Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

...Үгүй энэ Чойбалсан гуай яагаад манайхаар орохоо болио вэ?Уншсан14,479

Ингэж асуухад өвөө нэг хачин гөлрөөд л дуугүй болчихсон гэдэг. Үүнээс хойш хэдхэн сарын дараа өвөө баригдсан байгаа юм.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсом Монголын түүхийн бараан цаг үеийн гэрч, хэлмэгдлийн хар шуурганд амь амьдралаараа хохирсон төрийн хар хүн. Тэрээр 1939 оны наадмын урдхан буюу долдугаар сарын 9-нд баривчлагдаж, улмаар Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 58.1-А болон 7, 11 дүгээр зүйл ангиудаар яллан Москвад эрүүдэн шүүж, 1940 онд цаазлан хороосон.

Д.Догсомын ач охин Н.Уранчимэгийн дуртгалаас уншигчдадаа хүргэж байна.

Эмээ минь насаараа түгшиж амьдарсан хүн. Хүүхдээ ааваар нь овоглож зүрхлээгүй, залуу насныхаа дурсамжийг тайван сайхан ярьж үзэлгүй явсаар өтөл настайгаа золгочихсон. Хэдийгээр өвөөг маань 1962 онд цагаатгасан боловч тухайн үед хийж байсан кинонуудад ханийг нь, ханийнх нь нөхдийг хамгийн өөдгүй амьтад болгож харуулдаг, ард түмэнд гүн бат ойлгуулдаг байлаа шүү дээ. Бид хожим эмээгээсээ ханийнх нь тухай лавлаж асуудаг байсан. Хүүхдүүд бидэндээ гай болохгүй гэдэг байсандаа ч тэр үү, ялангуяа ажил хэргийнх нь талаар тун бага зүйл хэлдэг юм.

 

Харин өвөө маань хүнийхээ хувьд хэн байсан талаар сайхан дурсамж ярьдаг байсан. Эмээ нэг удаа гурилын уут гөвөөд өгөөч гэж өвөөгийн жолоочийг гуйж л дээ. Тэгтэл өвөө "Наад хүн чинь төрийн албан хаагч болохоос чиний гарын үзүүрт гүйдэг хүн биш шүү" гэж загнасан гэдэг. Эмээ өвөөгийн тухай ярих болгондоо "Догсом маань их амгалан хүн байж билээ" гэж заавал дурсдаг. Анхны эхнэр Бадам гэж эмэгтэй өвөөгөөс салаад жолоочтой нь гэрлэчихэж л дээ. Өвөө маань тэр хоёрт орон гэрээ өгөөд ганцаараа тусдаа гарсан гэж байгаа.

Тэгээд ч зогсохгүй эхнэрийг нь аваад суучихсан тэр хүнээр сүүлчийн мөчийг хүртэл жолоочоо хийлгэсэн юм билээ. Өвөөг баригдсан тэр үдэш эмээ машинд нь орж суухад жолооч нүүр өөд нь эгцэлж харалгүй чимээгүй мэгшиж, мөр нь чичрээд л байсан гэдэг.

Хачирхалтай нь өвөө маань нэг л өдөр нөхдийнхөө араас явна гэдгээ мэддэг байсан бололтой юм билээ. Эмээ ч тэгж хэлж байсан. Өвөө Х.Чойбалсантай их дотно нөхөрлөдөг байж л дээ. Тэд анд адилхан хорхойтой болохоор чөлөө зав гарвал хөдөөгүүр ганзага нийлээд давхидаг байж. Тэгж яваад нутгийн айлд буутал эмээгийн аавынх байсан гэдэг. Өвөө, эмээ хоёрыг анх хэрхэн танилцсаны гэрч нь Чойбалсан гуай ингэж болсон байгаа юм. Тэгээд ч тэр үү, өвөөгийнхөөр ирж цай ууж суудаг, байнга зочилдог байж. Гэнэтхэн гэрээр нь үзэгдэхээ ч байчихсан, гэрийнх нь урдуур морьтойгоо давхиад өнгөрөх болсныг эмээ ажаад "Үгүй энэ Чойбалсан гуай яагаад манайхаар орохоо болио вэ" гэж асуухад өвөө нэг хачин гөлрөөд л дуугүй болчихсон гэдэг. Үүнээс хойш хэдхэн сарын дараа өвөө баригдсан байгаа юм. Чойбалсан гуай өвөөг явсны дараа эмээг ирж уулз гэж дөрвөн удаа хүнээр хэлүүлэхэд нь эмээ очоогүй гэсэн.

 Ардын Бага хурлын дарга Д.Догсом, Бүх цэргийн жанжин, Сайд нарын зөвлөлийн дарга Х.Чойбалсан, Ардын Бага хурлын орлогч дарга Д.Лосол

Яагаад гэвэл Чойбалсан өөрт нь хэлэх үггүй аргаа барна гэж бодоод, өнөө хурц дүртэй, сүр жавхлант Маршалыг тийм арчаагүй байхыг харна гэхээс айсан гэнэ лээ, хөөрхий эмээ минь. "Чойбалсан гуайд журмын нөхдөө золихоос өөр Монголыг аврах гарц байгаагүй ч байж магадгүй" гэж эмээ хэлж байсан. Энэ үгийг би их боддог юм.

Д.Догсом, Д.Лосол, ДЯЯ-ны тасгийн дарга агсан

Ц.Готовсүрэн нарыг цаазаар авахын

өмнө авсан зургууд болон хавтаст хэргүүд 

Монголын сор болсон удирдагчдыг хөнөөх, оюун ухааны хувьд үгүйрүүлэх нь тэр үеийн Зөвлөлтийн бодлого байсан. Гэсэн ч Х.Чойбалсан аль болох цөөн хүнээ өгөөд, монголчуудыг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхээ л хичээж байсан юм болов уу даа. Өвөө ч үүнийг нь ойлгож л байсан байх.

Мэдэхгүй юм даа, амь гаръя гэж бодсон бол албан тушаалаа өгөөд цөллөгт ч болтугай явчихгүй. Эсвэл зүгээр л Монголын төлөө амиа золихоор өөрийнхөө ээлжийг тайван хүлээж байсан ч юм шиг санагддаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]