Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Алтан ордны улсын нэрт жанжин Боролдой баатарУншсан8,087

Алтан ордны улсын байлдан дагуулалтын түүхэнд Бурундай гэдэг нэр нэг бус удаа дурдагдсан байдаг. Боролдой буюу Орос болон өрнөдөд (Европт) Бурундай нэрээр алдаршсан энэ хүн үнэхээр бодит хүн байжээ.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D Т.Сүхбаатар бичиж байна.


Алтан ордны улсын байлдан дагуулалтын түүхэнд Бурундай гэдэг нэр нэг бус удаа дурдагдсан байдаг. Боролдой буюу Орос болон өрнөдөд (Европт) Бурундай нэрээр алдаршсан энэ хүн үнэхээр бодит хүн байжээ.

Оросоор Бурундай буюу Боролдой, Боролдай, Бурондай, Буранда, Брандай, Бурулдай, Боралдай, Берендей, татар хэлээр Бурандай гэж олон янзаар нэрлэдэг. Энэ хүн Монголын Жүрхэн эсвэл Салжуд овгоос гаралтай байж магадгүй гэж үздэг. Намтар төдийлөн сайн судлагдаагүй байдаг бөгөөд түүхэн сурвалжид ч ховор байдаг.

Чингис хаан 1227 онд өөрийн хөвгүүдэд хувь таслан өгөх үед Боролдой Зүчийн харьяанд очсон иргэд дунд байсан байж магадгүй хэмээн судлаачид бичдэг. Түүний нэр зөвхөн 1237 онд Баруун зүгт хийсэн Кибчагийн аян дайны үед Ижил мөрний Булгарыг эзлэн авах байлдааны үед гарч ирнэ. Тэрээр Булгар, Кибчагийг байлдан дагуулахад оролцсон, цаашлаад Орос, Европт явуулах аян дайнд томоохон ул мөр үлдээсэн жанжин юм.

Түүний хийсэн хамгийн том алдартай тулалдаан бол 1238 оны гуравдугаар сарын 4-нд Сить (Сити) голын эрэгт Оросын вангуудын нэгдсэн армийг бут цохисон тулаан юм. Түмтийн ноён Бурундай жанжны гайхамшигт ялалт хэмээх өгүүлэлд Сити голын тулалдааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа тул дэлгэрүүлсэнгүй.

Боролдой баатар бол Алтан ордны улсын цэргийн хамгийн дээд нэгж болох түмний ноён цолтой байжээ. Орчин цагийн генерал цолтой энэ тэнцүү юм. Түмний ноён гэдэг бүх цэргийн жанжин ч байсан байх боломжтой.

Бат ханы цэрэг Европт орох үед тэрээр Сүбээдэй баатрын хамт Шайо голын болон бусад тулалдаан оролцож Европ дахь байлдааны бүхий л ерөнхий төлөвлөгөө, стратеги тактикийг боловсруулахад гар бие оролцсон чадварлаг жанжин байжээ. Гэвч их жанжин Сүбээдэйн алдар сууд дарагдан сүүдэрт явж байсан юм. Өндөр настай Сүбээдэй баатар түүнийг уртын урт аян замд өөрийн орлогчоор сонгон авч явснаас үзэхэд тэрээр тухайн үедээ хамгийн чадварлаг жанжин байжээ. Өрнийн их дайны бүхий л алдар гавьяа түүнтэй хамаатай нь ойлгомжтой юм.

Өрнийн урт аян дайнаас (Кибчагчин аян дайн) буцаж ирээд тэрээр Монголын эзэнт гүрний хаан ширээний тэмцлийн үед 1251 онд 100,000 орчим цэрэг захиран Батын тушаалаар Отрар хотын ойролцоо Мөнх хааны нөөц туслах хүчин болон бэлэн байрлаж байсан тухай мэдээ бий.

Бэрх ханы үед Галицийн ван Даниил Романович Төв Европын улсуудтай харилцаа тогтоож хоёр хөвгүүнээ Унгар, Австрийн гүнжүүдтэй гэрлүүлэн холбоотны харилцаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Улмаар холбоотны хүчиндээ эрдэж Алтан ордны улсын даргач нарыг шахан гаргаад алба татвар төлөхөө больж, Алтан ордны улсын хуульд захирагдсан оросуудыгаа хүртэл цаазлан хороож, хот цайзаа бэхэлж, цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэлжээ.

Даниил вангийн энэ үйлдлийг Алтан ордны улсаас томилогдсон өмнөд Оросын захирагч Хүрмэс буюу Куремесе[1] (Бат ханы ах Орда-гийн хүү) хангалттай хүчгүй байсан учир зүгээр л харж суухаас цааш  хэтрэхгүй байжээ. Түүнд цөөхөн тооны цэрэг байсан юм.

Тиймээс Бэрх хан нэн яаралтай арга хэмжээ авахаар шийдэж эрч хүчгүй Хүрмэсийг тушаал бууруулан алдарт Боролдой жанжныг 1258 онд их цэргийн (зарим мэдээгээр 60 мянган морьт цэрэг)[2] хамт Галицийн зүг илгээсэн байдаг.

Боролдой юуны өмнө Даниил ванг дуудуулсан бөгөөд тэрээр түүнийг дайлах бус, харин Литва, Польшийг дайлах зорилготой явж байгаа, тиймээс түүнийг цэргийн хүч хавсар хэмээн үүрэг болгожээ. Үүнд итгэсэн Даниил ван өөрийн дүү Василька, хүү Лев нарыг их цэргийн хамт илгээсэн байна. “Бурундайн дайн” гэж орос сурвалжид тэмдэглэгдсэн энэ аян дайнаар Боролдой, Василька, Лев нар Польш, Литваг уулгалан довтолж, Люблин, Сандомир, Холм, Краков[3] зэрэг хотуудыг эзлэн авсан байна.

Харин Боролдой жанжин буцах замдаа жинхэнэ санаагаа гарган Галицийн бүх бэхлэлтийг нурааж, өмнөд Оросын нэлээд хэдэн хот тосгоныг түйвээн сүйтгэж эхэлсэн бөгөөд Даниил ван хүч хүрэхгүйгээ мэдэж Боролдой жанжны шийдвэрийг үг дуугүй даган өөрийн гараар бүтээн байгуулсан хот суурингийн бэхлэлтүүдээ нураахаас өөр аргагүй болжээ[4][5].

Үүгээр өмнөд Орост гарсан үймээн дарагдаж алба барьж ногдсон татвараа ахин төлөх болсон нь яах аргаүй чадварлаг цэргийн жанжин Боролдойн ач гавьяа юм.

Алтан ордны улсын хамгийн хүнд хэцүү үүрэг даалгаврыг голчлон нугалдаг хүн нь Боролдой жанжин байсан тиймээс тэрээр Эл хаадын улстай хийсэн Алтан ордны улсын дайнд оролцож байсан бөгөөд 1263 онд тулалдааны талбарт амь эрстсэн эсвэл эгэл жирийн байдлаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм[6]. Түүний нэр 1263 оноос хойш ахин ямар нэгэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдээгүй юм. Энх тунх цагийг хүсч амар амгалан аж төрөн суусан ч байх магадлалтай.

Боролдой жанжны ачаар Алтан ордны улс ямагт дайн тулалдаанд ялж байсан бөгөөд тэрээр Сүбээдэй баатартай энэ тэнцэх Алтан ордны улсын жанжин юм.

Энэ алдарт эрхэм хүний нэрээр нэрлэгдсэн тосгон Казахстан болон Киргизстан улсад байдаг. Мөн төмөр замын өртөө ч Казахстан улсад байдаг байна.

[1] Вернадский Г.В. ”Монголчууд ба Оросууд”, УБ., 2008, т.149

[2] Почщкаев Р.Ю. “Алтан ордын хаад” УБ., 2013, т.46

[3] Новгородын он тооллын бичиг

[4] Лаврентьевская летопись

[5] Хронологія подий Галицько-Волинського литопису. Львів, 1901

[6] “Энциклопедический словарь Брокгауза и Ефрона”. т. V (1891): Буны — Вальтер, с. 51—52

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]