Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үйлийн үртэй Лениний шарилУншсан2,671

1960 оны долдугаар сард Фрунзе хотын иргэн Татарин Минибаев бас л хашлага дээрээс үсэрч, шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар цөмлөхийг оролдоход шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээжээ.

 

Ноднин байх аа, Оросын олон нийтийн дунд Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулах, түүний хөшөөг Улаан талбайгаас нүүлгэх сэдвээр санал асуулга явуулсан билээ. Ямартай ч оросууд пролетарийн удирдагчийнхаа шарил болон хөшөөг олонхийн саналаар хөдөлгөхөө энэ удаад больсон билээ. Ер нь Ильичийн шарил, бунхан, хөшөөтэй холбоотой асуудал ганцхан өнгөрсөн жил босоогүй, өмнө нь ч элдвийн дуулиан шуугиан асуудал  дагуулсаар ирсэн юм.

ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлсэн 1980-аад оны дундаас хойш Лениний талаар маргаантай ойлголтууд бий болсон. Тэр үед бунханд нь хийсэн өөрчлөлт бол хүндэт харуулыг нь татан буулгасан явдал. Ленинийг тойрсон маргаан жил бүрийн Октябрийн хувьсгалын ойн өдөр болон түүний төрсөн өдрөөр (дөрөвдүгээр сарын 22) эрчимждэг юм.

 Лениний шарилтай холбоотой асуудал түүнийг нас бармагц л дэгдсэн байдаг.

1923 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр профессор Абрикосов агуу хувьсгалын удирдагчийн таалал төгссөн бие цогцост судсаар нь зургаан литр орчим спирт, формальдегид болон глицерин хийжээ. Цогцсыг ийм байдалтайгаар таван өдөр хадгалах ёстой байсан ч хэтрүүлж гурван cap гаруй болжээ. Үйлдвэрчний эвлэлийн баганат танхимд өдөр бүр ирж байсан Зөвлөлтийн олон мянган иргэн Лениний нүүрэнд тэр чигээрээ язралт үүссэн байхыг харсан гэдэг. Үүний шалтгаан нь сүүлд ил болсон бөгөөд тусгай хөргөх бодисын тусламжтайгаар цогцсыг хөлдөөж хадгалах санаанаас үүдсэн бөгөөд Германаас нийлүүлэх байсан шаардлагатай зүйлс цаг хугацаандаа ирээгүйгээс ийнхүү хувьсгалын удирдагчийн цогцсыг амьд мэтээр нь хадгалж чадаагүй өөрчлөлт оруулчихжээ.

Энэ зуур профессор Збарский, Воробьев нар цогцсыг химийн аргаар гүн занданшуулах санааг дэвшүүлж байжээ. Ф.Дзержинскийтэй уулзах үеэр профессор Збарский цогцос ноцтой байдалд орсныг илтгэж, Феликс ч химийн аргаар занданшуулахын тулд хөлдөөхөөс татгалзсан байна. Гуравдугаар сард шинжээчид Лениний гавлын яс, цээж болон хэвлийн хөндийгөөс бүх эрхтнийг нь авчээ. Нүдийг нь шилэн бөмбөлгөөр сольсон байна. Цогцсын дотор талыг уксусийн хүчлээр угаажээ. Эхний үед цогцост формальдегидын уусмал шингээсэн байна. Энэ нэгдэл нь биеийн уургийг спиртжүүлж, түүнийг химийн хувьд илүү идэвхгүй болгон, бактери, мөөгөнцрийг устгадаг аж. Энд хамгийн гол бэрхшээл нь шингээх технологи байжээ. Ерөөс судсаар шингэн хийж занданшуулдаг бөгөөд гэвч энэ тохиолдолд судаснууд нь язарч гэмтсэн байжээ. Занданшуулах бодисыг бүхий л биед хүргэж, сайтар шингээхийн тулд цогцост бүхэлд нь, тухайлбал гэдэс, мөр, хөл, нуруу болон гарын алганд зүсэлт хийсэн байна.

 Дараа нь Лениний цогцсыг глицерин, калийн ацетат, ус, хлор-хинин гэсэн уусмалтай ваннанд хийжээ. Үүнээс хойш хоёр жилд нэг удаа энэ процедурыг давтан хийдэг болсон байна. Ваннаас гаргасны дараа шинэ хувцас, цэргийн френч (1961 оноос костюм) өмсгөжээ. Улам бүр хүндэрч байсан саажилт түүний баруун гар, хөлийг хөдөлгөөнгүй болгосон сүүлчийн гэрэл зургууд дахь Лениний туйлдаж тамирдсан гадаад төрхнөөс тэс өөр улаа бутарсан өнгө хацар дээр нь харагдах болсныг үзээд, хүмүүс гайхаж байжээ. Түүний нэг гар атгаастай байдаг нь чухамхүү энэ саажилттай холбоотой аж.

 Нүүрний шаравтар цайвар өнгийг гар, нүүрийг гэрэлтүүлдэг гэрэлд суулгасан улаан өнгийн фильтрийн туслалцаатайгаар арилгажээ. Уруулыг нийлүүлүүлэхийн тулд амыг анзаарагдахгүйгээр нарийн оёсон байна. Түүний нүд, дотор эрхтнүүд, тархи, зүрх хаана хадгалагдаж байгаа нь учир битүүлэг байгаа ажээ. Тархийг нь олон мянган дээж-хэсэг болгон хувааж, дэлхийн олон лабораторид шинжилсэн ч, жолоодогчийн тархинаас ямар ч онцлог зүйлийг илрүүлээгүй байна. Ленинийг хувилах боломжтой юу гэж асууцгаадаг. Хэрвээ түүний цогцсыг хөлдөөсөн бол, амжилттай хувилах магадлал их юм. Гэвч формальдегид нь биеийн молекул, түүний дотор ДНК-г ч ихээхэн спиртжүүлдэг юм. Одоо генийг дахин сэргээхийн тулд түүнийг унших ч боломжгүй болжээ. Тийнхүү Ленинээс үлдсэн бүх зүйл шинжлэх ухаанд огт хэрэггүй болсон байна.

1974 оны Мавзолейн нөхөн сэргээлт

 Одоо хэрхэн байгаагаар нь хадгалах вэ гэдэг л асуудал болон үлджээ. Жилд хоёр удаа томхон хэмжээний эмч нарын багийн шалгалт, үзлэг хийж, нэг ёсондоо "эмчийн үзлэг"-т оруулах бөгөөд удирдагчийн шарилд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ ам.доллараар хурдацтай гүйсээр байгаа аж. Тиймээс нас барсан хүний цогцсыг ингэж удаан хадгалах нь зардал өндөртэй мөртлөө үр дүнгүй, практик ач холбогдолгүй үйлдэл гэж үзэх хүмүүс элбэгших болжээ.

 Олны анхаарал татсан нь Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров. Тэрээр “Ленинийг оршуулах эсэх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины шийдэх асуудал. Гэхдээ бид хүний цогцос руу ширтэхээ болих хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна” гэж Кадыров Телеграм мессенжэртээ бичсэн байна. Үүнээс гадна Кадыров 19 дүгээр зууны эхээр Хаант Оросын эсрэг тэмцэж байсан бослогын удирдагч Хажи Мурадын Санкт Петрбургийн музейд хадгалагдаж байгаа толгойг гаргаж оршуулахыг Оросын эрх баригчдад уриалжээ. Шарилыг бүрэн бүтэн хадгалахын тулд үүсдэг асуудалдан ганц дээрх сэдэв биш. Ленинийг амьдад нь хороох гэсэн оролдлого нэг биш удаа гарч байсан бөгөөд сонирхолтой нь таалал төгссөнөөс нь хойш ч тасраагүй аж.

Лениний шарилыг Москва хотын Улаан талбай дахь Мавзолейд 1924 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байрлуулсан юм. Үүнээс яг 10 жилийн дараа 1934 оны гуравдугаар сарын 19-ний өдөр түүний цогцос руу хамгийн анх удаа халдсан хэрэг гарчээ.

Уг хэргийг Москвагийн ойролцоох “Прогресс” хамтралын ажилчин Митрофан Никитин гэгч үйлдсэн бөгөөд шарилыг “Наган” буугаар буудахыг оролдсон байна. Харин хамгаалалтынхан түүнийг баривчлах гэсэн ч Никитин өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүний дараа гэмт этгээдийн биеэс дараах захидал олдсон байна. “1934 оны энэ хавар халдварт өвчин, өлсгөлөнгөөр дахиад л өчнөөн олон хүн нас барах нь ээ. Ард түмэн ийм амьдрал хүсээгүй, тэгээд ч үүнийг даван туулах тэнхэлгүй болсныг Кремлийнхэн харахыг ч хүсэхгүй байна. Би ард түмнийхээ төлөө баяртайгаар үхэж байна. Би 13 наснаасаа эхлээд ажилласан, олонтойгоо хүн болохоор тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхнийг би удаан бодсон, яаж амьдарснаа ч бодсон. Та нар юу хийж байгаагаа мэдэж байна уу, энэ улс орон ард түмнийг хааш нь жолоодож явна вэ. Бүх зүйл уруугаа явж ард түмэн үгээгүй ядуурч байгааг харж байна уу” гэсэн бичиг түүнээс гарчээ.

1960 оны долдугаар сард Фрунзе хотын иргэн Татарин Минибаев бас л хашлага дээрээс үсэрч, шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар цөмлөхийг оролдоход шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээжээ. Энэ бүхнийг сэргээн засах гэж Мавзолейг хэдэн сараар хаасан гэдэг. Мөрдөн байцаалтын явцад Минибаев Лениний шарилд халдах гэж 1949 оноос бэлтгэн хэргээ гүйцэлдүүлэх гэж Москвад нисч ирсэн гэдгээ хүлээсэн байна. Шалтгаан нь бас л үзэн ядалт.

1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд Сталины шарилыг Лениний бунхнаас гаргачихаад байхад Москва орчмын Павловскийн нягтлан бодогч байгаад тэтгэвэрт гарсан Лютиков мөн л шилэн хорго руу чулуу шидсэн ч хагалж чадаагүй байна. Тэрээр мөрдөн байцалтын явцад Зөвлөлтийн эсрэг захидал бичиж  хэвлэлүүдэд болон гадаад орнуудын ЭСЯ-нд илгээн, Лениний цогцост халдахаар хоёр жил бэлтгэсэн гэжээ.

1967 оны халдлага бүр ч ноцтой. Есдүгээр сард Каунасын оршин суугч Крысанов яг Мавзолейн дэргэд өөрийгөө дэлбэлж хоморгондоо хэдэн хүний амийг бүрэлгэжээ. Халдлагын үеэр гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн хүндээр шархаджээ. Кремлийн эрх баригчид Улаан талбайд явсан гадаад дотоодын бүх хүмүүсийг гаргаж, өндөр хамгаалалт тогтоон богино хугацаанд бүх зүйлийг засаж сэргээжээ. Ямар ч мэдээлэл гарсангүй, КГБ хав дараад өнгөрөв. Олон нийт ч энэ явдлыг тэгсхийгээд мартсан гэдэг.

Удаах халдлага нь  саяхных. 2010 онд Москва орчмын оршин суугч Сергей Крапецов Мавзолейн индэр рүү гүйн гарч, Лениний шарилыг зайлуулж, Мавзолейг эвдэхийг уриалан хашгирсан байна. Тэр цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй баривчлагдсан юм.  Харин сүүлийн жилүүдэд иймэрхүү явдал тогтмол шахуу гарах болж, янз бүрийн үзэл баримтлалтай саваагүй залуус мавзолейд халдах нь москвачуудын хувьд ердийн үзэгдэл болох нь тэр. Иймээс л Лениний шарилыг хөдөлгөх асуудал нийгмийн хэмжээнд байсгээд л яригдах болжээ.

Г.Ванчиг

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]