Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зоя маань зав л гарвал халуун ивээлээ харамгүй өгч, хайр сэтгэлээ илчилдэг байвУншсан8,282

Н.Зоя бид хоёр шархдсан цэргийг эмнэлэгт хүргэхээр явж байтал дайсны онгоц маш ширүүн бөмбөгдөж билээ. Цасан хунгартай жалганд шархтанаа чирэн орж, амь гарч байж билээ.

Цэрэг, эх орны сэдэвт нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудыг нь шимтэн унших дуртай зохиолч, сэтгүүлч, хурандаа Гомбын Баатарнумын түүхийн гэрч болсон нэгэн ахмад дайчинтай хийсэн хөөрөлдөөнийг уншигчдадаа хүргэж байна.


 
Д.Дэнзэн: ХУВЬ ТАВИЛАН НАМАЙГ ОРОС ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛҮҮЛСЭН

 

Ерэн таван жилийнхээ нас сүүдэртэй золгосон азай буурал Дагвын ДЭНЗЭН Нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороонд тэнхлүүн амьдарч байна. Эх орны болон Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчны маань сонсгол жаахан хатуу болохоос ухаан санаа нь уужуу тайван эрт, эдүгээгийн үүх түүхийг үлгэр лугаа хүүрнэх нь нэн бахархам. Ийнхүү уруул нээн урсгах үг бүхэн нь шүлгийн шад мөрийг санагдуулам түүний туулсан амьдралтай нь уншигч олноо аялуулмуй.

-Алив бүхний анхдагч байх тавилан Булганчуудад оногдсон байдагтай маргах хүн гарахгүй биз ээ. Тийм л хувь тавилан танд тохиож, тухайн үеийн МАХЦ-ээс Орос оронд Гэрэллэг багаж хэрэгслийн мэргэжлийг анхлан эзэмшихээр очиж, улмаар тэр орныг хамгаалалцах ариун үйлсэд оролцжээ. Энэ тухайгаа хуучилна уу?

-Миний бие, хуучнаар Цэцэрлэгмандал аймгийн Намнан уулын хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Цагаанбургастай” гэдэг газар 1921 онд ядуу малчин ард Дагвын гутгаар хөвгүүн болон мэндэлсэн хүн дээ. Хөөрхий, ээж минь хошуу ноёны хонийг сааж байхдаа өөрийн мэдэлгүй намайг төрүүлж, хонины хэвтрийн зунгаалдсан өтөг шороонд  холилдсон хүүгээ боож авсан юм гэдэг. Тэгээд лам багш болоо л байлгүй. “Аз хийморь нь тэгширсэн ариун үйлстэй сайн хүү болох нь” гэж айлдаад Дэнзэн гэдэг Төвд гаралтай номын нэр хайрласан юм билээ. Тэр ч байтугай миний зүүн талын мөрийг дагасан цуваа олон мэнгийг хараад “Ариун буяны ном сурч, ард олноо авран тэтгэх лам хувраг болох, эсвэл эх орон, зон олноо мөнхөд хамгаалах цэргийн зүтгэлтэн ч байж болох нигууртай” гэсэн ном буулгаж байжээ. Энэ бүхнийг ээж минь надад захиж үлдээсэн учир энэ цаг дор зориуд хэлмээр санагдлаа.

-Та тэгээд аль замаар нь явсан бэ?

-Аав, ээж хоёрын маань магнай тэнийн “Ачтай сайхан хүү төрүүллээ” гэж хөөрөн баясаж, Намнан уулын хүрээнд шавилуулан суулгаж, Төвд номонд шамдуулсан боловч аав минь насан өөд болж, бэлэвсэрч үлдсэн ээж, өнчирч үлдсэн дүү нараа асрахаар хүрээ хийдээ орхисон юм даа. Харин аз тохиож, ядуу ардын хүүхдийг тэнхимд сургах болсноор эрдэм номын мөр хөөх зам маань шуударсан. Ийнхүү Намнан уулын хошууны бага сургуульд 1930 онд орж суралцан, 1940 онд 10 дугаар ангиа амжилттай дүүргээд 18 насандаа өөрийн сайн дураар эр цэргийн албанд мордсон нь миний амьдралыг бүрмөсөн өөрчилсөн гэж боддог.

-Цэргийн албандаа ямар нэгэн асуудалгүй тэнцэж байв уу?

-Хөвсгөл аймгийн бүрэн дунд сургуулийг дүүргээд Багшийн сургуулийн хуваарь авсан ч яагаад ч юм бэ, цэрэгт явмаар санагдаад, Булган аймгийн Цэргийн хэлтэст очиж комиссоор орсон юм. Гэтэл “Чи эрүүл мэндээр тэнцсэн ч намхан, жин багатай, бас нас чинь болоогүй учраас цэрэгт тэнцэхгүй” гэсэн. Тэгээд Булган аймагт жолооч байсан ахдаа алтан хошуу хүргэж байгаад, одоогийнхоор бол “Арлын хаалга”-аар цэрэгт тэнцсэн хүн дээ би.

-Тэгвэл аль ангид хуваарилагдаж нэгэн насны ажил, албаа эхлүүлж байв аа?

-Бяцхан хүү Д.Дэнзэн намайг тэр үеийн Ардын цэргийн их бууны үйлдвэрийн Бага дарга, мастерын сургуульд хуваарилж, цэргийн зэвсэглэлийн хамгийн нарийн мэргэжил болох “Гэрэллэг багаж хэрэгсэл, дуран авай”-н бага  мэргэжилтэн болгох хариуцлагатай мэргэжил эзэмшүүлэхээр суралцуулж эхэлсэн. Манайд дуран авайны нарийн багаж хэрэгсэл мэддэг, засдаг мэргэжлийн хүн байгаагүй учраас Халхын голын байлдааны дараа энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатайг ухаарсан байх. Бидний 5 хүнийг оросын мэргэжилтэн Н.Сенутин сонгон авч, тусгай байранд оруулж, 6 сар хичээл заасан. Бид орос хэл мэдэхгүй учир эхний саруудад их л тэвдэж байлаа. 1941 оны хавар курсээ амжилттай дүүргээд Баянтүмэн, Матад, Тамсагбулаг, Байшинт, Овоот, Сайншанд, Хэнтийн анги, нэгтгэлүүдээр бараг 2 жил шахам нүүдэллэн явж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, нуувчинд, нүхэн гэрт байлдааны зэвсэглэлээ засварлаж, дарга, захирагч, цэрэг дайчдынхаа талархлыг хүлээж явсан даа.

-Жирийн цэрэг хүн хэрхэн Орос улсад суралцаж, бүр дайны галын шугаманд орос нөхдийн хамт тулалдах болсон бэ?

-Хэнтий аймгийн цэргийн ангид засвараа хийж байтал Гончигийн Лутаа бид хоёрыг “Хотод яаралтай ирүүл” гэсэн бичиг ирсэн. Ингэж эгэл жирийн хоёр цэрэг “Гэрэллэг багаж хэрэгсэл, дуран авай”-н мэргэжил эзэмшихээр В.И.Лениний болон Улаан тугийн одонт Ленинград хотын Их бууны техникийн сургуульд суралцах томилолт авах нь тэр. Гэвч Ленинград хотыг Гитлерийн фашистууд бүслэн хааснаас болж сургуульдаа очиж чадаагүй ээ. Харин орос нөхөд маань бид хоёрын төлөө багагүй анхаарч, аль бололцоотой газраа аваачсан нь Автономит Мордова Улсын Саранск хот байлаа. Тэнд цэргийн сургууль байгаагүй. Харин байлдаж байгаа ангиудыг боловсон хүчнээр хангах зориулалт бүхий офицер бэлтгэх түргэвчилсэн сургалт явагдаж байв. Бид хоёрыг мөн л халуун дотноор хүлээн авч, юуны өмнө орос хэлэнд шамдан суралцуулсан. Угийн жаахан дэвсгэртэй байсан учраас 3 сарын дараа тун боломжийн ярьдаг болж, ялангуяа цэрэг, техникийн хэллэгийг бараг мэддэг болсон. Дашрамд сонирхуулахад намайг Давидов, Г.Лутааг Гончаров болгоод орос цэргийн хувцас өмсүүлж, буу зэвсэг тавьж өгсөн. Нэгэнт орос нэртэй цэрэг эрс болсон учраас орос нөхдийн хамт хээрийн дадлага, байлдааны бэлтгэл сургуулийг адилхан хийдэг байлаа. Сталинградын төлөөх тулалдаан улам ширүүсч, Германы зарим анги, нэгтгэлүүд Волга мөрний эрэгт 3-5-хан километр тулж ирсэн тийм хүнд үед бид түгшүүрийн дохиогоор Саранскаас хөдөлж, генерал К.К.Рокоссовскийн командалсан Донын фронтод очиж байлдаж эхэлсэн дээ.

-Хар бага наснаасаа хамт суралцсан найз чинь хүний нутагт амь насаа алджээ. Хаана, ямар тулааны үеэр ийм эмгэнэлт явдал болсон юм бэ?

-Нэгэн удаагийн ширүүн тулалдааны үеэр анд найз Г.Лутаа минь дайсны ширүүн бөмбөгдөлтөд өртөн, маш хүндээр шархдаж, намайг уй гашууд автуулсан нь одоо ч сэтгэл өвтгөсөөр байдаг юм. Дайчин нөхрөө дайны талбараас татан гаргаж хээрийн эмнэлэгт хэвтүүлээд, давшилтаа цааш үргэлжлүүлж байхдаа найзаа мөн ч их өрөвдөж байсан даа.  Тэр үед манай сургуулийн их бууны анги, бусад их бууны ангиудтай хүч хавсран 2000 гаруй танктай давшсан тэр тулалдаан үнэхээр сүрдмээр байсан. Бидний хувьд давшиж байгаа анги, салбаруудад зэвсэг, техник хүргэж өгөх, эвдэрсэн багаж хэрэгслийг нь засаж сэлбэх, шархдсан цэргүүдийг хээрийн эмнэлэгт зөөж хүргэх үүргийг хүлээж байсан. Зөвлөлтийн арми 1943 оны 2 дугаар сарын 3-нд Сталинградыг бүрмөсөн чөлөөлсөн дөө. Намайг шархтай хүнээ аваад Мордовын Саранск хот руу буц гэсэн үүрэг өгч, хээрийн агуулах сахиж байсан дэд хурандаагийн мэдэлд шилжүүлсэн. Тэр дэд хурандаа бидний асуудлыг дээд удирдлагадаа мэдэгдээд, Москвагаас хариу иртэл түр хүлээ гэлээ. Дөрвөн сарын дараа хариу ирж, биднийг Уралд байдаг Ижевск хотод хүргэ гэсэн. Ингээд Гончаров буюу Г.Лутаа найзыгаа эмнэлгээс гаргаж, галт тэргэнд сууж, тэр хотыг нь  сураглан байж очсон. Харин азаар манай сургуулийн хэсэг сонсогчид, мөн зүс мэдэх нэгэн генерал байв. Г.Лутаагийн маань бие улам муудсаар байсан учраас “Амьд дээр нь эх оронд нь буцааж өгөөч” гэж генералаас гуйлаа. Бас л Москвагаас хариу ирэхийг хүлээх болов. Харамсалтай нь журмын сайхан анд маань 1943 оны 11 дүгээр сарын сүүлчээр нас барсан. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дайчин нөхрийг минь сургуулийн хамт олон, фронтын найз нөхөд, хамт суралцагч сонсогчид гээд л орос нөхөд маань гүн эмгэнэлтэйгээр, цэрэг эрийн ёслолын буудлагатайгаар Ижевск хотын зүүн хойд дүүрэг дэх сэргэлэн дэнжид нутаглуулсан юм. Хос шувуу шиг үерхэж, нөхөрлөж явсан андын минь гэгээн сайхан дүр төрх миний сэтгэл зүрхэнд 72 жилийн турш мөнхөд оршсоор байна даа. Нөхрөө нутаглуулсаны дараа сэтгэлээр их унасан. Чухам ямар байсныг өдгөө үгээр илэрхийлж яахин чадах билээ. Миний уй гашуудлыг засахын тулд сургуулийн удирдлага 20-иод хоног хичээлээс чөлөөлж, хоол унданд минь анхаарч билээ. Тухайлбал, улаан лоольтой байцааны шөл өгдөг байсан бол нөхрөөс минь хойш хэсэг хугацаанд зөвхөн миний хоолонд мах хийдэг болсон. Энэ нь орос хүмүүсийн хүнлэг сайхан сэтгэлийн илэрхийлэл юм даа.

-Төрөлх сургуульдаа суралцах боломж олдсон уу?

-1944 оны 6 дугаар сарын 15-нд хичээл хаагдаж, төрөлх хотдоо очих бэлтгэлээ базааж эхэлсэнд хүн бүхэн л баяртай байлгүй яахав. Төд удалгүй хоёр цуваа болон хөдөлж, замдаа 5 хоноод Ленинградад очлоо. Тэр сайхан хот маш их эвдэрч сүйдсэн байсан нь үнэхээр харамсмаар байсан даа. Тийнхүү Ленинград хотыг сэргээн босгох ажилд ханцуй шамлан орцгоолоо. Өдөр нь ажиллаж, шөнө, оройн цагаар хичээлдээ сууж, төгсөх шалгалтдаа бэлтгэж эхэлсэн. Ингэж 1944 оны 12 дугаар сард миний зорьсон хэрэг биелж, 26 хичээлийн  13-ийг нь “Онц”, 13-ийг нь “Сайн” дүнтэй шалгуулаад эх  орондоо цэргийн эрдмийг өвөрлөн буцаж байлаа. ЗХУ-д суралцсан 2 жилийн хугацаанд Саранск, Сталинград, Ижевск, Ленинград зэрэг 4 хотыг дамжин суралцаж, тулалдаж явсан нь тэсвэр, хатуужлын томоохон сургууль болсон гэж боддог юм.

-Таны ярианд фронтын нөхөрлөл, тэр дундаа Зоя гэдэг эмэгтэйн тухай багагүй дурдагдлаа. Мэдээж, сайхан дурсамж байгаа даа?

-“Ганц хүн айл болдоггүй, ганц мод  гал болдоггүй” гэсэн мэргэн сургааль байдаг шүү дээ. Харийн нутагт хамт суралцаж, тулалдаж явахдаа жаргал, зовлонгоо хуваалцаж явсан найзаасаа хагацсаны дараа ихээхэн ганцаардаж, сэтгэл санаа эзэнгүйдэж эхэлсэн юм. Миний тэрхүү зовлонг фронтын найз нэгэн орос бүсгүй мэдсэн юм шиг ихэд дотночлон танилцлаа. Тэр маань зав л гарвал над дээр ирж, онгорхой, цоорхойг минь оёж, хиртэй хувцсыг минь угааж, хамт байхыг хүсч, халуун ивээлээ харамгүй өгч, хайр сэтгэлээ илчилдэг байв. Бид хоёрын үерхлийг фронтын нөхөд маань хэзээний мэдэж, бүр нэг тасагт ажиллуулах боллоо. Тэр эмэгтэйг Николая Зоя гэдэг. Хонгор шаргал үстэй, хориодхон настай, овжин маягийн, эелдэг зөөлөн сэтгэлтэй, авхаалжтай бүсгүй байсан даа. Тулалдаант тэр он жилүүдэд ялалт, амжилтын төлөө л зүтгэхээс биш, янаг амраг, зугаа цэнгэлийн төлөө ярих завгүй явсан нь мэдээж. 1943 оны 1 дүгээр сард юмсан. Тэр өвлийн хүйтэн, бас тэр өдрийн шуургатайг хэлэх үү. Н.Зоя бид хоёр шархдсан цэргийг эмнэлэгт хүргэхээр явж байтал дайсны онгоц маш ширүүн бөмбөгдөв. Цасан хунгартай жалганд шархтанаа чирэн орж, амь гарч байж билээ. Найз Г.Лутааг нас барсныг сонсоод Н.Зоя минь ирж, миний уйтгар гунигийг хуваалцаж, цаашдаа тэвчээртэй байж, эх орондоо ихийг сурч очихыг зөвлөж байсан нь ээжийн минь сургааль шиг их хүч тэнхээ өгч байсан даа.

-Бас Щевлягин багш минь гэж хэдэнтээ дурдлаа. Бодоход их бууны мэргэжлийн хүн байсан байх даа?

-Үгүй ээ. Бид хоёрын орос хэлний багш юм. Орос хэлээр маруухан хоёрт, орос хэл заалгахаар өрөвч цайлган сэтгэлтэй, өнгөлөг шар үстэй, өгөөж тусархаг зантай, өндөр гоолиг нуруутай, үнэнч шударга орос цэрэг И.П.Щевлягиныг багшаар томилж билээ. Монгол, орос гурван цэргийн нөхөрлөл ингэж эхэллээ. Иван минь хэл сургах гэж уйгагүй хөдөлмөрлөнө. Бид хоёр ч хэлтэй болох гэж дутахааргүй чармайдаг байж. Танхимд хичээллэх боломж тэр бүр хомс шүү дээ. 1942 оны 11 дүгээр сарын нэгэн орой гэнэт түгшүүрийн дохио цангинаж, Сталинградын фронт руу хөдлөхөд, хамгийн түрүүчийн цуваанд орос найз И.П.Щевлягин минь явах болж, бид гурав тэврэлдэн уйлалдаад, хэдэн биеийнхээ жижиг гэрэл зургийг харилцан дурсгал болгон цэрэг цамцныхаа халаасанд хийгээд салцгааж билээ. Анд найз, хайрт багш И.П.Щевлягинтайгаа тэр цагаас хойш дахиж уулзалгүй сураг тасарлаа. Хужирбулангийн их бууны зэвсгийн баазад хошууч цолтой ажиллаж байсан 1961 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг би хэзээ ч мартдаггүй. Тэр өдөр намайг БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн гуай өрөөндөө дуудсан юм. “Ямар хэрэг хийсэн билээ” гэж баахан бэргэсээр өрөөнд нь орвол, тэрээр инээмсэглэн угтаж нэгэн захиаг гардуулав. Чухам учрыг сайн ойлголгүй мөнөөх захидлыг задалтал Давыдов Дэнзэн, Гончаров-Лутаа нарын хориод жилийн өмнө дурсгасан цээж зургийг наасан, 1942 оны фронтын найз Иван Павлович Щевлягины минь захидал байсанд ямар ихээр догдолсон гэхэв. Сайдын өрөөнд арай л хашгираагүй байх. Захидлыг нь уншаад миний гар чичирч, нулимс өөрийн эрхгүй сувдран унахыг харсан Ж.Лхагвасүрэн жанжин суудлаасаа босч ирээд “Цэргийн хүн уйлдаггүй юм” гээд толгой илж байсан нь одоо ч сэтгэлд дотно санагддаг юм. Иван минь захидалдаа “Би та хоёроосоо салаад Сталинградын тулалдаанд оролцож, ялалт байгуулан давшсаар Германы фашистуудыг өвдөг сөхрүүлсэн. Энэ хугацаанд түмэн бэрхшээлийг туулахдаа үнэнч хоёр монгол андыгаа марталгүй, бяцхан зургуудыг чинь зүрх, сэтгэлдээ хадгалж, дахин уулзан учрахын бэлгэ тэмдэг болгож явлаа. Зав чөлөө гарсан үедээ та хоёрын зургийг дайчин нөхөддөө үзүүлж, Монгол хүнээр бахархдаг байлаа. Та хоёрынхоо сургийг гаргахын тулд энэ захидлыг Монголын армийн командлагч, Батлан хамгаалах Яамны сайдын нэр дээр ийнхүү явууллаа” гэж бичсэн байж билээ. Энэ цагаас эхлэн Монгол Дэнзэн, орос Иван хоёрын шувуун цагаан захидлууд шуудан холбоогоор байнга өртөөлдөг болж, аз жаргал, ахан дүүсийн нөхөрлөлийг зузаалсаар байсан ч, гагцхүү нүүр тулан учран золгох хүсэл тэмүүлэл хэн хэнд маань бургилсаар даруй 5 жилийг элээж билээ.

-“Таван жилийг элээж билээ” гэдэг чинь анд нөхөртэйгээ учран золгож дээ?

-Тэгэлгүй яахав. Тийм сайхан боломжийг Армийн удирдлага маань олгож, 1966 онд мэргэжлээ дээшлүүлэхээр ЗХУ-ын Пенза хотноо хөл тавьсан юм. Тэр завшааныг ашиглан Горький мужид амьдарч байгаа анд найз И.П.Щевлягиндаа ирж уулзахыг хүссэн захидал илгээснээр 1967 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Пенза хотын галт тэрэгний буудалд үс нь бууралтсан орос, алтан саан мөрдэстэй монгол цэргийн дарга хоёрын ер бусын дотно уулзалтыг тус хотынхон бахархан харжээ. Тэгээд “25 жилийн дараах энэ уулзалт нь хоёр хүний хувийн амьдрал бус, Орос, Монголын ард түмний дайчин нөхөрлөл, найрамдлын тод баталгаа юм” гэж “Правда” сонинд бичсэн байсан.

 -Одоо хоёулаа эх орондоо ирж, энх цагийн манаанд зогссон тухайд тань жаахан хуучилъя?

-1944 оны 12 дугаар сард сургуулиа дүүргээд эх орондоо амьд мэнд ирэх болсондоо туйлын ихээр баярлаж байж билээ. Улаан-Үдэд иртэл Монголд зуд болсон гээд машин унаа олддоггүй. Нөгөөх бичин жилийн айхтар зуд шүү дээ. Тэнд бараг нэг сар хэртэй болсон байх. 1945 оны 1 дүгээр сарын дундуур нэг генералын жолооч очиход нь гуйсаар байгаад сууж ирсэн. Алтанбулагийн боомтоор орж ирэхэд өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс сувдран байсан даа. Нутаг ус, хөөрхий муу ээжээ яаж байгаа бол гээд л түмэн зүйл бодогддог юм билээ. Ирээд армийн командлалд илтгэлээ. Төд удалгүй тушаал гарч Их бууны зэвсэг засварын үйлдвэрт цехийн даргаар томилогдож, дуран багаж хэрэгслийн бага мэргэжилтэн бэлтгэх ажилд хүчин зүтгэж эхэлсэн юм. Арми, Зэвсэгт хүчинд алба хаасан 42 жилийн хугацаанд цэргийн ангиудын их буу, дуран авайны багаж хэрэгслийг засах мастеруудыг бэлтгэх, ЦЕС-д багшлах, буудлагын спортыг хөгжүүлэх зэрэгт хүчин зүтгэж явсныг маань армийн командлалаас тухай бүрийд нь үнэлсэнд өвгөн дайчин би баяртай л байдаг юм.

Сэтгүүлчийн зурвас: Дагвын Дэнзэн гэж ийм нэгэн буурал бараг үхэхээс бусдыг үзэж, цэл залуухан насандаа Аугаа эх орны болон Чөлөөлөх дайнд оролцож, бахархалт хувь тавиланг туулжээ. БХЯ, ЗХЖШ-ын комендатаар 10 гаруй жил ажиллаад 1982 онд цэргийн тэтгэвэрт гарахдаа Зэвсгийн хэлтсийн 60 жилийн түүхийг бичжээ. 1990-ээд оны үед БХЯ-ны сайд дэслэгч генерал Ш.Жадамбаа, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Р.Гаваа нар буурал дайчинд хандаж “Цэргийнхэнд Монгол бичиг заана уу?” гэж урьжээ. Тийнхүү 1996 он хүртэл монгол бичиг зааж, цөөнгүй хүнийг дөртэй болгож байхдаа, нэг удаа Р.Гаваа генералд цол, формынхоо тухай дуулгажээ. Тэрээр “За, за, нэг л таван хошууны асуудал юм байна шүү дээ. Түүнийгээ зүүчихээрэй, бид тушаалыг нь гаргачихна”  гэж ярьж байсныг буурал дайчин эдүгээ дурсаж байна. Харин тушаал, шийдвэр гарсан эсэхийг өнөө хүртэл магадлаагүй аж. Ямартаа ч саяхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ялалтын 70 жилийн ойн медаль авахаар очихдоо хурандаа цолыг нь зүүгээд очсон гэж хуучилж байна. Цаг хатуу үеийн дэд хурандаа, хурандаа байхаас ч яахав. Хоёр дайны ахмад дайчин, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, чөлөөнд байгаа хурандаа Д.Дэнзэн гуайн Оросын ард түмний төлөө тулалдаж явсан тухайд нь ийнхүү товчлон цэг тавьж, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон тухайд нь уншигчидтайгаа дахин уулзуулах болно.

Гомбын Баатарнум

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]