Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн сайхан бодит түүхүүдээсУншсан4,381

Түүхэнд бичигдэж үлдсэн сайхан түүхүүдээс гурвыг сонгон авч уншигчдадаа хүргэж байна.

Сургамжтай, сайхан түүхүүд интернэтээр, номын хуудаснаа бишгүйдээ л нэг бий. Хүний сайхан сэтгэлийг чухалчилсан эдгээр түүхүүдийг заримдаа зохиолчид бичдэг боловч бүгдийг зохиодоггүй. Бодит түүх маш олон бий. Түүхэнд бичигдэж үлдсэн сайхан түүхүүдээс гурвыг сонгон авч уншигчдадаа хүргэж байна.


Нэг. "Бөгжний эзэн"

Сара Дарлинг хэмээх эмэгтэй Билли Рей Харрис гэх орон гэргүй эрийн гуйлга гуйж байсан аяганд мөнгө хийхдээ санамсаргүй өөрийн 4000 долларын үнэтэй сүйн бөгжөө унагажээ. Түүнийг нь удалгүй гуйлгачин эр олоод үнэт эдлэлийн дэлгүүр орж үнийг нь асууж.

Тэр хэдийгээр гэр оронгүй, ядуу хүн боловч бөгжийг заралгүй хадгалж бөгжний эзэн ирэхийг хүлээсэн аж. Хоёр хоногийн дараа бөгжний эзэн хатагтай Дарлинг эргэн ирж, "Би энд ямар нэг зүйлээ хаясан болов уу?" гэж асуухад Харрис "Энэ бөгж мөн үү?" гээд түүнд бөгжийг харуулж. Эмэгтэй маш их баярлахад, гэр оронгүй эр "би хадгалж байлаа" гэж хэлээд бөгжийг эргүүлэн өгчээ.

Бөгжөө эргүүлж авсан хатагтай нөхрийнхөө хамт интернетээр ноён Харрисийн түүхийг бусдад түгээж 4000 доллар цуглуулахыг оролджээ. Гэтэл маш богино хугацаанд 180 орчим мянган америк доллар цугларчээ. Үүгээр ч зогсохгүй ноён Харрисийг телевизийн нэвтрүүлэгт урьж оруулснаар тэрээр 16 жил холбоо тасарсан байсан гурван эгч, дүүгээ олж уулзсан байна.

Одоо ноён Харрис өөрийн гэсэн орон байртай, дутагдах зүйлгүй сайхан амьдарч байна. "Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй хамгийн сайхан хувцас" гэдэг дээ…

Хоёр. "Хараагүй математикч"

Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ ирэлгүй хэд хонолоо... Багшийнхаа зөвлөснөөр ангийнхан нь тэднийд очжээ. Хүүхдүүд “Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?” гэхэд ээж нь “Хүү минь та нартай хамт сурч чадахгүй болсон. Нүдний хагалгаа нь амжилтгүй болж хараагүй болсон тул өөрөө хичээлдээ явах боломжгүй” гэж гунигтай хариулав.

Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь

- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ гэхэд бусад нь ч дэмжин

- Бас сургуулиас гэрт нь хүргэж...

- Хичээлээ хийхэд нь ч туслана гэцгээв. Тэгээд ангийнхан нь хичээлийг нь хэрхэн тайлбарлаж, яаж гэрээс нь сургуульд хүргэж буцааж аваачих тухайгаа ярилцжээ.

Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байсан бөгөөд түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс ч илүү бөөн баяр болцгоодог байлаа. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ.Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.

Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ - ЗХУ-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон ч математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.

Гурав. Алтнаас үнэтэй нэр төр

Испани улсад 2012 онд зохион байгуулагдсан Олон улсын хөнгөн атлетикийн тэмцээний холын зайн уралдаанд Лондонгийн олимпийн мөнгөн медалт Абель Мутай өрсөлдөгчдөөсөө хол тасран түрүүлж байлаа, барианд ердѳѳ л арав гаруй метр үлдсэн байв.

Хожим нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө барианд орчихлоо л гэж бодсон, тэгээд л баярлах, бахардах давхцан доошоо тонгойж гараа дээш өргөхѳд, хөгжөөн дэмжигчид над руу занган гараа даллацгааж байсан. Би испани хэл мэдэхгүй тул тэд юу хэлээд байгааг ойлгоогүй. Тэгтэл хэн нэгэн гүйцэж ирээд намайг урагш нь түлхэх тэр үед л би жинхэнэ бариандаа орсон доо” гэж болсон үйл явдлаа ярьжээ.

Түүнийг барианд түлхэж оруулсан хүн бол Испанийн тамирчин Айван Фернандес Анайя байв. Тэрээр Мутайг мунгинаж байх хооронд түрүүлж барианд орж өндөр мөнгөн шагналын сантай дэлхийн тэмцээний аврага болох боломжтой байсан ч үүнийг ашиглаагүй юм.

Түүнээс ”Та энэ тэмцээнд түрүүлэхийг хүсэж байсан уу? гэж асуулт тавихад, ямар ч эргэлзээгүйгүйгээр "Хүсэж байсан" гэж хариулсан бөгөөд өөрийнхөө үйлдлээ тайлбарлахдаа “Өнөөдөр хүмүүс худал хуурмаг, шунал, хувиа хичээсэн бэртэгчин, бусармаг явдлуудын гэрч болж байна. Энэ бүх бусармаг явдлууд зөвхөн улс төрд ч биш спортод ч байдаг гэдгийг бид мэднэ. Тиймээс хэрвээ тэр боломжийг ашиглан түрүүлсэн бол би үргэлж өөрийгөө хараан зүхэх байсан. Миний нэр төр надад ямар ч шагнал, алтан медалиас илүү үнэтэй“ гэж хэлжээ.

Энэ үйлдлээрээ шударга испани эр аваргаас ч илүү нэр хүндтэй болсон юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 27. 10:55
Зочин

yamar goy tuuhuud ve buh humuus iim saihan setgeltei uhamsar tuluvshiltei baisan bol eh delhii mini yamar goy divaajingiin oron baih baisan bol

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]