Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нисдэг цайз буюу үхэлтэй тэмцсэн B-17 онгоцныхонУншсан7,929

Хамгийн сонирхолтой нь энэхүү шүүрэн шанага болсон, төмрийн хогийг засаж янзлан эргээд агаарт гаргасан гэж байгаа юм шүү.

Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан Америкийн хүнд бөмбөгдөгчид нь техникийн үзүүлэлт, бат бөх, найдвартай байдал зэрэг олон үзүүлэлтээрээ бусад улсын нисэх хүчнээс давуутай биш бүр хол давуутай байсан гэж хэлж болох байх. Үүний нэг нь жишээ нь тухайн үед олноор хэрэглэж байсан нисдэг цайз хэмээх B-17 онгоц юм. Энэ онгоц маш их гэмтэл авсан ч байлдааны даалгавраа биелүүлэн эргэн ирсэн олон сонин зураг байдгаас хамгийн алдартай зураг, түүний түүхийг энэ удаа сонирхуулъя.

Америкийн 414-р бөмбөгдөгч эскадрилийн 97-р бөмбөгдөгч группийн «All American III» хэмээх нэртэй B-17F бөмбөгдөгч 1943 оны хоёрдугаар сард Тунисийн дээгүүр байлдааны даалгавар биелүүлж явахдаа Германы сөнөөгч Мессершмитт-109-д  дайруулсан байна. Харилцан буудалцах үед Германы сөнөөгч нисгэгч шархдан онгоцоо удирдах чадваргүй болсон бололтой чигээрээ давхиж ирэн  ”нисдэг цайзын” арын хэсгийг дээрээс доош чиглэлд мөргөжээ. Цохилтоос болж германы сөнөөгч онгоц бут үсэрсэн ба зарим нэг хэсэг нь бөмбөгдөгч онгоцны их биед хавчуулагдан үлдсэн байна. Бөмбөгдөгчийн хувьд  зүүн стабилизатор,  (тэнцүүлэгч буюу онгоцны сүүл хэсэгт байх жижигхэн далавч шиг зүйл) өндрийн руль тэр чигээрээ тасарч унан, онгоцны их бие ар хэсгээрээ ихээхэн хэмжээгээр зүсэгдэн сүүл хэсэг салж унах аюултай болсон төдийгүй зүүн талын нэг хөдөлгүүрийн тос алдаж эхэлжээ. Сүүл хэсэг нь тэр чигээрээ гэмтсэн, радио холбоо, цахилгаан хэрэгсэл бараг бүгд ажилгүй болсон төдийгүй арын хамгаалагч буудагч бусад нөхөдтэйгөө нийлэх боломжгүй болсон байв. Нисэх багийнхан онгоцоо аврахын тулд өөрсдийн чадах чинээгээрээ сүүл хэсгээ онгоцны их биетэй бэхэлсэн ба өөрсдийн аврал болох шүхрийн олс дээсээр уяж зангидаж байж нэг бэхэлгээ маягийн зүйл хийжээ.

Онгоцны багийнхан ийм ажил хийж байх үед нисгэгч бай дээрээ ирэн бөмбөгөө мултлахаар бөмбөгийн нээлхийг нээлээ. Нээлхий нээгдэх үед маш хүчтэй салхины урсгал онгоцонд орж ирснээс болж багийн нэгэн гишүүн өнөөх зүсэгдсэн хэсэг рүү шидэгдэн орсон байна. Түүнийг янз бүрийн зүйлээр татаж гаргах гэж багийн дөрвөн гишүүн бага зайд, ихээхэн хүч зарсны хүчинд ямар ч байсан татаж авч чадлаа. Бөмбөгөө хаяж дууссан учир нээлхийг хаан салхины урсгал үгүй болох үед арын хэсэгт түгжигдэн байгаа буудагчаа өмнөх аргаараа авах гэж оролдож эхэллээ. Гэтэл түүнийг  байрнаасаа холдох тусам онгоцны сүүл хэсгийн чичиргээ улам хүчтэй болж байсан ба чухамхүү тэр буудагч нь өөрийн жингээрээ ямар нэг байдлаар чичиргээ бага байх тэнцвэржүүлэгч болж байсан бололтой. Аврах ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Энэхүү буудагчийн дотор юу бодогдож байсан бол? Онгоц унах болоход юу ч хийж чадахгүй гэж бодохоор...

Онгоц буцаж гэрийн зүг эргэхдээ маш болгоомжтой, сүүл хэсэгт аль болох бага хэмжээний ачаалал өгөх гэж хичээх учир ихээхэн холуур, хурд, өндрөө алдан байж чиглэлдээ орсон ба бусад онгоцнуудаасаа бүрэн хоцорч барааг нь алдсан байв. Энэ үед гэмтсэн, ганцаараа яваа “нисдэг цайзыг” хоёр “мессер” дайрсан боловч онгоцны багийнхан эсэргүүцэн буудсаар ойртуулалгүй салж чадсан байна. Хоёр буудагч бүр өнөөх зүсэгдсэн салж унах гэж байгаа ангархай хэсгээр буудаж байсан гэх ба харин арын хэсэгт түгжээтэй суугаа буудагч ганц нэгхэн буудсаны дараа онгоны дарга буудахыг нь хориглосон байна. Учир нь арын буудагчийн буудалтын  тийрэлт, түлхэлт онгоцны арын хэсэгт ихээхэн нөлөө үзүүлж, онгоцны чиглэлийг өөрчлөх байдалд хүргэж байсан гэдэг.

Удалгүй сөнөөгч «P–51» нар энэхүү онгоцыг тосон хамгаалалтдаа авсан ба дээрх алдарт зургийг чухамхүү эдгээр сөнөөгч нар авсан байна.  Онгоцыг тосож авсан сөнөөгч нар төв бааз руугаа мэдээлэхдээ “нисдэг цайз” онгоцны сүүл хэсэгт савлан яг л усан дотор загас сүүлээ хөдөлгөн байгаатай адилхан харагдаж байна гэж мэдээлж байсан нь байдал ямар байсныг харуулах хамгийн сайн жишээ биз ээ. Сөнөөгч нар ийм гэмтэлтэй онгоц газарт бууж яасан ч чадахгүй гэж дамжуулж байсан ба холбоо барих аргагүй учир гар хөлөөрөө онгоцоо хаяад үсэр, бааз руу ойртуулахгүй, аюултай гэж ойлгуулах гэж дохио өгч байв. Тэднийхээр бол шүхрээр үсрэх л ганц зам үлдсэн бололтой. Гэтэл «B–17»-ийн нисгэгч бүх шүхэр, нөөц шүхрээ хүртэл онгоц бэхлэхэд зориулсан учир шүхрээр үсрэх ямар ч аргагүй, бууна, замаас зайл гэж дохиогоор ойлгуулж чадлаа.

Бааз дээр буух нь бусад онгоц, нисэх бүрэлдэхүүнд аюултай учир 40-өөд км зайтай тэгш, онгоц буухад маш тохиромжтой нэгэн талд газардах болсон байна. Ингээд мөргөлдөөнөөс хойш хоёр цаг хагасын дараа, сүүлээ “хаялан” явах онгоц маань ослын буулт хийсэн ба энэ аюултай нислэг, газардах үйл ажиллагааны үеэр ганц ч хүн гэмтэж бэртсэнгүй. Онгоц буусны дараа олон хүн гэмтлийг хараад нислэгийн үеэр салж унаагүйд нь үнэхээр гайхаж байсан гэдэг. Олон хүн зөвхөн тэнгэр бурхны аврал, тусын тухай л ярьж байсан аж. Тэр тэнгэр бурхан гэж онгоц зохион бүтээсэн, үйлдвэрлэсэн ажилчид, инженерүүдийг хэлж байсан байлгүй.

Нэмээд хэлэхэд онгоцны сүүл хэсэгт хоригдсон байсан буудагч мөлхсөөр онгоцноос гарах үед арын хэсэг нумран газар унасан гэдэг.

P.S.

“Нисдэг цайз” бол үнэхээр бат бөх онгоц байсныг харуулах өөр хэдэн жишээ.

Энэ онгоц 1944 онд байлдааны даалгавар биелүүлэн бөмбөгөө хаясны дараа зенитийн их бууны суманд оногдон, тэр сум онгоц дотор дэлбэрсэн байна. Буудагч амь үрэгдэж онгоцны бараг бүх бүхээгийн заалтууд, хэрэгсэл ажиллагаагүй болсон боловч нисгэгч Лоуренс Де Ланси маш бага хурдаар явсаар Ла Маншийг даван газардаж чаджээ.

Энэ онгоц 1944 онд Унгарын Дебрецен хотыг бөмбөгдөж байхдаа зенитийн их бууны суманд оногджээ.  Багийн хоёр гишүүн амь үрэгдэж бас хоёр нь хүнд шархтсан ч нисгэгч Гай Миллер онгоцоо Италид эсэн мэнд буулгасан байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү шүүрэн шанага болсон, төмрийн хогийг засаж янзлан эргээд агаарт гаргасан гэж байгаа юм шүү.

“Нисдэг цайзын” сүүл хэсэг зенитийн их бууны суманд оногдсон байдал. Хачирхалтай нь онгоцны арын хэсэг хамгаалах буудагч маань үхээгүй бөгөөд дэлбэрэлтийн үеэр онгоцноос шидэгдэн газарт шүхрээр буусны дараа олзлогдсон байна.

Зенитийн их бууны сумны тэсрэлтийн хэлтэрхийд биш харин шууд оногдсон боловч буцан ирж, газардаж нисгэгч, багийн гишүүнээ эсэн мэнд үлдээж байсан энэ найдвартай машины дараагийн үе болох В-24, B-29 зэрэг нь бат бөхийн хувьд “нисдэг цайзаас” дутахгүй, олон зүйлээр илүү байсан бөгөөд ялангуяа B-29 Superfortress бол тусдаа, жичдээ  “амьтан”  билээ. Жичдээ онгоцыг нь дараа жичдээ бичих боломж олдох биз ээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 9. 9:56
Зочин

Айхтар цайз даа. Аэродинамикийн гайхашигт бүтээл гэж явдаг. Оросууд одоо ч В29-д дөхөж очих бөмбөгдөгч хийж чадахгүй л байна. Ту 95 өөрөө В29-ын цэвэр хуулбар шүү дээ

9 сар 9. 11:02
Зочин

Tу95 онгоц В17-гийн цэвэр хуулбар

9 сар 12. 12:48
Зочинzochin

NOMER NEG TEEVER GEJ GADAADAD UZDEG

9 сар 9. 11:20
BoldЗочин

War thunder toslotsgooyo. Free download teed mongolchuud togoldog skodron bnalee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]