Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Гитлер, Сталин хоёрыг гайхашруулсан Килрой гэж хэн бэ?Уншсан6,003

Та энэ бичгийг хаа нэгтээ харсан мэт санагдаж байна уу? Шулуун шугам нь хана бөгөөд түүний цаанаас гарын дөрвөн хуруу нь цухуйх, царай муутай халзан нөхрийн хоёр нүд цухуйна.

Kilroy was here... Та энэ бичгийг хаа нэгтээ харсан мэт санагдаж байна уу? Шулуун шугам нь хана бөгөөд түүний цаанаас гарын дөрвөн хуруу нь цухуйх, царай муутай халзан нөхрийн хоёр нүд  цухуйна. Заримдаа ганц нэг үс байх бөгөөд яг л халзан Тавхай гуайн толгой шиг харагдах нь ч бий. Хамгийн том таних тэмдэг нь асар урт хамар, уг бичиг хоёр. Нэг харсан хүн үүнийг мартана гэж үгүй болов уу. Тэр халзан нөхрийг л Kilroy гэдэг бололтой юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед баруун фронтод  холбоотны цэргүүд  Гитлерийн Германы дайчидтай тулалдан ялж, ялагдсаар ямарваа нэг хот, газар орон, бүр өчүүхэн жижиг толгодыг ч гэсэн эзлэн авахад тэнд энэ бичиг байж л байдаг байлаа. Хамгийн гол нь тэрээр хаана ч, ямар ч газар нутаг дээр хамгийн түрүүнд очоод тэмдэг тавьсан байдаг нь ялангуяа шинэ цэргүүдийн гайхлыг төрүүлж бишрүүлдэг байв. Хуучин цэргүүд чимээгүйхэн инээн, юм хэлэхгүй учир шинэковууд тэрхүү Kilroy гээч нөхрийг мундаг дайчин, тусгай ангийн баатар, дээд зэргийн царай муутай нөхөр гэж хоорондоо шивэр авир гэлцэх бөгөөд түүний тухай өчнөөн төчнөөн домог яриаг буудах дуртай нөхдүүд зохиосон байж таарна.

Дайны төгсгөлд Потсдамын хурал болох газар Сталин орчиход хүртэл ханан дээр энэ бичиг байсан бөгөөд сониуч гүрж “хэн бэ? юу гээд биччихсэн байгаа юм?” гэж асуусан юм байх. “Цэвэр Бритиш” хэлтэй орчуулагч нь “холбоотны  Kilroyгэдэг нэртэй цэрэг нөхөр энд байсан тухайгаа бичжээ” гэж орчуулж. Оросууд Берлины Рейхстагийн ханыг янз бүрийн Иван, Сергейгээр... дүүргэж байсан болохоор Сталин тэрний нэг л гэж бодсон юм байгаа биз. Дараа нь Сталин Америкийн албаны нөхдүүдээс “ энэ нөхөр гэж ямар хүн байна, уулзах боломж байна уу” гэж асуусан гэсэн нэг домог гэх үү, үлгэр гэх үү нэг явган яриа бий.

Дайны дараа энэ нөхөр бүр ч их тэнэсэн бололтой ба бүр Жомолунгма-гийн орой дээр (Гималай, Эверест), Эрх чөлөөний хөшөөний толгой дээр хүртэл Kilroy was here-гээ бичсэн байдаг гэж цуурах юм. Зарим нэг нь “Саран дээр энэ бичиг байдаг юм гэнэ лээ” гэж чимээгүйхэн, нууцхан  хэлэхийг нь яана.

Германы Гитлер гуай энэ бичгийн тухай бас мэддэг байсан бөгөөд үүнийг харин ямар нэг сахилгагүй цэргийн тэнэглэл биш харин тусгай албадын нууц тэмдэг, дохио холбооны нэг арга гэж сэжиглэж байсан юм гэнэ лээ.

Энэ Килрой гэж ямар хүн байваа? гэвэл:

Бостоны усан онгоц барих том үйлдвэрт нэгэн шалгагч байж гэнэ. Тэр нөхрийн нүднээс хэрийн юм мултарч гарна гэж үгүй бөгөөд тэрээр шалгаад болж байна гэсэн тэмдгээ тавьсан бол энэ нь ямар ч чанарын тэмдэг, баталгаанаас илүү найдвартай зүйл байдаг байж. Тэрхүү шалгагчийн нэр нь Жеймс Килрой (1902-1962)  бөгөөд түүний шалгаж, ашиглахыг  зөвшөөрсний  тэмдэг нь энэ  Kilroy was here  гэсэн шохойгоор бичсэн бичиг байв. Энэхүү хөгжилтэй, царай муутай эрийн төрх бүхий бичлэг Америк цэргүүдийн сэтгэлд ихэд таалагдсан бөгөөд  дайны хүнд хүчир цагаар бяцхан ч гэсэн сатаарахын тулд дээрх тэмдгийг аливаа шинэ газарт очсон нөхөд болгон тэмдэг болгон тавьдаг болсон гэдэг. Сонирхолтой нь энэ тэмдгийг тавьсан ямар ч хүн өөрөө бичсэн гэж хэлдэггүй, түүнийг энд ирэхэд энэ бичиг байж байсан гэж ярьдаг бичигдээгүй хуультай байсан юм гэнэ лээ. Дайны дараа бүр ч дэлгэрсэн бөгөөд бүр АНУ-ын Вашингтон дахь Дэлхийн 2-р дугаар дайны мемориал-хөшөөн дээр энэ бичгийг оруулсан байна.

Саран дээр энэ тэмдэг байдаг байж болох тухай яриаг дэмий зүйл гэж хэлэхэд бас төвөгтэй. Саран дээр буусан Америкчууд дунд эвгүй гарууд нэлээд байсан бөгөөд Армостронгийн нөгөө “амжилт хүсье, мистер Горски”-г санахад л хангалттай байх.

Харин Эверест дээр энэ бичиг байсан эсэхийг гавьяат уулчин Г. Өсөхбаяр (Гавьяат тамирчин Г. Өсөхбаяр дархан аваргатай андуурахгүйн тулд гавьяат уулчин гэж бичлээ)-аас нэг асуухсан..

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]