Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

ХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайнУншсан14,020

Модун ар талаа хангамагц Хятадыг анхаарч эхлэв. Хятадын иргэний дайн 202 онд Ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв.

Агуу Лев Гумилевийн монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байна. Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ.

Өмнөх нь: Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

Их Цагаан хэрмийг байгуулсан нь

Хүн гүрэн Цин улстай дайтсан нь

Модун шанью ба Хүн гүрэн үүссэн нь


ХҮН ГҮРЭН, ХАН УЛСЫН ХООРОНДЫН АНХНЫ ДАЙН

 

Модун 203-202 онд хойд хил дээрээ дайн хийв. Тэгээд хүн-чүүдийн ураг удмын хунью, Алтайгаас хойш нутагладаг динлин аймгийнхны кюеше буюу кипчакууд, тэдний дорнод хөрш дээд Енисей мөрнөөс Ангар хүртэлх Саяаны хойд бэлд амьдарч байсан динлинчүүд, Кыргиз нуурын орчим, Баруун Монголын нутаг дэвсгэрийг эзлэн сууж байсан гэгүнь буюу кыргизүүд, үл мэдэгдэх хүн ам цайл хэмээгчдийн эзэмшлийг захиргаандаа авав. Модун ар талаа хангамагц Хятадыг анхаарч эхлэв. Хятадын иргэний дайн 202 онд Ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв. Улс орон эвдрэл сүйрлээс ангижирч чадаагүй байхад нь хойд зүгээс хүн-чүүд нөмрөн орж иржээ. Тэд Маи цайзыг бүсэлсэн бөгөөд цайзын удирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрээр амиа хорлох ёстой, харин үүнийг хийгээгүй бол үүргээсээ урвалаа гэсэн үг аж. Иймд ван Хань Синийн хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрээр шинэ эзэндээ үнэнчээр үйлчилж эхэлжээ. Хүн-чүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван 200 оны өвөл хойд Шаньсийн нийслэл Зиньян хот руу дөхөж иржээ. Гаозу өөрөө тэдний эсрэг цэргээ авч очсон боловч янгинасан хүйтний улмаас тариачдаас бүрдсэн дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөжээ.

 

Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэж, хуурамчаар ухран зугтаад хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж магнайн хэсгийг Пинчэн хотоос холгүй Байдын тосгонд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Модун мориныхоо хээр, цагаан, бор, шарга гэсэн зүсээр ялгагдсан цэргийн дөрвөн хороотой байсан нь сонин юм. Хятадын цэрэг хүн-чүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэд долоо хоног тэссэн байна. Эцэст нь хятадын тагнуулч Модуны эхнэрт хүрч, түүнийг худалдан авч амжжээ. Тэр эхнэр «суут хүн» Гаозутай эвлэрэх хэрэгтэй, Хятадын газар нутгийг авлаа ч гэсэн хүн-чүүд угаасаа тэнд амьдарч чадахгүй хэмээн нөхрөө ятгасан байна. Энэ санаа, бас тэгээд амалсан цагтаа нэмэлт хүч ирүүлээгүй Хань Синьд үл итгэх сэтгэл хоёр нийлээд цаашлан байлдахаа зогсоох бодлыг Модунд төрүүлжээ. Тэрээр Гаозу-гийн цэрэгт гарц гаргахыг тушаасан байна.

Хятадын цэрэг гаргаж өгсөн онгорхойгоор хүн-чүүдийн зүгт татсан нумаа чиглүүлсээр гарч гол хүчтэйгээ нэгдэв, Модун ч буцаж оджээ. Энэ нь хүн-чүүдийн томоохон аян дайны нэг байв, гэвч хэрэв газрын зураг харах юм бол хүн-чүүд Хятад руу нэг их лав нэвтэрч чадаагүй байжээ гэдгээрээ гайхал төрүүлдэг юм. Байлдааны бүх ажиллагаа Шаньсид болжээ, Маи, Пинчэн хотууд хилээс 9040 км-ын зайд байв, харин Зиньян хот (одоогийн Тайюань) 250 км хол байсан. Байдын тосгоны ойролцоо Пинчэн хотын дэргэд байлдааны бүх ажиллагаа өрнөжээ, Сыма Цянийн мэдээлснээр энд хятадын арми 320 мянган цэрэгтэй байсан (энэ ч үнэн байх, юу гэвэл, энэ тоонд цэргийн үйлчилгээнийхний тоо бас ордог, тэр тусмаа бие бүрэлдэхүүний хагасаас тавны дөрөв хүртэлх нь үйлчилгээнийхэн байдаг нь дорно дахины армиудын ёс юм), харин хүн-чүүд 400 000 цэрэгтэй байсан гэдэг нь илэрхий дэврүүлсэн хэрэг мөн. Үнэндээ бол энэ 400 мянган хүн 30x40 км гэсэн зай бүхий уулын цүнхэлд багтах ёстой болно, өөрөөр хэлбэл, хүн-чүүдэд ачааны морьд байгаагүй гээд бодоход л нэг морин цэрэгт 30 ам дөрвөлжин метр газар оногдоно, тэгээд бас дунд нь хятадын бүслэгдсэн цэрэг байлдаж буй гэвэл бүр ч бага ноогдоно. Алдаатай нь тодорхой байна. Сыма Цянь хүн-чүүдийн хүчийг 10-20 дахин хэтрүүлэн хэлсэн бололтой. Миний энэ санааг бодолцон Модуны хүч 30-40 мянган морин цэрэг байсан гэж үзвэл яагаад тэрээр найрамдах гэж бодсон бэ гэдэг нь ойлгомжтой болно, юу гэвэл, бараг 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдааа ч гэсэн Модунаас хүчтэй байв. Гаозу, Модун нар «энх амгалан, ураг төрлийн» (бууж өгөх дипломат томьёолол) гэрээ байгуулав.

Хятадын хааны ордон хааныхаа гүнжийг гадаадын эзлэгчид өгч, тэр эзлэгчид гэрээнд заасан тоо ёсоор жил бүр татвар илгээх үүрэг хүлээсэнд «энх амгалан, ураг төрлийн» гэрээний агуулга оршино. Энэ бол булхайлсан гувчуур байв. Модун гүнж болон өргөлийг хүлээн авсан боловч Хань Синь ба бусад зугтагсад, үймээн дэгдээгчдийг дэмжсээр байлаа. Хэрэг дээрээ дайн үргэлжилсээр, Модунд бууж өгсөн өнөөх Хань Синь болон түүний талынхан Хятадын хойд мужуудыг цөлмөн дээрэмдсээр байв. 197 онд Хань Синийн талд Жао, Дай мужуудын цэргийн захирагч Чэнь Си орж ирэв. Тэрээр хүн-чүүдтэй холбооны гэрээ байгуулжээ. Гэтэл удалгүй хатан хаан Люй Хоу энэхүү Хань Синийг нийслэлдээ аргалан аваачиж цаазалсан байна.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 20. 20:58
KAKA

AUGAA DEEDES MINI. Ta buhend murguy. Odoogiin bidnii baij bgaa tsarai ee chaawaas

1 сар 11. 19:08
Зочин

ХАРИН ТИЙМЭЭ УЙЛМААР ЮМАА АРЧААГҮЙГЭЭ ГАЙХААД

2017, 11 сар 20. 18:20
Зочинc

han uls gej baigaaguimaa,tednuus chini vietnamuud baisiin

2017, 11 сар 20. 18:30
Зочин

Hani gedeg yum

1 сар 7. 22:39
Зочин

Yaag unen.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]