголд хаагуур нутаглаж байна вэ? Овгоо шинээр авах үед монголын овог аймаг бүрмөсөн будлиантай болсон юм бишүү! Овгоо шинээр өөрсдөө зохиож авах ёсгүй гэдгийг энэ ард түмэнд ер ойлгуулж өгсөнгүй дээ . Цус ойртох гээд л түүхээ мартах зэрэг мөн ч олон сөрөг дагавар гарах байхдаа бодвол хө!!!

2016, 11 сар 24. 13:26
Зүүнмонголжав

ойрдыг бусниулсан удирдагч нар л буруутай ард түмэн л хохирлсон яг л тангуд шиг

2016, 11 сар 22. 8:59
Зочин

Eronhiidoo Bulgan aimgiin saikhan sumiin zarim humuus BAATAD ovogtoi baidag. Manai eejiin taliinhan BAATAD ovogtoi.

2016, 11 сар 21. 12:12
Зочин

sonirholtoi bailaa. Bayarlalaa

2016, 11 сар 22. 11:39
ЧинбатЗочин

Завханы Цэцэн уул суманд Баатад овогийн хүмүүс байлаг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]