Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Таж Махалыг бариулсан Шейхийн бидний мэдэхгүй түүхУншсан8,123

Гурван зуун тавин жилийн өмнө 1666 оны 1 дүгээр сарын 22-нд дэлхийн нэг гайхамшиг болсон энэтхэгийн Агра хотын Таж Махалыг бариулсан эрхэм хүн, энэтхэгийн их могул Шейх Жеган нас баржээ.

Долоон гайхамшгийн нэг алдарт Таж Махалыг бариулсан монгол язгууртны тухай унгаруудын бичсэн сонирхолтой материалыг Л.Пүрэвхүү орчуулан илгээснийг та бүхэндээ хүргэж байна.

Гурван зуун тавин жилийн өмнө 1666 оны 1 дүгээр сарын 22-нд дэлхийн нэг гайхамшиг болсон Энэтхэгийн Агра хотын Таж Махалыг бариулсан эрхэм хүн, Энэтхэгийн их могул Шейх Жеган нас баржээ.

Могулын энэ гүрнийг Монголын Цагаадай хааны их гүрнээс гаралтай Бабур байгуулсан ба тэрээр өөрийгөө дэлхийн хоёр эзэгнэгчээс, эцгийн тал нь Төмөр хаанаас, эхийн тал нь Чингис хаанаас гаралтай гэдэг. Хунтайж Бабур баян Фергана болон дараа нь Самаркандыг өөрийн эзэмшлээс алдсаны дараа 1519 онд Энэтхэгт цөмрөн оржээ. Таван жилийн хойно 1524 онд арван мянга орчим хүнтэй монгол, турк морьтонгуудаас бүрэлдсэн арми нь Делийн тоогоороо хэд дахин их хүнтэй армийг бут цохиж өөрийн эзэнт гүрнийг байгуулжээ. Мусульман шашинд орсон могулууд буюу монголчууд нь эхлээд ихэнхдээ энэтхэгчүүдээс бүрэлдсэн дорд давхрагынхантай хамтарч амьдрах арга эвийг олсон. Тэвчээртэй, зохион байгуулалт сайтай Бабурын хүү Акбар болон түүний хүү Жехангирийн үед Могул их гүрэн цэцэглэн манджээ.


Хуррам-дэлхийн захирагч

 

Хуррам хунтайжийн жинг алтаар хэмжиж байгаа нь

Жехангирийн дараа түүний 5 хүү үлдсэн ба эрх мэдлийн төлөөх цуст тэмцлээс 1628 онд хоёр дахь хүү Хуррам ялалт байгуулж гарч ирсэн ба Шейх Жеган (персээр дэлхийг эзэгнэгч гэсэн утгатай) гэсэн цол хэргэмийг авчээ. 35 настай шинэ захирагч олон бослоготой нүүр тулах хэрэгтэй болсон ба яаравчлан бүгдийг нь дарж авсны дараа өмнө зүг рүү эзэнт гүрнээ тэлж эхэлсэн байна. Шинээр олж авсан газар нутаг нь түүний хойт талд алдсан хохирлыг нөхөж байсан ба Төмөрийн эзэнт гүрнийг персүүдээс буцааж авна гэсэн Могулын эзэнт гүрнийг үндэслэгч Бабурын их мөрөөдөл түүний эзэгнэлийн үед биелэгдэшгүй гэдэг нь тодорхой болсон.

Зогсолтгүй их дайн дажин түүний дуусашгүй хэмээн харж байсан эрдэнэсийн санд ихээхэн ачаалал өгч байлаа. Түүнийг эрх барьж байх үед язгууртнууд болон цэргүүдийн тоо дөрөв дахин өсжээ. Эзэнт гүрний зардалд дутаж байсан мөнгийг тариачдаас шавхан гаргаж байв. Үүнтэй зэрэгцээд Шейх Жеган худалдаа, үйлдвэрийг дэмжиж байсан учир хотууд цэцэглэн хөгжиж, хот, усан боомт руу хүрсэн зам, сувгуудыг барьж байгуулжээ.


Үнэт чулуунд дуртай шейх

 

Хаан суудалдаа сууж буй шейх Жеган

Их Могулын өвлөж авсан асар их хэмжээний эд баялаг, эрх мэдэл түүнийг аядуу зөөлөн, тухтай болгосон. Цэргийн асуудлыг жанжнууддаа, засаглах ажлыг өөрийн хүмүүст даалгах болжээ. Өөрөө ихэнх цагаа урлагт зориулсан байдаг. Тэрээр онц сайн хүмүүжилтэй болсон ба персийн соёл урлагийг шүтэж өссөн, өндөр боловсролтой, сайн сайхныг мэдэрдэг эрх баригч байжээ. Тэр уран зураг, үнэт чулуунуудыг ихээр сонирхдог. Өөрөө алмазуудаар сийлбэр хийдэг байсан ба алмазаар гоёсон хаан суудлыг тэр өөрөө хийсэн юм. Энэ нь 2 метр өндөр, 1 метр өргөн суудал ба алтан хавтангуудыг нь 26733 доржпалам (алмаз), бадмаараг, маргад чулуу чимэглэдэг ба 1739 онд персийн Надир шейх дээрэмдсэн тул түүнээс хойш Тегеранд энэ суудал байх болсон юм.


 

Түүний анхны шилдэг бүтээл нь Таж Махал биш байв

Шейх Надир, хаан суудалд суугаа нь

Түүний жинхэнэ хорхойсдог зүйл нь уран барилга байсан. Шейх Жеганыг эрх барьж байх үед энэтхэг, персийн элементүүдийг агуулсан могул (монгол) хэв маяг гарч ирсэн. Эхлээд Аград, дараа нь өөрийн хайртай хот Делид бариулсан барилгуудын ихэнх нь түүний эрх мэдэл, баян чинээлэг байдлыг харуулж байдаг. Аград бариулсан Сувдан сүм нь эзэн хааны нэр алдрыг эгнэгт дуурсгадаг. Делид Акбарын бариулсан Улаан Хэрэмний барилгуудыг Шейх Жеганы үед цагаан гантигаар бүрсэн байна. Тэрээр Шейхжеганабаад нэртэй ордонгууд, сүмүүд бүхий шинэ хотыг бас гантигаар бариулжээ. Энэ цаг үеийг “гантигийн ноёрхол” гэж нэрлэсэн нь санамсаргүй өгсөн нэр биш бололтой.


Эрдэнэсийн санг хоосруулсан бунхан

 

Тэрээр олон эхнэр, татвар эмстэй байсан боловч өөрийн эрхэм хатан Мумтаз Махалыг (Ордны чимэг) илүү ихээр хайрладаг байжээ. Энэ эмэгтэйн гоо үзэсгэлэнгийн талаар домог болсон зүйлсийг ярилцдаг байжээ. Түүний юманд хандах хандлага нь нарийн ширийн байсан. Энэ нь эзэнд нөлөөлдөг байсан гэдэг. Тэрээр 1631 онд 14 дэх хүүхдээ төрүүлж байхдаа нас баржээ.

Энэ аугаа том бунханыг Шейх Жеган хайрт

эхнэрийнхээ дурсгалд зориулан бариулжээ.

Шейх Жеган гүн уйтгар гунигт автагдан эрх барих ажлаа хэрэгсэхгүй болж, мартагдашгүй дурлалдаа зориулан энэ дэлхийд урьд өмнө нь хэн ч хараагүй тийм дурсгалт зүйлийг босгоно гэж тангараг өргөжээ. Тэрээр хэлсэндээ хүрч гялалзсан барилга байшингуудын цуглуулгыг 22 жил барьсан ба энэ нь эрдэнэсийн санг нь хоосруулжээ. Аграгийн ойролцоо Ямуна голын эрэг дээр байгаа Таж Махал (Шарилын ордон)-ыг зохион бүтээхэд одоогийн үгээр бол тендер зарлаад багасгасан загваруудаас нь сонгож авсан байна.

 

Таж Махалыг төгс төгөлдөр, дэлхийн гайхамшиг гэдэг нь санамсаргүй зүйл биш юм. Түүнд оруулах ямар нэгэн өөрчлөлт нь түүний онцгой гайхал төрүүлхүйц цогц нэгдсэн нөлөөг үгүй болгож мэдэх юм.


Хэмжээлшгүй их зардал ба хаан суудлын төлөөх тэмцэл

 

Бунханг баригдаж байх үед Шейх Жеган уйтгар гунигаас салж чадахгүй байсан ба биеийн жаргал хөөх болжээ. Энэ жаргалыг хэд дахин нэмэгдүүлэхийн тулд толин ханатай тансаг танхимуудыг босгосон байдаг. Эзэнт улсын ажил хэрэгт хаан анхаарал хандуулахаа больсноос төр улс нь сулран доройтож эхэлсэн юм. Шейх 1657 онд өвчин туссан ба эмч нар нь түүнийг эдгэнэ гэдэгт төдий л итгэхгүй байсан гэдэг. Үүнийг сонсож мэдсэн Мумтаз Махалаас төрсөн 4 хүү угсаа залгамжлахаар цуст тэмцлийг өвөр зуураа эхлүүлсэн ба энэ тэмцэлд өмнөд газар нутгийг захирч байсан Аурангзиб ялалт байгуулсан юм.


Хааныг хайрт эхнэрийнх нь дэргэд оршуулав

 

Эрүүл ухаанаасаа салсан Аурангзиб энэтхэгүүдэд тулгуурласан ах дүүсээ цаазлуулж эцгийгээ хаан ширээнээс нь буулгаж Аграгийн хэрэмд хорьжээ.

Таж Махал бол могулын шарилын дурсгалын барилгын оргил ба 1983 онд UNESCO-гийн дэлхийн өвийн жагсаалтад оржээ.

Бунхан доторхи Мумтаз Махал ба Шейх Жеганы шарил

Гэхдээ хүү нь хөгширч байгаа, хүнд өвчтэй эцэгтээ хоригдож байхад нь тав тухыг нь хангах бүх зүйлийг өгч байж. Эмэгтэйчүүд, бүжигчин хүүхнүүдийг шейх рүү явуулах ба гэсэн хэдий ч хаан хайртай эмэгтэйгээ л бодсоор байсан гэлцэнэ. Домог яриагаар бол тэр найман жил хоригдоод 1666 оны 1 дүгээр сарын 22-нд өөрийнхөө хоригдож байсан өрөөний Таж Махал руу харсан цонхон дээр нас барсан ба түүнийг хайрт эхнэрийнх нь дэргэд оршуулжээ.

Унгар хэлнээс орчуулсан Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 7. 10:40
Зочин

Saihan niitlel bna. Purevhuu guaidaa bayarlalaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]