Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сайн ноён ханы өргөмөл хүү Авьдийнгэрэлийн гайхалтай түүхУншсан5,594

Сайн ноён хан 1912 онд Орос улсад айлчилж Цагаан хаанд бараалхахдаа хүртэл Авьдынгэрэлийг дагуулж явсан гэдэг.

Намнансүрэн хан нь Монголын 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн хан вангуудаас хувийн амьдралын хувьд нэлээд ээдрээтэй бэрх замыг туулсан хүн юм.  Т.Намнансүрэн хантай уулзаж учирч явсан хүмүүс ямагт түүнийг гэгээн сайнаар дурсаж эгэл чанарыг нь өгүүлэн бичсэн нь олон байна. Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэв Намнансүрэн ханы дэргэд олон жил хар бор ажил хийж явсан өөрийн эцэг "Бөхөн" хэмээх Жамба гуайн ярианаас оруулсан дурсамждаа "Миний аав Жамба нь миний эх Хандтай дэр нийлүүлж, орон гэртэй болох гэж байх үедээ ... "гаргүй" Содов гэгчтэй хамтран эзнийхээ адуун сүргийг.....хурааж байгаад......баахан адуу барьж дэллэн .... гурван шуудай хялгас аваад .........хаданд нууж орхижээ. Хэдхэн хоноод байтал ноён тэднийг дуудуулсан байна. ... өргөөнд орвол ноён нь хэзээ ч байдаггүйгээр .... аягүй царай гарган тэднийг харж байснаа.....- Та нар яах гэж адуу дэллэсэн хэрэг вэ? Хятадын пүүсэнд худалдсан юм уу? гэж асуужээ. Жамба хормой дэвсэн газарт сөхрөн тонгойж байснаа толгой өндийлгөж, Боол нь жижиг гэр барих санаатай, оосор хошлон томж хийх гэсэн юм гэж хоолой чичрүүлэн айлтгажээ.

-Уухай, хүний юмыг эзэнд нь хэлэлгүй авбал хулгай болдог гэж та хоёр мэднэ биздээ. Та нар чинь хулгайч нар болчихоод байна гэж На ноён өндөр дуугаар хэлэхэд мань хоёр хүлцэнгүй номхноор нусаа татан сууж гэнэ. Ноён хоёр адуучнаа харж байснаа:

-Босоцгоо та нар! ... Та хоёр байтлаа Гончиг гуайд хоёрхон үг хэлэхдээ залхуураа юу. Дахиад хүний юмыг ингэж хэлэлгүй авбал базаахгүй хэрэгт холбогддог гэдгийг ойлгоорой. Явцгаа гэж явуулсан" гэж бичсэн нь бий.

Эдгээр түүхэн баримтууд нь Намнансүрэн ханы хичнээн эгэл жирийн зан араншинтай, ардач үзэлтэн байсныг гэрчилнэ. Төрийн үйлсэд тууштай үнэнч, түмний хэрэгт эгэл жирийн нэгэн байсан учраас Намнансүрэн ханы талаар ямар нэг муу мэдээ бидний үед уламжлагдаагүй байна.

Магсаржав хатан ба Цогтдарийн хөнөөл

Түүхэн бичиг, баримтад бичсэнээр Намнансүрэн зэрэг залгаж хорь гаруй нас хүрсэн үедээ Түшээт хан аймгийн Түдэв гүний хошууны нэгэн угсаатны охин, өөрөөсөө 7 нас дүү Магсаржавыг хатан болгон авчээ".

Хатныг нутгийн олон "Магсар хатан" хэмээн авгайлан дууддаг байсан бөгөөд олон үггүй, тайван тогтвортой, элдэв муу явдалгүй, тунгалаг алаг нүдтэй бүсгүй байжээ. Гэрлээд нэг, хоёр жилийн нүүр үзтэл Магсар хатан үе залгамжлах хан хүү төрүүлж аймгийнханд баяр жаргал авчирчээ. Энэ үед Намнансүрэн ханы хойт эх буюу Төгс-Очир ханы бага хатан Цогтдар амьд сэрүүн байв. Цогтдар хатан атгаг муу санаатай, элдэвт сувдаг сэтгэлээр хандаж сурсан, ааш араншин сайнгүй хүн байсан аж. Иймдээ ч тэр "Намнансүрэнг аль нэг аргаар хөнөөж үгүй хийх, түүний үр үндсийг тасалж голомтыг хусан, өөрийн төрсөн хүү Ринчинсашийг хан ширээнд суулгаж, харъяат аймаг, хошууг захирсан эзэн болгох эрмэлзэл тавьж явах болжээ"

Цогтдар хатан өөрийн бусармаг бодлоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ноцтой хэргийг үйлдсэн байна. Юуны урьд шинэ төрсөн ханы нялх үрийн амь насыг бүрэлгэх аймшигтай аллагыг хийхээр Балбар тавнан, Гэнпил хиа нартай үгсэн хуйвалдаж хүүхдийн зулай руу тэвнээр хатган егүүтгэжээ. Энэ хэрэг маш нууц, онцгой нөхцөлд хийгдсэн учраас ямар ч ажиг сэжиггүй өнгөрч, дараагийн хүүг төрөхөд дахин давтан үйлдэцгээсэн аж. Намнансүрэн хан өөрийн төрсөн хоёр хүүхдээ ингэж хорон муу санаатны гарт алдсан байна. Энэ нь түүний амьдралд тохиолдсон хамгийн уй гунигт хар өдрүүд байлаа.

Цогтдар хатны аюулт бусармаг үйлдэл үүгээр зогссонгүй. Намнансүрэн ханы амь насыг бусниулах элдэв аргыг нойр хоолоо хугаслан эрж сүвэгчлэн хайж байсан нь сүүлд илэрсэн нь түүхийн баримт болон ард олны аман ярианд үлджээ. Энэ аймшигт явдлын тухай хэл мэдээ тэр үед Богдын сонорт хүрсэн байна. Өвгөн Жамбал гуай, А.Дашням гуай нарын бичиж үлдээснээр Богд Жавзандамба хутагтын зараалаар Нийслэл хүрээнээс "Хачин" -гуудын нэг болсон "Доль" Дэмбэрэл хэмээх лам Сайн ноёны хүрээнд морилон ирж, Цогтдар, Балбар тавнан нарын элдэвлэн хийсэн хараал жатгын үүр уурхайг илрүүлж, Намнансүрэн ханыг тойрсон муу муухай үндсийг тасалсан аж.

Хүрээний дөрвөн талын хадан хошуу болон Сайхан хан Намнансүрэнгийн өөрийн өргөөний голомтын дор бузар муухай зүйлтэй хамт ханы зураг хөргийг толгойг нь уруу харуулан хийж, элдэв хорыг найруулан тавьж, завсар чөлөө гарах үед уулгахаар зэхсэн байсан нь Дэмбэрэл лам, Доной бээс нарын тэргүүлсэн хүмүүсийн шалгалтаар илэрчээ. Энэ үед Цогтдар хатны хараал биежсэн байгаад ханы өргөөг буулгах үед усан гахай болж Онгийн хүрээ рүү зугтахад Доной бээс устгасан тухай домог олон түмний дунд бий.

Ийм аюул заналын дундуур төв шударга сэтгэлийг барьж төр улсын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж явсан Намнансүрэн хан бол Монголын түүхэнд бараанаар орох мөр үлдээгээгүй цөөн эх орончдын нэг. Тэр сэтгэлийн асар их гэгээтэй хүн байснаараа тулгарч буй аюул хийгэээд авралыг байнга ариусал гэгээрлийн эрх чөлөөт сэтгэлгээгээр угтдаг байжээ. Нэг удаа Цогтдар хатан ямар нэг буруу санаа өвөрлөөд байгааг мэдсэн Ринчинсаш гүнгийн хатан Нинсэндэн хан ахдаа бараалхаж: Хүмүүсийн санаа буруудаад .... ноён ах танд хал бал болох вий гэж зовох боллоо" гэж айлтгахад Намнансүрэн хан олныг ч бодолгүй "Хоорондоо ам муруйгаад сэтгэл нь эмзэглэж дээ, хөөрхий" гэж нэгйг бодоод "Ах нь айлтгаж хэлнэ ээ. Нутаг усандаа ойрд очсон билүү дүү" гэх мэтийг ярьж тайвшруулан гаргасан гэдэг.

Энэ нь үнэхээр түүхийн үнэн баримт болж Намнансүрэн ханы эсрэг хуйвалдаан илэрч ялт хэрэг хийсэн Цогтдар, Балбар тавнан, Гэмпил хиа, Ринчинсаш гүн нар хуулийн дээд хэмжээ авсан байхад Нинсэндэн хатан "ариун сэтгэлийг барьж ханд аюулын дохио өгч байсан" гэдгээр цагаадан үлдсэн байна.

Харин Намнансүрэн хан: "Хатан Цогтдар хэдийгээр тийм муухай хэрэг үйлдсэн нь үзтэл илэрхий боловч, нэгэнт миний хойд эх болж явсан хүн тул түүний амийг гэтэлгэж өөр шийтгэл үзүүлнэ үү" /А.Дашням/ гэж энэрэнгүй сэтгэлийг барьж хэрэг шийтгэгч нараас хүссэн байдаг. Гэвч хийсэн хэрэг нь хэтэрхий хүнд учир, амь уучлах аргагүй гэж хэрэг шийтгэгч нар ёсоор болгожээ.

Энэ мэт явдал нь Намнансүрэн ханы дотоод билиг чанар, ариусах нигүүлсэхүй хийгээд төв шударга шинжийг илтгэн харуулж байна. Ийм ахуйн амьдрал, ажил үйлсийн түмэн нугачааг туулсан, оюунлаг, гэгээлэг Намнансүрэн "Богд хаанаас "Хаан" цол авсан тул Ерөнхий сайдынхаа хувьд улсын хаан", аймгийн ноёны хувьд хан байжээ"

Авьдын гэрэл

Сайн ноён Хан Намнансүрэн нэг өдөр өргөөлж байтал хоёр хиа нь амьсгаа дээр орж иржээ. Учрыг нь лавлавал "Нэг солиотой шахам эмэгтэй манцуйтай хүүхдээ гэр дээрээ шидэн өнхрүүлж элдвээр үйлийг нь барж байна.

 Үе үе "Миний хүү хувилгаан хүн юм чинь үхэхгүй ээ гээд орилоод байх юм. Ингэж байгаад нялх хүүхдээ бүрэлгэж орхих нь. Яадаг билээ. Ноён минь" гэж айлтгав. Сайн ноён хэсэг зуур бодол хийлснээ "Та хоёр түргэн яваад тэр хүүхнийг хүүхэдтэй нь хамт яаралтай авчир. 

Хувилгаан хүн гээд байхыг бодоход нэг учир байна" гэж зарлигдсан байна. Даруй хоёр хиа нөгөө хүүхнийг манцуйтай хүүхдийн хамт авчирч ноёнд бараалхуулжээ. Ноён ээж, хүү хоёрыг өргөөндөө оруулж эелдгээр мэндэлж, ээжээс нь хэд гурван зүйлийг асууснаа манцуйтай хүүхдийг сайтар ажиглаж хараад хэсэг бодолхийлснээ хаван, бойдаа нараа дуудан ирүүлж тусгай гэр барьж эх хүү хоёрыг ноёны өргөөний ойролцоо асрамжилж байхыг тушаасан байна. 

Улмаар удалгүй ноён хүүхний манцуйтай хүүхдийг өөрийн гар дээр авч Авьдынгэрэл хэмээн нэр хайрлажээ. Энэ үед Сайн ноёны хоёр хүүхэд бусдын гарт хорлогдсон байв. Авьдынгэрэл 4-5 настайгаасаа ном заалгаж эхэлсний дээр гайхамшигтай ой тогтоомжтой ер бусын увидастай хүү байжээ. Тэр хүний үзэж хараагүй, сонсож мэдээгүй зүйлийг урьдчилан мэдэрч, шууд илэрхийлэн хэлдэг байсан гэж өндөр настангууд ярьдаг. Намнансүрэн хан, Магсар хатан нар хаана л явна Авьдынгэрэлийг байнга авч явдаг байжээ. 

Сайн ноён хан 1912 онд Орос улсад айлчилж Цагаан хаанд бараалхахдаа хүртэл Авьдынгэрэлийг дагуулж явсан гэдэг. Харин ээжийг нь дутах гачигдах зүйлгүйгээр ноёны өргөөний ойролцоо тусгай гэрт байлгах болжээ.  Намнансүрэн ханыг 1919 онд зуурдаар амь насаа алдах үед Авьдынгэрэл 18-19 настай залуу Төвд номыг хичээнгүйлэн суралцаж байв. Үе үе тэр ер бусын авир төрх үзүүлэх буюу хэд хоногоор сураггүй болж гэнэт ирэх Лхас, Утай Гүмбэн хийдийн элдэв явдлыг ярин үеийн нөхдөө гайхшралд оруулдаг байсан аж. 

1930-аад онд "Феодлын хөрөнгө хураах" нэртэй их нугалааны жилүүд эхлэхэд Авьдынгэрэл гэнэт алга болжээ. Тэр дахин Сайн ноён ханы хүрээнд ирээгүй бөгөөд Төвдөд очсон байна гэсэн мэдээ дуулдаж байснаа удалгүй Тайванаар дамжин Америк улсад гарсан сураг дуулдаж байсан аж. Түүнээс хойш Авьдынгэрэлийн тухай ямар нэг сураг чимээ гаралгүй өдий хүржээ. 

Сайн ноён ханы сүүлчийн алтан аяга 

Сайн ноён хан Намнансүрэнгийн бэлбэсэн хатны хөрөнгийг 1929 онд хоёр дахь удаагаа битүүмжлэн хураажээ. Энэ ажпыг "Ардын намын" Цэвэг, хошууны залуучуудын эвлэлийн хорооны дарга Ж.Сэнгэдорж, залуу хувьсгалч А.Дашням нар буу зэвсэг агсан очиж хураасан түүхтэй.  Энэ үед Магсар хатан өрлөг эх Долгорын хамт Өшгөгийн нурууны зүүн үзүүр Өнц Шилүүстэй хавьд нутаглаж байжээ. Тэдний үнэт эдлэлийг бүртгэн хурааж авахад урьдын адил их зүйл гараагүй бөгөөд хэд гурван мөнгөн цөгц, аяга, алт мөнгөн бөгж зэрэг гарсны дотор ганц алтан тагш ялгарч байсан гэдэг. 

Тэдгээр үнэт эдлэлийг уул хувьсгалчид Онгийн хүрээний дэргэд байсан хошууны тамгын газрын феодалын хөрөнгө хураах төв комисст хүлээлгэн өгчээ. Уул комисс хураасан аливаа өмч хөрөнгийг үнэ хаялцуулан зарж үрэн таран хийдэг байв.  Энэ л дагуугаа Сайн ноён хан Намнансүрэн агсны гэрээс хураасан үнэт зүйлийг үнэ хаялцуулан зарахад ханы алтан тагшийг тэр үеийн хоршоо дарга байсан Илдэн бэйсийн хошууны Жамъянсүрэн гэгч эр 300 төгрөгөөр худалдан авсан гэдэг.  Энэ аяга одоо хэн нэгэнд өвлөгдөн байгаа юу эсвэл үрэгдэж ор сураггүй болсон уу гэдгийг тоймлох аргагүй. 

Доктор А.Дашням, Доктор Д.Төмөртогоо, МУСГЗ Н.Даваадаш нарын өгүүлэл, нийтлэлээс хэсэгчлэн авав.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]