Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гавьяаг нь гайтуулсан ч эх орондоо үнэнч үлдсэн нисгэгчУншсан5,609

...“Японы онгоц төмөр их биетэй байдаг юм байна. Харин бидний жолооддог Зөвлөлтийнх болохоор даавуун гадартай, ийм онгоц амархан шатахгүй яахав дээ” гээд хажуудаа суусан хүмүүст ярьчихаж.

МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ, БНМАУ-ын баатар, нисэх хүчний маршал, нисгэгч В.А.Судец нарын зургийг та харж байна. Ю.Цэдэнбал даргын баруун талд түүний туслах Л.Батцэнгэл зогсоно. Тэд энэ зургийг 1977 онд Ардын хувьсгалын ойн баяраар авахуулжээ. Энд тэдний тухай өгүүлэх гэсэнгүй. Зургийн төвд цэргийн нисгэгчийн дүрэмт хувцастай, хошууч цолтой, өвгөжөөр нэгэн инээмсэглэн зогсоно. Түүнийг Цэрэндоржийн Лувсандамба гэдэг. Хүү нь Ю.Цэдэнбал даргын туслах Л.Батцэнгэл. Хоёр ч дайнд оролцсон, байлдааны олон удаагийн нислэг хийж, эх орныхоо төлөө тулалдаж явсан цэрэг эр. Түүнтэй хамт Халхын голд Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж явсан Зөвлөлтийн мэргэжилтэн, нисгэгч В.А. Судец маршал, ЗХУ, БНМАУ-ын баатар болчихсон Ардын хувьсгалын ойн баярт уригдаж ирээд байгаа нь энэ. Хэдийгээр багш шавь, дарга цэрэг хоёр ч гэлээ нэг фронтод, нэг үүрэг гүйцэтгэж явсан хоёр нисгэгчийн гавьяаг төр, засаг нь яагаад ийн өөр өөрөөр үнэлдэг билээ. Чухам энэ тухай дор өгүүлэх болно.

 

МОРИН ЦЭРГИЙН ДАРГААС МОТОРТ ХӨЛГИЙН НИСГЭГЧ БОЛСОН НЬ

 

 

Ц.Лувсандамба Төв аймгийн Батсүмбэр сумын хүн. 1927 онд 17-хон настайдаа Монгол ардын хувьсгалт цэрэг (МАХЦ)-т алба хаахдаа цэргийн нисгэгч мэргэжилтэй болжээ. Тэрбээр Цэргийн ерөнхий сургуулийн морин цэргийн ангийг 1932 онд төгсөж, Тамсагбулагийн цэргийн ангид морин цэргийн салааны захирагчаар томилогдов. Цэргийн сургуулийн сонсогч байхдаа байлдааны нисэх онгоц гээчийг анх хараад “Эр хүнд ганц зохисон унаа юм даа” гэж бодсон гэдэг. Тамсагбулагийн цэргийн ангийн 15 дугаар хороонд тусгай салааны даргын албыг хэдэн сар хашихдаа морин цэргийн дадлага хийж, сургуульд сурсан эрдмээ цэргүүддээ сургаж, тэр хэрээр өөрөө ч боловсорч байсан аж. Нэг өдөр ЗХУ руу цэргийн сургуульд явах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна гэдгийг найзаасаа сонсож, сургууль төгсөөд удаагүй байсан ч улам ихийг сурах хүслээр бүртгүүлэхээр шийджээ. Ангийн дарга нар нь түүний хүсэлтийг ёсоор болгож, ЗХУ руу цэргийн сургуульд явах хүмүүсийг Улаанбаатарт ирэхийг мэдэгдэв. Олон арван залуу сургуульд явах болсондоо хөөрч, ямар мэргэжлээр сурах болсноо бие биедээ ярьж байх юм гэнэ. Шалгуурт тэнцсэн хүмүүсийн нэрэн дунд Цэрэндоржийн Лувсандамба гэж байхыг үзээд ихэд баярласан ч Хүн эмнэлгийн сургуульд хуваарилсныг уншаад урам нь баахан хугарчээ. Уг нь техникийн, тэр тусмаа нисгэгч мэргэжлээр суралцах саналаа хэлсэн юм байж. “За яах вэ, оргүйгээс ортой нь дээр. Сургуульд тэнцээгүй олон хүний хажууд бас чиг дээр. Цэргийн эмч болоод олон зуун хүний эрүүл энхийг хамгаална гэдэг хүн бүрт олдоод байдаг юм бас биш” гэж бодоод жаахан тайвширчээ. Гэсэн ч эр хүн л жолооных нь ард сууж баймаар нисэх онгоц санаанаас нь арчигдсангүй. “Дүүрч, тэр элсэлтийн комиссынхонд хэлээд үзье. Болбол тэр л биз, болохгүй гэвэл яая гэх вэ” гэж өөрийгөө зоригжуулаад дарга нар дээр нь орж учир байдлаа хэлжээ.

Элсэлтийн комиссынхон зөвлөлдөж, түүнийг нисгэгч болгоё, гэхдээ дотоодын сургуульд суралцуулна гэсэн шийдвэрээ дуулгав. “Нисгэгч болж л байвал хаана ч сурсан яадаг юм” гэж хэлээд тэндээс бөөн баяр гарчээ. Тэр үед Нисэх бригад одоогийн Маахуур толгойн орчимд байрлаж байж. Элсэлтийн комиссын шийдвэрээ авсан даруйдаа Нисэх бригадын дарга Ламзав гэдэг хүнтэй уулзав. Тэр хүн түүнийг үзлэгт даруй ор гэсний дагуу төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмчээр эрүүл мэндээ шалгууллаа. Зарим эмч эргэдэг сандалд суулгаад учиргүй олон удаа эргүүлж байх юм гэнэ. Эмнэлгийн комиссын дүгнэлт удалгүй гарч, эрүүл мэндээр тэнцэх нь тэр. Анхны хичээл эхэлж, долуулаа нэг ангид суралцах болов. Намхавтар нуруутай, хар үстэй, махлагдуу орос хүн тэдэнд хичээл заахаар орж ирлээ. Намуухан яриатай тэр хүний хэлж байгааг ойлгох хүн нэг ч байсангүй. Бруславский гэдэг тэр багшаас гадна хэд хэдэн орос мэргэжилтэн тэдэнд нисэхийн төрөл бүрийн онолын хичээл заана. Оросоор ганц үг ч мэддэггүй байсан залуус Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарынхаа уйгагүй хичээл зүтгэлийн ачаар богино хугацаанд хэл сурч, онолын болон практик мэдлэг, дадлага эзэмшсэн байна. 1933 оны эхээр Монголын нисэх бригадын сургагчаар Зөвлөлтийн мэргэжилтэн В.А.Судец гэдэг хүн ирж, сонсогчдын мэдлэг боловсрол, онол практикийг дээшлүүлэхийн төлөө хүч хайрлалгүй зүтгэжээ. Ц.Лувсандамба, В.А.Судец нарын танилцсан түүх ийм. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 1933 оны арваннэгдүгээр сард Машбат, Буджав, Амгаабазар, Жигж, Самдан нарын долоон хүн сургуулиа төгсөж, нисэн хянагч (штурман) боллоо. Тэр үед нисэн хянагч нь онгоцноос буудах, бөмбөгдөх, нислэгийн зүг чигийг заах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байж. Морин цэргийн дарга моторт хөлгийн нисгэгч болсон нь энэ.

Нисэх бригад 1934 оны намар Маахуур толгойгоос нүүж, Бөхөг түргэний хөндийд байрлах үүрэг авчээ. Ц.Лувсандамба нөхдийнхөө хамт Шарын голоос мод тээвэрлэн Нисэх бригадынхаа байшин барилгыг барьсан түүхтэй.

 
ДАРИЙН УТАА АНХ ҮНЭРЛЭЖ, БРИГАДЫН ДАРГАА ДАЙНЫ ТАЛБАРААС АВЧРАВ

 

Японы эзлэн түрэмгийлэгчид 1936 оноос эхлэн манай дорнод хилээр үе үе цөмөрч эхэлснийг бид түүхээсээ мэдэх билээ. Хил хязгаарын амгалан тайван байдал алдагдаж, цаг түгшүүртэй болсон энэ үед Нисэх бригадын нэг хэсгийг дорнод хилийг хамгаалуулахаар хүч нэмэгдүүлэн илгээв. Энэ хэсэгт Ц.Лувсандамба орж, нөхдийн хамт Баянтүмэнг зорилоо. Жавар ид тачигнасан хоёрдугаар сард очсон тэд цас ухаж, онгоцны буудал, хөөрч, буух зурвас байгуулсан аж. Нисэх бригадынхан өдөр шөнийн нислэгийн дадлага, бөмбөгдөх, довтлох, буудах дасгал сургууль хийнэ. Энэ отрядыг орос сургагчдаас гадна 25-хан настай ч авхаалж сэргэлэн, эр зоригтой Чоймболын Шагдарсүрэн удирдаж байв. Зөвлөлтийн сургагч, нисгэгчдээс сурсан зүйлээ отрядынхантайгаа харамгүй хуваалцдаг тэрбээр Нислэгийн дүрмийг орос хэлнээс орчуулан Монголын хөрсөнд буулгасан анхны хүн гэдэг.

Цагийн байдал улам түгшүүртэй болсон тул нисгэгчид онгоцныхоо дэргэд, байлдаанд бэлэн хонодог болжээ. 1936 оны гуравдугаар сарын 29-ний өглөө түгшүүр зарлаж, отрядын дарга Ч.Шагдарсүрэн нисгэгч нараа штабтаа цуглуулан байлдааны тушаал өгөхөд хүн бүр “За байдал бишдэж дээ. Юу сурснаа харуулах цаг ирлээ” хэмээн хүлээж авсан гэдэг.

Японы цэрэг Адаг улааны хавиар манай нутагт цөмөрч, хилийн харуулд халджээ. Бид тэднийг тосож байлдана. Бөмбөгдөхөд 1200 метр өндрөөс, буудахад 400 метр хүртэл доошилж байж довтолно. Онгоц бүрийг 12 бөмбөгөөр цэнэглэ. Байлдааны бүх ажиллагааг би удирдана хэмээн отрядын дарга үүрэг өглөө. Отрядын 12 онгоц гурав, гурваараа дөрвөн хэсэг болон нисэж, баруун жигүүрийг Ц.Лувсандамба ахлахаар болов. Түгшүүрийн хоёр дахь дохиогоор нисгэгчид баг багаараа хөөрлөө. Нас залуу, анхны тулалдаанд оролцох гэж байгаа тэд эхний үед ихэд сандарч байсан гэдэг. Гэсэн ч эх орныхоо төлөө гэсэн сэтгэл залуусыг зоригжуулжээ. Өндрөө авсан онгоцуудаа байлдааны цуваанд оруулж, тулалдааны талбарыг чиглэн нисэв. Гэтэл заасан чиглэлээсээ арай зүүн талаар нисэж, дайсны ар талд гарсан байх юм гэнэ. “Дайсныг тосож устгана гэсэн яалаа, бидний байлдах гэж нэг иймэрхүү л юм болох нь” гэсэн шүү юм бодоод даргынхаа онгоцыг алдчихалгүй шиг дагаж, дохио өгөхийг нь хүлээн явж. Дайсны ар талд гарсан хойноо эргэж, наран талаас дайрсан нь чухал тактик байсныг хожим ухаарсан аж. Довтолгоон эхэлж, хүлээсэн мөч ирэв. Дайсны цуваа Алаг морьтын харуулыг чиглэн явж байв. Бөмбөгдөх тушаал авсан манай нисгэгчид хараагаа тохируулан тус бүр гурван бөмбөг мулталжээ. Манайхны хаясан бөмбөг дайсны цувааны араас эхлэн дэлбэрч, утаа тоос манарган, дархан хилд халдсан түрэмгийлэгчдийн зарим нь тэрий хадан унаж, үлдсэн нь тал тийш гүйж байгааг хараад ихэд зоригжиж, нэмж бөмбөг хаяв. Тэр үед онгоцонд радио холбоо гэж байгаагүй аж. Тиймээс бүх командыг отрядын дарга нь улаан, цагаан туг өргөж өгдөг байжээ. Даргын онгоцноос цагаан туг өргөсөн тул доошилж, пулемётоор шүршив. Дайсан эсэргүүцэх чадваргүй болсон бололтой. Довтолгоон ингэсхийгээд өндөрлөх байх гэж бодсон тэрбээр эргэн тойрноо харвал хэсгийн ахлагч Мөнхөөгийн онгоцноос уур савсаж, отрядын дарга нь байлдааны талбараас гарч, онгоцоо доошлуулж байжээ. Довтолгооноо дуусгах дохио өгөөгүй хэрнээ байлдааны талбарыг орхиж байгааг бодоход нэг л юм болж дээ гэж бодсон Ц.Лувсандамба даргынхаа онгоцыг дагаж явсаар хээр газардлаа. Онгоцноосоо буугаад дарга дээрээ очтол далаа нэвт буудуулчихсан, цус нөж болсон байж. Түүний шархыг боож, “Ийм байдалтай та цааш нисэж болохгүй. Миний онгоцонд суу” гэхэд

-Дажгүй ээ. Би өөрөө онгоцоо жолоодно гээд хамт хөөрчээ. Нэлээд хүнд шархадсан ч гэлээ онгоцоо жолоодсоор Баянтүмэнд газардсан гэдэг.

Дайсны суманд оногдож, нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон нисгэгч Мөнхөө онгоцоо хээр буулгажээ. Түүнийг аврахаар очсон Шагдар, Өлзийбат нар дайсны гурван онгоцтой таарч тэдэнтэй тулалдан пулемётын мэргэн галаар устгасан байна. Хянагчийн байранд суун дайсантай тулалдсан Өлзийбат суманд оногдож, амь үрэгдсэн байв. Нэг нөхрөө алдаж, нэг онгоцоо гэмтээлгэж, дарга нь шархадсан отрядынхан дайсанд том цохилт өгч буудалдаа иржээ.

“Тэр өдрийн тулалдаанаас ирээд онгоцоо шалгахад 42 сум туссан байж билээ. Суудлын нэг тулгуурыг дайсан хуга буудчихаж. Ус уух хувьтай байж дээ” хэмээн Ц.Лувсандамба гуай хүүдээ дурсан ярьсан гэдэг. Эндээс харахад тэр өдөр ямар том тулаан болсон нь харагдана. Энэ өдрийн тулалдааныг сургагч багш В.А.Судец задлан ярихдаа тэднийг байлдааны өндөр бэлтгэлтэй байгааг сайшааж, дайсны ар, наран талаас довтолсон Ч.Шагдарсүрэнгийн тактикийг ихэд сайшаасан аж. Ц.Лувсандамбын оролцсон тулаан, гүйцэтгэсэн даалгаврын зөвхөн нэгийг дээр өгүүлэв. Тэр бүгдийг энд дурдвал сонины багахан нүүр яахин хүрэлцэх билээ. Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож, эх орон, командлалынхаа тушаалыг нэр төртэй биелүүлсэн тэрбээр ёстой ус уух хувьтай хүн байж. Олон удаагийн хүнд даалгавар, аюулаас эсэн мэнд гарсан түүнийг хэлмэгдэл хэмээх аюул тойроогүй юм. Түүнтэй хамт тулалдаж явсан олон нөхөр нь энэ хар сүүдэрт дайруулж, тулааны талбарт үл мохсон зүрх зоригийг нь мохоож, алтан амийг нь авчээ. Нисэж байгаа онгоцноос шүхрээр анх бууж, МАХЦ-ийн Шүхрийн албаны анхны дарга явсан түүнийг нэг л өдөр баривчилж, удирдлага дор нь олон удаагийн тулаанд орж байсан БНМАУ-ын баатар Ч.Шагдарсүрэнгийн хамсаатан хэмээх нэр хоч зүүн, бүх албан тушаалаас нь салгажээ. ЗХУ-ын цэргийн нисэх хүчний багш сургагч нар Монголын агаарын цэргийн хүчинд ихээхэн хувь нэмэр оруулсантай хэн ч маргахгүй. Сайны хажуугаар саар явдаг нь хорвоогийн явдал. Зөвлөлтийн тэдгээр багш сурагчдаас үндсэн ажлынхаа хажуугаар улс төрийн зорилготой өөр ажил амжуулж явдаг нэгэн ч байж. Тухайлбал, Монголын нисэх сургуулийн орос сургагч Шорохов гэдэг хүн тэдний нэг. Тэрбээр 1938 оны аравдугаар сард МАХЦийн Агаарын цэргийн хүчинд улс төрийн талаар тохирохгүй хүмүүсийн жагсаалт гээчийг гаргаж дээш нь хүргүүлжээ. Түүний гаргасан жагсаалтад цэргийн нисэх хүчний отрядын даргаас эхлээд багш нисгэгч, техникч, моторчин гээд 33 хүний нэр орсны дотор БНМАУ-ын анхны эрхэм нисгэгч цол хүртсэн Ч.Шагдарсүрэн байлаа. Энэ жагсаалтын дөрөвдүгээрт Ц.Лувсандамба бичигджээ. Улс төрийн талаар найдваргүй гэсэн жагсаалт цааш үргэлжилж, нисэх хүчнээс 50 шахам хүнийг баривчилж, 70 гаруй хүнийг ажлаас нь халсан гэдэг.

“ЯПОНЫ ОНГОЦ ТӨМӨР ИХ БИЕТЭЙ БАЙДАГ ЮМ БАЙНА”

 

Улс төрийн талаар найдваргүй гэх хүмүүсийн жагсаалтад орсон хэдий ч Ц.Лувсандамбыг арай ч баривчилж, ажлаас халчихалгүй хоёр жил болов. Түүнийг баривчлах, халах шалтаг олдохгүй байсан бололтой юм. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар салхи тавигчид тийм шалтаг эрсээр байж. Тэр шалтгаа ч олжээ. Ц.Лувсандамба 1940 онд ЗХУ-д хэвлэгдсэн “Дэлхийн нисэх онгоцны түүх” хэмээх нэвтэрхий толь олж үзжээ. Тэндээс дэлхийн олон орны цэргийн болон иргэний нисэх онгоцуудын тухай уншиж суугаад, “Японы онгоц төмөр их биетэй байдаг юм байна. Харин бидний жолооддог Зөвлөлтийнх болохоор даавуун гадартай, ийм онгоц амархан шатахгүй яахав дээ” гээд хажуудаа суусан хүмүүст ярьчихаж. Түүний яриа өвсөнд авалцсан түймэр лугаа тарж, аятай боломжийг хайж суусан хүмүүсийн чихэнд хүрэх нь тэр. Үүн дээр нь дөрөөлөн “Эсэргүү Ч.Шагдарсүрэнгийн хамсаатан, Зөвлөлт, Монголын найрамдалд хор уршиг тарихыг завдсан” хэмээн буруутгаж, ажлаас нь халжээ. Тэрбээр эсэргүү гэсэн нэрийг 28 жил зүүсэн гэдэг. Цагийн салхи наашилж, түүнийг цагаатгасан юм. Бас ч үгүй дээгүүр албанд ажиллаж байсан хүү нь “Цагаатгал эхэлж байгаа, таныг цагаатгах нь лавтай. Та хөөцөлдөхгүй юм уу. Намын гишүүнээ ч сэргээлгэх юм биш үү” гэхэд

-Надад үйлдсэн хэрэг үгүй. Намын батлахаа тэд авсан, би өгөөгүй. Авсан хүмүүс нь өөрсдөө авчирч өгнө биз гээд гэдийгээд суучихаж. Харийн түрэмгийлэгчдийн эсрэг эрэлхэгээр тулалдаж явсан түүнийг 1968 онд цагаатгалаа. Гэсэн ч алдар нэр, гавьяа шагнал түүнээс нэгэнт холдсон байж. Зөвлөлтийн нам, төр гавьяа байгуулсан хүнээ шагнасан шиг шагнаж, амьдруулсан шиг амьдруулжээ. Харин Монголын төр үнэнч зүтгэсэн албатдаа хатуу гэсэн үг байдаг билээ. Ц.Лувсандамбад ч тэгж хандсан аж.

Сэтгүүлч Д.Заяабат, Өнөөдөр сонин. 2013 он

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 18. 6:48
ЗочинBanzrachiin Tsogt

BI TSERGIIN GOSPITALIIN GEMTEL MEDRELIIN MES ZASALCH YAWSAN XVN TER TASAST14 JIL AJILLASAN EMCH XVN OLON UDAA TSERGIINXEE ONGOTSOOR TSERGIIN AMI NAS AERAX GEJ NISEJ BLAA TEDGEET XVMVVSTEE OLON JILIIN DARAA BAYARLALAA GEJ XELIE UCHIR NI TED NAR MAANI EMCH NAMAIG BUSAD / UNTUULAGCH EMCH SUWILAGCH / NARYi mini yag xugatsaand ni xvrgej vgch bgaagvi bol bi tedgeer offitser tsereg daichdiig awarch cjadaxgvi bsan shvv dee. Omnegowios bunii sum tarxinii gawal yas shvgej xvnd gemtsen tsergiin axlagchid gazar deer ni xagalgaa xiij tsergiin Mi 8 aar gospitaldaa awchirchj amii ni awarch blaa. Dornogowi Dalanjargaland oo li bie zasan suuj bsan tsergiig osten buudaj dal xawsran xvnd gemtsen tsergiin duudlagand ochij yawaad xaramsaltai ni nisfeg tereg yag angi deer buux ved radio xolboogoor nad barssn gej medeelj bsan yum gewch tuxuai nvxtseld ami nas awrax bolomjgvi xvnd gemtel gedeg ni xojim zadlangaar dvgnegdsen yum . Bas Dornot Xalx gol sum ruu duudlagaar yawaxad niit 900 km dawxar dalawchit An 2 oor xotoos anx garch Xentt oroxod300 Km buuj xonood vglee ni ert niseed Dornot Choinalsan oroxod 300 km.tsaash Xalx gol oroxod 300 km nisej bgaa yum Bas xaramsaltai ni Choibalsand gazardax ved tsereg masni sharxaa daalg i nas barlas gej xolboogoor medeelsen.Gewch tsaash nisej Calx gol orj zaflan xiigerd sharilas bolon gemteng awch butsaj irj blas. Manai tsergiin 109 r angi Nisgegch Gomsvren Nina / cojim sngiin darga bolson / busad xvvst bayr xvgie.18 aimgiig mini vne tvlberg i vzvvlsen ta nartas bayr fawxar xvrgie .Xowdod 2 ufas Zawxan Omnegowid 2 udaa Dprnt.Centti Dornpgpwo gerd olon nissrn dee bvvr gert irerd amarch bxad chixend nisfeg teteg ongpysnii duu chixrnd xed xonog sonsogddog blsa sh dee .Xowdoos Zil 130 mashin ooree sogtuugaar joloodoj onxoldpj kabind tolgoi ni xawchuulahdaj xvnd hemtsen offitser An24 oor awchirch blas Bas Car us nuuriin etegt xerriin surguulid bsan Offits a axmad tarxind tsus xarwadan bsaniig An 24 eer awchirch blaa.

5 сар 28. 0:12
Зочин

Шагдарсүрэн баатар өвөөгийн маань ах. Ах нь буудуулаад Өвөө маань ч их хэлмэгдсэн дээ хөөрхий. Чойбалсан,Цэдэнбал нтрын зургын нүүрийг нь ухаад хаячихдаг хүн байж билээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]