Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүннүгийн хүчирхэг цэрэг армиУншсан6,306

Эртний улсуудын үед улс оршин тогтнохын нэг үндэс нь төр, төр оршин тогтохын нэг үндэс нь хүчирхэг цэрэг арми байлаа.

Эртний улсуудын үед улс оршин тогтнохын нэг үндэс нь төр, төр оршин тогтохын нэг үндэс нь хүчирхэг цэрэг арми байлаа. Хүннү улс хэдийгээр хүн амын тоогоор цөөн боловч өөрөөсөө хэд дахин олон хүнтэй Хан улсыг цэрэг зэвсгийн хүчээр буулган авч тэднээр алба татвар төлүүлж байсан билээ.

Хүннүгийн хүн амын тоо Хан улсын нэг мужаас ч бага байсан бөгөөд хүннү судлаач ихэнх эрдэмтдийн тооцоолсноор (В.С.Таскин, Л.Н.Гумилев, Ма Чан шоу гэх зэрэг) Модунь шаньюйн үед Хүннүгийн хүн амын тоо 1 сая 500 мянга орчим байсан гэжээ. Хятадын түүхэн сурвалж болох “Ши цзи” буюу “Түүхэн тэмдэглэл”-д “Байдан ууланд Хан улсын Гаодигийн цэргийг бүслэхэд Модунь 400 мянган цэрэгтэй байсан” гэсэн бол мөн хятадын эртний түүхэн сурвалж болох “Хан шу” буюу “Хан улсын бичиг”-т 300 мянган цэрэгтэй байсан гэжээ.

Хан улсын түүхч Цзя И-гийн (НТӨ 200-168 он) мэдээгээр 5 хүнд нэг цэрэг оногдож байсан байна. Хүннү улс өмнөд, умард хэмээн хуваагдсанаас хойш буюу нийтийн тооллын 90 оны байдлаар өмнөд Хүннү 3400 өрхтэй, 237300 хүнтэй, 50179 цэрэгтэй байжээ. Харин хятадын хүн ам Цин Ши хуанди нэгдсэн улс байгуулснаас хойш Мин улсын мөхөх хүртэл 1800 гаруй жилийн түүхэнд үндсэндээ 5000 түмээс дээш, доош бага зэрэг хэлбэлзэж байжээ. Хан улсын (400 гаруй жил) үед хүн амын тоо 5000-6000 түм орчим байв. Энэхүү хүн хүчний тооны эрс ялгаатай тал нь хоёр улсын цэргийн хэрэг, байлдах арга технологид шууд тусгалаа олжээ.

Хүннү улс маш хүчирхэг цэрэгтэй  байсан учир гадагш аян дайн хийж урьд Хятадад алдсан газар нутгаа эргүүлэн аваад зогссонгүй баруун зүгт довтолж одоогийн Казакстаны нутагт оршин сууж байсан нүүдэлчин малчин Усунь аймаг болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотыг байлдан эзэлж эрхшээлдээ оруулж тэдгээр орныг шууд захирах “Динлин ван”, “Дунху ван”, “Хуцзе ван” гэх албан тушаалтныг томилон суулгадаг байжээ.

Хүннү улс төр цэргийн нэгдсэн зохион байгуулалттай байсан учир улс орны амьдралд цэрэг онцгой үүрэг гүйцэтгэж байв. Модун шаньюй олон овог аймгийг нэгтгэх, хөрш зэргэлдээх олон улс орныг эзлэхэд хүннү цэрэг гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрээр “Цэрэг бол төр, улсын гол хэрэгсэл...” хэмээн үзэж улсдаа цэргийн шинэчлэл хийж, цэргүүдийг нэгэн удирдлага дор нэгтгэж, маш хатуу чанд сахилга баттай болгож чадсанаараа  хүчирхэг байжээ.

Түүхэн сурвалжид бичсэнээр Модунь шаньюй исгэрэн дуугарах дуут сум үйлдээд нэг өдөр ан ав хийж байхдаа гэнэт өөрийн нэгэн хайртай хүлэг морины зүг сумаа харважээ. Цэргүүдийн дийлэнх нь түүнийг даган харвасан боловч нэг хэсэг нь харваагүй тул тэдний толгойг тас цавчжээ. Хэд хоногийн дараа Модунь өөрийн хатан руугаа харважээ. Зарим цэргүүд айн тээнэгэлзэж харвалгүй үйлдээд мөн толгойгоо авахуулжээ. Дараагийн удаа анд явж байгаад Модунь эцгийнхээ хүлэг морийг харвахад цэргүүд цөм даган харважээ. Ийнхүү байсаар Модуны цэргүүд түүний тушаалыг үг дуугуй даган биелүүлэх болсон гэдэг. Хожимхон нь нэгэн удаа Модунь эцэг шаньюйн хамт ан ав хийж яваад гэнэт эцгийн зүг сумаа харвахад цэргүүд цөм даган харваж Түмэн шаньюйг хороосон хэмээн тэмдэглэсэн байдаг.

Хүннү нар хүчирхэгжихээсээ бүр өмнө хүчирхэг морьт цэрэгтэй байсан бөгөөд Хятадын Чжао улсын У-Лин ван Хүннү цэргийн жишгээр цэргийн зэвсэг, дээл хувцсандаа шинэчлэл хийж, цэргээ морь унах, харвах намнахад тусгайлан сургадаг байжээ.

Хятад сурвалжид өгүүлснээр хүннү нар хятадуудтай тулалдахдаа давхилт дундаа алсын зайнаас  харвахыг илүүд үздэг байсан ба тэд энэ эрдмийг бүр багаас эзэмшдэг агаад нас биед хүрэх үедээ харвах намнах чадвараар гойд сайн болсон байдаг байв. Энэ тухай ”Ши цзи” буюу “Түүхэн тэмдэглэл”-д "Хүүхэд дөнгөж хонь унаж чадах болмогцоо хулгана, зурам харвах ба нэлээд өсч ирэхлээрээ үнэг, туулай харваж иднэ. Нум хэрэглэж чадах хүн болгон цэрэг болно" гэсэн байна.

Хүннү “Намар адуу мал таргалах үеэр бүх хүмүүс ой модыг самнан ан хйидэг” байсан ба энэ мэт зохион байгуулалттай ав хомрого нь нэг ёсны цэргийн сургууль болдог байв. Нум сум бол хүннүгийн байлдааны болоод ангийн гол зэвсэг байсан бөгөөд Хүннү-Парфяны нум нь НТӨ I зууны сүүлч гэхэд хамгийн шилдэгт тооцогдож байжээ. Тийм учраас Хүннү нар хятадуудтай тулалдахдаа давхилт дундаа алсын зайнаас харвахыг илүүд үздэг байв.

Хүннү эр бүр аян дайнд оролцох ёстой бөгөөд хятад сурвалжид өгүүлснээр “Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог” байсан ба Монгол, Өвөр-Байгальд явуулсан археологийн судалгаанаас үзвэл бараг эр хүн бүрийн булшинд зэр зэвсгийн зүйлийг дагуулан оршуулсан байна. Хүннү цэрэг нь тус тусын овог аймгийн цэрэг эр бус, улсын цэргийн нэгдсэн аравтын зохион байгуулалттай байсан бөгөөд улсын дэвсгэр нутгийг хятадын түрэмгийлэл зэргээс батлан хамгаалах эсхүл бусад орныг довтлон эзлэх, дээрэмдэх үүрэгтэй байжээ.

Хүннү улсын цэргийн зохион байгуулалт нь дайны нөхцөлд дээд зэргээр зохицсон, цэргүүд дайн тулааны цаг болоход үтэр түргэн нэгдсэн зохион байгуулалтад орж чаддаг байсан ба цэргийн тоо зарим үед бараг хагас саяд хүрч байсан байна.

Хүннүгийн цэрэгт хараат орны иргэд ч алба хаадаг байв. Хүннүгийн засаг захиргааны үндсэн доод нэгж нь чжан буюу ло байв. Энэ нь нэг өрх айл гэсэн үг.  ”Хожуу Хан улсын түүх. Баруун хил бүлэг”-т “...нэг өрх нь нөхөр, эхнэр, хүү, охин ойролцоогоор таван хүн байна” гэжээ. Хүннүгийн насанд хүрсэн идэр эрийг “Хуягт морьт цэрэг”-т тооцно. Ихэвчлэн нэг өрхийн нэг идэр эр морьт цэрэг болж, арван өрхийн арван идэр эр цэргийн доод нэгжийг бүрдүүлнэ. Аравтын даргыг томилно. Цэргийн доод нэгж нь нэгдэж 100 хүн болоход зуут болж, зуутын дарга захирна.

 

Ингэж зуутаас мянгат, мянгатаас түмт болох маягаар арми зохион байгуулагдана. Нэг аймагт ойролцоогоор 5000-6000 хүн байна. Тэд мянгат болж мянгатын дарга удирдана. Хүчтэй ван нь түмэн морьт цэрэгтэй, хүчгүй нь хэдэн мянган морьт цэргийг удирдана. Мөн жижиг ван сянбан, дувэй, данху, цецюй зэрэг доод тушаалын түшмэд байх ба тэд ванд захирагдана.

Хүннү цэрэг дайнд явахдаа ачаагаа хариуцуулахаар гэргий, хүүхдээ авч явдаг, түүнийгээ “Гэр цэрэг” гэдэг байв. Хүннү нар гэр орон, хөрөнгө хогшлоо аван нүүх болон урт хугацааны аян дайнд явахад гэр тэрэг чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хүннүгийн гэр тэрэгний талаар хятадын сурвалжид "хятадууд хүннүг довтлон Фэнь вэнь гэгчийг нь хэмхчиж, гэрийг эвдсэн",  "Хүннүгийн байлдааны хөсөг залгаа залгаагаар цувран одном", "Хүннүгийн хөсөг тэрэг нь алт, мөнгөөр чимэглэж, торго, чийгээр бүрж, будаагүй цулгуй боловч бат бөх нь гайхалтай" гэх зэргээр өгүүлсэн байдаг.  Эл “Фэнь вэнь” гэдгийг Ин шао тайлбарлахдаа хүннүгийн тэрэг мөн гэснээс гадна, Тан улсын тайлбарлагч Янь Ши-гу дуудлагыг нь Фунь гэжээ. Сюй шэнь НТ 100 онд зохиосон "Шо вэнь" хэмээх тольд "Тэрэгтэй бөмбөгөр сууцыг" (чэ хун лун) "Фэнь" гэдэг гэжээ. Манай эрдэмтэн Д.Доржийн үзсэнээр хүрлийн үед (НТӨ III-II мянган жилд) холбогдох Өвөрхангай аймгийн Ховд сумын ойрхи Тэвш уулын хадны зураг дотор дөрвөн морь хөллөсөн дөрвөн дугуйтай тэрэг буйг дөрвөн морь хөллөсөн дөрвөн дугуйтай гэр тэрэг” гэжээ.

Хүннүгийн эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил морь унаж, нум сум харваж чаддаг. “Хожуу Хан улсын бичиг. 79 дүгээр бүлэг”, “Давс төмрийн бодлого. Гавьяа бүлэг” зэрэгт өгүүлснээр “Хүннү эмс охид цэргийн хуарандаа мал сүргээ хариулдаг. Ар талын нүсэр ажлыг дангаар гүйцэтгэдэг. Алсын аян дайны үед эмэгтэйчүүд, хөгшид үхэр, хонь, адуу, луусаа даган нүүдэллэж цэргийг хоол хүнсээр огт үл тасалдуулдаг” байжээ.

Хүннүд хойт эх, бэр, бэргэнтэйгээ нөхрийг нь үхэхээр суух, тэтгэх гэрлэлт (левират) болох овгийн байгууллын үеийн ёс заншил хадгалагдсаар ирсэн нь Хүннү цэргийн байлдааны чадварт ихээр нөлөөлдөг байв. Учир нь цэрэг эр дайнд үрэгдмэгц бэлбэсэн гэргий, үр хүүхэд нь ганцаардлын зовлон амсдаггүй, эр цэрэг дайн тулаанд орохдоо ар гэртээ санаа зовохгүйгээр байлддаг нь хүннү цэргийн сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд шийдвэрлэгдсэн чухал асуудлын нэг байв. Хүннүд мөн цэргийн сэтгэл санааг дэмжиж урамшуулахын тулд  “Дайсны толгойг авчирсан хүнийг нэг шил дарсаар шагнаж, олсон олзыг нь бүгдийг нь өгдөг”  байв.

Хүннүд их цэрэг, цоохор цэрэг гэж хоёр төрлийн цэрэг байсан ба их цэрэг нь байнгын, цоохор цэрэг нь түр цэрэг байсан тухай сурвалжид гардаг байна. Хүннүгийн түмт, мянгат, зуут, аравтын дарга нар цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг бүрэн хариуцдаг байв. Эцэст өгүүлэхэд нүүдэлчид газар тариалангийн суурьшмал соёл иргэншилт орнуудаас хөдөлгөөнт чанар, цэргийн хэргийн мэдлэгээр илүү байжээ. Үүнээс гадна эрт болон дундад үеийн нүүдэлчдийн цэргийн техник технологи нь хөрш улсуудынхаасаа дутахааргүй, харин ч маневрын тактикаараа илүү байжээ.

Доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]