Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Чөлөөлөх дайнд Говь-АлтайчуудУншсан981

1945 оны Чөлөөлөх дайнд Говь-Алтай аймгаас 45 байлдагч, бага дарга оролцжээ. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд хоёр хүн оролцсон байна.

1945 оны Чөлөөлөх дайнд Говь-Алтай аймгаас 45 байлдагч, бага дарга оролцжээ. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд хоёр хүн оролцсон байна. Тус аймгийн харъяат цэрэг, бага дарга, офицерын тоо одоогоор тодорхой бус байна. 1945 оны Чөлөөлөх дайнд алдарт “10” номерын хуягтын дарга, хошууч Даржаагийн Хаянхярваа, эрэлхэг холбоочин, ахлах түрүүч Магсарын Жанчив   нар Монгол Улсын баатар цолоор шагнагджээ.

Мөн МАХЦ-ийн Бүх цэргийн Их бууны газрын дарга, хошууч генерал Г.Рэндоо /Тайшир сум/ 1945 оны Чөлөөлөх дайнд Өвөр Байгалийн фронтын Өмнөд бүлгийн бүрэлдэхүүнд орсон МАХЦ-ийн нэгтгэл, ангиудын байлдааны ажиллагааг зохицуулах Жанжин штабын төлөөлөгчөөр Чуулалт хаалга-Жанчхүүгийн давааны чиглэлд амжилттай оролцож ялалтад зохих хувь нэмрээ оруулсан юм.

Эдүгээ Чөлөөлөх дайнд оролцсон Я.Алтангэрэл /Матадын VIII дивиз/, Я.Гаваасүрэн /Матадын VIII дивиз/, Х.Лхасран /Байшинтын VII дивиз, их бууны наводчик/,  Ж.Зундуй /IХ морьт хороо/ нар нутагтаа энх тунх амьдарч байна.

Саяхан тэднийг баярлуулсан чухал үйл явдал болсон нь ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч В.В.Путины зарлигаар Аугаа Эх орны дайнд оролцсны төлөө Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх В.В.Горячев өөрийн биеэр ёслол төгөлдөр гардуулсанд тэдний үр хүүхэд, ач зээ, орон нутгийн иргэд, ирээдүй хойчийн залуу үеийн төлөөлөл бахархан талархаж байгааг энд дурдууштай.

БНМАУ-ын баатар Магсарын ЖАНЧИВ

 

МАХЦ-ийн VII хуягт бригадын I батальоны холбооны тусгай салааны  тасгийн дарга М.Жанчив Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт малчин ард Магсарын гэр бүлд төрсөн. 1943 онд цэргийн албанд татагдаж, Сайншандад байрлаж байсан VII хуягт бригадын I батальоны холбооны тусгай салаанд алба хааж эхэлжээ. Хоёр жил алба хаахдаа салааны тэргүүний байлдагч болж МАХЦ-ийн “Онц буудагч” тэмдгээр шагнагдан холбооны бүх төрлийн мэргэжлийг сайн сурч эзэмшсэнийг дарга нараас нь үнэлж ахлах түрүүч цол олгож, телефоны тасгийн даргаар томилсон байна.

1945 оны Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн VII хуягт бригад Чуулалт хаалганы чиглэлд давшиж, Жанчхүүгийн давааны ард ширүүн тулалдаанд оржээ. Наймдугаар сарын 19-21-нд болсон байлдаанд бригадын анги, салбаруудын харилцааг тасалж, бие биеэс нь салгаж цохихыг дайсан улайран зүтгэж байв. Ар талтайгаа яаралтай харилцаж, байлдааны чухал мэдээг дамжуулах үед дайсан холбоог тасалж амжив. Тасарсан холбоог залгахад заавал дайсны өмнүүр галын зурвас гатлах үүргийг биелүүлэх тушаал М.Жанчивт иржээ.

Тасралтгүй орсон бороонд хөрс нь дэвтсэн газраар М.Жанчив дамартай утсаа үүрэн автоматаа тохой дээрээ тавьж, элэглэн мөлхсөөр нэг км явтал гэнэт дайсны галын хүрээнд орчихжээ. Тал бүрээс нь япончууд буудаж, өндийх ч сэхээ өгөхгүйн зэрэгцээ нэвт норсон хувцас нь хамаг биеийг нь барьж хөдлөхөд ч бэрх болгоно.

М.Жанчив дайсантай үе үе буудалцан хацраа газар нааж гулсан мөлхсөөр шугам тасарсан газарт очтол дахин шархдаж, нэгэнт өрөөсөн гаргүй болоод утсаа залгаж чадахгүй болжээ. Амиа алдсан ч ангидаа холбоо залгуулна гэсэн чин хүсэл түүнийг эзэмдэн, тасарсан утасны үзүүрийг амандаа нийлүүлэн чанга зуугаад холбоогоо залгуулж байтал дайсны гурав дахь сум түүний амин газраар онож алтан амиа алджээ. Байлдааны тэргүүн шугамын ангиуд ар тал болон зэргэлдээ ангиудтайгаа холбоо барьж эхэлсэн байна.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд байлдааны үүргийг онц гарамгай биелүүлж, эрэлхэгээр тулалдаж, баатрын ёсоор амь үрэгдсэн холбооны салааны телефоны тасгийн дарга, ахлах түрүүч М.Жанчивын шарилыг амь үрэгдсэн бусад олон нөхдийн хамтаар Жанчхүүгийн давааны ар талын дэнж дээр хүндэтгэн оршуулжээ.

Японы эсрэг Чөлөөлөх дайны үед байлдаанд эрэлхэг зоригтойгоор байлдаж, баатарлагаар амь үрэгдсэн МАХЦ-ийн VII хуягт бригадын холбоочин М.Жанчивт Чөлөөлөх дайны 30 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны есдүгээр сарын 2-ны өдрийн зарлигаар Монгол Улсын баатар цол нэхэн олгожээ. Эрэлхэг холбоочин, бага даргын гэрэлт хөшөөг Алтай хотод босгож, түүний баатарлаг үйлсийг бахархан хүндэтгэж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид Хүндэт байлдагчаар үүрд бүртгэн мөнхжүүлжээ.

 
МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХОШУУЧ ДАРЖААГИЙН ХАЯНХЯРВАА

 

Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Нохой хуцдаг” гэдэг газар малчин ард Даржаагийн гэр бүлд төрсөн. 1937 оны долдугаар сард цэргийн албанд татагдан Тамсагбулаг дахь МАХЦ-ийн VI морьт дивизийн хуягт дивизионы хөнгөн хуягтын суманд байлдагчаар алба хааж, улмаар дивизийн жолооч бэлтгэх 6 сарын курст суралцаад 1938 оны эхээр төгсч, хөнгөн хуягтын жолооч, бага дарга болжээ.

Халхын голд 1939 оны тавдугаар сарын 29-нд болсон байлдаанд эхний өдөр японы цэргийн эсрэг Д.Хаянхярваа 6 удаа атаклан дайрч, 30 орчмыг устган VI морьт дивизийг дайсны бүслэлтээс гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ байлдаанд түүний хуягтын хянах цонхоор сум тусч, жолооч Д.Хаянхярваа, сумангийн дарга Н.Хорлоо нарын гар, нүүрийг шархдуулжээ. Мөн тэд хуягт машиныхаа урд дугуйг буудуулсан ч байлдааны үүргээ биелүүлсээр байжээ.

Тавдугаар сарын 29-ний өдрийн байлдаанд Д.Хаянхярваа, даргын хамтаар дайсантай тулалдаж, 10 гаруй япон цэргийг баривчилж, байлдааны 2 машиныг олзлон авч ангийн штабт хүргүүлжээ. Мөн дивизийн штаб болон дивизионы хооронд байлдааны үеийн холбоо барих, дайсны цэргийн хориглолт, хүч бүрэлдэхүүнийг тагнах үүргийг олон удаа амжилттай гүйцэтгэжээ.

Зургаа болон долоодугаар сард хуягтын жолооч Д.Хаянхярваа дивизионы комиссар Шагдаржавын хамтаар 20 гаруй удаа тагнуулын үүрэг гүйцэтгэхдээ агаарын байлдааны үед шүхрээр буусан японы нисгэгч, тагнуулуудыг олон удаа устгаж олзлон барьж байв. Баянцагааны тулалдаанд Д.Хаянхярваа өөрийн ангийн хамтаар дайсны эсрэг олон удаа атаклан орж, хуягтын пулемётоор японы цэргийн аминд хүч, зэвсэг техник, галын цэгүүдийг устгажээ. Долоодугаар сарын 2-нд комиссар Шагдаржав, өөрийн сумангийн хэдэн хуягтын хамтаар Баянцагааны орчимд дайсны автомашины цувааг дайрч хуягтын их буу, пулемётоор шүршиж устгалцсаны дээр дайсны автомашиныг гранатаар дэлбэлэн сөнөөж, японы офицерыг буу зэвсэг, байлдааны зургийн хамт олзлон авч, дарга нартаа хүргэж өгчээ.

Наймдугаар сарын 20-30-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтаар Д.Хаянхярваа ангийнхаа хамт давшиж, дайсны 140 гаруй цэргийн дайралтыг бутцохин устгалцаж байсны дээр бүслэлтээс зугтсан японы хоёр офицерыг хуягтаараа хөөж баривчлан олзолсон байна. Мөн байлдааны сүүлчийн өдрүүдэд тагнуулын болон холбооны үүргийг амжилттай биелүүлжээ.

Д.Хаянхярвааг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнажээ. 1945 оны Чөлөөлөх дайнд домогт 10 дугаартай “Памт” хуягт машинаараа оролцож, очих, ирэх 2000 км замыг даван туулжээ. Дайны дараа ардын армийн авто техникийн ангид алба хашиж байв.

1939 онд Халхын голд японы халдан түрэмгийлэгчдийг бутцохих тулалдаанд баатарлаг зориг гаргаж, гарамгай гавьяа байгуулсан учир хөнгөн хуягтын жолооч байсан Д.Хаянхярваад Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1969 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зарлигаар Монгол Улсын баатар цол олгож, баатрын Алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнажээ.

1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын баатар, хошууч Д.Хаянхярваагийн баатарлаг үйлсийг мөнхжүүлсэн, хөшөө дурсгал байхгүй бөгөөд энэ жил тохиох түүний 100 жилийн ойд зориулан төрөлх нутагт нь хөшөөг нь сүндэрлүүлэх ажлыг үр хүүхэд, ач зээ, нутгийн иргэд санаачлан БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороонд хүсэлт явуулж, дэмжлэг хүссэнийг энэ дашрамд уламжилж байна.

Хурандаа М.БАТСУУРЬ

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 31. 11:04
Зочин

Гайхамшигтай баатар зориг харуулсан Алтай нутгийн 2 баатар юм даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]