Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Тэнгэрээс залрагсдын мөрийг Тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын шүүмжУншсан308

Шинжлэх ухааны нээлт үү, аль эсхүл?

энгэрээс залрагсдын "мөр"-ийг"Тэнгэрийн хүүхдийн наадгай"-гаар мөшгөхүй” номын шүүмж


Тэнэг хүн ухаантай царайлах нь тийм ч аюултай бус, хүмүүс түүнийг мэднэ. Харин ухаантай гэгддэг хүний тэнэглэлийг хүмүүс мэдэхгүй тул нийгэмд маш хортой гэж үг байдаг. Саяхан манай улсын хамаг л том гавъяа шагналын эзэн Г.Аким “Өөр гарагийнхан Монголд бууж байсан тухай онцын зоригтой таамнал” хэмээх шинжлэх ухааны нээлт хийсэн тухай мэдээ чих дэлдсэн тул “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгихүй”  хэмээх сүржин нэртэй бүтээлийг сонирхон уншив. Гэвч энэхүү бүтээл эхний хуудаснаас эхлээд л түүх, археологийн ололт амжилтыг өөрийн цээжний бангаар гутаан гуйвуулсан, нийтийг соён гэгээрүүлэх бус харин ч өөрийн гүехэн мэдлэгтэйгээ хольж хутган шинжлэх ухааныг доромжилж орхисон нь гайхал төрүүлэв.  Жишээлбэл

Зохиолч монголчуудын үүслийн тухайд: “Монголын нууц товчоон”-д өрхний завсраар орж ирсэн шар гэрлээс  Алунгоа эх ураг олсон бөгөөд  өөр гарагаас ирсэн гэрлэн хүнээс хүн үүссэн байж болзошгүй. Үүнийг юугаар тайлбарлаж болох вэ гэвэл, квантын физикт үздэг квантын шилжилтээр тайлбарлаж болох юм. Холливүүдийн кинонд хүн явж байснаа гэнэт шингэнд хувирч урсаж алга болоод эсвэл гэрэл болоод байдаг даа, квантын шилжилт тийм л юм гэж бичжээ. Эрхэм Г.Аким гуайн үзэл, холливүүдийн киногоор бол монголчууд бидний өвөг дээдэс харийн гэрлэн биетээс үүссэн болж таарах нь.

Харин энэ үйл явдлын тухай түүхийн талаас тайлбарлавал: “Монголын Нууц Товчоон”-д өгүүлснээр,  Алунгоа хатан эр нөхрөө үгүй болсон хойно, даруй гурван хөвгүүн төрүүлсэн нь Алунгоа хатан Добун мэргэнийг үхсэн хойно монголчуудын “асрахуй” буюу левират ёсны дагуу түүний төрөл садан “Алтан ураг”-ийн язгуурын хэн нэг хүнтэй гэр бүлийн харилцаатай болсныг харуулдаг.

Харин гэрийн дээд өрх тотгыг гийгүүлэн орж ирдэг шар гэрлэн хүний тухайд монголчуудын эртний заншил ёсоор айлын бэр хадмын талаа дээдлэн хүндэлж хадмын талынхны нэрийг хэлэхгүй харин цээрлэж хэлдэг ёс байжээ. Тиймээс Алунгоа “цэгээн шар хүн” гэж эр нөхрийг нь үгүй болсноос хойш Алунгоатой нөхцөх болсон хадмын талын хэн нэгнийг тийнхүү цээрлэж, ёгтлон хэлсэн байж болох талтай.

Энэхүү асуудлыг түүхчид баримт нотолгоо, судалгаатай тайлбарлаж буй боловч номыг хавтсаар нь дүгнэж, гавьяа шагналтай зохиолчийн ном л байвал үнэн гэж итгэн, уран сайхны хэтрүүлэгт дурладаг манай зарим уншигчдад хүрч чадахгүй байгаа нь харамсалтай.

Цаашилбал зохиолч монголчуудын сайн мэдэх “Эрхий мэргэн” үлгэрт буй дэлхийд долоон нар гардаг хэсэг нь бодит бөгөөд эрт үед дэлхий дээр олон нар гарсныг өвөг дээдэс маань үлгэрээр дамжуулан үлдээсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүний баталгаа нь 2009, 2011 онд Хятадад гурван нар гарснаар батлагдаж буй мэтээр бичжээ. Иймэрхүү үлгэр домог, худал цуу яриаг хольж хутган шинжлэх ухааны нээлт хийж буй нь Г.Аким гавъяатын гайхамшигтай авьяас уу?, эсвэл зөнөглөл үү?

 

Тэр байтугай зохиолч Монголд эртнээс нааш алмас, үлэмж биетнүүд амьдарч байсан бөгөөд энэ нь ардын аман үлгэр, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад алмаст хулгайлагдаж байсан хүмүүсийн ярианаас батлагдаж буй юм байх. Учир нь саяхан болтол үлэмж биетэн монголд амьдарч байсан бөгөөд тэр бол Монголын хамгийн өндөр хүн болох Пүрэвийн Гонгор юм. Дунджаар 170 см нуруутай монгол хүний хувьд 2 м 36 см өндөртэй ийм аварга төрсөн нь бие махбодын гажиг бус, дээр үеийн үлэмж биетний удам эргэж төрсөн байж магадгүй гэж үзжээ. Гэтэл орчин үеийн шинжлэх ухааны үүднээс хэт өндөр болох нь “гигантизм” гэх хүүхэд насанд өнчин тархинаас хэт их хэмжээний өсөлтийн даавар ялгарсантай холбоотой зүйл гэдгийг хэн хүнгүй л мэднэ.

Ялангуяа шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн өнөө үед ийм зүйлийг соёлын гавъяат зүтгэлтэн хүн бичээд үүнийг нь археологич, доктор профессор хүн дэмжээд байгаа нь хачирхалтай.

Учир нь археологич, профессор Д.Эрдэнэбаатар энэхүү номын өмнөх үгэнд “Судлаач биднийг, жирийн уншигч хэн болгоныг аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах, ойлгохыг эрмэлзэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй үлдээсэн ном болжээ. Го.Аким хүндтийн сэтгэлгээний олон талт чиг хандлага, оюун ухааны цараа одоо шинжлэх ухаанд ид ажиллаж байгаа залуу хойч үед үлгэр дуурайлал болох ёстой.” гэжээ.

Хэрээг хэчнээн цагаанаар будаад хун болдоггүйтэй адил таньж мэддэг академич, профессор хүмүүсээр өмнөх үг бичүүлж ном, зохиолоо хий хоосон магтуулдаг “моод” дэлгэрээд  удсаны том жишээ энэхүү ном болж байгаа нь харамсалтай.

Ийм номуудын нэг хэсэг нь бичсэн хүнийхээ  нэр сүрээр зарагдаж, нэг хэсэг нь энд тэндхийн сургууль, номын санд шахаа болж очин авсандаа ч гялтайх юмгүй тоосонд дарагдсаар үлддэг билээ.

Түүхч: Б.Батбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]