Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкийн астронавтуудын сансарт хийсэн "бослого"Уншсан3,308

Америкчууд Зөвлөлүүдийг дахин нэг далаар нь тавихаар зэхэж эхэллээ. Энэ удаа сансрын станцыг тойрог замд гаргахдаа Сатурныг ашиглах болсон бөгөөд ...

Америкчууд саран дээр хүн буулгаж, түүнийгээ батлан хэд дахин давтан, Зөвлөлтийн сансар судлалыг ардаа орхисноо дэлхий нийтээр зарлаж, том ялалт байгуулан сүйд болж байлаа. Асар их хөрөнгө зарж байж бүтээсэн энэ ажлын дараа дахин сар руу хүн болон хиймэл дагуул явуулах ямар ч улс төр, эдийн засаг, техникийн хувьд ач холбогдолгүй болсон байв. Одоо яах вэ? Тухайн цагийн техникийн “шилээвэр” болсон Сатурн-5 зөөгч пуужин гэдэг мөнгөний мангасыг цаашид хэрхэн ашиглах вэ? Оросууд Н-1-ээ зүгээр л устгаж байсан шиг дуусгах хэрэг үү?

Америкчууд Зөвлөлүүдийг дахин нэг далаар нь тавихаар зэхэж эхэллээ. Энэ удаа сансрын станцыг тойрог замд гаргахдаа Сатурныг ашиглах болсон бөгөөд Америкийн сансрын станц болох Скайлэб нь (Skylab) “Оросуудын” хийж байсан, хийж байгаа Салют-1 болон Салют-2 станцуудын хажууд хамаагүй илүү том, астронавтууд бүр усанд орох боломжтой, өөрийн гэсэн бяцхан өрөөтэй ... гээд юм болгоноороо илүү байв.

Ингээд 1973 оны тавдугаар сард Сатурн-5 хөөрч Скайлэб станцыг сансарт гарган тойрог замд нь оруулсан байна.

Сансрын станцад Скайлэб-2, Скайлэб-3  гэсэн хоёр баг очиж ажилласан ба саран дээр буусан, сансарт нисэж үзсэн туршлагатай нисгэгчдээс бүрдсэн багийнхан  “лаборатори”-д ажилласан бөгөөд хамаг л төлөвлөсөн ажлаа дор нь хийчихээд “уйдаж үхэхгүйн” тулд өөр ажил шинээр хийхийг хүсэж байгаагаа “Хьюстон”-д байнга уламжилдаг байв. Хьюстон ч чадлаараа шинэ шинэ ажил олж байсан ба дараа дараагийн багийн ажлын төлөвлөгөөнд зохих засвар оруулж байсан байна. Гэтэл энэхүү "уйтгар" нь дараа дараагийн багтаа асуудал бүр ч том асуудал үүсгэнэ гэж хэн мэдэх билээ. Анхны Скайлэб сансарт 28 хоног, дараагийн баг сансарт 60 хоног ажилласан бол Скайлэб-4 баг (3 дахь баг) нь бүр 84 хоног сансарт байх төлөвлөгөөтэй байв. Багийн гишүүд бүгд шинэ хүмүүс бөгөөд тэд өмнө нь саран дээр буух байтугай дэлхий тойрон нисэж байгаагүй “шинэ ногоонууд”.

Гурав дахь багийнхан болох Жеральд Карр, Эдвард Гибсон болон Вильяма Поуг нар ажлын ачааллаа дийлэхгүй болж, 6-7 дахь долоо хоногоос элдэв гомдол гаргаж эхэлсэн байна. Ялангуяа Карр их л олон юм ярьж байсан ба амрах хэрэгтэй, хоолны дараа ажил хиймээргүй байна, энэ бүх ажлыг унтахгүй, шүдээ угаахгүй, суултуур дээр сууж хэргээ хийхгүйгээр зөвхөн ажиллаж байж л амжуулах байх гэх зэргээр холбоогоор уурлан ярьж байлаа.

Нэгэн удаа тэрээр “бидний хэн маань ч газар дээр өдөрт 16 цаг ажиллана гэж байхгүй. Тэр тусмаа 84 өдөр дараалаад шүү. Сансарт бол бүр ч бүтэхгүй...” гэж хэлсэн бөгөөд удалгүй холбоо тасарлаа.

Хьюстон яаран сандран холбоо сэргээх гэж оролдсон боловч амжилт олсонгүй. Ёстой л аргаа барж байх үед телеметрийн заалтаар бүх зүйл хэвийн, харин багийнхан радио холбоогоо унтраасан (заримдаа зүгээр л дууг нь хаасан гэдэг) шинжтэй болоод иржээ.

Үнэхээр ч тэгсэн байв. Ажлаа дийлэхгүй байсан шинэ астронавтууд (ихээхэн тохиолдолд амжихгүй гэхээсээ илүү хийж чадахгүй байснаас сэтгэлзүйн дарамтад орж байсан гэж сүүлд үзсэн байдаг) радио холбоогоо хааж хаячихаад Карр, Поуг хоёр дэлхийгээ харахад зориулан тусгайлан бэлдсэн цонхоор эх дэлхийгээ харж өдөржин суусан бол Гибсон нь нарны эрчим хүчний тавцанг удирдах өрөөнд суусаар бүтэн өдрийг барсан байна.

Ажил хаясны маргааш өглөө нөхдүүд юу ч болоогүй юм шиг ажилдаа орж газартай харилцаж эхэлсэн бөгөөд Хьюстон эдгээр нөхдүүдтэй одоо ямар ч хэрүүл уруул хийгээд үр дүнгүй гэдгийг ойлгож байсан учир тэгсхийгээд чимээгүй өнгөрөөсөн байна.

Газардсаны дараа нөхдүүдэд ямар нэг шийтгэл оногдуулаагүй өнгөрсөн боловч тэдний хэн нь ч сансарт дахиж нисээгүй билээ. Үүнээс өөр том шийтгэл гэж юу байх вэ.

Чухам энэхүү “бослого” зарим талаар Скайлэб төслийн ирээдүйд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн ба тус багаас хойш дахиж хүн очилгүй байсаар уг станц 1979 онд тойрог замаас гарч сүйрсэн байдаг. Энэхүү гурван “босогч” Скайлэб-д ажил хаяснаас хойш америкчууд сансарт удаан хугацаагаар хүн байлгах байтугай Скайлэб-ээс хойш өөрийн гэсэн станцгүй байсаар бараг 20 жилийн дараа Мир-Шаттл төслийн хүрээнд  сансрын станцад хөл тавьсан байдаг.

Одоогоор сансарт болсон цорын ганц ажил хаялт гэж энэ явдлыг нэрлэдэг бөгөөд зарим нэг хүн үүнийг зөвхөн мэдэгдсэн нь л энэ юм шүү гэж ярьж бичдэг байна.

P.S.

1990-ээд оны үед сансарт Оросын багийн нэгэн шинэхэн даргын эрх мэдлийг хууччуул нь булааж аваад хамаг асуудлыг дур мэдэн шийдэж байсан тухай үнэн худал нь үл мэдэгдэх цуу яриа бий. Үнэн ч байж магадгүй. Тэр үед Орос-Зөвлөлтөд засгийн эрх мэдэл булаацалдах талаар ихээхэн туршлагажиж, овоо хэдэн удаа дотроо буудалцаад үзсэн онцгой үе байж билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]