Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Хубилай хааны гүнжийн сүмУншсан4,127

...Сүмийн дотор бас Хоншим бодисадын дуган, Лусын эзний ордон бий.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар


ХУБИЛАЙ ХААНЫ ГҮНЖИЙН СҮМ

 

Хубилай хаан 1260 онд өөрийгөө Их Монгол Улсын хаанд өргөмжлөн, улсын нийслэлийг Хархорумаас өмнөд газарт шилжүүлэн одоогийн Бээжин хотод төвлөрүүлж, хятадаар Дайду буюу Их нийслэл, монголоор Хаанбалгас хэмээн нэрийдэж, их хотыг цогцлоон байгуулсан түүхтэй. Ийнхүү Монголын эзэнт гүрэн дөрвөн нийслэлтэй болсон авай. Тэдгээр нь анхны нийслэл Хархорум, их нийслэл Дайду-Хаанбалгас, Шанду буюу Дээд нийслэл Гийвэн балгас, Жунду буюу Дунд нийслэл Цагаан хот болно. Нэг нь Монголд, гурав нь Хятадын нутагт, бүр тодотговол сүүлийн хоёр нь Өвөр Монголд байдаг. Өнөөдөр дөрвүүлэнгийнх нь үлдэгдэл туурь их, бага хэмжээгээр буйн дотор Дайду-Хаанбалгасынх бүхэн бүтэн хот маягтай томоохон цогцолбор Бээжин хотын төв дунд бий. Хархорумын үлдэгдэл туурь ямархан буйг монголчууд бид сайн мэдэх бол үлдсэн хоёр хотын хувьд үзэх, өгүүлэх зүйлс бас л багагүй. Шанду хэмээх нь олон улсад Занаду/Xanadu/ гэдэг нэрээр танигдсан, Хубилай бээр Монголын их хаанд өргөмжлөгдөж хэдэн жил ордлон суусан газар бөгөөд сүүлд Бээжинд ордлон суусан хойноо зуны халууныг энд ирж зусан өнгөрөөдөг заншилтай байсан ажгуу. Зөвхөн Хубилай гэлтгүй, Юань гүрний монгол хаад ямагт энд ирж зусдаг байжээ. Үүнийг өгүүлэгч бээр хэдэн жилийн өмнө “Их гүрний дөрвөн нийслэл” нэртэй ном бичсэнээ хэвлүүлж амжилгүй асаар өдийг хүрээд байгаагаа дурдахын хамт эл номыг ивээн тэтгэх буянтан байх аваас хамтран хэвлүүлэхэд бэлэн байгаагаан илэрхийлсү.

 

Их гүрний их нийслэлд хэдэн арван орд харш, сүм хийд, цамхаг суварга барьж босгосны дотор зөвхөн сүм хийд гэхэд л их бага нийлсэн 40 шахам сүм хийд байгуулагджээ. Нийт Юань гүрний нутаг дэвсгэрээр авч үзвэл энэ тоо бүр олон байх нь дамжиггүй. Гэвч энэ тухай жич дурдсу.  Зөвхөн Бээжин хотод барьж байгуулсан байшин барилгуудын дотор хятадын Даос буюу монголоор Бомбын ёс, Күнзийн суртал, Христ, Будда, Лалын шашны зэрэг олон шашны сүм хийд аль аль нь байснаас Буддын буюу бурхны шашны сүм хийд хамгийн олноор баригдсан байдаг. 1290-ээд оны үед Монголын их гүрний нийслэлд Христосын шашны төв Ромын Хамба ламын элчин төлөөлөгчийн газар байсан төдийгүй хоёрын зэрэг томоохон католик урсгалын сүм баригдаж Христосын шашны номлол сургаалын зан үйл гүйцэтгэдэг байжээ.

(Хубилай хааны гүнжийн сүмийн төв хаалга)

Бээжин хотоос чанх баруун зүгт 50 гаруй км-т орших Мэнтоугоу дүүрэгт Таньжөшань хэмээх ууланд байдаг энэ сүмийг монголчууд Хубилай хааны гүнжийн сүм гэдэг. Хятад нэр нь Таньжөсы сүм гэнэ. Битүү мод бут, өвс ногоогоор хучигдсан, өндөр уулын энэ газар нь байгалийн үзэмжээрээ гайхалтай сайхны дээр зуны бэрх халуун цагт ч сэрүүн сэвшээ сэвэлзэж байдаг тааламжтай сайхан цаг агаартай авай. Монголын түүхэнд холбогдох хоёр сүм энд бийн нэг нь энэ ажгуу. Энэ томоохон сүм нь Хятад газар Бурхны шашин дэлгэрэх анхан үеийг түүх намтартай холбогддог, 1700 гаруй жилийн түүхтэйн дээр мөн XIII зууны үеийн Монголын түүхэнд холбогдоно. Хубилай хааны гэр бүлийн дөрвөн хүн-хаан, хатан, хүү, охинынх нь хөшөө баримал өнгөрсөн зууны жараад оныг хүртэл энд залаастай байсан нь Соёлын хувьсгалын үеэр устгагдсан гэдэг. Ер нь энгийн иргэдийн ам дамжсан хууч яриа хийгээд сүмийн судар шасдирт дурдсанаар бол энд Чингис хааны, түүний өвөг дээдсийн онгон шүтээн  залаастай байсан хэмээн өнөө ч яригддаг байна.

(Гүнжийг оршоосон суварга)

Таньжэсы хэмээх энэ сүм нь анх нийтийн тооллын 3 дугаар зууны үед баригдсан агаад хожмын олон үеийн туршид Хятад газрын бурхны шашны хамгийн том сүм хийдийн нэгэнд тооцогдсоор иржээ. Сүмийн их хаалганы дээр “Анхилуун уулын ариун хийд” хэмээх үгс бичээстэй байх ба байгалийн сайхан бүрдсэн энэ газарт бурхны сүм хийд цогцлоосон нь аргагүй л үе үеийн хаад дээдсийн морилон саатдаг, сүслэн мөргөдөг ариун дагшин газар орон болсоор ирсэн түүхтэй. Гол дуганын ар талд хэдэн зуун жилийн настай, тэвэрт багтамгүй бүдүүн, тэнгэр халхалсан өндөр өтгөн модод сүндэрлэх агаад тэдний хоёр нь брахма хэмээх мод гэнэ. Энэтхэг зүгийн брахман буюу манайхны нэрлэдгээр бярманы шашны нэрээр нэрлэгдсэн энэ моддыг бас “бурхан мод” гэдэг ажээ. Тэдний дунд агч өөр хоёр модыг бүр X зууны үед буюу монголчуудын язгуурын өвөг гэгддэг Хитаны Ляо улсын үед суулгасан, өдгөө даруй мянга илүү настай гайхамшигт удган чанартай мөнгөн гүйлс модод хэмээмой.

Сүмийн хашааны нэгээхэн зайд бяцхан хулсан шугуй зэрэглэх агаад хойд нутгийн хүмүүст өмнө зүгийн хулс модод сонин сайхан байх нь дамжиггүй. Ногоон, шар өнгийн хальстай хулс модод эгц  шулуун эгнэн зэрэглэн ургасан нь мөчир намиа нь саглайн багсайгаад үзэмж төгс харагдана. Хулс бол хятад хүний хувьд эрхэмлэн дээдэлдэг мод агаад маш бат бөх, эгц шулуун ургадаг энэ мод нь нугаршгүй чанга, гуйвшгүй чигч зан чанарын бэлгэдэл болдог байна. Бас үелэн ургадаг, олон үетэйг нь үлгэрлэн хүний амьдрал, аж төрлийг, түүний он жилүүдийг тэр мэт цаг ямагт шат шатаар ахин дээшилж, дэвжин дэлгэрч байхыг бэлгэдэн илэрхийлдэг ажээ. Ийм учиртай, бэлгэ ерөөлтэй ургамал болохоор нь хятадууд эрт цагаас янагш хулс модыг уран зураг, яруу найраг, дуу аялгуунд ихээр дүрслэн зурж, магтан дуулсаар ирсэн байдаг. 

Сүмийн дотор бас Хоншим бодисадын дуган, Лусын эзний ордон бий. Лусын эзний ордны гадна талд энэ сүмийн үнэт эрдэнэсийн нэгэнд тооцогддог 1 метр урттай, 150 кг хүнд жинтэй чулуун загас өлгөөстэй бий. Цул хар ногоон солирын чулуунаас бүтсэн энэ загас нь домгийн үгээр бол өмнөд далайн ёроолоос лусын эзний илгээсэн ид шидтэй зүйл агаад хүмүүсийн ямар эд эрхтэн нь өвчин хуучтай байнав, энэ загасны мөн тэр хэсэгт гар хүрч илбэн, эдгэрэх хүсэл сэтгэлээ шивнэн хэлэхэд аяндаа өвчин нь илааршдаг гэнэм. Шидэт загасанд хүрч илбэн таалахаар эгнэн дугаарлагсдын урт дараалал мушгиралдан үргэлжлэх нь сүсэг бишрэл гэгч юутай хүчтэйг илтгэх мэт ээ.

Монголын Юань гүрний анхдугаар их хаан Хубилай бол Бурхны шашинг онцгойлон анхаарч, түүнийг төрийн шашин болгон залсны дээр, Бурхны шашны сүм хийд, суварга цамхаг олноор барьж байгуулан, бурхны шашны соёл, урлаг, утга зохиолыг ихэд хөхиүлэн хөгжүүлсэн юм. Тийм ч учраас Хятадын түүхэн дэх 25 төрт улсын дотор Монголын Юань улс хөгжил цэцэглэлтээрээ онцгойрдог болой. Тэрбээр хаанчлалын он жилүүддээ тухайн цагт Бээжин хотод бараг цөөхөн байсан бурхны шашны сүм хийд болох Таньжэсы сүмд үе үе морилон ирж өргөл мөргөл үйлддэг байсан гэх төдийгүй, өвөг дээдсийнхээ шарил чандрыг залж хадгалан тахиж тайдаг байсан гэдэг. Монголын хаад эхэндээ олон шашинд ижил хандах бодлого барьж байсан бол Юань улсын үеэс Бурхны шашныг илүү чухалчлан үзэж, улмаар 1260 онд Хубилай хаан түвдийн Пагва ламыг улсын багшаар өргөмжилснөөр энэ шашин давамгайлах болсон учиртай. Хубилай хаан төр улс, ард түмнийг захиран жолоодох хос ёсны бодлого гэгчийг бий болгон бүх улс даяар дэлгэрүүлэн мөрдүүлжээ. Энэхүү хос ёсны бодлого гэгч нь төрийн хэргийг иргэний ёсоор буюу Күнзийн суртал тэргүүт суурьшмал улс түмний хууль ёс, журам дэглэмээр гүйцэлдүүлж, ард иргэдийг Бурхны ном сургаалаар залж дагуулах бодлого байсан юм.   

(Гүнжийн хөлийн ормыг хадгалсан хөх тоосго энэ хайрцагт бий)

Энэ газар байгалийн үзэсгэлэн бүрсэн тул жилийн аль ч улиралд ирэхэд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх нь хэн хүний сэтгэлийг эрхгүй татан дууддаг болох нь өнөө ч илхэн харагдана. Нэн ялангуяа зуны бүгчим халуунд номин уулсын сэрүүн сэвшээ үлээн, анхилуун үнэрт агар зандан моддын навч мөчрийн сэрчигнээн дунд дууч шувууд уран яруу жиргэн донгодохын ялдар лам арш нарын номын ариун уншлага дуунд бие сэтгэл эрхгүй тавиран тайвширч, эгэл ертөнцийн түмэн зовлонгоос гэтэлгэн жаргаадаг байжээ.

Хубилай хаан Бурхны шашныг энэ мэтээр ихэд анхааран хөгжүүлж дэлгэрүүлэх явцад хааны охин нь Бурхны сургаал номонд татагдан орж гэлэнмаа болон насан туршдаа энд шавилан суугаад, ертөнц дахиныг эзлэн хураахдаа сайн муу их үйлийг бүтээсэн эцгийнхээ нүгэл хилэнцийг нимгэлэхийн төлөө чин сүсгээр явсаар жанч халсан гэдэг. Мяо-ян гүнж хэмээх энэхүү сахилын нэрийг монголчилвол Үзэсгэлэнт шударгуу гүнж гэсэн утгатай юм. Он удтал мөргөл үйлдэн зогссоор гүн хонхорхой үүсгэсэн хоёр хөлийнх нь ором бүхий хөх саарал тоосго, шарилыг нь чандарласан 18 метр өндөр суварга зэрэг монголчуудын хувьд нэн сонирхолтой нандин үзмэрүүд энд бий. 

 (Хубилай хааны гүнжийг оршоосон суваргын тухай тайлбар самбар)

Бас энэ сүмийн түүхэнд тодрон мөнхөрсөн нэрт хүмүүс, хувилгаан гэгээнтнүүдийг оршоон бунхалсан суваргат ойн цэцэрлэгт Үзэсгэлэнт шударгуу гүнжийн шарилыг оршоосон тахилын суварга сүндэрлэн байдаг. Мянганы тэртээх цаг үеэс янагш үе үед тодрон гарсан хутагт хувилгаад, их багш, гэлэн гэлэнмаа нарыг мөнхлөн оршоосон хэдэн арван том жижиг суваргын дунд Хубилай хааны гүнжийн суварга нэн хүндтэй, томд нь тооцогдох бөгөөд, өнөө ч тэнд хүмүүс очиж хүндэтгэл үзүүлэн тахиж тайдаг ажээ. Эртний энэтхэг, хитаны уран барилгын хэлбэр загвар, ур хийц нэвт шингэсэн энэ суваргаас бид тухайн цагийн монголчуудын уран барилга, урлагийн хэв шинжийг олж харж болно. Зургаан талт, хоёр давхар бадамлянхуа цэцгийн суурь дээр эрт цагийн саарал шаргал тоосгоор өрж барьсан зургаан давхар энэ суварга өрнө зүгийн хөрш энэтхэг-жагарын болоод өмнөх үеийн хитан угсаатны уран барилгын дүр төрх, нөлөө тусгалыг илтгэнэ.     

Хятадын Нийгмийн ШУА-ийн Цөөнх тоот үндэстнүүдийн Утга зохиол судлалын хүрээлэнгийн ажилтан нэрт эрдэмтэн Н.Ринчиндорж гуай бидэнд замчлан явж энэ газрыг үзүүлэнгээ хүүрнэхдээ: 1960-аад оны үед би оюутан байхдаа нэг удаа энд ирэхэд Хубилай хаан болоод түүний гэр бүлийн дөрвөн хүний суугаа ихээ том баримал хөшөө залаастай байсан юм. Хожим нь Соёлын хувьсгалын дараачаар буюу жараад оны сүүлчээр дахин нэг иртэл тэдгээр хөшөө баримал байхгүй болсон байлаа. Соёлын хувьсгалын үймээн самууны хөлд үрэгдсэн гэдэг юм. Харин Мяо-ян гүнжийн хөлийн ором бүхий хөх тоосго хадгалаастай үлдсэн байсан. Жараад оны үед Бээжингийн Их сургуулийг төгссөн нэрт түүхч Чэн Гаохуа энэ бүхнийг сайн мэднэ. Магадгүй, түүнд тэдгээр хөшөө баримлуудын гэрэл зураг ч байж мэднэ. Би нэг асууя гэж ярьсан билээ.

Дэлхийн дайдыг түвшитгэсэн их хааны гэр бүлийн хөшөө баримал саяхныг болтол залаастай байсан нь нэн гайхамшигтай, энэ бидний цаг үед түүхийн чухаг нандин өв дурсгалыг эвдэн сүйтгэсэн нь бүр ч гаслантай, хэрэвзаяа зураг хөрөг нь ч болов олддог бол оргүйгээс ортой нь дээр гэгчийн үлгэрээр бага ч гэсэн баримжаалах юмтай болж үлдэх бол уу гэх горь сэтгэлд төрдөг юм аа.

Монголын түүхэнд мөнхөрсөн баатарлаг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэдгээрийн нэгд зүй ёсоор хэлцэгдэх хүн бол энэхүү гүнж мөн хэмээн бодогдоно. Тийм нэгэн эмэгтэй болох Агай гүнжийн тухай дараа удаад өгүүлсү.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]