Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Берлин хүрсэн монгол морьдУншсан4,499

“Хооллох үеэр халбага үнэтэй” гэсэн орос зүйр үг байдаг. Зөвлөлт 1941-1945 онуудад хагас сая морьдыг ямар ч өндөр үнээр авъя гэсэн Монголоос өөр хаанаас ч эрээд олохгүй байв.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн талд монголчууд хэрхэн тусалж байсан тухай Их Британийн Гуардиан сонинд хэвлэгдсэн нийтлэл.


Дэлхийн хоёрдугаар дайн морьт цэрэг, морьдын сүүл­чийн их дайн нь байв. II дайны хүнд бэрх, ачаа, тээвэр, хатуу ширүүн тулааны чамлахааргүй хүндийг мориор давж гарсан юм. Энэ дайнд ЗХУ-д ту­салж байсан ганцхан орон нь АНУ биш. Ядуу зүдүү амьдарч байсан ч монголчуудын ЗХУ-д үзүүлсэн тусламж үнэн сэтгэлийнх байс­ны дээр хэмжээгээрээ АНУ-ын дараа орж байв.

Морин цэргийн дайн

1941 оны зургадугаар сарын 22-ноос өмнө Ажилчин, тариачны улаан армийн буудлагын нэг дивизд 3039 морь хэрэгтэй байв. Харин Германы Вермахтад морьдын тоо үүнээс хавьгүй их, нэг дивиз 6000 морьтой байжээ. Зөвлөлт рүү цөмрөн орсон Германы зэвсэгт хүчин сая гаруй морьтой байсны 88 хувь нь явган цэргийн дивизүүдэд  байлаа.

Тухайн үед автомашинтай харьцуулбал бартаа саадыг туулах чадвар илүү­, шатахуун шиг их зардал гаргахгүй зэрэг хэд хэдэн давуу талтай байлаа. Мөн цэргийн хүнсэнд ч ихээр хэрэглэж байв.

Зөвлөлтийн морин цэргийн гол жанжин Семен Михайлович Буденный 1930-аад оны эхээр "...ямар ч дайнд морь маш чухал үүрэгтэй гэдгийг харуулна” гэж хэлж байсан нь энэ дайнаар батлагдсан юм. Тэр үед Зүүн Европын зам харгуйгүй, шавар шалбааг, намагтай газар нутгийг туу­лахад  зүйрлэшгүй давуу талтай гэдгийг морьт цэргүүд харуулсан билээ. Өнөөдөр ч гинжит техник газар сайгүй явдаг ч морины туулж болох бүх газраар явж чадах болтлоо хөгжөөгүй л байна. Дайны эхэн үед Улаан арми 526,4 мянган морьтой байжээ. 1941 оны есдүгээр сарын 1 гэхэд  нэг сая 324 мянган туурайтан  Улаан армид “зүтгэж” байв.

Цаашид тэр тоо нь улам өссөөр оргил үедээ Улаан арми 1,9 сая морьтой болжээ.

Байлдааны явцад морьд мөн л үрэгдэж, өлсч, турж, ядарч үхэж байсан нь мэдээж. Хүмүүсийн хохирлын талаар янз бүрийн мэдээлэл байгаа ч энэхүү дайнд ямар хэмжээний морины хохирол амссан бэ гэдгийг нарийн тооцоогүй нь мэдээж. II дайны үеэр байлдааны талбарт зөвхөн Зөвлөлтийн талын тооцоогоор нэг сая гаруй морьд үрэгдсэн гэх тоо бий. Мэдээж энэ тоо Германы талд ч ойролцоо байгаа болов уу!?

Дайны эхний жилд ЗХУ адуун сүргийнхээ тоо толгойн тал хувийг алджээ. 1941 оны зурга­ду­гаар сар гэхэд Зөвлөлтийн адуун сүргийн тоо толгой 17,5 сая байлаа. 1942 оны есдүгээр сарын байдлаар Зөвлөлтийн хяналтын нутаг дэвсгэрт  дөнгөж есөн сая адуу байжээ. Нийт адууны дийлэнх нь уналганы гэхээсээ илүүтэй бага насны унага, даага байв. Онцлог нь дайны нөхцөлд мал сүргийн тоо тол­гойг нэмэг­дүүлэх нь авто машин үйлд­вэр­­лэхээс ч хүнд байлаа. Цаг хугацаа, шаардлагатай, туршлагатай адуучид, малчид хэрэгтэй. Түү­нийг мөнгө хөрөнгө, технологиор нөхнө гэж үгүй билээ.

Фронтод зориулсан хагас сая морьд

Дэлхийн II дайны үеэр Монгол л ганцаараа Зөвлөлтийн армийн морины хангамжийн эх сурвалж нь болжээ. БНМАУ нь Японы Манж-Го улсын эсрэг зогсох Зөвлөлтийн том түшиц газар байсны зэрэгцээ өөрсдийнх нь хэлдгээр “Агуу эх орны дайн”-д шаардлагатай Улаан армийг мориор хангахад эргэлзэх зүйлгүй чухал нөлөөг үзүүлжээ. Нүүдлийн мал аж ахуйтай Монгол оронд тал хээрээр бэлчих морьд хүн амтай нь харьцуулахад хавьгүй их байсан тооцоо бий. Монголоос Улаан армид морьд нийлүүлэх  ажиллагаа 1941 онд эхлэв. 1942 оны гуравдугаар сараас Зөвлөлтөд агт морь  бэлтгэх ажлын төлөв­лөгөөг боловсруулсан байна.

Монгол Улс дайны дөрвөн жилийн дотор Зөвлөлт Холбоот улсад 485 мянган агт морь ний­лүүл­жээ. Зарим эх сурвалжаар бол 500 мянга гаруй монгол морийг нийлүүлсэн гэдэг. (Британийн судлаачдын тооцоогоор гэдгийг анхаараарай!)

“Хооллох үеэр халбага үнэтэй” гэсэн орос зүйр үг байдаг. ЗХУ 1941-1945 онуудад хагас сая морьдыг ямар ч өндөр үнээр авъя гэсэн Монголоос өөр хаанаас ч эрээд олохгүй байв. Монголоос гадна тийм их тоо толгой агттай нутаг гэвэл Хойд ба Өмнөд Америк байлаа. Хагас сая тооны агтыг богино хугацаанд худалдан авах нь үнэ хөөрөгдөж, тэнгэрт хадаах байв. Бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж болох ч далайг гатлан морь тээвэрлэнэ гэдэг ихээхэн асуудалтай байжээ…

Монголоос агт морьдыг төлөвлө­гөө­­тэйгөөр, болзолт үнээр нийлүүлж бай­лаа. Голчлон Монголын өрийг түүгээр тооцон, барагдуулж байжээ. Тийм маягаар больше­викуудын Монголд оруулсан улс төр, эдийн засаг, цэргийн хөрөнгө оруулалт төлөгдсөн гэж болно. Монголчууд маш чухал шаард­лагатай, альтернативгүй агт морьдын ний­лүү­­лэлтийг Зөвлөлтөд хүртээн энэ цэргийн “техникийнх” нь цоорхойг нөхөж өгсөн юм.Германтай харьцуулахад энэ бол асар том давуу тал байлаа.

Бэлчээрийн, хоол тэжээлээ бэлчээрлээд л олоод идчихдэг, арчилгаа ихээр шаар­дах­гүй, тэсвэр хатуужил сайтай монгол морьд Зүүн фронтын хүнд, ширүүн нөхцөлд Европын сонгомол үржлийн морьдоос ч илүү тохирсон байв. Угаас Чингис хаанаар удирдуулсан морьтон монголчуудын байгуулсан эзэнт гүрнээс илүү ямар ч том гүрэн дэлхийн түүхэнд гарч ирээгүйг санах хэрэгтэй.

Морьт-механикжсан нэгтгэлийг 1941-1945 онуудад командлан Смоленскоос Сталинг­радаар дамжин Будапешт, Ман­жуур хүртэлх дайны замыг туулсан генерал Исса Плиев, хожим дурсамждаа “…арчил­­гаа малалгаа төдийлөн шаардахгүй мон­гол морьд Зөвлөлтийн танк­тай зэрэгцэн Берлин хүрсэн юм” гэсэн нь санамсаргүй үг биш.

Улсын тусламжаас гадна зургаан морин диви­зийг бүхэлд нь хангах хэмжээний 32 мянган морь­дыг Монголын ард түмнээс Улаан армид бэлэг­лэжээ. 1943-1945 онуудын фронтын таван морь тут­мын нэг нь монгол адуу байжээ. Оросууд Америкийн тусламж ялалтад хэр­хэн нөлөөлснийг ярьж цэгнэх дуртай. Харин Монголын  морин тусламжийн талаар  мэргэ­жилт­­нүүдээс бусад нь төдий­лөн сайн мэдэхгүй нь харамсалтай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]