Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Төвдөд аялсан тэмдэглэл"-1

Маргааш үдээс хойш Хөх нуурын тал нутгийн үзэмжийг цонхоор харсаар явлаа. Утасныхаа цэнэгийг бартал зураг авав. Түүх сонирхдог, уншдаг хүний хувьд олонтаа уншиж байсан газруудыг ялангуяа Хөх нуурыг үзсэндээ нүд сэтгэл баясав.

Нийтлэлч А.Баатархуягийн "Төвдөд аялсан тэмдэглэл" аян замын цуврал тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр уншигч олондоо хүргэж эхэлж байгаадаа таатай байна.


Орой утсаа үзтэл Магнай “Хамт Кайлас явах уу?, хөгшөөн” гэсэн мессеж ирүүлж. Мань эр л нэг оккульттэй зуу татангаа сонин хачин ярьж байгаад гэнэтийн санаа төрж дээ гэсэншүү юм бодоод тоосонгүй. Гурав хоногийн дараа ахиж яриад “Миний саналыг бодож үзэв үү хөгшөөн” гэж байна. Бодсоноо хэлтэл “Би юу гэж гэв гэнэт хамаагүй юм бичиж байх вэ? Их сонин газар юм байна, жаахан юм үзэж ажлын ядаргаагаа гаргая. Чи л элдэв долоон юм бичээд байдаг, “Чандмань чулууны тухай бичсэн юмыг чинь үзлээ, Монголд чи л овоо юм мэддэг бололтой юм (манийгаа явуулж байхгүй юу) хамт явбал сонирхолтой биш үү” гэлээ. Үнэ хөлс нь ямархуу юм бол гэсэн шүү юм ярьтал “Гайгүй, бүгдийг нь судалсан, Нараа тэндэх бүхнийг хамгийн боломжтой хувилбараар зохицуулчихна” гэлээ. Нараа бол Магнайн найз Хорчин залуу, тун дажгүй эр, бид хамтдаа эрчүүлийн хийдэг бүхнийг хийсэн дээ. Ахиад нэг хүн нэмэгдвэл зардал багасна, би Чимэдээд хэлсэн, чи нэг яриач” гэлээ.

 Хөх нуурын орчмын уудам хөндий. Монголын тэгш өндөрлөгийг санагдуулна. Яг л Хангай, Хэнтийн өмнөд нутаг мэт. Бүр Хүн гүрнээс өмнө ч үүгээр манай өвөг дээдэс аялан дайтаж, эрхшээж, алдаж явсан.

Орой нь Чимэдээ утасдаж байна. “За муусайн хувьсгалчид яахаараа шашин номын мөр хөөх болчихдог юм, нүглээ дундлах нь уу, хүнд ч хэлэхгүй хуйвалдаад... ” гэж ёжилж байна. “Хамт явъя, чи бидний шашин гэж хаашаа харсан юм байдаг юм. Зүгээр л жаахан сонин содон газруудыг үзье л дээ. Хүн хүрдэггүй, хаалттай нууцлаг газраар явах тусам сонирхолтой. Улиг болсон хөгшин европын чулуун амбаар үзэх биш, өмд гутлын наймаа хийх биш, толгойгоо сэргээе, ирээд ярих ч юмтай. Ер нь нөхөр минь чи жаахан барцадтай байгаа шүү, цагдаатай заргалдаад, өдөр шөнөгүй гүйсэн ажлаа хөгийн юмнаас болж ажлаа алдаад... Хийморио сэргээ, нисваанисаа дар, нүглээ наманчил” гэж явууллаа. Мань хүн чөлөөт бүсийн дарга байхдаа Засгийн газрын хуралдаанд яарч яваад цагдаатай шөргөөцөлдөж өнөөх нь юун ч бэлэн оператор байж таарсан юм сайтаар матарлаж, засаг ч солигдож ажлаа ч өгөөд байсан юм. Мань хүн ч зөвшөөрч зардал ч 7600 юань болж байтал хэрэг бишдэв. Яг билет захидаг дээр ажил нь шахагдаад явж чадахаа байчихав.

 Алдарт Хөх нуур. Сайхан номин өнгөт нуур хязгааргүй цэлийнэ. Энэ нуурын савыг Монголчуудаас хамгийн сүүлд Хошуудын ханлиг эзэмшиж байв. Хэн хүчирхэг нь энэ нуурын савыг эзэмшдэг номтой. Ли Байн Хөх нуурын эрэгт шүлгээ бичиж байсан үе бол Тан гүрний үе. Өнөөдөр БНХАУ хүчирхэг учраас энэ нутгийг эзэмшиж байгаа ч уугуул оршин суугчид нь Монголчууд.

Ингээд ахиж зардлаа тооцоод нийтдээ жуулчны компанид өгөх, гарын бэл нийлээд 9800 юаниар явах болж, нэгэнт шийдээд ажлаа зохицуулсан учир захилаа даа.

Хамгийн хямдаар тооцож байгаа юм. Ямар мөнгөө үрж ядсан баян тарган биш вагонаар л ирж очих болов. Бээжин хүртэл нэг хоног, Бээжинд нэг хоноод Лхас хүртэл 40 цаг, Лхасаас Шигацэгаар дайраад Кайлас хүртэл нэг хоног, Кайласыг гороолоход нэг хоног, буцаад Лхас-Бээжин-Улаанбаатар маршрутаар маш шахуу явахад 11 хоног аялах юм. Мөнгөнд Лхас ирж очих, Лхасад байх буудал, хоол, үйлчилгээ цөм багтсан байв. Бас гарын бэлтэй явахгүй бол хүний нутагт яагаа ч билээ. Төвд рүү жуулчны компаниар л дамжуулж очдогоос зүгээр л яваад очно гэж саналтгүй. Ерөнхийдөө Хятадад байх зардал нэмж гаргахгүй гэсэн үг бөлгөө...

 Төвд хороо. Малын саравч, сарлагийн аргал

шавж хатаасан нь Монголтой адил.

Хэн нь хэнээсээ сураа бол?

Өглөө эрт Улаанбаатараас хөдлөв. Магнай гар утсаараа зураг аваад “Кайлас явлаа” гэж жиргэв. Надад ямар “хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл” байх биш. Эх орон нэгтнүүд маань сайн муу ерөөл хараалыг сайхан хольж үдлээ. Хол явж буй хүнд муу үг хэлдэггүй л юм, хар нүдээ хуу татаад л хараал хэлж эхэлдэг хүн байдаг л юм байна. Гэхдээ дандаа сайн үгээр үдвэл замд барцадтай, хар цагаан холилдвол дээр. Монголчууд дандаа зөв явбал тэнгэр таалахгүй гэдэг тул хааяа “хазаар гүйлгэх төдий” муу юм хийчих нь зөв л гэдэг юм. Гэхдээ яаж зүгээр байх вэ? “Муусайн популистуудтай явахаар дандаа матар болно шүү” гэж Магнайг явуултал “Тэрэндээ тулбал чи ч популист” гэсэн хариу барилаа. Хоёул вагон ресторанд орж шар айраг шимэн зам хурдлуулах арга хэмжээ авлаа. Зургадугаар сарын сүүлчээр хот орчим гандуу цагаан байсан, гэтэл говь сайхан ногоорсон байв. Аргагүй л нар хур тэгширсэн зун болж байв.

Бид явж, Бээжин сууж байгаа хойно яваад ч очлоо. Нараагийн дүү Алдарт хэмээх залуу тосч авав. Баруун вокзалынх нь хажууханд буудалд бууж хөлс тоосноосоо салав. Магнай элдэв ёжоор билбүүрдсэн хэлийг чинь Сычуан хоолны халуун ногоогоор түлж, амыг чинь таглана гэж дагуулж гарсан ч өөр хоолны газар сонгов. Нэг хүн 250 юань төлөөд “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух” юм болов. Ёстой л нөгөө Гүржав шиг “Танайд лууны мах бий юу?” гэж асуумаар газар санж. Монголчуудын иднэ гэж юу байх вэ? Хоёрын хоёр нас гүйцсэн эр атлаа нийлээд хажуугийн ширээний зэнзгэр хүүхэн, самган хоёрын идсэний хагаст хүрэх ч юм идэж чаддаггүй золигууд санж. Амь нь хаана байна гэмээр хятадуудын хаагуур нь ордог юм бол тэр их хоол. Тэгээд яахав сурснаараа шар айрагтай найзлав. Бид хоёрын уусан хятадуудын идсэн хоёр яг тэнцэв ээ. Үйлчлэгч нь “Цөл гатлаад ирсэн юм шиг ямар гээч ангаж цангасан амьтад вэ?” гэж бодож байгаа нь царайнаас нь илт. Цөл гатлаад л ирсэн юм чинь.

 Лхас орохын наахантай. Ямар нэг юм болоогүй байгаа? Бээжинд Өвөрлөгчид таараад Төвдөд үймээн гарсан гэж байсан. Лхаст буухад тайван байв.

Харин гараад буусныхаа хаяаг бараадах болтол Магнай Бээжинг мэддэгээ надад гайхуулах гэж алхаад хүрчихнэ гэж чирч гүйгээд хоёр цаг таваргаж, эцэст такси барьж 15 минут давхиад, өрөөндөө орж давсгаа суллаад тэр өдрийн ажил “0” баланслав. Баруун вокзал, Төвд хоёрын нэр их адилхан “Шизан” гэж дууддаг юм юм уу даа. Магнай баруун вокзал асуугаад Хятадууд Төвдийг заагаад эрхбиш чигээ олж байсан болов уу гэж дараа нь бодогдож билээ.

 Уулсын хөндий голын сав дагуу олон жижиг суурин бий. Төвдийн төмөр зам цавчим өндөрлөг, уулсын хавцлаар дамждаг гэж төсөөлдөг нь төөрөгдөл. Ийм давчуу боловч тэгш хөндийгөөр тавьсан байдаг. Уулын голууд гүехэн ч хавартаа үерлэдэг бололтой.

 

Маргааш нь үд хүртэл унтаад үхэр байхгүй тул сэрүүлгээр сэрээд өдрийн 13 цагт эзэлсэн байршлаа орхих болов. Гудамжинд гарч 10 юаниар ламен, бууз идэж, пиво уув.

Урд өдрийн төсөв хэтэрсэн, дотор жаахан тиймхэн байсан, нөгөө талаар жинхэнэ ардын хоол идэх хүсэл гурав ийм сонголтод хүргэв. Японд бол ардын хоол хайсаар метроны “рамен” олж хүртэж билээ.

Ламен бол манай гурилтай шөл, хятадууд “татмал гурил” гэхээр бид их өөр хоол гэж бодоод гүйж ороод гурилтай шөл хүртчихдэг. Япончууд “л” үсэг хэлж чадахгүй тул “Рамен” гэж, харин лал, өнгөт нүдтэнгүүд хотон уйгураар дамжуулж нэрийг нь сурахдаа “лагман” гэж, Оросууд тэднээс сурахдаа “лапша” гэж, монголчууд түүнийг “лавшаа” болгож аваад андуурдаг болж амар сайхандаа жаргасан ажгуу. Хятадууд гурилаа татаж сунгана, харин бид хэрчиж чанана.

 Аргагүй өндөрлөг газар. Уулсын хөндийгээс шууд мөнх цаст уулс үргэлжилнэ. Хаа сайгүй мөнх цаст уул. Энэ бол VI сарын сүүлчээр авсан зураг.

Хятадын “гудамжинд хооллох соёл” гэж нэг юм байна. Улаан зам дээр ширээ дэлгээд дарсан, амталсан ногоо, хоол хошоо зарчих юм. Хүн нохой нь холилдоод тоос тортог боловч тоох юм алга. Үй түмэн хүний бас ч гэж олон нь ингэж амьдралаа залгуулдаг байх. Манайд бол ариун цэвэр мэргэжлийн хяналт цагдаа гээд бүгд ирж нэг цагийн дотор ачаад явна. Уг нь Европчууд, тэд гэлтгүй соёлжсон орнууд Бээжингийн олимпийн өмнө энэ “муухай заншлаа” хая, бүх тамирчид “сур харвалтаас өөр төрөлд” амжилт үзүүлэх нөхцөлгүй болох нь гэсэн хатуу шаардлага хүргүүлсэн юм билээ. Гэвч хятадууд урдаас нь “Энэ бол манай соёл” гэж хэлээд бүр Ван фужин гудмандаа хоолны гудамж нээж адарсан тул яаж ч чадаагүй аж. Соёлын эсрэг соёлоо сөргүүлж байхгүй юу. 10 юань өгөөд ахиад жаахан хачир авчих уу гэж соёлтой загнатал “ид ид цадталаа ид” гэх юм.

Чулуу ихтэй, нимгэн хөрстэй.

Голын сав дагуу хөрс нь усанд идэгдэж,

үлд туссан мэт халцгайрч, чулууд нь ил гарчээ.

Газар тариаланд зохимжгүй,

гэхдээ хонь сарлагийн сайхан бэлчээр. 

Тэндээсээ вокзалын хоолны газарт орж сэрүүцэн суутал хоёр нөхөр монголоор ярихыг сонсов. “Өвөрмонгол ах дүүс хаа хүрч явна” гэвэл “Өмнөдийн хот руу аялж явна” гэлээ. Бид Лхас зорьж яваагаа хэлбэл “Төвдөд самуун болсныг мэдээгүй юу?” гэж байна. Дөнгөж Монголоос ирсэн, Төвдийн талаар мэдээлэлгүй байна гэлээ. “Ямар ажил хийдэг вэ?” гэж асуухаар нь “Та нарт юуны хамаа” гэвэл “Вагонд ямар ажил хийдэг вэ? гэж асуувал төрийн албан хаагч, сэтгүүлч гэж хэлж болдоггүй юм шүү, оруулдаггүй юм” гэж зөвлөв. Үүгээр миний бие буцах болзлоо 200 хувь, Магнай 100 хувь хангаж байсан тул мэргэжлээ сольж “гэр ахуйн барааны дэлгүүрийн эзэн” хэн гэдэг билээ, тиймэрхүү юм бодож олов. Бас дипломат паспорттай дэлгүүрийн худалдагчид байх уу? аайн. Оройн 20 цагт Лхас явах галт тэргэнд суулаа.  

Ортол купе нь зургаан ортой болж таарав. Залуувтар эр эм хоёр, бас нэг хөгшин самган хоёр хамт явах болжээ. Хүн ам ихтэй болохоор вагон нь хүртэл ийм байдаг юм байх даа гэлцээд, бичиг үсэг үл мэдэгчийн зиндаанд хүрсэн бидэн хоёр дээд, доод суудлаа олох гэж тасалбар дээрх ханзыг нь замын нөхдөөр тайлбарлуулав. Дүрсийг нь харвал “… you” гэж байгаа мэт дундах зураас нь урт ханз болбаас уулын оройд залрахыг илтгэмой гэсэн тул “билэгшээсээр” оройн дээд очирдарийн суудал дор заларвай.

Өмнөд бүсэд эрт харанхуй болдог тул тэгсгээд унтах болов. Хятадын төмөр замаар явахад манай төмөр замаар явахад сонсдог рок хэмнэлийн бөмбөрийн нүргээн, 45 км/цагаас хэтэрдэггүй яст мэлхийн хурд харин ч нэг байхгүй юм. Хурд нь цагт 160 км. Хөнгөн тэргэнд яваа аятай л бөмбөлзөх юм. Нуулгүй хэлэхэд ядрахаараа хурхирдаг гэмтэй, өглөө нь Магнай Монголын төмөр замын дуунд дарагдсан хурхиралт чинь шөнө унтуулсангүй гэж гомдол мэдүүлэв. Дунд давхрын эмэгтэй инээгээд толгой сэгсэрч байхыг бодоход Монголын төмөр замын сүр хүчинд дарагдсан “баатар эрийн чимээг” харин ч нэг нижигнүүлсэн бололтой.

 Ус элбэг. Хималайн нурууны мөнх цаст уулсаас эх авсан голууд хаа сайгүй тааралдана.

Маргааш үдээс хойш Хөх нуурын тал нутгийн үзэмжийг цонхоор харсаар явлаа. Утасныхаа цэнэгийг бартал зураг авав. Түүх сонирхдог, уншдаг хүний хувьд олонтаа уншиж байсан газруудыг ялангуяа Хөх нуурыг үзсэндээ нүд сэтгэл баясав. Нээрээ л Хөх нуур гэж нэрлэхээс аргагүй номин өнгөт сайхан нуур юм гээч.

 Ёстой яаж ч бололгүй ганц удаа

вагоны хүчилтөрөгчийг хэрэглэсэн шүү.

д.т.д 5200 метрт "Germu" өртөөнд түр зогсоход нь

салхилахдаа тамхи татчихсан чинь

толгой эргээд, амьсгал давчдаад балрав.

Купенд хамт явсан хятадууд хавтгайгаараа...

зарим нь бөөлжиж байгаа харагдана.

Энэ бол уулын сүрд дарагдах

буюу өндрийн өвчин. Уг нь асаагуур

асахгүй байсан л даа. Хүчилтөрөгч дутаад асахгүй байж.

Тэгэхээр нь төөнүүрийн асаагуураар асаагаад...

тэгээд л энэ. Монголчууд өндөрлөг газрынхан

учраас бас ч гайгүй юм билээ.

Манай хамгийн өндөр цэг дтд 3474 м.

Харин 5200-д бол наргиж болохгүй л шинжтэй.

Миний ээж эх талаасаа хошуудын цагаан ястан хүн байсан юм. Ховдын Булганы торгууд дотор нэг сум хошууд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ээж баатуд элкэнийх. Дашмагны нь тамга ташуу зураас, малиа тамгатай гэдэг ч бил үү дээ. “Баатуд явсан газар зайсан үгүй” гэж Халимагт хэлэгддэг дайчин овог. Цагаанзам гуай л энэ үгийг хэлж өгсөн юм, өөрөө баатуд юм билээ л. Уг дээд нь Хавт Хасарынхан. Юань гүрэн унахад Хорчны Агсгалдай ноёны хоёр хүүгийн нэг албат ардаа аваад Ойрадын Тогоон тайшид түшсэнд охиноо хатан буулгаж, хошууд болгосон юм билээ. Дунд дөрвөн ойрдын цэргийн жагсаалын манлай болсон учраас тэр. Хожуу дөрвөн Ойрдын үед холбооны тэргүүн байгаад хошуудын таван барс эвдрэлцэж, дүү Хөндлөн увшийг алаад хатан Юм-Агасыг дөчин дөрвөн хоёрын цаазаар тэргүүлэгч болсон Цорос Баатар хунтайжид буулгачихсан гэдэг юм. Тэр муу болж хошууд холбооны тэргүүнээс буужээ. Таван барс гэдэг нь өнөөх алдарт “Убаш хунтайжийн туужид” гардаг Байбагус баатар, Ханхонгор ноён, Хөндлөн увш, Очирт сэцэн, Гүүш хан нар юм уу даа. Хөндлөн увшийнхан Хо өрлөгийг дагаж нүүгээд Ижилд зуу гаруй жил болоод буцаж нүүхэд ирсний хойчис нь Булганы хошуудууд.

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 13. 16:54
Snooker

Монголчууд ихэнх нь Улаанбаатарт амьдардаг дтд 1300 метр оршидог. Өндрийн асуудал нь 3300 метр гарахаад анзаарагдаж эхэлдэг. Харин нам дор газрын хүмүүс 2000 метрээс л эхэлдэг болов уу. Харин төвд хүмүүс хамгийн өндөр нь дунджаар 3700 метр амьдардаг болохоор 5500 метрийн өндөр газар асуудалгүй дассан байдаг.

1 сар 13. 16:51
Snooker

Монголын хамгийн өндөр уулын Таван богд уулын Хүйтний оргил 4374 метрийн өндөрт оршино. Бага зэрэг ташаа мэдээллийг зарлуулах санаатай...

1 сар 11. 17:18
Зочин

Aayaya 160km davhiad bdg hervee tiim hurdtai yvbl chih chin tar tur chimeenees iluu zovno joohn amidrald oir ym yrii yponii shinkansen tiim hurdtai yvjaa shuu

1 сар 12. 19:13
Замын хүн

Бээжин - Циндаогийн хооронд 300 км/цагийн хурдтай цахилгаан вагон аялж байлээ. Хурдан галт тэрэгний зам төмөр нь үргэлжээрээ гагнаастай байдаг юмаа найзаа. Манайд бас Мандалаас Давааны зөрлөг хүртэл тийм зам бас байнаа байна.

1 сар 9. 16:10
Acku

urgeljlel je bhgvimuu 2iin hoorond iim yum bitii tawij bgaach

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]