Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Халх голын тэнгэрт-6Уншсан2,051

Энэ өдөр тухайн тулалдаанаас өөр нэгэн үйл явдал болсон нь Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц нисэх буудалдаа буухдаа өөрийнхөө зенитчидэд буудуулсан явдал.

Долдугаар сарын эхний өдрүүдэд газар дахь тулаан, мөргөлдөөний эрчим нэлээд багассан боловч агаарт тулалдаан тасарсангүй. 1939 оны долдугаар сарын 6-ны өдөр Зөвлөлтийн 22-р сөнөөгч хорооны 45 онгоц (22 И-16 болон 23 И-15 бис) Японы газрын цэргүүдийг дайрахаар нисэж байхад нь Японы 11 болон 24-р сентайн 30-40 сөнөөгч дайрчээ.

Тулалдааны явцад Зөвлөлтийн хоёр нисгэгч сураггүй болсноос Силин хэмээх нисгэгч аргагүйдсэн буулт хийж маргааш өдөр нь хороон дээрээ “морьгүй” (тулалдаанд ниссэн боловч буцаж явган ирсэн нөхдүүдийг нэрлэдэг нэр) ирсэн байна. Нөгөө нисгэгч болох Солянкиныг унасан онгоц дотроо шатсан байхыг долоо хоногийн дараа олжээ.

Энэ тулалдааны үеэр оросууд дайсны 21 онгоц унагасан гэсэн тооцоотой бол харин япончууд 24 онгоц унагаасан гэж мэдээлдэг байна. Тулалдаанд орсон онгоцны тоо ч гэсэн зөрүүтэй бөгөөд япончууд Зөвлөлтийн 60 гаруй онгоц дайрсан гэдэг. Зөвлөлтийн хохирол хоёр И-15, хоёр нисгэгч, (дээр дурдсан Силин, Солянкин) Японы хохирол гурван Ки-27, 11-р сентайн хоёр нисгэгч болох Рьюти Китаяма, Наюки Дайтоку нар юм.

Зарим мэдээгээр Дайтоку нь агаарын тулалдаанд ялагдсан боловч газарт буугаад баригдах үедээ амь үрэгдсэн, баригдаж явахдаа хуягийн хутган жад руу өөрөө давхиж орж амиа хорлосон гэх мэтээр бичдэг. Ямар ч бай тулалдааны дүн 3:2 гэсэн оросуудын ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ бол тухайн цаг үед япончууд агаарт ноёрхлоо алдаж байгааг харуулсан нэгэн тулаан байсан юм.

Зөвлөлтийнхөн 21 онгоц унагаасан, япончууд 24 онгоц унагаасан гэсэн эдгээр хэтэрхий гэмээр том тоонуудыг зүгээр ч нэг суртал ухуулгын хэлбэр хэмээн тайлбарлаж болохгүй байх.

Энэ тулалдааны дараа Зөвлөлтийн 18 онгоц буудуулж нэлээд гэмтэлтэй эргэн ирснээс хоёр онгоцонд бүрэн засвар (капитал засвар буюу бараг л бүх юмыг нь солих) хийх хэрэгтэй болж.

Одоо тэрхүү айхтар тоо хаанаас гарч ирсэн, хаанаас гарч ирдэг тухай зарим нэг зүйл ойлгомжтой болж байгаа болов уу. Сөнөөгч нисгэгч нар дайсны онгоцыг буудах үед түүний галан хөшиг дайсныг нь хаван орохыг хардаг бөгөөд үүнийгээ ялалт гэж ойлгох нь цөөнгүй.

Гэтэл тухайн үеийн онгоц, түүнийг буудаж байгаа агаарын зэвсгээс шалтгаалан зарим онгоц 100 давсан сумны нүхтэй болсон ч эргэн буудал дээрээ бууж байсан тохиолдол их бий. Тэдгээрийг нөхөж бөглөөд, шаардлагатай засварыг хийгээд дахиад л тулалдаанд гарна.

Мөн энэ өдөр Зөвлөлтийн нисгэгч Витт Скобарихин Японы онгоцыг халз өөдөөс нь мөргөж (таран) гэмтсэн онгоцоо буудал дээрээ чадан ядан буулгасан бөгөөд зүүн далавчинд нь ханз бүхий япон бичигтэй дайсны онгоцны зарим хэсэг хавчуулагдан үлдсэн тухай зураг, мэдээ байдаг. Тухайн үеийн тулалдааны талаарх тайланд энэ явдлыг мөргөлдсөн гэж бичсэн байдаг боловч яваандаа Зөвлөлтийн нисгэгч санаатайгаар таран буюу мөргөлт хийсэн хэмээн тэмдэглэгдэх болсон байна. Энэ явдлаас хойш Халх голын дайны үеэр агаарын тулалдааны тухай Зөвлөлтийн тайланд мөргөлдсөн гэдэг үг үгүй болж дан санаатайгаар таран хийсэн тухай мэдээ их болсон гэдэг.

 

Энэ өдөр тухайн тулалдаанаас өөр нэгэн үйл явдал болсон нь Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц нисэх буудалдаа буухдаа өөрийнхөө зенитчидэд буудуулсан явдал. Онгоц хэт нам өндрөөр буюу 200 метрийн өндөрт, хусах нислэгээр нисэж ирсэн нь ийм явдлын шалтгаан болсон байна. Онгоцны хөдөлгүүр шатаж эхлэх үед онгоны дарга дугуйгаа гаргалгүй шууд элэглэн буулгасан бөгөөд үүний үр дүнд нисгэгчид ямар нэг гэмтэл аваагүй ч онгоц бүрэн шатжээ.

Номон ханы мөргөлдөөний 2-р үе гэж япончуудын нэрлэсэн долдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Японы нисгэгчид Зөвлөлтийн 97 онгоц буудаж унагаасан, зенитчид бас 5-ыг унагасан гэж япончууд бичдэг боловч Зөвлөлтийн тал 21 (16 онгоц гэх нь бас бий) онгоц алдаж, 24 нисгэгчээ алуулсан, сураггүй болсон гэж тайлагнадаг. Эдгээрийн ихэнх нь бөмбөгдөгч онгоцны багийн гишүүд (энэ өдрүүдэд 10-14 СБ бөмбөгдөгч үгүй болсон) гэнэ. Мөн Зөвлөлтийн талын тооцоогоор тэд дайсны 49 онгоцыг унагасан гэх ба япончуудын тайлангаар “оросуудын” ялалтын тоо ердөө л 10. Хоёр талын ялалтыг илтгэсэн тэрхүү мундаг тооны цаана юу нуугдаж байгааг тайлбарлах шаардлага үгүй болов уу. Наадмын өмнөхөн Халх гол орчмын цаг агаарын байдал болон тулалдааны эрч нэлээд буурч ирснээр Халх голын тэнгэрт харьцангуй нам тайван болж 1939 оны долдугаар сарын 21 хүртэл агаарын ямар нэг анхаарал татах тулалдаан болоогүй бололтой.  

Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]