Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нүдээ олоогүй шагналуудУншсан5,314

Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч пүрэв гаригт Олон улсын Дөрвөн эрхийн медаль гэгч шагнал гардсан нь олон хүнийг гайхашруулав.

2016 оны 4-р сарын 20.

Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч пүрэв гаригт Олон улсын Дөрвөн эрхийн медаль гэгч шагнал гардсан нь олон хүнийг гайхашруулав. Учир нь уг шагналыг олгодог Нидерландад төвтэй Рузвельтийн сан хэмээх байгууллага түүнийг дэлхийн II дайнаас хойших Европт нүүрлээд буй дүрвэгч, цагаачдын хамгийн том асуудлыг хэдийн шийдвэрлэсэн гэж үзсэн байна. Гэтэл дүрвэгчдийн цуваа тасраагүйгээр барахгүй, Европт толгой хоргодож буй хэдэн сая хүний хувь заяа цаашид хэрхэх нь өнөө ч тодорхойгүй байгаа билээ.

Дээрх хачирхалтай шагналаас үүдэн олон улсын гэх тодотголтой хүндтэй шагнал урамшлуудыг ойлгомжгүй, огтоос нийцгүй шалтгаанаар хүртсэннэртэй улстөрчдийн явдлыг эргэн сөхөж байна. Дараах шагналууд цагаа ч, эзнээ ч олоогүй гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ.

Дүрвэгчдийг аварсан Меркель

 

Олон улсын Дөрвөн эрхийн медаль гэдэг нь 1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн эрх чөлөөний дөрвөн үндэс буюу хүний үгээ хэлэх, шашин шүтэх, айдасгүй амьдрах, үндсэн хэрэглээгээ хангах эрхийн талаар тайлбарласан урт гэгчийн илтгэлээсүүдэлтэй, түүний сонгодог ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шагнал юм.Германы Канцлер хатагтайн хувьд зөв, буруу аль нь ч бай төр барьсан 10 жилийнх нь хамгийн зоригтой, магад хамгийн энэрэнгүй шийдвэр нь Германы хилийг дүрвэгчдэд нээж өгөх байсан байж мэднэ. Гэвч энэ нь онцгой нөхцөл байдлын дээр хаашаа яажшуу эргэх нь өнөөхөндөө тун бүрхэг байгаа асуудал.Мөн Меркель Туркийн Ерөнхийлөгч Эрдоаныг элэглэж, шүүмжилсэн шүлэг бичсэн Германы инээдмийн жүжигчнээс ял асуухыг зөвшөөрснөөрөө иргэдийнхээ үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрхэд халдсан, тиймээс хүний эрхийн шагнал гардах ёсгүй гэж үзэх ажиглагчид байна.

Ядууралтай тэмцэгч Блэйр

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр бол дэмжигч, шүүмжлэгчид нь бараг эн тэнцдэг, орчин цагийн дэлхийн улс төр дэх тун сонирхолтой бие хүн билээ. Тэрбээр дэлхий дахины олон ч саад бэрхшээлийг шийдсэн гэгдэн, хэдэн арваар тоологдох шагнал, өргөмжлөл хүртжээ. Гэвчтэр бүх шагнал нь 2003 онд Америкийн Ерөнхийлөгчтэй гар нийлэн, Иракийг эзлэх цэргийн ажиллагаанд оролцсон, мянга мянган энгийн иргэн амь үрэгдсэн халдлага, довтолгооны эхийг тавьсан гэх таагүй нэрийг нь “цэвэрлэж” чадахгүй байна.Тиймдээ ч түүнийг 2014 онд “Save the Children” байгууллагын Америк дахь салбараас “Ядуурлын гачлан зовлонг түүх болгосны учир” гэх хачин жигтэй тодотголтойгоор “Дэлхийн хүндэт дээд шагнал” гэх өргөмжлөл хүртэхэд 100 мянга гаруй хүн цахим сүлжээгээр нэгдэн эсэргүүцлийн өргөдөл гаргаж, сэтгүүлчид дээрх байгууллагыг ёс зүйгүй хэмээн шүүмжилж байв. “Save the Children”-ий ажилтнууд хүртэл байгууллагынхаа шийдвэрийг буруушааж, шагналаа буцаахыг Блэйрээс шаардаж байжээ.Блэйр мөн 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоноос Эрх чөлөөний одон гардаж, бас л дуулиан шуугианд холбогдож байв. Түүний нэрийг эрх чөлөө, хүний эрх зэрэг үгтэй зэрэгцүүлэх ёсгүй гэж шүүмжлэх хүмүүс ч тэр үед байлаа.

Нобелийн шагналт Киссинжер

Хенри Киссинжер Ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд нарын үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан билээ. Түүнийг 1973 онд Нобелийн Энхтайвны шагналын эзнээр тодруулсан нь уг шагналын түүхэн дэх хамгийн их хэл ам дагуулсан шийдвэр болсон юм. Түүнийг Чили дэх цэргийн дэглэмийг илэрхий дэмжсэн Америкийн “Кондор” хэмээх цэргийн ажиллагааг удирдан зохион байгуулсан хүний нэг, америкчуудыг Камбожийн нутагт бөмбөг хаяхад мөн оролцсон хүн гэлцэж байх үед Нобелийн шагналтнаар өргөмжилсөн нь үнэхээр ч цагаа олоогүй явдал байлаа. Киссинжерт Энхтайвны шагнал гардуулсныг “улс төрийн шилдэг элэглэл” гэж нэрлэсэн ажиглагч ч бий.

Хүний эрхийг дээдлэгч саудууд

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн сард Саудын Арабын Дотоод хэргийн сайд Мохаммед Бин Наяэфийг улсынхаа хамгийн дээд шагналын нэг Нэр хүндийн одонгоор шагнаж, шүүмжлэлийн бай болсон. Тэрбээр Саудын сайдыг хүний эрхийг дээдлэгч хэмээгээд “Терроризм болоод хэт үзэлтэй тууштай тэмцэгч” хэмээн тодотгожээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Саудын Арабыг хамгийн хаалттай, хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг орны нэг үздэг. Харин Дотоод хэргийн сайдын хувьд Бин Наяэфийг цаазын ялыг гардан зохион байгуулагчийн нэг хэмээн хардах нь бий. НҮБ-д суугаа Саудын төлөөлөгч Файсаль Бин Хассан Традыг тус байгууллагын Хүний эрхийн хороо өнгөрсөн есдүгээр сард удирдах зөвлөлийнхөө гишүүнээр сонгосон нь мөн багагүй шүүмжлэлд өртсөн юм.

Энхийг сахиулагч Обама

Цагаан ордны тэргүүн болоод удаагүй байсан Барак Обамад Нобелийн хороо 2009 онд Нобелийн Энхтайвны шагнал олгосон нь Киссинжер нобельтон болсон явдлаас ч илүү хэл ам дагуулж, бүр шагналын эзнийг тодруулах явцад гаднын нөлөө байсан эсэхийг тогтоох тусгай баг хүртэл байгуулагдаж байв. Шагналын тодорхойлолт дээр Америкийн залуу Ерөнхийлөгчийг “сайн сайхан ирээдүйд итгэж найдах ард олны хүсэл сэтгэлийг сэргээж, олон улсын дипломат харилцаа болон улс үндэстэн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин зүтгэсний учир” эл хүндтэй шагналыг олгосон гэжээ.Гэтэл Обама Нобелийн хорооныхны итгэж, хүлээж байснаар хилийн чанад дахь Америкийн хэд хэдэн цэргийн ажиллагааг эцэс болгоогүйгээр барахгүй, шагналаа гардахаас долоо хоногийн өмнө Афганистан руу 33 мянган цэрэг нэмж илгээхээр шийдвэрлэсэн юм. 2011 онд Ливи рүү агаараас довтлохыг зөвшөөрч, тус улсыг иргэний дайны талбар болгосон, талибуудаас Афганистаныг одоо хүртэл хамгаалж чадаагүй, Сирийн хямралыг даамжруулсан, “Исламын улс”-ын өмнө хүчин мөхөс байгаа зэрэг бусад “урам хугалсан” үйлдлийг нь илтэд шүүмжилдэг хүмүүс Обамаг Нобелийн Энхтайвны шагналыг үнэ цэнгүй болгосон хэмээн буруутгадаг.Нобелийн хорооны тэргүүн асан, Норвегийн улстөрч Турбьёрн Ягланд хүртэл Ерөнхийлөгч Обамаг шагналаа эргүүлж өгөхийг хүсэн мэдэгдэл гаргаж байв.

Орчуулагч Г.Лхагвадулам

http://aniryortonts.blogspot.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]