Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” ба эмэгтэй улстөрчийн ар талУншсан4,795

Ер нь эр хүн өөрөөс нь илүү их амжилттай яваа эмэгтэйтэй цуг амьдрах гэж их зовдог. Олон түмэн тэдэнд “эхнэрийнхээ өсгий дор байдаг эр”, “дуурийн театрын фантом”, “ард түмний хүргэн” гэж хоч цол өгөх энүүхэнд.

-ОХУ-ын тоймч Л.Люлькогийн нийтлэл-

Өнөөдөр дэлхийн улстөрд улам олон эмэгтэй хүч түрэн орж ирж байна. Том улстөрд орсон эмэгтэйчүүд амьдралд ойрхон, ашигч байдал болон өвөрмөц сэтгэлгээгээрээ эрчүүдээс ялгагддаг. Өндөр албан тушаалд байх нь ялангуяа нөхөртэй эмэгтэйчүүдэд их хэцүү байдаг. Яагаад гэвэл хань нөхрүүд нь өөрийн эрхгүй ханийнхаа амжилтад атаархах нь бий.

 

Ер нь эр хүн өөрөөс нь илүү их амжилттай яваа эмэгтэйтэй цуг амьдрах гэж их зовдог. Олон түмэн тэдэнд “эхнэрийнхээ өсгий дор байдаг эр”, “дуурийн театрын фантом”, “ард түмний хүргэн” гэж хоч цол өгөх энүүхэнд. Ийм байхад гэр бүлийн харилцаагаа хэвийн хадгалж үлдэх үнэхээр хэцүү. Ингээд л том улстөрд “Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” гэдэг үзэгдэл үүсдэг. Өрнөдийн сэтгэл зүйчид өндөр албан тушаалтай гэргийнхээ амжилтад атаархдаг эр хүний байдлыг “Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” гэж нэрлэдэг. Ингээд түүнийг даван туулах уу эсвэл үхэх үү гэсэн асуудал эрчүүдийн өмнө тулгардаг.

Дэлхийн улстөрийн ертөнцийн дээд давхаргад эмэгтэйчүүд голдуу 2 замаар нэвтэрдэг. Нэг бол улстөрчдийн бэлэвсэн гэргийн хувьд. Жишээлбэл Филиппиний Ерөнхийлөгч асан Корасон Акино. Нөгөө зам нь өөрийн намын нөлөө бүхий хамтран хүний тусламжтайгаар. Жишээлбэл Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф. Зөвхөн цөөхөн хэдэн бүсгүй л бие даан улстөрийн карьер хийж чаддаг. Тэр бүү хэл үүний зэрэгцээ тэд өөрсдийн гэр бүлийн харилцаагаа ч хадгалж үлдэн, аз жаргалтай амьдардаг. Жишээлбэл парламентын болон парламент-Ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай Литов, Исланд, Ирланд, Финлянд, Швейцарийн төрийн тэргүүнүүд.

“Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” нь мэдээж Төмөр хатагтайн үед үүсээгүй, өмнө нь ч байсан юм. Харин бусдаас ялгаатай нь сэр Денис алдарт гэргийнхээ сүүдэрт булагдаж баларсангүй. Тэр өөрийгөө арын албаны, туслах үүрэгтэй гэж шаналж зовоогүй. Харин ч өөрийн Галатеяг бүтээсэн Пигмалион гэж биеэ өргөмжилж байлаа. Учир нь Маргарет Тэтчер тэр 2-ыг танилцаж байхад Төмөр хатагтай маань ердөө Их Британийн Консерватив намын ирээдүйтэй гэгддэг улстөрч байсан. Харин “эхнэрийнхээ өсгий дор байдаг эр” хочит Денис гэргийнхээ улстөрийн карьерийг санхүүжүүлж, түүний хамгийн итгэлт зөвлөх, холбоотон болсон. Тэр бүү хэл Маргаретийг Танхимд сонгогдохоос өмнө Тэтчер хэмээн нэрлүүлэхийн тулд бароны титэм авахыг зөвшөөрчээ.

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн нөхөр болон Германы канцлер Ангела Меркелийн хань ч мөн адил түүн шиг. Тэд сэр Денис шиг нам гүмхэн амьдарч, бизнес хийдэг. Гэхдээ түүнээс ялгаатай нь тэд эхнэртэйгээ цуг олон нийтийн арга хэмжээнд оролцох, ер нь олны өмнө гарах дургүй. Ингэснээр тэднийг эхнэрээсээ салсан, урвасан хэмээх дуулиан шуугиан тасардаггүй. Гэвч энэ нь бодит байдалд нийцдэггүй байна. Юлия Тимошенко л гэхэд нөхөртэйгээ 30 гаруй жил амьдарч байгаа. Саяхан Юлия Тимошенко баривчлагдан хоригдох үед нөхөр нь анх удаа олны өмнө гарч ирсэн юм. Украины Ерөнхий прокурорт эхнэрээ мөрдөн байцаагдаж байхад гадаа нь зогсч байсан нөхөр Александр нь “Би түүнийг хаа ч, хэзээ ч хамгаалдаг” хэмээн ярьж байлаа.

Түүнчлэн Германы канцлер Ангелы Меркелийн 2 дахь нөхөр Йоахим Зауэр ч эхнэртээ атаархдаггүй. Алдартай химич эрдэмтэн тэрбээр докторын диссертаци бичиж, цагаа нөхцөөдөг. Түүний хоч нь “дуурийн театрын фантом”. Гэвч тэр үүнд огтхон ч гоморхдоггүй, “Их найм“-ын тэргүүн хатагтай нарын чөлөөт цагийг зохион байгуулахаас огтхон ч дургүйцдэггүй.

Гэвч зарим алдартай эмэгтэйн нөхрүүд энэ синдромыг даван туулж чаддаггүй. Тэд нэг бол өөрийн амиа хорлодог, эсвэл эхнэрээ алдаг. Энд Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандийн нөхөр Фероз Гандийг дурсахгүй байх аргагүй. Фероз Ганди анх Монмартрын шатан дээр суун, Индирад гэрлэх санал тавьж байжээ. Энэ үед тэр өөр шашин шүтлэгтэй, тэр бүү хэл нийгмийн өөр давхаргын хүн байсан. Гэсэн ч тэр Индирагийн сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан юм. Фероз нэг удаа найздаа “Асуудал юунд байна гэхээр тэр Индира Ганди болох уу эсвэл Индира Неру хэвээр үлдэх үү" гэсэн байдаг . Сэтгүүлчид Ферозыг "ард түмний хүргэн" гэж хочилжээ. Тэр парламентад нэр дэвшихээр шийдсэн юм. Тэр сонгуулийг амжилттай давсан ба уг нь улстөрд өөрийн байр сууриа эзлэх байсан. Гэвч тэр Индиратай гэрлэсэн байлаа. Ингээд Фероз сүүлдээ энэхүү өрсөлдөөнийг тэсэлгүй гэрээсээ хөндийрч, улмаар тусдаа амьдрах болсон. Тэгээд Индираг ид оргил үедээ мандаж байхад Фероз зүрхний шигдээс тусч, нас барсан юм.

Их Британийн хатан хаан II Елизаветагийн ууган хүү, ханхүү Чарльз ч мөн эхнэрийнхээ алдар цууг тэсвэрлэж чадаагүй. Тэр түүнд атаархдаг байсан. Тэгээд Дианагийн амьдралыг хордуулах, түүнийг “амьдаар нь алах” тактикийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Диана түүнд онгон биеэ тушаасан, гэтэл Чарльз ханхүү түүнийг эм хүний хувьд үл тоож байгаагаа зориудаар олон нийтэд харуулах болсон. Энэ гэр бүлийн эмгэнэлт төгсгөлийг бид бүгд сайн мэднэ. Дараа нь Чарльз өөрийн байр сууриа мэддэг, олонд тоогддоггүй Камиллатай сууж, аз жаргалтай амьдарч байна. Ер нь Английн хатан хааны гэр бүлд хань ижлийн асуудал “но”-той. Жишээлбэл хатан хаан ба түүний нөхөр Эдинбургийн герцог, Филипп Маунтбаттены харьцаа их дуулиан тарьдаг. Герцог олон арван жилийн турш хуримтлагдсан уур хилэнгээ үе үе аймшигтайгаар ил гаргадаг тухай албатууд нь гэрчилдэг.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсний дараа Билл тэр хоёрын харилцаа эрс мууджээ. Үнэндээ бол тэдний харилцаа бүр өмнө буюу Моника Левинскитэй холбоотой дуулианаар эвдэрсэн гэхэд болно. Харин Латин Америкт “Маргарет Тэтчерийн нөхрийн синдром" байдаггүй мэт. Учир нь Латин Америкийн халуун эрчүүд-мачо нар энэ асуудалд огт шаналдаггүй юм шиг сэтгэгдэл төрдөг. Аргентины Ерөнхийлөгч Нестор Киршнер гэргий Кристина Фернандестай цуг гэр бүлийн хүчирхэг хослолыг улстөрд бий болгосон. Тэр алдрын оргил үедээ гэргийдээ Ерөнхийлөгчийн суудлыг дамжуулж өгсөн. Тэгээд хэрэв гэнэт таалал төгсөөгүй бол тэр дараа нь өөрөө ч сонгогдох байсан биз. Харин ийм хувилбар манай хойд хөршийн хувьд боломжгүй. Владимир Путин эсвэл Дмитрий Медведевийг эхнэрээ залгамжлагчаар дэвшүүлж байгаагаар төсөөлөх аргагүй. Харин дэлхийн баруун бөмбөрцөгт бүх зүйл боломжтой. Гватемалагийн Ерөнхийлөгч Альваро Колом эхнэр Сандра Торресоо төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдүүлэхийн тулд түүнээс гэр бүлээ цуцлуулж байлаа.

Латин Америкт эхнэрээ өөд татаж, үүнээс хожсон ухаантай улстөрч бий. Тэр бол Аргентины Ерөнхийлөгч Хуан Перон. Тэрээр 2 удаа энэ албан тушаалд сонгогдсон юм. Түүний гэргий Эвита шөнийн клубын дуучин байжээ. Харин тэрбээр нөхрийнхөө алдар хүндээс ч давсан нэр хүндийг олж чадсан юм. Гоо үзэсгэлэн, өөрийгөө олонд харуулах чадвар, буяны үйлсийн ачаар түүний нэр хүнд нөхрийнхөөс нь 10 жилийн турш илүү явсан. Эвита өөрийнхөө нэр нөлөөгөөр Ерөнхийлөгчөөр сонгогдох байсан. Гэвч домогт бүсгүй нас барсан юм. Сонирхолтой нь Пероныг өнгөрсний дараа түүний 3 дахь эхнэр Исабель Ерөнхийлөгч болсон юм.

“Маргарет Тэтчерийн нөхрийн синдром”-ын уг шалтгаан нь өөрийгөө доогуур үнэлэх. Ер нь бүхэл бүтэн улс орныг жолоодож буй эмэгтэйн дэргэд өндөр үнэлгээтэй байх ч аргагүй. Гэвч өнөөдрийн эмэгтэй төрийн тэргүүнүүдийн нөхрүүдийн ихэнх нь өндөр албан тушаалтай гэргийдээ атаархсан сэтгэлээ барьж, дарж чадсан юм. Тэд зүгээр л өөрийн бүсгүйгээ байгаа чигээр нь хайрладаг. Мэдээж, том улстөрч бүсгүй орон гэртээ дарга гэдгээ бус харин эхнэр, эх гэдгээ ойлгох ёстой.

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]