Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлт Оросын нууцлагдсан түүхээс: Минскийн төлөөх хүнд бэрх тулаанУншсан2,816

1939 онд ядруухан Польшийг ЗХУ Герман хоёр яг голоор нь урсах Буг голоор таллан хувааж авлаа.

Нисэх онгоц болон цэргийн тоогоор ойролцоо, танкийн тоогоор 2400 орчмоор илүү байсан мөртлөө дайны эхний үед томоохон ялагдалд хүргэсэн Минскийн тулааныг 1990 он хүртэл ЗХУ нууцалсаар иржээ.

1939 онд ядруухан Польшийг ЗХУ Герман хоёр яг голоор нь урсах Буг голоор таллан хувааж авлаа. Зөвлөлтийн Минскийн тойрогт байх цэргийн бүлэглэл Польшийн Биалосток руу шилжин байрлав. Берлин хүрэх хамгийн дөт байрлалд баруун фронтын хамгийн хүчирхэг нэгтгэл ийнхүү байрлаж байлаа. Армийн генерал Д.Павлов, Владимир Климовский, Иван Болдин нарын мэдэлд явган цэргийн 25 дивиз, морин цэргийн 1 анги, танкийн 13, моторжуулсан 7 дивиз буюу нийт 671 165 цэрэг, 4522 танк үүнээс 592 ширхэг хүнд КВ болон Т-34 танк, 14171 их буу 1669 онгоц бүхий хүчирхэг бүлэглэл байв.

Харин эсрэг талд  генерал Херман Гот, Хайнц Гудериан нарын Панзер танкийн II болон III групп үүн дээр нэмэгдээд II, IV, IX арми нийт 750 000 цэрэг, 1936 танк /үүнээс 640 ширхэг нь 50 мм-ийн их буу бүхий Панзер-3 болон Панзер-4 танк үлдсэн нь Т-38 болон хөнгөн танкууд/ бүхий фельдмаршал Федор Вон Боккийн Төв бүлэглэл зогсож байв. Минск нь стратегийн төмөр замын уулзвар, Москватай гол зам, төмөр замаар холбогдсон нийслэл хүрэх хамгийн дөт байрлал юм.

Бүр эрт 1930 оны сүүлээр Орос Германы харилцаа нэлээд таагүй болж Правда сонинд Германыг шүүмжилсэн нийтлэлүүд гарч эхэлсэн байдаг. 1939 онд Сталин цэргийн академи төгсөгчдийн хүлээн авалт дээр бидний ирээдүйн дайсан бол Герман гэж шууд нэрлэж байлаа. Англитай агаар тэнгис, Хойд Африк мөн Балканд тулалдан завгүй яваа Гитлерийг араас нь хутгалахын тулд 1940 оны эхнээс л армиудаа хил рүү татаж эхлэв. Дивизийн штаб нисэх буудлууд хилээс ердөө 10 км зайтай байрлаж байлаа. Ингээд Улаан армийн ерөнхий давшилтыг 1941 оны долдугаар сарын 06-нд товлов.

Төлөвлөгдсөн давшилтын талаархи маш нууц удирдамж хилд тулган байрласан цэргийн бүлэглэлийн генералуудад хүргэгдэв. Онцгой тушаал очтол задлахгүй, байх хэрэв задалж нууцыг задруулсан бол буудан алах ялтай. Үүнтэй зэрэгцэн алдарт тагнуулч Р.Зорге Вермахтын давшилтыг 1941 оны зургадугаар сарын 22-нд болно хэмээн яг таг мэдээлсэн боловч дуудсан хугацаанд нь эх орондоо очоогүй тул Дээд Ерөнхий командлал итгээгүй бололтой.

Аль аль талын агаарын болон газрын тагнуулууд шоргоолж шиг л идэвхтэй ажиллаж байв. Гэсэн ч Германы давшилтыг яг таг тодорхойлж чадаагүй учраас зургадугаар сарын 21-нд л Зөвлөлтийн тал армиуддаа хэсэгчилсэн бэлэн байдал зарласан юм. Ингээд зургадугаар сарын 22-ны үүр цайлаа. Германы довтолгоонд сандарч мэгдсэн генералууд өнөөх дугтуйг нээтэл хориглон хамгаалах талаар ямар ч зүйл байхгүй, харин дайсны нутагт давшин байлдах талаар цаг минуттай зааварчилгаа байсан гэдэг.

1941 оны зургадугаар сарын 22-ны өглөө 04.00 цагт Германы агаарын хоёр флот хилд тулан байрласан Зөвлөлтийн нисэх хүчинд гэнэтийн цохилт өгөв. Зөвлөлтийн 1659 орчим онгоц сүйрснээс эхний хэдхэн хоногуудад 276-г зогсоол дээр нь устгасан бол 208 онгоцыг хөөрөх чадваргүй болгож гэмтээв. Ингэснээр Германы нисэх хүчин агаарт ноёрхож эхэллээ. Долоо хоногийн дараа гэхэд оросууд хөөрөх чадвартай 960-хан онгоцтой үлдлээ.

III панзер групп Баруун фронтоос XI армийг таслан, Неман голыг гатлав. Үүнтэй зэрэгцэн II панзер групп Атирааны голыг гаталж, зургадугаар сарын 23-нд ЗХУ-ын нутаг дэвсгэрт 60 км-т нэвтэрчээ. Панзер группүүдийн зорилго Улаан армийг бүслэн уутанд хийж Минск хотын зүүн хэсэгт уулзаж бүслэлтийг цоожлоход оршиж байв. Газрын зураг дээр Германы танкуудын цохилтын чиглэлийг харсан генерал Павлов ямаршуухан аймшигт сүйрэл ойрхон байгааг шууд л ойлгон яаралтай сөрөг дайралт хийх шийдвэр гаргав.

Удалгүй ЗХУ-ын IX болон IV армиуд Биалостокийн орчимд хумигдаж эхлэв, зургадугаар сарын 23-нд Зөвлөлтийн X арми үүний эсрэг сөрөг дайралт хийсэн боловч зорилгодоо хүрч чадсангүй. Зургадугаар сарын 24-нд генерал Болдин Улаан армийг тойрч гаран бүслэхээр тэмүүлж байгаа дайсны эсрэг VI, XI механикжуулсан арми, VI морин цэргийн корпусын хүчээр Хродна тосгоны орчим дахин сөрөг дайралт хийсэн боловч агаарын дэмжлэг муу  байсан тул нам дарагдан зогсов.

Зургадугаар сарын 25-ны орой Германы Panzer корпус Слоним болон Ваукавыск орчим Оросын армиудыг хувааж орхилоо. Зургадугаар сарын 27-ны өдөр Гудерианы II Панзер групп болон Херман Готын III Панзер групп 321 км замыг тулалдан туулж Минск хотын зүүн талд гарч ирэв. Ингээд Минск ч эзлэгдэв. Зургадугаар сарын 28-нд германчууд Оросын Баруун болон Баруун хойд фронтын үндсэн хүчийг бүрэн бүсэлж хоёр том тогоонд хумив. Биалостокийн зүүн талд ЗХУ-ын асар том X арми бүслэгдсэн бол III болон XIII армиуд Новогрудок орчим бүрэн бүслэгдэв.

Германы Төв бүлэглэл Смоленск-Москвагийн чиглэлд гол хүчээ хаяхын тулд бүслэгдсэн цэргүүдтэй удаан зууралдсан тулаан хийхийг хүсээгүй ч тасралтгүй дайралтаар дэмжүүлж ЗХУ-ын III, X, XIII, IV армийн бүслэгдсэн нийт 20 орчим дивизийг хатуу ширүүн тулааны эцэст буулган авав. IV армийн үлдсэн хэсэг илбэтэй юм шиг бүслэлтээс сугаран Баруун Березина гол руу зүүн тийш ухран гарав. Харин бүслэлтэд үлдсэн Зөвлөлтийн армиуд 17 хоног эцсээ хүртэл тулалдсан юм. Ийнхүү баруун фронт дахь Зөвлөлтийн бие бүрэлдэхүүн 671,165-аас 417,790 хүн алагдан шархтаж үлдсэн нь олзлогдон бууж өгөв.

Зөвлөлтийн бут цохигдсон армиудын үлдэгдэл 250.000 орчим цэрэг ямар нэг байдлаар бүслэлтээс сугаран бүх зэр зэвсэгээ хаян өөрийнхөн дээрээ ирсэн боловч тэднийг тулааны байрлалаа орхисон аймхай хулчгарууд гэж үзэн хожим дийлэнхийг нь торгуулийн баталоньд хуваарилжээ. Беларус дахь ЗХУ-ын 341,012 цэрэг амь насаа алдаж, 76,717 хүн олзлогдов. 1,177-1,669 нисэх онгоц, 4000 орчим танк, 9427 их буугаа устгуулснаар ийнхүү Баруун фронт бүрэн сүйрлээ.

Харин германчууд 12157 хүнээ алдаж 101 танк, 276 онгоцоо устгуулснаар Минскийн төлөөх тулаанд ялалт байгуулав. Энэ аймшигт сүйрэлд Дээд ерөнхий командлал буруутай байх ёсгүй учир өөр хэн нэгнийг золионд гаргах учиртай. Ийнхүү Баруун фронтын командлагч армийн генерал Павловыг удирдах 20 орчим офицеруудын хамт баривчлан Москвад хүргэлээ. Павловоос бусад нь НКВД-гийн аймшигт яргаллыг даалгүй бас амьд үлдээнэ гэсэн амлалтад нь хууртан урвасан болохоо хүлээв. Харин тэр зодуулан цусандаа хутгалдан ухаан нь орж гарч байсан ч шийртэй эр байсан тул "Би урваагүй зөвхөн удирдлагын тушаалыг л ягштал биелүүлсэн" гэж өчиж байлаа. Түүнийг буудан хороож хожим 1956 онд цагаатгасан юм.

Түүх судлаач Мөнх-Од

https://www.facebook.com/okoo.munkhod

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]