Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нисгэгчгүй "Миг-23"-ын "дайралт" буюу Зөвлөлтийн хариуУншсан13,090

Яаж яваад гэмтсэн хөдөлгүүртэй онгоц, нисгэгчгүй, тэгээд хаа байсан Бельгийн нутагт ...харь гаригийнхан, мангас чөтгөр... элдэв юм бодогдсон л байх.

1987 оны тавдугаар сарын 28-нд Зөвлөлтийн нийслэл Москва хотын “бараг” Улаан талбайд Германы иргэн Матиас Руст “Сесна” хэмээх жижиг онгоцоор газардаж бөөн шуугиан тарьсан билээ. Зөвлөлтийн олон зуун сая рубль зарлагадаж босгосон Агаараас Хамгаалах Систем энэ өчүүхэн онгоцыг яаж ч чадахгүй байсаар улсынхаа төвд хүргэсэн нь баруун талын хэвлэл мэдээллийн доог тохуу болж байсан гэдэг. ЗХУ-д ч олон юм болж, нэлээдгүй “толгой өнхөрсөн” (огцорсон) байна.

Гэтэл удалгүй ЗХУ өөрийн мэдэлгүй хариуг нь өгсөн бөгөөд маш хүчирхэг гэх үү эсвэл бүтэлгүй гэх үү энэ хариулт нь 1989 оны долдугаар сарын 4-ний өдөр болсон юм. Ингээд дэс дараагаар нь өгүүлье.

1989 оны зун цаг, хүйтэн дайны төгсгөл үе. Польшид байрлах Зөвлөлтийн нисэх хүчний нэгэн ангийн Миг-23 агаарт хөөрлөө. Нисгэгч нь Скуридин Николай Егорович хэмээх хошууч ихээхэн туршлагатай нисгэгч, улс төрийн үйл ажиллагаа хариуцсан томоохон тушаалтан байлаа. Тэрээр энэ өдрийнхөө хоёр дахь нислэгийг хийж байсан нь энэ бөгөөд онгоц нь 23 мм-ийн агаарын их буунаас өөр зэвсэггүй байлаа.

 

Агаарт гараад өндөр авч эхлэх үед онгоц маш хүчтэй сэгсэрсэн бөгөөд моторын эргэлт унаж, хурд 550 км/цагаас 350 км/цаг болон огцом буурах энэ үед хошууч шүхрээр үсрэх шийдвэр гарган, онгоцныхоо хошууг далай чиглүүлээд шууд катапультаа (шүхэртэй шидэх систем) татсан байна. Дөнгөж 90 метрийн өндөрт, нислэгийн 41 дэх секундэд энэ явдал болсон бөгөөд нисгэгч шүхэртэй унаж байх үедээ онгоц нь далайн дээгүүр, хар утаа татуулан унаж байгааг харж амжжээ.

Нислэг хянаж байсан локаторынхан ч энэ онгоцыг далай дээр явж байх үед нь хараанаасаа алдлаа. Яриа байхгүй далайд унасан нь ойлгомжтой. Юмыг яаж мэдэх вэ гэж хос Миг-ийг яаралтай агаарт гарган эрэл хайгуул хийлгэхэд тэд ямар ч ул мөр олсонгүй. Ямар нэг хүний амь эрсдэлгүй, нутгийн оршин суугчдад аюул учруулаагүй болохоор бүгд л санаа амран, рапортоо аль болох гоёор бичиж байсаар цаг гаруй хугацаа болсон ба энэ үед хошууч “гэртээ” ирж бүх төрлийн эрүүл мэндийн үзлэгт орон рентген зургаа ч авахуулж амжин... ер нь л юм сайхан бүтэж байлаа.

Гэтэл “дайсны” зурагт радио энэ үеэр 29 дугаартай Зөвлөлтийн Миг-23 улсын хил нэвтрэн орж явсаар Брюсселийн ойролцоохон газардсан тухай мэдээлэл цацаж, удалгүй зураг, видео нь гарах нь тэр. Скуридин болон штабынхан тэр үед ёстой л шоконд орлоо. Яаж яваад гэмтсэн хөдөлгүүртэй онгоц, нисгэгчгүй, тэгээд хаа байсан Бельгийн нутагт ...харь гаригийнхан, мангас чөтгөр... элдэв юм бодогдсон л байх.

...Нисгэгчгүй болсон онгоц дураараа ниссээр Германы нутаг дэвсгэрт орлоо. Германы Агаараас Хамгаалах хүчнийхэн гайхаж будилж, учрыг нь олж онгоц хөөргөн барьж авах гэж бойтоглосоор байх хооронд Миг Нидерландын нутаг руу орж явчихаж. (Германы нутаг дээр явахад нь сөнөөгч онгоцнууд энэ Миг-ийг “барьж авсан” ба бүхээгт нь хэн ч харагдаагүй гэж нисгэгч мэдээлсэн хэмээн ярьж бичдэг боловч бодит байдал дээр ингэж амжаагүй гэж олон хүмүүс, олон янзаар баталдаг )

Харин Зөвлөлтийн сөнөөгч Германы нутаг дээгүүр нисэж байгаа гэсэн мэдээ аван Нидерландын Сустерберг аэродромоос Америкийн хоёр F-15 хөөрсөөр амдан барьж авч чадсан ба тэд энэ онгоцыг даган нисэж байх үедээ “онгоцны бүхээгт хэн ч алга, одоо яах вэ” гэж байнга асууж байсан бөгөөд Европын хүн ам шигүү суурьшдаг энэ нутагт тус онгоцыг буудах тушаал өгч чадах зүрхтэн олдохгүй л байлаа. Хоёр жилийн өмнө Зөвлөлтийн агаараас хамгаалах хүчин бас л ингэж будилж байсныг барууныхан дооглон, элэглэн байсны хариу өөрсдөд нь энэ удаа ирсэн бөгөөд тухайн үед спортын жижиг онгоц байсан бол одоо байлдааны нисэх онгоц нутагт нь дураараа элин халин байв. Онгоц явсаар Францын хил давах тун ойртсон боловч Зөвлөлтийн аз болж онгоцны түлш дуусаж унах биш газардсан байна. Яагаад аз болж гэж? Яагаад гэвэл яг тэр үед нь Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Францад айлчилж байсан билээ. Ийм үед нь Зөвлөлтийн байлдааны сөнөөгч онгоц хил зөрчөөд ороод ирвэл ер нь юу болох байсан бол?

Францын хил хүрэлгүй газардсан онгоц гулссаар нэгэн жижиг байшин, нарны халхавч зэргийг далавчаараа мөргөсөн бөгөөд харамсалтай нь тэрхүү нарны халхавч дотор нэгэн өсвөр насны хүү байж тааран амь үрэгдсэн байна.

Зөвлөлүүд болсон явдалд өөрийн онгоц хамаатайг тэр даруй хүлээн зөвшөөрч, амь үрэгдсэн хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн мөнгө тусламж олгохоо амласан бөгөөд тун удалгүй 800 000 америк доллар төлсөн байдаг.

Нидерланд, Бельги зэрэг улсын Гадаад явдлын яам эсэргүүцлийн нот бичиг илгээн янз бүр болж байсан бөгөөд тэд үүнээс өөр яаж ч чадахгүй байлаа. Хэвлэл мэдээлэл нь эдгээр улсын “батлан хамгаалах хүч чадал, ер нь NATO-гийн агаараас эсэргүүцэх хамгаалалт нь шүүрэн шанага юм байна” гэсэн дүгнэлтэд хүрэн шуугиан дэгдээж байсан ба “хэрвээ энэ онгоц цөмийн бөмбөг тээж явсан бол яах вэ? Хэрвээ онгоц Брюссель дэх NATO-гийн төв штабыг бөмбөгдөх, мөргөх зорилготой байсан бол яах байсан бэ? ... гэх зэргийн түмэн “хэрвээ” тавьж  татвар төлөгч нарын уур уцаарыг дээд цэгт нь хүргэж байв.  Цэргийнхэн яаж ч чадаагүй юм чинь “Нот бичигч” нар яах вэ дээ. Гэхдээ тэд Зөвлөлүүдтэй уулзаж учран байж онгоцны хар хайрцгийг өгчээ.

Одоо Зөвлөлтийн дотоодод ширүүхэн юм болж эхлэхгүй яахав. Яагаад онгоцыг хаясан, яагаад хэдэн улсын хил даван ниссэн, яагаад цааш нисэж байгааг илрүүлээгүй, яагаад... яагаад... хэн буруутай? Хэрхэн шийтгэх вэ?

Шалгалтын явцад авто-нислэгийн горим хамгийн гол “буруутан” болсон байна. Хар хайрцагт бичигдсэн мэдээллээр нислэгийн 41 дэх секундэд моторын эргэлт маш огцом унаж (шалтгаан нь тодорхойгүй)  15 минутын турш хамгийн бага эргэлтээр (энэ үед нисгэгч шүхрээр үсэрсэн байсан), авто-нислэгийн горимын хүчээр унтралгүй ажилласан байна. Дараа нь гэнэт моторын эргэлт хэвийн хэмжээнд хүртэл өсөж ирснээ 20 секундийн дараа дахин унасан байна. Дараа нь дахин сэргээд шатахуун дуустал хэвийн ажиллажээ. Шатахуун дуусаад онгоц шүхэрчилж эхэлсэн ба өөрийн аэродинамик чанарын хүчээр хурд авах үед нь авто-нислэг шулуун нислэгт оруулж байв. Ийм байдал хэд хэд дахин давтагдсаны дараа онгоц бараг л газар шүргэн нисэж байгаад унасан байна.

Шалгалтаар нисгэгчийн буруутай үйлдэл үгүй гэж үзсэн ба онгоцонд гэмтэл гарах үед далай чиглүүлж тавиад шүхрээр үсэрснийг магтаад, улс төрийн нөхцөл байдлыг бодон амаа хамхиж, чимээгүйхэн тэтгэвэрт гарахыг “зөвлөсөн” байдаг.

Харин онгоцны хөдөлгүүрийн тухайд ихээхэн сонирхолтой мэдээлэл байдаг ба тэрхүү 29 дугаартай онгоцонд тавьсан хөдөлгүүр нь нэг жилд таван удаа засварт орсон байна. Гэсэн хэдий ч тэр үед хөдөлгүүр яагаад ингэж янз бүрийн ааш гаргаж байсныг тогтоож чадаагүй билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 28. 10:49
Зочин

Sonirholtoi medeelel tavidagt bayarlalaa amjilt

9 сар 6. 16:43
Зочин

unemshel muutai ulger baina ha ha ha

6 сар 28. 1:57
Зочин

уншиж байсан мартсаныг сануулсанд баярлалаа

9 сар 5. 21:58
Зочин

sonirholtoi yumaa

6 сар 28. 1:18
Зочин

bayrlala

6 сар 27. 19:48
Shinee

Chalchaa saaralaa unshih yumtai bailgadagt chamd bayarlaj yavdag shuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]