Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наху гүний тулалдаанУншсан2,347

Таян айж ухарч Наху гүн уулын оройн харьцангүй бага талбайд цэргээ бөөгнөрүүлснийг Чингис хаан чадамгай ашиглаж Найманы цэргийг орой болохоос өмнө бүслэн авчээ.

Түүхч, зохиолч Г.Энх-Амарын “Монголын нууц товчооны мянган оньс хэмээх Нуман түлхүүр” номоос (зохиогчийн зөвшөөрөлтэй)


Чингис хаан Наху гүний тулалдаанд өөрийн хүн хүчний цөөн байдлыг чухалчилан тооцож, мэргэн түшмэл Додой чэрбийн “агтаа амарч цадмагц Найманы харуулыг дайрч, гол хүчинд нь хүртэл оруулаад тэр үймээнд хатгалдваас болох” гэсэн зөвлөгөөг мөрдлөг болгожээ. Хамгийн эхэнд Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй дөрвийн удирдсан, хүр гэсэн газар хүрч хүний зүрх шантлагсадыг ухарч буй Найманы харуулыг гэзэг даруулан оруулж араас нь тойрон туйлан довтлогч Уруд, Мангуд аймгийн цэргийг залгуулж Чингис хаан өөрөө Архай Хасарын мянган баатар цэргийг манлайлан байлдаж түүний араас Хавт Хасрын толгойлсон гол хүч түрэн орж иржээ. Тэмүгэ отчигон бэлтгэл цэрэг агтыг авч давшин дайрч буй их цэргийг ууц сүүл мэт залган дэмжив.

Өглөө Цахир Мөөрсөөс Найманы харуулыг бүдүүний уул дамжуулан 60 гаруй км газар үлдэн хөөж үд гэхэд Наху гүний өвөрт байсан гол хүчинд хүрч санамсаргүй байтал цохилт өгч эхэлжээ. Таян айж ухарч Наху гүн уулын (1) оройн харьцангүй бага талбайд цэргээ бөөгнөрүүлснийг Чингис хаан чадамгай ашиглаж Найманы цэргийг орой болохоос өмнө бүслэн авчээ. Найманы цэрэг хэдий олон ч байлдааны хөдөлгөөн /маневр/ хийж боломжгүй болжээ.

 

Таяны хүү Хүчүлэг эцэгтээ нийлэн ирэх гэж яарахгүй цэргээ тусдаа байлгаж байсан нь Таяны мөхлийг хурдасгажээ. Эсрэг талын цэрэг тооны хувьд олон агт морьд нь тэнхээ сайтай байсан учраас сунжирсан тулалдаан болвол Чингис хаанд маш аюултай байсан тул дайснаа цочирдуулж тэр байдлаа сулруулахүй хадгалж, сэхээ авахуулахгүй шахан бөөгнүүлж эмх цэгцгүй байдалд оруулж цохилт өгөх ганц арга зам байсан юм. Гол хүчийг яаравчилан цохисон үед араас ирэх нэмэгдэл хүчийг эсэргүйцэн тулах боломж байв.

Жамуха олон сарын өмнөөс Монголын олон аймаг цэрэг иргэнийг дагуулан очиж Таян хаанд нийлсэн хэдий ч Найманууд Чингис хааны Монгол айгмгийн хүчийг үнэлэхгүй байсан учраас Жамухыг чухал холбоотон түшиг гэж үзэхгүй байсан нь Жамухад гоморхол төрүүлсэн байв. Наху гүний тулаан эхэлж байхад Найманы бүх цэрэг цуглаагүй тулалдааны нэгдсэн баримтлал төлөвлөгөөгүй байсан, тулалдааны эхнээс л Найманууд тэвдэн бүтэлгүйтэж сандарсан, Чингис хааны шийдмэг цохилт Таян ханы туршлагагүй ихэмсэг зан аймхай байдал зэргийг харж байсан Жамуха тулалдаан яаж төгсөх байсныг эрх биш төсөөлж Чингис хааны цэрэг тулж ирэхээс өмнө амжиж зайлахаар шийдэж Чингис хааны цэрэг мөрдөн хөөхөөс болгоомжилж Чингис хаанд байдлыг мэдээлж хүн явуулаад дагалдагч иргэдээ сарниулахгүйн тулд тулалдааны талбайгаас зугтжээ.

Таян хан ялж чадахгүй ялавч Таян, Хүчүлүг, Хори субэчү, Хөгсү сабраг Жамухад эрх мэдэл өгөхгүйг Жамуха сайтар ойлгож байсан юм. Зарим нь Жамухыг Чингис хааны төлөө ажиллаж байсан гэх нь бий. Жамуха Чингис хааны атаат дайсан байсныг сайн судлаагүй, Жамуха Наху гүний уулнаас зайлсан нь Хүчүлүг ба Мэргидүүд Наху гүнд амжмж ирж чадахгүй Таян хан нэгэнт ялагдах болсныг мэдмэгц өөрийнхөө дагалдагч иргдийг сарниулахгүй авч гарч цаг хожих бодол байв.

Наху гүн ууланд Чингис хаан Найманы цэргийг бүслэхдээ газар орны байдлыг сайн судалж эгц хажуутай баруун хэсгийг задгай орхиосон бололтой. уулан дээр байсан Найманчууд үүнийг харж мэдээд шөнөдөө үүгээр дамжин бүслэлтээс гарахаар шийдсэн нь сүйрэлд хүргэжээ. Наху гүн уулын баруун хажуу нь Мялангийн голын усанд идэгдсээр ханан хад, мөргөцөг, асгатай эгц налуу үүссэн бөгөөд энэ нь бүрэнхийд дээрээс харахад бараг мэдэгдэхгүй тул түрхрэн хөдөлсөн олон морьт цэрэг дээр дээрээсээ унаж сүйрцгээжээ. Таян хан Чингис хааныг ийнхүү зориглон угтаж ирнэ гэж төсөөлөөгүй байна.

Халх голоос Саарь хээр хүртэл 1500 км шахуу газарт Чингис хааны цэрэг аялан ирж Таян хааныг цэргээ цуглуулан засаж чадаагүй байхад нь шийдмэг цохиолт хийснээрээ 1204 оны зуны дунд сарын сүүлчээр болсон Наху гүний тулалдаанд Чингис хаан онцгой ач холбогдолтой ялалт байгуулжээ. Наху гүнд Найманыг ялснаараа Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад учрах саад бэрхшээлийг үндсэнд нь арилгасан байна. Наху гүнд Чингис хаан ялаагүй бол Монголын нэгдсэн улс бүрэлдэн тогтох түүхэн боломж алдагдах ч байсан байж, магадгүй.

Наху гүний тулаан бол бага хүчээр давуу хүчтэй дайснаа ялах цэргийн урлагийн сонгодог жишээ болсон юм. Байлдааны бэлтгэлийг богино хугаацанд оновчтой шаргуу хийсний гайхамшигтай жишээ бас байна. Чингис хаан их ёсыг сэтгэгч баримтлагч учраас шархаа даалгүй нас барсан Таян ханаа хүндэтгэлтэй оршуулах боломжийг олзлогдсон найман нарт олгосон нь эргэлзээгүй билээ. Лах баян уулын зүүн оройд олон хүн оршуулсан бололтой нийтийн булш бий.

Түүний дээх нь тусгайлсан булш байгааг ухаж судлууштай.

(1) Монголын нэгдсэн төр байгуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн алдарт тулаан болсон Наху гүн уул нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн суманд буй Лах баян уул юм. Наху гэдэг нь Луух гэдэг нэр Нуух болж сунжирсан адил Лах болж өөрчлөгджээ. Хан, Хун, Гүн Баян, Хан болж өөрчлөгддөгийн жишээгээр Хун, Гүн нэр Баян болжээ.

Ингэж Наху гүн уул Лах Баян уул гэж нэрлэгдэх болжээ. Лах Баян уул орчныхоо уулнаас өндөр том учир Лах нэрэндээ тохирч байна. Монголд том биетэй хүнийг Лах эр, бүдүүн хүнд модыг лах мод гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]