Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аваргаа би тонгорно, та тогтоно шүү!Уншсан6,401

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу?

Толгойлогч сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмний дунд үлдээсэн домог хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.


Та аварга хүн байж айлын хэцээр

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу? аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах даажигнахын алин болох нь мэдэгдэхгүй  өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

Аваргаа би тонгорно, та тогтоно шүү

Монгол улсын даян аварга Буур хэмээх Нацагийн Жамъян гуай Банди арслантай барилдсан тухайгаа ингэж ярьжээ. Нэгэнтээ улсын наадам Яармагийн дэнжид болж байхад аварга Жамъян Өвөрхангайн улсын арслан Бандийг амлан авчээ. Тэгтэл Банди арслан:

- Аваргаа би тонгорно, та тогтоно шүү гэж аархаад гарчээ. Наадамчид хараа бэлчээн амьсгаа даран ширтэхvйд Банди арслан ухасхийн урт гараараа аваргын далбааны араас давуулан атгуут л солгой, зөвгvй шаламгайлан сэлгүүлэн тонгорч, тачигнан тvрэмгийлэхдээ нэг хоёр гурав гээд тоолон бужигнаж, аварга ч тогтож тогтож, хорин зургаа дахь бухалтанд ташаан дээгүүр нь суман зоогоороо унахад Богд уул тасраад явчих шиг нvд бvрэлзэж билээ гэж Жамъян гуай ярьдагсан. Буур Жамъян гуай ам авахдаа аль бяртай цолтойг шилж барилддаг эрийн нvнжигтэй бөх байжээ.

Д.Дамдинг дор нь пурхийлгэнэ

Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар “Дамдин аварга нэлээн харимагдуу болсон хойноо 1974 онд 53 жилийн ойгоор 6-гийн даваанд арслан У.Мижээгээ амлаад орхиж дээ”.

У.Мижиддорж арслан, Ш.Лүгдэв гуайгаар засуулаад дэвж байхдаа “Би энэ муу Дамдинг хаяна, олон жил ч уналаа, хаячихаад цээжин дээр нь нидрээд шороо пурхийлгэнэ. Одоо нэг хаях цаг ирлээ, та миний шуудаг, элэг бүсийг хуруу байтугай хумс ч орохооргүй чангалаад орхиорой, дор нь пурхийлгэчихээд тугаа тойръё” гээд данхалзаж байна гэнэ. Ш.Лүгдэв гуай бодохдоо олон жил нухлуулсан юм даа. Одоо ээлж нь ирж гэж сэтгэл өег бодож зогсчээ. Гэтэл аварга ид үеийнх шигээ л нөгөө дор нь пурхийлгэнэ гэсэн арсланг хоромхон давжээ. Тэгж пурхийхээ мэдсэн юм бол урьд нь тэгж сүр бадруулаад яанаа. Бөх бөхөө гаршуулна гэдэг энэ байх даа" гэж хуучилсан сан.

Чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян Түвшин гэгч түүнд нэрмэл Монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж: "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр доромжилсонд,

Шагдар: "Аа тиймүү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ. "Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр, өөрийн ганц биеэрээ, тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодьё. Түүнээс биш хүн хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ" гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд, Босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож, үүд рүү нь шууд гүйж очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд, урагшаа зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторхи хогшлынхоо хамт Босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ.

Үүнд сандарч тэвдсэн Түвшин ч бачимдан хашхирч: "Одоо боль, боллоо" гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины хашааны өмнө нь аваачиж орхисон байв. Энэ явдал тэр хошуу нутгаар түрхрэн хэлцэгдэж, хошуу нутгаараа Шагдарыг ихэд шагшин гайхсаар эл яриа нь одоо домог болон үлджээ.

Айлын хөхүүртэй айраг авч явсан нь

Г.Дэмүүл арслан энэ тухайгаа ингэж ярьжээ. "Намар нэлээд оройхон Д.Батмөнх гэж жолоочтой хамт хоёр машинтай Өмнөговиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаад болдоггүй, Хужиртаас нэлээд урагш хуучин Шанх гэж байсны ойролцоо унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа очих гэсэн наана нь машин орохооргvй сvрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. 1 км орчим л газар байсан байх. Айлд яваад орсон идээ, цай амсуулчхаад айраг амсуулах янзгvй. Сайхан том хөхүүртэй айраг шуугиад л, ёстой хорхой хvргэж байна. 5 литр айраг худалдана уу? гэсэн дургvй байгаа бололтой: Манайх явуулын хvнд айраг зардаг айл биш гэж байна. Жаахан дургvй хvрлээ. Эвгvй ч vг хэлсэн биз.

Гэрийн эзэн бололтой хvн: Чи яасан омогтой шартай хvн бэ? даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа гэж байна. Дургvй хvрч байна гэж хачин, босоод хөхүүрийг нь тайлж аваад шууд үүрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггvй шууд зvтгүүлсээр байгаад гарлаа. Тэр чигтээ алхчихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн даахгvй газар тавибал буцааж гэрт хvргэж өгнө шүү гэж байна. Дуугарсан ч vгvй, яваад л байлаа. Харин нөгөө гvнзгий жалганд орчихоод гарч чаддаггvй, мацсаар арай гэж ирмэгт хvрээд буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм үүрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгvй яахав. Тэгээд шууд давхичихсан, нөгөө айлын хvмүүс ч зогсоод хоцорлоо.

Нэлээд хол очоод айргаа ёстой 5,10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин. Тэгээд яахав замдаа уусаар явсаар аймгийн төв дээр ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юм. Найз нөхөд уусаар байгаад 40-н литр айраг л vлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан хөхүүрийг нь эвхэж, нэг шил архи нэлээд чихэр, талх боов аваад нөгөө айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сvрхий байна. Би хөхүүр, боов, чихрээ өгөхдөө: Танайх чинь хөхүүртэй айрагтай байхдаа хvнд амсуулдаггvй хавчиг савтай болохоор сvрхий өглөгч болох юмаа. Хөхүvр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа гэж билээ." Ийм л юм болсон доо гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]