Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: My Way киноны бодит түүх буюу олзлогдсон солонгос цэрэгУншсан6,894

Библи-д “Эхэнд үг байсан” гэдэг шиг эхлээд энэ зураг олджээ. Энэ бол 1944 онд Оверлорд ажиллагааны үеэр (холбоотнууд Нормандид буусан ажиллагаа) Германы олзлогдсон үй олон цэргийг байцааж байх үед авсан нэгэн зураг юм.

Өмнөт Солонгосын My Way (Миний туулсан зам гэж орчуулах юм болов уу) хэмээх уран сайхны, спортын, адал явдалт, тулаант, драм киног үзсэн үү? Үзсэн бол энэ киног нэг эргэн санахыг бодоорой.

Библи-д “Эхэнд үг байсан” гэдэг шиг эхлээд энэ зураг олджээ. Энэ бол 1944 онд Оверлорд ажиллагааны үеэр (холбоотнууд Нормандид буусан ажиллагаа) Германы олзлогдсон үй олон цэргийг байцааж байх үед авсан нэгэн зураг юм. Олзлогдсон “Хансуудыг” бодвол ихээхэн өөр царай зүстэй энэ эрийг Германы холбоотон япон цэрэг гэж үзэн зургийн тайлбартаа ч “Герман цэргийн хувцастай Япон цэрэг Америкийн офицерт нэр усаа хэлж байгаа нь” гэж бичсэн байж. Харамсалтай нь залхуу зурагчин маань чухам хэн гээч хүн байсныг нь асууж, бичсэнгүй.

2005 оны үеэр Солонгосын нэгэн хэвлэл энэ зургийг олон нийтэд харуулж “энэ бол яав ч япон биш харин солонгос хүн байна” гэсэн тайлбар хийсэн бөгөөд зураг ч овоо шуугиулаад авч. Ингээд томоохон компаниуд яаж яваад нэгэн солонгос хүү хаа байсан Францын эрэгт, Герман цэргийн хувцастай баригдчихсан зогсож байдаг билээ гэдгийг тодруулахаар Франц, Герман, АНУ-ын архивуудыг ухаж эхэлжээ.

Судалгааны дүнд энэ хүн нь Ян Кен Жон байж болох нь гэсэн таамаг гарсан бөгөөд түүний зам мөрийг ерөнхий байдлаар гаргаж авсан байна.

Наран улсынхаа эзэн хааны төлөө

Энэ нөхөр 1920 онд төрсөн бөгөөд төрсөн газар нутаг нь одоогийн хойд Солонгос, тухайн үеийн Японы колони нутаг байлаа. Япон хүнийг бодвол доод гаралтай Солонгос хүний эдлэх эрх хязгаарлагдмал байсан бөгөөд их, дээд сургуульд сурах, том албан тушаал хаших, ер нь л тарган цатгалан амьдрах боломжгүй байв. Гэхдээ Японы иргэн болоод авбал байдал өөр. Олон солонгосчууд чухам ийм замыг сонгож байсан бөгөөд Ян Кен Жон ч бас энэ замыг шилэн авсан бололтой. Япон хэлээр ярьдаг болж, бүрэн японжсон боловч ялихгүй зусар баяжихад саад гэгчээр ядуу хэвээр үлдсэн ба гарсан ганц өөрчлөлт нь Солонгосын биш харин Японы ядуу иргэн болсон явдал байв.

1937 онд Япон Хятадын дайн эхэллээ. Зарим судлаачид хөөрхий Яныг  1938 онд сайн дурын гэсэн нэрээр хүчээр цэрэгт татагдсан гэж баталж байхад зарим нь сайн дураараа цэрэгт явсан нь үнэн гэж бичнэ. Үнэн худлыг ялгаж мэдэх биш Ян цэрэгт явж хятадуудтай үзэлцэх болсон л үнэн. Гэтэл энэ нь ч бас худал байжээ.

Японы эзэн хаанд эцсээ хүртэл үнэнч байж, буруу хэрэг хийвэл гэдсээ хүүлэхээ тангарагласан Ян Хятадад биш харин Монголын нутаг, Халх голын орчимд, хятадуудтай биш Зөвлөлт - Монголын цэрэгтэй тулалдах болж.

Хэрхэн тулалдаж явсныг нь мэдэхгүй ч Япон цэргийн хувьд шившиг болох олзлогдох гэдэг зүйлийг анх тэнд үзэх нь тэр. Дээр дурдсан кинонд гардгаар бол Зөвлөлтийн тэр олон БТ танкуудын эсрэг мань эр овоо баатарласан юм байх. (Явган цэргийн дэмжлэггүйгээр дан танкууд дайрч байхыг бодоход алдарт Яковлевын дайралт бололтой).

Халх голын дайн дуусч Японы олзлогдсон цэргүүдийг бөөн бөөнөөр нь буцааж байх үед Ян ямар учиртайг бүү мэд буцсангүй. Магадгүй Японд олзлогдсон цэрэг гэсэн гутамшигт амьдралаар амьдарч байхын оронд Орост байж байгаад ойрхон нутаг Солонгос руугаа буцах санаа байсан байж болох. Ямар ч бай Наран эзэндээ өгсөн тангарагаа мартсан байна.

Эцэг Сталины төлөө

ЗХУ-д энэ хүн ямар нөхцөлд байсан тухай баримт, материал бараг үгүй бөгөөд бодвол олзлогдсон цэрэг хойно “засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерт” байсан байж таараа. Амьдрах арга сайтай хүн хойно нэг л өдөр Зөвлөлтийн цэргийн дарга дээр очиж Солонгос хүн тэрээр Японы дарлал дор ихэд зовж шаналж байснаа ярьж эцэг Сталиныг бишрэн хүндэтгэдэг, Зөвлөлтийн иргэн болох хүсэлтэй гэж. Гай болж амар тайван амьдрах гэсэн ЗХУ нь Германтай том "зодоон" хийх боллоо. 1942 оны зуны сүйрлийн дараа Зөвлөлтүүд Яныг цэрэгт атаж “мосин” үүрүүлээд “дамбал” нөмөргөөд  дайнд хөөвөө хөөрхий.  

1943 оны хавар болсон Харьковын төлөөх гурав дахь тулалдааны үеэр Зөвлөлтийн 100 000 гаруй цэрэг алагдаж, шархтан сураггүй алга болсны нэг Ян Кен Жон байв.

Агуу их Фюрерийн төлөө

Ян Кен Жон бас л баригдсан байна. Магадгүй Германы тэр их агуу хүчийг үзээд биширсэн байж болох ба яг л цагаа олж гараа өргөн амь насаа хадгалж үлдсэн биз. Бодвол их Фюрерийн холбоотон Япон цэрэг тэрээр зэрлэг Оросуудтай баатарлагаар дайтаж байгаад олзлогдсон, Гулагт-т хэрхэн зовж шаналж байсан ч коммунистуудыг хэзээ нэгэн цагт няц дарна гэдэгт итгэж явдаг, Сталин муу гүржийг үзэж чаддаггүй, эцэг болсон Фюрерийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ... гэх мэтийн юм ярьсан байх.

Зөвлөлтийн буриад, халимагуудтай төстэй царайтай энэ зальтай нөхрийг юмыг яаж мэдэх вэ гээд дорнод фронт биш хаа байсан Францын нутаг руу  “Hugo Boss” хувцас нөмөргөөд, “шмайссер” үүрүүлээд цөлөвөө хөөрхий. Дорнод фронтын тэр айхавтар махны машинаас хол бараг л дайн дажингүй сайхан нутагт ирээд жаргаж эхэллээ. Хааяа муусайн “ари” нар дээрэлхэж , зодож нүдэхийг эс тооцвол жаргал байлгүй яахав.

Гурав дахь удаагаа олзлогдсон нь

Бадарчин явсан газар балагтай гэж ямар хүн хэлснийг мэдэхгүй. Бодвол Ян Кен Жоныг мэддэг хүн хэлсэн байх гэмээр. Дайн дажингүй амар тайван байсан Норманд нутагт 1944 оны зун АНУ, түүний холбоотон улсууд том десант буулгаж бас дахиад л дайн тулаан.  Омаха бич мэтийн хэсэгт дорнод фронтоос дутахгүй махан овоо босож (цэрэг Райны ах дүүсийн алуулдаг тэр хэсэг. Ян Кен Жоны тухай киног чухам Спилбергийн цэрэг Райныг аварсан нь киноны арга барилаар хийсэн гэдэг) хүн үй олноороо үхэж үрэгдэж эхэллээ. Манай нөхөр яасан?

Мэдээж дайн байлдаанд амьд үлдэх хамгийн сайн арга бол цагаа олж хоёр гараа хурдан өргөх явдал гэдгийг сайн мэдэх учир нүдээ тас аниад хоёр гараа өргөөд л ...

Энэ явдлын дараа байцаагдаж байхад нь дээрх зургийг авсан аж. Үүнээс хойш түүнийг бас олзолсон десантчид нартайгаа явж байгаад Германы удирдлагагүй болсон анги нэгтгэлд хэдэн цаг баригдсан, бүслэгдсэн гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бий. Мань хүний замыг бодоход ийм явдал болсон байхад гайхах зүйл алга.

Баригдсан залуу маань дайн дуустал Их Британийн хорих ангид хоригдож, нэгэн нартай өдөр өнөөхийг маань хашааны гадаа гаргаад, харсан зүгтээ яв гэжээ. Үүнээс хойш энэ хүний амьдрал, зам мөрийг хоёр янзаар бичдэг билээ.

Зарим мэдээгээр бол мань эрийг дайны дараа нутагт нь буцаасан гэдэг. Тэгвэл 1950 оны хоёр Солонгосын дайнаар бас л ... юу хэлэх гэснийг маань ойлгосон байх.

Харин бидний тэр Ян Кен Жон маань 1947 онд Америкийн иргэн болсон бөгөөд эхнэр хүүхэдтэй болж 1992 он хүртэл амьд мэнд байжээ. Харин үр хүүхдүүд нь аавынхаа туулсан байж болох зам мөрийн тухай огт мэдэхгүй, сонсоогүй гэдэг юм гэнэ лээ. Магадгүй Ян Кен Жон маань энэ зураг дээрх хүн биш байж ч болох юм.

Солонгосын үндэсний баатар

Энэ хүний тухай “Миний туулсан зам” киног хийж дэлгэцнээ гарсны дараа тэрээр Солонгосын баатар болжээ. Кинонд бол гүйдэг харайдаг байсан тэрээр эр зориг тэсвэр хатуужлын дээдийг, үнэнч нөхөрлөл гээч юу болохыг үзүүлнэ. Цуг бүх л зовлонг нь хамт туулсан япон офицер түүний нэрээр бараг л Олимп, Дэлхийн аваргын тэмцээнд орж байгаагаар кино дуусдаг билээ.

P.S.

Энэ киноны төгсгөл дээр гардаг шиг зүйл үнэхээр болсон бөгөөд япончууд удаан хугацаагаар ямар нэг тэмцээн уралдаанд оролцох эрхгүй байгаад 1951 оны Бостоны марафон тэмцээнд оролцох болжээ.  Хиросимагийн цөмийн бөмбөгдөлтөд өртөж байсан Шигеки Танака хэмээх япон хүн Америкийн тэр том тэр тэмцээнд түрүүлсэн ба хуучин дайсан нь ялж, барианд орох үед үзэгчид юу ч дуугарч чадахгүй, чив чимээгүй өнгөрсөн гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 6. 11:43
ЗоССчин

Олзлогдохын одонд төрсөн гаруу.....

9 сар 16. 3:27
Зочин

хахахаа

9 сар 5. 23:39
Зочинррр

Аргагүй шдээ энэ чинь солонгос гөлөг юм чинь

9 сар 5. 20:06
Зочин

ухсэн арслангаас амьд нохой дээрээ гэж орос ах нар чинь хэлдэг юм

9 сар 5. 19:39
Зочин

яагаад олзлогдсон нь ойлгомжтой амьсгаа байна..

9 сар 3. 2:11
WartaNirun

Солонгосын "цагаа олж гараа өргөх тактик"... хахаха

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]