Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Брежневийн онгоц руу хийсэн дайралтУншсан7,810

ЗХУ-аас буцаж ирсэн даруйдаа де Голль Франц улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргах ажлыг эхлүүлсэн билээ...

1961 оны хоёрдугаар сарын 9. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгч, сүүлд ЗХУ-ын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Леонид Ильич Брежнев хэмээх нүд хөмсөг болсон залуу Гвиней улс руу албан ёсны айлчлал хийхээр нисэж байлаа. Түүний сууж яваа ИЛ-18 онгоц Газар дундын тэнгисийн дээгүүр, Алжир хотоос 130 км зайтай, 8250 метрийн өндөрт нисэж явах үед гэнэт Францын таних тэмдэг бүхий  байлдааны тийрэлтэт онгоц гарч иржээ.

 

Эдгээр онгоц гарч ирэхээс хэдхэн минутын өмнө ИЛ-18 өөрийн байрлал чиглэл зэргээ дахин тодруулж, урьдчилж өгсөн чиглэлээ яг барин явж байгаагаа француудад (алжируудад) мэдэгдсэн байна. Тиймээс тийрэлтэт онгоцыг нэг их тоосонгүй. Гэтэл Францын байлдааны онгоц Ил-18 явж байгаа чиглэлийг дайран урдуур нь хоёр-гурван удаа орсон бөгөөд түүний эрчилсэн урсгал угаас дуу шуу ихтэй, тохь тух тааруу Ил-18 дотор ихээхэн хэцүү болгосон байж таарна. Энэ үед ИЛ-ийн дарга Алжирын агаарын харилцаа зохицуулах төв рүү англи болон франц хэлээр яаралтай мэдээ дамжуулсан ба болж байгаа үйл явдлыг “Байлдааны сөнөөгч онгоц манай онгоцыг тойрон маневр хийж байна. Аэрофлотын Ильюшин-18 , №75708. Сөнөөгч онгоцыг холдуулахыг хүсье” гэсэн үгээр дамжуулсан байна.  Алжирууд хоёронтоо ОК гэж хариулсан байдаг.

Гэтэл байдал улам хүндэрсэн бөгөөд онгоц тойрон маневрлаж байсан сөнөөгч онгоц  дайралт,  оролт хийж эхэлсэн байна. Тэрхүү оролт хийж байх үедээ хоёр удаа ИЛ-ийн чиглэл дагуулан буудсан бөгөөд нэг ёсны чиглэлийг нь хаасан галан хаалт хийжээ.

Сүүлд Леонид Ильич өөрөө хэлэхдээ “тэр үед бүх л зүйл хормын дотор шийдэгдсэн юм. Онгоцны дарга Бугаев өөрийн багийн хамтаар иргэний нисэх онгоцыг галаас зайлуулж бүгдийн амийг аварсан билээ” гэж  байжээ.

Тэр үед Алжирийн агаарын харилцаа зохицуулах төв яах гэж ОК гэж хэлсэн нь оньсого бөгөөд тэгж хэлээд ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй, эсвэл ердөө л “эздийнхээ” үйл явдлыг яаж тайлбарлахаа мэдэхгүйдээ тэгж хэлсэн байж болох юм. Сөнөөгч онгоцноос салж чадсан ИЛ цаашаа явсаар хүрэх газраа хүрч, эрүүл саруул буцан ирсэн байна.

Одоо  төрийн тэргүүнийг (Брежнев тэр үед төрийн нэг номерын албан тушаалтан байсан) нь дайрч буудсан францчуудтай хийх дипломат дайн эхлэх цаг. ЗХУ-ын Гадаад явдлын яам эсэргүүцэл, нотоо бичсэн бөгөөд Францын Гадаад явдлын яамнаас нэг л мэдэгдэл хийсэн гэдэг. Тэр нь хоёрдугаар сарын 10-ны өдөр байсан бөгөөд  “маш харамсалтай явдал болсон... Францын засгийн газар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа ...” гэх зэрэг үгс байжээ.

Гэсэн хэдий ч Генерал Голль, түүний Засгийн газраас цаашид өөр юу ч нэмж тайлбарлаж, нөхцөл байдалтай холбоотой шинэ зүйл огт  мэдээлсэнгүй. Хамгийн сонирхолтой нь энэ тухай Францын болон Алжирын хэвлэлд ямарваа нэг мэдээлэл гаралгүй, юу ч болоогүй мэт таг болсон байна.

Энэ явдлаас хойш гурван хоногийн дараа Конго улсын Ерөнхий сайд Патрис Лумумба алагдсан бөгөөд дэлхий дахины хэвлэл мэдээлэл, тэр тусмаа ЗХУ-ын хэвлэл мэдээлэл, гадаад бодлого, тусгай албад чухам энэхүү шуугиант, цаашид ихээхэн үр дагавартай байж мэдэх хэрэгт хамаг анхаарлаа хандуулсан байдаг.

Тэгсээр 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болсон бөгөөд энэ бол Юрий Гагарин сансарт анх гарсан өдөр билээ. Тухайн цагт хүн сансарт гарсан мэдээ нь бусад олон чухал мэдээллүүдийг таг дарах үнэнхүү онцгой үйл явдал байсан нь тодорхой.

Харин Леонид Брежнев энэ тухайд юу бодож байсан бол?

Үнэн худал нь үл мэдэгдэх нэг ийм яриа бий.

 Францын Ерөнхийлөгч, алдарт жанжин де Голль ЗХУ-д айлчилж байх үед ЗХУ-ын нам, төрийн жинхэнэ удирдагч болсон Брежнев түүнээс Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуу зөөх чадалтай хүнд пуужингийн туршилтыг хамт үзэж сонирхохыг хүссэн байна. Цэргийн жанжин эсэргүүцсэнгүй. Тив алгасагч баллистик пуужингийн хөөрөх явц Францын Ерөнхийлөгчид маш айхтар сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд дээр нь тайлбар хийж байсан “генсек” НАТО-гийн том хотууд руу ийм пуужингууд онилсон байж байгаа гэсэн юм ярьж. Тэгэхэд де Голль энэ пуужин тэгээд Парижийг онилон байгаа гэж үү хэмээн дуу алдан асуусан байна.  Леонид Ильич хэсэг чимээгүй зогссоноо “ үгүй энэ биш ... өөр пуужин” хэмээн инээд алдсан гэдэг.

ЗХУ-аас буцаж ирсэн даруйдаа де Голль Франц улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргах ажлыг эхлүүлсэн билээ...

Энэ яриа  нэлээд маапаантай сонсогддог ч Франц улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргахад Брежнев  де Голльд багагүй нөлөөлсөн гэж үздэг. Түүнд де Голлийг дарамтлах баримт, өөрийн нүдээр харсан зүйл, дотор нь бодогдох зүйл ямар нэг хэмжээгээр байсан хойно. Чухам ийм зүйлд зориулж тэрхүү агаарын дайралтыг хэрэгтэй цаг болтол таг чимээгүй орхисон байж ч болох юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]