Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Археологи гэж юу вэ, археологийн үндсэн ойлголтуудУншсан1,384

Түүхийн аливаа тулгар сурвалжийн зүйлийг эд өлгийн ба бичиг судрын гэж ялган үздэг билээ.

Түүхийн аливаа тулгар сурвалжийн зүйлийг эд өлгийн ба бичиг судрын гэж ялган үздэг билээ. Эд өлгийн сурвалж буюу эртний түүхийн биет дурсгал болон бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүхийг судлах, боловсруулахад тэмдэглээгүй буюу бичсэн ч эх баримт нь манай үед уламжлагдаж үлдээгүй түүхэн хэрэг явдал, соёл боловсролыг сэргээн шинжлэхэд ач холбогдолтой байдаг. Эртний түүхийн дурсгалт эд өлгийн сурвалжийг археологийн шинжлэх ухаан судалдаг бөгөөд хүн төрөлхтөний өнгөрсөн үеийн аж байдал, нийгмийн хөгжил, соёл боловсролын түвшин, ертөнцийг үзэх үзэл төсөөллийг хүртэл сэргээн мэдэх бололцоотой. Археологичид нээж илрүүлсэн олдвороо газар дээр нь баримтжуулж эрдэм шинжилгээний тайлан бичиж бүртгэн тодорхойлж, лабораторид шилжүүлдэг. Лабораторид олдворуудаа цэвэрлэж янзлан, жинхэнэ эх дүрийг нь тодруулж, сэргээн засварладаг. Улмаар нийт дурсгалын он цаг, угсаа соёлын хамаатлыг тогтоож, холбогдох бүх материалыг цуглуулж уншиж судална.

Археологи хэмээх нь эртний Грекийн archaiologia (хуучин түүхийн өгүүлэл) гэсэн үгнээс гаралтай бөгөөд archaios буюу хуучин, эртний logos буюу судлал, шинжлэл гэсэн үгсийн нийлмэл, үгчилбэл “хуучин судлал эртний үеийг судлах ухаан” гэсэн утгатай ажээ. Энэхүү нэр томъёог МЭӨ 424-347 оны хооронд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан Платон анх өөрийн зохиолдоо тэмдэглэсэн бөгөөд эллинчүүд “археологи” хэмээх нэрийн дор баатарлаг хүмүүсийн угсаа залгамж, нүүдэллэн одогсдын тухай болон эртний хотын үүслийн тухай зэрэг эрт үед болж өнгөрсөн үйл явдлын тухай хүүрнэл болон эрэл хайгуул бүхнийг хамруулан “эртний хүмүүсийн амьдралын арга замыг судлах ухаан” гэж ойлгож байв. Дахин сэргэсэн энэхүү нэр томъёо нь агуулгын хувьд эртнийхээсээ нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн “сонгодог эртний үеийн” урлагийн шилдэг дурсгалуудыг ангилах, тодорхойлох явдлыг “археологи” гэж явцуугаар ойлгож байв. Гэхдээ энэ нь тухайн үеийнхээ олон нийтэд бол ихээхэн ойлгомжтой байсан.

Археологичдын ажил бол хүний түүх, эхэлсэн тэр үеэс буюу 5-2 сая жилийн өмнө хүн үүсэж анхны хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэл үйлдсэн, улмаар аж ахуй, нийгэм, соёл, ёс заншил зэрэг бий болсноос эхэлнэ. Хүн үүсэж буй болсноос манай тооллын эхэн хүртэлх шахуу урт удаан хугацаанд үргэлжилсэн энэ үеийн тухай хамгийн чухал мэдээллийг газрын хөрсөн дор буй олдвор, дурсгалуудаас олж авдаг. Ингэхээр археологи бол түүхийн нэг хэсэг юм. Археологийн судалгааны зорилго нь эртний хүний амьдрал ба нийгмийг сэргээн төсөөлөх явдал мөн.

Археологийн эх сурвалж нь үндсэндээ суурин сууц, эртний оршуулгын цогцолбор гэсэн хоёр том төрөлд хуваагдана. Эртний судлалын ихэнх дурсгалууд энэ хоёр төрөлд багтдаг боловч үүгээр дуусахгүй. Тухайлбал зоорь, түүвэр олдворууд, хадны сүг зураг, булш оршуулга, хадны оршуулга, бунхан, элдэв хөшөө, тамга тэмдэг, бичээс, тахилын сүм, усжуулах байгууламж, хамгаалалтын хэрэм далан, суваг шуудуу, ашигт малтмалын олборлож байсан уурхайн цооног, үйлдвэрлэл явуулж байсан газрууд, зэс төмөр хайлуулж байсан юмуу шавар эдлэл шатааж байсан олон төрөл зуух, эртний тариалангийн талбай, далай тэнгисийн ёроолд живсэн хөлөг онгоц, мөн усны түвшин нэмэгдсэнээс далд орсон дурсгалууд зэрэг олон төрөл бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]