Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн түүхийг эргүүлэх шахсан байлдааны онгоцУншсан4,364

Энэ явдлаас хойш уг онгоц Алеутын ойролцоо эргүүл хийдэг болсон ба нэг удаагийн аяллаас эргэж ирэхдээ бас л санаандгүйгээр хамгийн том буугаараа буудаж, сум нь William D.Porter-ын чиглэн яваа арал дээрх Америкийн гарнизоны байрыг яг оносон байна.

Чалчаа саарал бичиж байна.

Ахмад Врунгелийн адал явдал гэдэг алдартай хүүхэлдэйн кино бий. Уг нь Победа (ялалт) нэртэй хөлөг онгоц нь боомтоосоо гарах гэж будилж байгаад урд хоёр үсгээ унагаан Беда (зовлон) нэртэй болох ба “далай тэнгисийн хуулиар” онгоцоо юу гэж нэрлэнэ чухам тийм хувь заяа хүлээдэг гэдгийг харуулдаг билээ. Гэтэл бодит амьдрал дээр иймэрхүү бүтэлгүй явдал олон тохиолдож байсан бөгөөд эдэн дундаас Америкийн William D.Porter хэмээх эсминец онцгой ялгардаг байна.

Энэ хөлөг нь «Флетчер» хэмээх загварын 134 дэх хөлөг онгоц бөгөөд 1943 оны долдугаар сарын 6-нд байлдааны нэгж болж, арваннэгдүгээр сар хүртэл бэлтгэл хийсэн байна. Хөлгийн ахмад болон бас бус ганц нэг хүнээс бусад нь бүгд хөлөг онгоцтойгоо адил шинэхэн нөхдүүд байв. Ингээд арваннэгдүгээр сард бэлтгэл хангагдсан гэж үзээд William D.Porter далайд гарах боллоо. Ингэж энэ онгоцны адал явдал эхэлжээ.

1943 оны арваннэгдүгээр сард уг хөлөг далайд гарч АНУ-ын Ерөнхийлөгч яваа Iowa-гийн хамгаалалтад гарах хүндтэй үүрэг хүлээсэн учир баяр наадмын байдлаар хөлгийг Норфолкын боомтоос үдэх болж. АНУ-ын Ерөнхийлөгч нь Тегеранд Сталин, Черчиль нартай хийх түүхэн уулзалт руу явж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл шинэхэн багийн гишүүдээс болсон уу, техникийн шалтгаанаас болсон уу бүү мэд зангуугаа дутуу татан хөдөлсөн бөгөөд өнөөх зангуу нь хажууд байсан адил загварын онгоцны нэг бөөрийг хуу хамж хаяад, нэмээд элдэв жижиг завь, бас бус зүйлийг чирээд хуримын машин лаазаа чирч байгаа мэт юм болох нь нь тэр. Чухал ажилд гарч байгаа, ичиж зовсон зэргээс шалтгаалсан бололтой хөлөг ч зогсолгүй тэр чигээр яван одож. Баяр наадмын байдалтайгаар гаргаж өгч байсан хүмүүс чухам ямар байдалд орсныг төсөөлж ч чадахгүй нь.

William D.Porter бусад хөлгүүдтэйгээ нийлж аваад явж байх үед радио орчимд чимээгүй байх тушаалыг бүх хөлгүүдэд өгсөн бөгөөд энэ нь Германы шумбагч онгоцноос болгоомжилсон арга хэмжээ юм. Гэнэт чив чимээгүй явж байсан цувааны ойролцоо маш хүчтэй тэсрэлт болон хөлөг онгоцнууд шумбагч онгоцны эсрэг маневр хийж сандарч эхэллээ. William D.Porter-оос мэдээ иртэл энэ маневр удаан хугацаагаар үргэлжилсэн юм гэдэг. Юу болов? Яав ийв? Бас л “манай өнөөх”-өөс буруу зөрүү бэхэлсэн бололтой гүний бөмбөг хашлага даван унаж тэсэрсэн нь тэр бөгөөд хөлгийн тавцан дээр бэхлээгүй байсан бүх зүйлийг (дүрмээр бол бэхэлгээгүй зүйл байх ёсгүй юм гэнэ) нэг усан цэрэгтэй хамт далайн ус хамж аваад явжээ. Харамсалтай нь тэр цэргийг аварч чадаагүй байна. Ингээд дууссан бол бас яахав, удалгүй хөдөлгүүрт осол гарч, дараа нь бас нэг уурын тогоо нь ажиллагаагүй болж... байнга л бүтэлгүй мэдээнүүд William D.Porter-оос ирсээр.

Цуваагаар яваа хөлөг онгоцнууд далайд байгаагийн хэрэг юу билээ байлдааны сургуулилт хийж эхэлсэн байна. Манай хэд энэ удаа торпед харвах сургуулилт хийх даалгавартай байсан ба байлдааны торпедоос сургуулилтын торпедын ялгаа нь ердөө л харвах цэнэг үгүй явдал. Бусдаар яг адилхан. William D.Porter торпед харвах байгаа Ерөнхийлөгч яваа Iowa-г сонгосон байна. Тэртээ тэргүй торпед явахгүй юм чинь аль нь ч байсан яахав. Торпед харвагч хоёр усан цэрэг маань торпедоо харвах сууринд байрлуулахдаа харвах цэнэгийг нь авахаа мартлаа. Буудах тушаал ирлээ... буудлаа... торпед ч харван одлоо. Ерөнхийлөгч яваа хөлөг рүү асар хүчтэй торпед чиглэн явааг харсан багийнхан айн сандарцгааж бөөн бужигнаан эхэлсэн бөгөөд хөлгийн ахмадын тушаал ямар ч эмх замбараагүй, Iowa онгоц руу явуулсан радио мэдээнүүд нь ойлгомжгүй юм байсан байх. Аз болж Iowa радио холбоогоо санаандгүй байдлаар асаах үед (радио орчинд чимээгүй байх ёстой тушаалтай) William D.Porter-ын торпед харвасан тухай хамгийн сүүлийн мэдээг сонссон байна. Яаралтай хөлгийн хурдыг нэмж байж торпеодоос бултаж чадлаа. Хэрвээ радио холбоог арай эрт асаасан, эсвэл байнга асаалттай байсан бол чухам ямар учиртай мэдээнүүд ар араасаа цуваад давхцаад ирээд байгааг ойлгох гэсээр цаг алдаж торпедод оногдох байсан юм гэдэг.

IOWA BB-61

Торпед хөлгийн архан талд тэсэрсний дараа Iowa бүх л буугаа William D.Porter-ын зүг чиглүүлж буудахаар бэлтгэж эхэлжээ. Уг онгоц нь ямар нэг хуйвалдаанд оролцож, Ерөнхийлөгчийн амь насанд халдах нь гэж болгоомжилсон учраас ингэсэн байна. Яваандаа үйл явдлын учир начир олдож хөлгийн ахмад болон бусад багийн гишүүдийг бүгдийг нь баривчлагдсан гэж мэдээлээд Бермудын боомтод буулгаж цэргийн шүүхээр оруулсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч Рузвельт энэрэнгүй сэтгэл гарган энэ багийн олон хүнд өршөөл үзүүлж, ялаас хэлтрүүлэх, ялыг нь багасгах зарлигт гарын үсэг зурсан гэдэг.

Энэ явдлаас хойш уг онгоц Алеутын ойролцоо эргүүл хийдэг болсон ба нэг удаагийн аяллаас эргэж ирэхдээ бас л санаандгүйгээр хамгийн том буугаараа буудаж, сум нь William D.Porter-ын чиглэн яваа арал дээрх Америкийн гарнизоны байрыг яг оносон байна. Чухам ямар гээч хувь тохиолоор юм, тэр байшинд хэн ч байгаагүй тийм л үе таарсан байж. Удалгүй Вилли Ди хэмээх алдаршсан хөлөг маань Номхон далайд Окинавагийн ойролцоо агаараас эсэргүүцэх үүрэгтэйгээр тулалдаанд орж эхэлсэн ба Японы хэдэн онгоц бас дээр нь гурван онгоц буудаж унагаасан байна. Тэр гурав нь мэдээж өөрсдийн, Америкийн онгоц.

Нэгэн удаагийн тулалдааны үеэр Японы камиказе нисгэгч бүхий онгоц сөнөөгч онгоц болон зенитийн их бууны галан хөшгийг нэвтрэн орж William D.Porter-ын ойролцоо байсан том хөлөг онгоц руу довтолжээ. Энэ үед хажуугаас буудсан зенитийн их бууны сум онгоцыг онож “манай хэдийн” яг хажууд нь тэр онгоц уналаа. Өөр онгоц руу дайрсан тэсрэх бөмбөг дүүрэн онгоц өөр дээр нь унах шахсан тухай хоорондоо дөнгөж ярилцаж, азтайгаа гайхаж байх үед асар том тэсрэлт болсон нь унасан оноцны нисгэгч бөмбөгөө тэсэлж чадсан хэрэг байв. Вилли ди баруун тийш хазайсаар удалгүй живсэн ба багийн бүх л гишүүд амьд үлдсэн гэдэг. Ийм харамсалтай явдлаар (эсвэл азтай явдлаар) дэлхийн түүхийг эргүүлэх шахсан бүтэлгүй онгоцны богинохон боловч баялаг түүх дууссан билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]