Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

“Чөлөөлөх дайн” ба дэлхийн II дайны Ази дахь төгсгөлУншсан3,773

ЗХУ Гитлерийн фашизмыг бут ниргэж, түүхэн ялалт байгуулсан нь фашистын холбоотон улс Японыг гарцаагүй ялагдахад хүргэсэн юм.

Одоогоос 70-аад жилийн тэртээх намрын халуун өдрүүдэд Монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дайчид даян дэлхийд асар их гай гамшиг учруулсан дэлхийн II дайны голомтыг дарж, Азийн улс орнуудыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлж, даян дэлхийд энх тайван байдал тогтоох ариун үйлсийн төлөө Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан билээ. Энэ тэмцлийг манай түүх бичлэгт “Чөлөөлөх дайн” хэмээн нэрлэдэг.

1945 оны тавдугаар сарын 9-нд фашист Герман үг дуугүй бууж өгч, 1418 хоног үргэлжилсэн  Зөвлөлтийн  ард түмний  Аугаа эх орны дайн ялалтаар дуусч, удтал хүлээсэн энх амгалан цаг Европын газар нутагт ирсэн. ЗХУ Гитлерийн фашизмыг бут ниргэж, түүхэн ялалт байгуулсан нь фашистын холбоотон улс Японыг гарцаагүй ялагдахад хүргэсэн юм. Гэвч Япон улс Алс Дорнодод дайныг үргэлжлүүлсээр байв.

1945 оны эхээр АНУ, Их Британи Номхон далайн  сав газарт зарим амжилт олж, Японы хувьд  цэрэг стратегийн маш төвөгтэй байдал бий болсон үед ч Японы эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг сунжруулах, Азид цэргийн бодлогоо үргэлжлүүлэх хүч хэрэгсэлтэй хэвээр байлаа. АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлснээр 1945 оны долдугаар сарын дунд үед  Японы армийн гол цөм болсон Квантуны арми 5,5 сая орчим цэрэгтэй байв. Япон ЗХУ-тай байгуулсан төвийг сахих гэрээг дайны жилүүдэд байнга зөрчиж байсан учраас  Зөвлөл Холбоот Улсын Засгийн газар уг гэрээг цаашид хэвээр байлгах шаардлагагүй гэж үзээд түүнийг 1945 оны дөрөвдүгээр сард цуцалсан юм. Мөн 1945 оны хоёрдугаар сард болсон Крымийн бага хурал дээр Холбоотон гүрэн АНУ, Их Британий засгийн газруудын тавьсан хүсэлтийн дагуу фашист германтай хийж байгаа дайн дууссанаас хойш 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайнд орох үүргийг өөртөө авсан байна.

 

1945 оны долдугаар сарын 26-нд Их Британи, Хятадын засгийн газар “Потсдамын тунхаглал” гэж түүхэнд  нэршсэн  тулган шаардах бичгийг Японд  илгээж, дайныг зогсоож, үг дуугүй  бууж өгөхийг шаардсан юм. Гэтэл Японы эрх баригчид тэрхүү шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд тухайн үеийн Японы ерөнхий сайд Сузуки “Бид тулгасан шаардлагыг хүлээж авахгүй. 

Манай улс дайныг амжилттай дуусгахын тулд урагшлах хөдөлгөөнөө цөхрөлтгүй үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн. Энэ бол Японы Цэрэг-улс төрийн удирдлага өөртөө байсан нөөц хүч ялангуяа Квантуны армид ихээхэн найдвар тавьж, дайныг цаашид үргэлжлүүлэх бололцоотой гэж үзэж байсантай холбоотой юм. Зөвлөлт Холбоот Улс фашист германтай хийж байсан дайнаа дуусгаагүй байхад Японы эсрэг хийх дайныхаа бэлтгэлд шаргуу орж, Алс Дорнодод байсан цэргийн бүлэглэлийнхээ хүчийг зузаатгах  арга хэмжээ авсан юм.

Алс Дорнодын байлдааны ажиллагааны байрлал улс төр, цэргийн удирдлагын төвөөс алс зайд оршиж байгааг харгалзан стратегийн удирдлагыг шуурхай болгох зорилгоор Алс Дорнод дахь  Зөвлөлтийн  цэргийн ерөнхий командлалыг байгуулж, Ерөнхий командлагчаар ЗХУ-ын маршал  А.М.Василевский, штабын даргаар армийн генерал С.П.Иванов нарыг томилсон байна.  1945 оны 8 дугаар сарын эхээр зөвлөлтийн Алс Дорнодын цэргийн бүлэглэл 1 сая 747 мянган цэрэг, багцаалбал 30 мянган их буу миномёт, 5000 гаруй танк, байлдааны 5000 гаруй нисэх онгоцноос  бүрдэж байлаа. Харин Японы  хуурай замын цэргийн гол хүч болсон Квантуны арми гурван фронт, хээрийн хоёр тусгай арми, нисэх хүчний хоёр арми, нэг усан флоттой байв.

БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах Тунхаглалыг баталжээ. Уг хурлыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд удирдаж, Ерөнхий сайд Х.Чойбалсан японд дайн зарлах болсон шалтгаан, учир холбогдлыг тайлбарлаж товч үг хэлснийг хуралд оролцогч нар дэмжиж үг хэлцгээжээ. Дараа нь БНМАУ-аас Японд дайн зарлах тухай Тунхаглалыг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан уншиж танилцуулжээ. Ийнхүү БНМАУ-ын Бага Хурал ба Засгийн газраас Японд дайн зарлах тухай Тунхаглал бичгийг 1945 оны 8 дугаар сарын  10 өдөр Улаанбаатарын цагаар 01 цаг 40 минутад баталж, гарын үсгээ зурцгаасан байна.

Японы эсрэг дайнд МАХЦ ЗХУ-ын маршал Р.Я.Малиновскийн командалсан Өвөр Байгалийн фронтын цэргийн хамт  оролцсон бөгөөд байлдааны ажиллагааг маршал Х.Чойбалсан,  түүний орлогчоор  Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Ю.Цэдэнбал нар удирджээ.

Зөвлөлт Монголын Цэргийн морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд  МАХЦ-ээс  дөрвөн морьт дивиз,  нисэх дивиз болон моторжуулсан хуягт бригад, танк, артиллер, холбооны хороо, байлдааны хангалтын салбаруудыг оролцуулаад  нийтдээ 16 мянга орчим хүн, 128 их буу, миномёт, 32 танк оролцжээ. Зөвлөлт, Монголын морьт механикжуулсан бүлэг нь  Байшинтийн районоос Долнуур, Жэхэгийн чиглэлд, Сайншандаас Чулуулалт Хаалганы чиглэлд  200 гаруй км зайд давшиж, Өвөр Байгалийн фронтын баруун жигүүрт байлдсан юм. Зөвлөлт, Монголын морьт механикжуулсан бүлгийн анги, нэгтгэлүүд Монгол Улсын хилийг давмагц дайсны халхлалтын салбар отрядуудыг устгаж, Манжуурын төв рүү шуурхай давшжээ. Хаалганы чиглэлд явагдсан давшилт  наймдугаар сарын 15-нд дайсны цэрэг, зэвсгийн томоохон бааз Жанбэй хотыг эзлэн авч, Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очсон байна. Хаалганы районд гурван өдрийн турш үргэлжилсэн ширүүн байлдаанд зөвлөлтийн мотобуудлагын 27 дугаар бригад, монголын моторжуулсан 7 дугаар хуягт бригад нягт харилцан ажиллаж япончуудын “Давагдашгүй” гэж бардамнаж байсан бэхлэлтийг бут ниргээд, 21-нд  Чулуулалт хаалганыг эзлэн авав.

Долнуурын чиглэлд давшсан Зөвлөлт, Монголын  цэргийн анги, нэгтгэлүүд 8 дугаар сарын 17-нд Долнуур хотыг чөлөөлөн, их Хянганы салбар уулс, Иньшаны өндөр нуруунд тулж очсон байна. Давшилтаа цааш нь эрчимтэй өрнүүлэн 8 дугаар сарын  19-нд орон нутгийн том төв, төмөр замын зангилгаа  болох Жэхэ хотыг эзлэн авсан юм.  Тэд Японы 8000 гаруй цэрэг, офицер, 9126  винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 хөнгөн танк, 300 автомашин олзлон авчээ. Зөвлөлт, Монголын арми Хэхэ /Чэндэ/ хотыг чөлөөлснөөр Квантуны арми, Хойд Хятад дахь бэлтгэл хүчээсээ таслагдаж, Өвөр Байгалийн фронтын  гол хүч баруун жигүүртээ аюулгүй болсон юм. МАХЦ-ийн 5, 6 дугаар морьт дивиз Бээжингийн чиглэлд давшилтаа үргэлжлүүлэн, дайсны  эсэргүүцлийг даран, наймдугаар 21-нд Губей-хоу хотыг чөлөөлжээ. Зөвлөлт, Монголын морьт механикжуулсан бүлэг Цахарын их элсэн цөл, Хянганы өндөр уулсын бартаат замаар хоногт 100 км хүртэл давшиж, 1000 шахам км байлдааны хүнд хэцүү аян замыг  туулан Хятадын олон хот, сууринг чөлөөлсөн байна.

Шилдэг хүч гэж үзэж, их найдвар тавьж байсан Квантуны арми нь бүслэгдэж ахар богино хугацаанд бут цохигдсон явдал Японы цэргийн командлалыг ямар ч аргагүй  байдалд оруулж, байлдааны ажиллагаагаа яаралтай зогсооход хүргэжээ. 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 09 цаг 04 минутад АНУ-ын “Миссури” хэмээх хөлөг онгоц дээр Японы эзэн хааны нэрийн өмнөөс Гадаад хэргийн сайд М. Сигэмицу, Японы Жанжин штабын дарга Ё. Умэжу  үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Зургаан жил үргэлжилж 60 гаруй улс орныг хамран, 50 сая хүний амь насыг авсан дэлхийн хоёрдугаар дайн ийнхүү дууссан түүхтэй.

МАХЦ өндөр ухамсартай, зориг хатуужилтай, хатуу чанд сахилгатай орчин үеийн арми болсноо 1945 оны Чөлөөлөх дайнд яруу тод харуулсан юм. Үүний илрэл болж ЗХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалд: “Зөвлөлт Холбоот Улсын маршал Р.Я.Малиновский командалсан Байгалийн чанд дахь фронтын цэрэг, маршал Х.Чойбалсангийн удирдсан МАХЦ-тэй хавсарч Япон, Манжуур, Далай нуур ба Халуун Рашааны бэхэлсэн районыг цөмлөн их Хянганы нурууг даваад цөл хээр газрыг гатлан 950 км давшилт хийж Хятадын том хот Чанчунь, Мукден, Цицигар, Жэхэ, Дайран, Порт-Артур хотуудыг эзлэв. Алс Дорнодын байлдаанд Монголын армийн  хошууч генерал Ч.Доржпалам, хурандаа М.Цэцэндаш, Г.Дорж, дэд хурандаа М.Одсүрэнгийн морин цэргүүд, хурандаа Д.Нянтайсүрэнгийн дайчид гарамгай  байлдав. Өнөөдөр наймдугаар сарын 23-ны 22:00 цагт Байгалийн чанд дахь ба Алс Дорнодын  цэрэг, Номхон далайн флот, мөн маршал Х.Чойбалсангийн монголын армид 324 их буугаар 24 удаа зэрэг буудаж ёслоё” гэж тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү