Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дуугүй “босс”Уншсан4,176

Өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар иранчууд аль байдгаараа “аятайхан” харагдахыг хичээв.

Өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар иранчууд аль байдгаараа “аятайхан” харагдахыг хичээв. Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад урьдын адил АНУ-ын эсрэг үг хэлж, нэлээд ширүүн харагдсан ч одоогийн Ерөнхийлөгч Хасан Рухани арай нөхөрсөг байж, есдүгээр сарын 11-ний халдлагыг дурсан, шашны хэт үзэлтнүүдийг буруушаасан юм. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тухай ч дурдсан. Харин дараа өдөр нь Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн урилгаар НҮБ-ын төв байрны ойролцоох “Уолдорф-Астория” зочид буудалд оройн зоог барьж, удалгүй Европын холбооны гадаад бодлого хариуцсан төлөөлөгчтэй нийлж гурвуулаа болж аваад цөмийн хөтөлбөрийн асуудлаар бараг дөрвөн цаг ярилцжээ.

Гэвч иранчуудын хамгийн том “босс” энэ үеэр гэртээ байлаа. Барууны хослол өмсөж, зангиа зүүсэн дипломат албаныхан нь гаднынхантай юу хүссэнээ ярьж, яаж ч нөхөрсөг байгаад хар нөмрөг, тюрбан ороолттой, хилийн дээс алхдаггүй, барууныхныг тоож дуугардаггүй Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи дипломат харилцаа гээч зүйлд итгэдэггүй хэвээр байна. Ерөнхийлөгч Руханийг НҮБ-ын индэр дээрээс үг хэлсний дараа тэрбээр твиттер хуудсандаа “Цөмийн хөтөлбөрийн талаар барууныхантай ярилцах нь үр өгөөжгүй, аюултай зүйл” гэжээ. Хаменеи Америкийг терроризмыг дэмжигч, дэлхийн энхтайванд заналхийлэгч гэх зэргээр “цоллож”, Жон Керрийг “худалч”, “Исламын улс”-ын эсрэг явуулж буй Америк тэргүүтэй орнуудын цэргийн ажиллагааг “Ойрхи Дорнодыг эзлэх гэсэн оролдлого” гэж хардахаа ч мартсангүй.

Иран Иракийн дайны үед иранчуудын гол зоригжуулагч, бамбар нь Хаменеи байлаа

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ эхлээд бүтэн 10 сар болж байхад дорвитой үр дүн гарахгүй байгаад тус улсын Дээд удирдагч нөлөөлсөн нь үүнээс харагдана. Рухани, Зариф нарын Ираны төрийн “томчууд” нээлттэй бодлого хэрэгжүүлж, цөмийн хөтөлбөрийн асуудлаар тодорхой зөвшилцөлд хүрэхийг яаж ч хичээж, ямар ч байр суурьтай байсан, эцсийн шийдвэрийг Хаменеи л гаргана.

Тэрээр өөрийгөө исламын хувьсгалын галыг манагч, өнөө цагийн даяаршил нэртэй хэт баруунжих үзэгдлээс Ираныг хамгаалагч гэж үздэг. Сүсэг бишрэлтэй, перс найраг уншиж, барууны сонгодог зохиолчдын ном бүтээлд шимтдэг, уул хадаар зугаалах дуртай түүнийг уг нь “буулгаж авах” амархан баймаар. Гэвч тэрбээр исламын ертөнц дэх хамгийн “хатуу самар”-ын нэг ажээ.

Цагаан ордны тэргүүн болсноосоо хэдхэн сарын дараа буюу 2009 оны эхээр Ерөнхийлөгч Барак Обама Хаменейд нууц захидал илгээж байж. Тухайн үед хоёр орны хоорондох шууд яриа хэлэлцээ тасалдаад таван жил өнгөрөөд байсан тул Обама наанадаж Дээд удирдагчийн санаа бодлыг тандах, цаанадаж хэлэлцээ хийхийг хүсэж байв. Америкийн тусгай албаныхны хэлснээр бусад орны Төрийн тэргүүн нартай харьцуулахад Ираны Дээд удирдагчийг чухам ямар бодолтой явдгийг тааж мэдэх аргагүй гэнэ. Тиймээс ч түүнээс хариу ирэхэд америкчууд гайхаж хоцорчээ. Гэвч Дээд удирдагч хүйтэн хөндий, илт цааргалсан өнгөтэй зурвас илгээсэн болохоор Обама дахин захидал бичээд ч нааштай хариу аваагүй байна.

Америкийг үзэн ядагч

БНХАУ-ын даргатай

2013 оны зургадугаар сард болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулиар Рухани тодрох хүртэл буюу дараагийн дөрвөн жилд нь зөвхөн Иран, Америкийн ч бус, Иран, барууны орнуудын харилцаа тэр чигтээ царцанги байлаа. Харин Рухани Ерөнхийлөгч болмогцоо баруунд суралцсан Зарифыг Гадаад хэргийн сайдаа болгосон нь Ираны гадаад бодлогод өнгө сүлсэн таатай явдал болов. Гэвч ийм өөрчлөлт, шинэчлэлийн үеэр ч Хаменеи ганцаараа бүхнийг мэдэгч байжээ. Зарим ажиглагчийн таамагладгаар Ахмадинежадаас болж олон улсад алдсан нэр хүндээ сэргээхийн тулд Ираны эрх баригчид Руханийг зориуд гаргаж ирсэн бөгөөд түүгээр дамжуулан барууны элдэв хоригийг цуцлуулахын хамт цөмийн хөтөлбөрөө урьдын адил хэрэгжүүлэх нь тэдний гол зорилго байж. Үүнээс үзвэл “Рухани ердөө хонины арьс нөмөрсөн чоно бол азарган чоно нь хэзээд Хаменеи байна” хэмээсэн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн үг ортой байж мэдэх юм.

“Азарган чоно” Хаменеи барууныханд, тэр дундаа америкчуудад талтай байсан удаагүй. Руханийг өнгөрсөн оны сүүлчээр Обаматай утсаар ярьж Иран, Америкийн дунд ийм харилцааг сэргээсэн, 1979 оноос хойших Ираны анхны Ерөнхийлөгч болоход Хаменеи л ганцаараа дуугүй байв. Ираны хамгийн ариун хотын нэг болох, нутгийн зүүн хойд хэсэгт орших Машхадад 1939 онд мэндэлсэн Хаменеи найман хүүхэдтэй айлын хоёр дахь нь ажээ. Тэрбээр эцгээ дагаж, шашны ном үзэн, шийт шашинтнуудын ариун хот Кумд суралцсан байна. (Персчүүд 500 жилийн тэртээ шийт шашинтан болжээ. Одоогийн Иран улсад шийтүүд хамгийн олноороо аж төрдөг. Энэ нь суннит шашинт арабчуудтай зөрчилдөх иранчуудын гол шалтгаан юм.) Кумд байхдаа Хаменеи Ираны исламын хувьсгалын “эцэг”, Дээд удирдагч хэргэмийг хүртсэн анхны хүн Рухолла Хомейнитэй танилцжээ. Барууныхныг чөтгөр, шулам хэмээж, иран залуусын дунд үндсэрхэг үзлийг сэрээсэн түүний дагалдагч болоход Хаменеид хэн нэгний ухуулга шаардлагагүй байлаа. Америкийн талыг баримтлагч Ираны хаант засаглалыг шүүмжилснийхээ төлөө зургаан ч удаа торны цаана сууж, заримд нь эрүү шүүлт амсаж байсан түүнд Америкийг үзэн ядах үзэл яс, маханд нь тултал шингээд байв.

Хүчгүй Аятолла

 

 

Ираны сүүлчийн Шахыг зугтсаны дараа Хомейни төрийн эрхийг гартаа авч, шинэ парламентын засаглал исламын ёс жаягт нийцэж байгаа, үгүйг хянах Аятолла буюу шашны тэргүүн, Дээд удирдагч болсноор Хаменеигийн эрх мэдэлд хүрэх зам засагджээ. Хомейнигийн туслахын хувиар 1981-1989 онд Ерөнхийлөгчийн алба хашихдаа Хаменеи найман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайнтай нүүр тулсан юм. Тэр үед америкчууд Саддам Хуссейний талд орж байсныг тэр яахин мартах билээ.

Аятолла Хомейни 1989 онд нас барахынхаа өмнө Хаменеиг “адислаж”, залгамжлагчаа болгов. Гэхдээ энэ нь хялбар шийдвэр байсангүй. Хаменеи өмнөх удирдагч шигээ шашны зэрэг дэвгүй байсан нь үүнд хамгийн их нөлөөлжээ. Ираны Үндсэн хуульд маржа буюу Аятоллагийн хэргэмтэй хүн л улсын шашин, төрийн тэргүүн-Дээд удирдагч болох учиртайг заасан байв. Харин Али Хаменеиг Дээд удирдагч болгохын тулд энэ заалтыг өөрчилжээ. Үүнээс гадна түүнд хувьсгалын “эцэг” шиг дайчин чанар үгүйлэгдэж байлаа. Аятолла Хомейни харахад айж сүрдмээр, хурц ширүүн үгтэй бол Хаменеи өөрийгөө их удаан нээдэг, тэр хэрээр бусдыг татах нь удаан хүн гэнэ. Магадгүй тийм болоод ч тэрбээр Хувьсгалт хамгаалагчид буюу Ираны Зэвсэгт хүчинтэй ойр харилцаатай болжээ.

Путинтэй уулзаж зөвлөлдөв

Өмнөх удирдагч шигээ ард олны зүрх сэтгэл, оюун санаанд хүрэх хувраг хүний шид байгаагүйгээс Хаменеи шашин, төрийг хослон захирагч, Дээд удирдагч гэхээсээ цэргийн дарангуйлагчийн шинжтэй болж хувирав. Гэхдээ Шахын шорон, гянданд хоригдож байсан гэсэндээ энгийн иргэдийн итгэлийг тэгтлээ алдсангүй. 1981 онд халдлагын золиос болохоо дөхөж, баруун гартаа хүнд шархдаж үлдсэн нь ч нэр хүндээ хадгалж, хамгаалахад нь тусалжээ. Гэсэн ч аажмаар дарангуйлагч болсон нь үе үе илэрсээр байв. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Фаррелл Уильямсын “Happy” дуунд бүжин, Тегераны гудамжинд бичлэг хийсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар толгойны алчуургүй явсан, эрчүүдтэй бүжиглэсэн хэмээн баривчилж, 91 удаа ташуурдах, 6-12 сар хорих шийдвэр гарсан нь хэдийгээр түүний шууд оролцоогүй байж болох ч бодлогынх нь илрэл байлаа. Тэрбээр урлаг соёлын “ариун бус” явдал Ираны шашин, төр болоод өөрийнх нь эрх мэдэлд заналхийлнэ гэж үздэг. Хаменеи 2005 онд төрийн төв телевизээр “Дайснууд иранчуудын дунд хүйсийн “будлиан” үүсгэхийг санаархаж байна. Тэд санасандаа хүрвэл манай улсыг эзлэх гэж зэр зэвсэг ч ашиглах шаардлагагүй болно” гэж хэлж байв.

Гэхдээ орчин үежих бүх нийтийн “хөдөлгөөн”-д зарласан дайндаа түүнийг хэдийнэ ялагдаж эхэлсэн гэж ажиглагчид үздэг. 1979 оны хувьсгалыг биеэр үзээгүй, исламын шашинд хэт автах хандлагыг таашаадаггүй иран залуусыг улс төрийн шинжээчид Ойрхи Дорнодод израильчуудын дараа орох хамгийн баруунжсан, Америкт элэгтэй хүмүүсээр нэрлэжээ. Өмнөх Дээд удирдагчийнхаа нөмөр нөөлөгт явсаар бараг л азаар шахам Ерөнхийлөгч болж, эгээ л хааны угсаа залгамжлагч шиг Аятоллагаар тодорсон түүнийг хүч, нөлөөгөө бэхжүүлэх гэж Зэвсэгт хүчнээ түшсээр шинэ мянгантай золготол иран залуусын эрх чөлөөг хүсэмжлэх нь нэмэгдэв. 2009 оны зун Ерөнхийлөгчийн сонгууль будлиантан Ахмадинежад дахин сонгогдсоны дараа дэгдсэн Ногоон гэгдэх хөдөлгөөн үнэн чанартаа Ерөнхийлөгчийн эсрэг бус, Али Хаменеигийн эсрэг чиглэсэн тэмцэл байлаа. Тэр үед ногоон өнгөөр жигдэрсэн иран залуус “Дарангуйлагч үх!” гэж орилолдож байв. Хаменеигийн Хувьсгалт хамгаалагчид тэднийг цэргийн хүчээр дарсан юм. Хатуу гараар улсаа удирддаг бусдын л адил Хаменеи сул дорой байдлын илрэл өөрийнх нь төгсгөл байх вий гэж эмээдэг нь үүнээс харагдана.

Боломж
 
 
 

Иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан, Ногоон хөдөлгөөн шиг энгийн залуусын тэмцлийг нухчин дарсан зэрэг үйлдлээсээ Аятолла сургамж авсан байж мэдэх. Ногоон хөдөлгөөний дараах хэдэн жилд Ираны эдийн засаг өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тогтвортой байсан ч Руханийг Ерөнхийлөгч болох үед барууны хориг арга хэмжээнээс болж газрын тос, банк гээд олон чухал салбар уналтад ороод байв.

Тиймээс шинэчлэгч төдийгүй барууны орнуудтай зөвшилцөхийг дэмжигч Руханийг Хаменеи өөрөө тодруулсан байх магадлалтай ч түүний шинэлэг бодлогуудыг хүлцэж, хэдийгээр илэрхий шөргөөцөлддөг ч халдаж чаддаггүй нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юм. Гэхдээ тэрбээр ацан шалаанд орчихоод байна. Рухани, Зариф нарын төлөвлөсөн ёсоор цөмийн хөтөлбөрийн асуудлаар талууд тохиролцоонд хүрч, барууны орнууд Ираны эсрэг хоригуудаа цуцалбал тус улс руу олон улсын хөрөнгө, техникийн туслалцаа дэмжлэгээс гадна соёлын “давалгаа” түрж орно. Энэ нь Ираны эдийн засагт тустай ч Хаменеигийн хамгийн их эмээдэг мөнөөх гаднын нөлөөг авч ирнэ.

Гэвч нас дээр гарсан, тулхтай залгамжлагч үгүй Аятолла цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг боломж хэмээн харж, өөртөө ашигтайгаар эргүүлж болох юм. Тэгэхдээ америк, европчуудтай яаран гар барьж, уран баяжуулалтаа зогсоох, эсвэл цөмийн хөтөлбөрийнхөө хүрээг хумих талаар амлалт өгөх шаардлагагүй. Хаменеи тэгэх ч хүн биш. Харин уян хатан байж, Рухани Ерөнхийлөгчийн адилаар жаахан ч атугай нээлттэй байж, дипломат харилцааны ёсоор өөрийн хүмүүстэйгээ болоод гаднынхантай ярилцаад үзэхэд буруудахгүй.

Эх сурвалж: Time сэтгүүл

Орчуулсан Г.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү