Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөд болсноосоо хойш 25 хоногийн турш самади бясалгалд суусан Монгол ламтанУншсан8,825

Амангаа ламтан жанч халснаас хойш 25 хоног бясалгалд суун оршиж, бурханы шашны мөн чанарыг мунхаг шавь нартаа илтэд үзүүлээд 2014 оны тавдугаар сарын 11 хаврын адаг шар луу сарын 12-нд бясалгалаа тайлжээ

Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуу буюу Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын нутаг “Наян Дуутын хүрээ”-ний хувраг Амангаа хэмээн ойрын шавь нар нь авгайлдаг 104 настай буурай 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр насан өөд болсон бөгөөд олон жил Бурханы номонд шамдан суралцаж, бясалгал үйлдэж байсныхаа үрээр өөд болсноосоо хойш 25 хоногийн туршид самади бясалгалд суун Бурхан номын эрдэм чадлыг үзүүлжээ.

Самади бясалгал гэдэг нь хүний бие нь үхэж зөвхөн оюун санаагаа биендээ хурааж гүн бясалгал үйлдэхийг хэлдэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа юм. Олны мэдэх Буриадын хамба Итгэлт мөн өдгөө 90 жилийн турш тус бясалгалийн гайхамшгийг үзүүлсээр байна. Самади бясалгалд оршсон хүний бие лагшин мууддаггүй бөгөөд ариун сайхан үнэр ханхлан амьд мэт хэвээр байдаг. 

Амангаа ламтан долоо настай байхдаа төрөлх нутгийн хийддээ шавилан сууж бурханы шашны сургаал номлолд шамдсан бөгөөд 17 настайдаа хийдийнхээ унзадын алба хашиж, Дилов хутагт Жамсранжав гэгээнтэнд шадарлаж ойрын шавь нь болж явжээ. Гэвч цөвүүн цагийн эрхээр эгэл амьдрал сонгож, 50 гаруй жилийг үдэн цагаан морин жилийн ардчиллын ач буянаар сэтгэлдээ сүсэлж, ханцуйдаа залбирч ирсэн нандин бүхнээ сүсэгтэн олондоо зориулах завшаан тохиож, “Зүүнхүрээ Дашчойлин” хийдийн хурлын лам, гэсгүй, ловон хүртэлх алба хашиж ирсэн бурханы шашин дахин сэргэх үйл хэрэгт лагшин, зарлиг, таалалаа нэгэн үзүүрт сэтгэлээр огоот зориулсан дээдийн номын хувраг байсан юм.

Амангаа ламтан жанч халснаас хойш 25 хоног бясалгалд суун оршиж, бурханы шашны мөн чанарыг мунхаг шавь нартаа илтэд үзүүлээд 2014 оны тавдугаар сарын 11 хаврын адаг шар луу сарын 12-нд бясалгалаа тайлж ах дүү хамаатан садан, олон зуун шавь нь бурханы шашны зан үйлийн дагуу түүнийг хойдын замд нь үджээ.

Ингээд энэхүү агуу хүнтэй 2011 онд "Нийслэл таймс" сонины сурвалжлагч Т.Сэлэнгэ сонирхолтой ярилцлага хийснийг хүргэж байна. 

Төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын шавь, Дашчойлин хийдийн өндөр настан лам, сүсэгтэн олноо Амангаа хэмээн өргөгдсөн, эдүгээ 100 нас эооглож буй Ч.Рэнцэнсүрэнтэй ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Сар шинэ болох гээд гадуур хөл ихтэй байна?

-Тавтай өвөлжиж байна. Амангаа нь өнөтэй сайхан өвөл болж буйд талархаж, уншлагаа уншиж ерөөл тавиад л сууж байна. Би тэр болгон гэрээс гарах биш. Амьтан хүний яриагаар гадуур сар шинийн бэлтгэл гээд хүмүүс их завгүй байгаа бололтой. 

-Та аль нутгийн хүн бэ. Унасан газар, угаасан усаа дурсвал?

-Би Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул. Манайх Нарийнцахирт, Туулайтаар өвөлжиж, нутагладаг байлаа. Эцэг эхээс арвуулаа. Сүүлд эрэгтэй, эмэгтэй дөрвүүлээ болж, одоо ганцаараа үлдсэн.

-Тэр үеийн хүүхдүүд голдуу хийдэд шавилан суудаг байсан байх?

-Тиймээ. Намайг жаахан хүүхэд байхад хөдөө сургууль гэж байсангүй. Зарим хүүхдүүд өөрийн сайн дураар Монгол ном үздэг. Үүнээс нэлээн хойно шинэ үсэг гарч, гэрээр заадаг болсон. Тэр үеийн хүүхдүүд сургуульд явах их дургүй байлаа. Дараа нь суманд сургууль нээгдэж хүүхдүүд сурдаг болж билээ. Харин би дуутын хүрээнд долоон настайдаа шавилан суусан. Манай Завхан аймгийн Дуутын хүрээний Дүгэр бээсийн хүрээг 2000 ламтай байсан гэлцдэг. Хүрээнд шавилан сууж буй хүүхдүүд Чойр, Жүд гэхчилэн чиглэл тус бүрээрээ тусдаа багшаар ном заалгадаг. Гэхдээ нэг хүн хэдэн багштай ч байж болдог байсан.

-Хийдийн шавь нар нь их дэгтэй байсан гэдэг?

-Хүрээний шавь өдөржин хурлаа хурна. Шөнө номоо үзнэ. Үүр жаахан цайв уу үгүй юу багшдаа бараалхаж номоо заалгана. Чойрын ном үздэг хүн бол шөнийн турш бараалхана. Унтах зав тун бага. Үүрээр л жаахан унтдаг байлаа. Тэр үед номын сургууль их хатуу чанга, муухан шиг ном үзсэн шавийг гэсгүй гээч мод барьсан хүн нүдээд хэцүү. Бид тэр хүнээс л айна. Ер нь тэднийг чинь бүсэлхийнээс дээш харж чаддаггүй. Ганц гэсгүй гэлтгүй настай хүнээс тун их эмээнэ. 

Дээлийн нударга чихэж өмсөхгүй, цээж задгай явдаггүй. Зүүнээс баруун, баруун талаас хоёр тал хүрэхэд орхимжгүй явна гэж нэг ч байхгүй. Шөнө тоглоно гэж саналтгүй. Шөнө тоглоход гэсгүй нэг туслахтайгаа явж чагнаад даалуу тавьж буй улсыг андахгүй. Хашааг нь давж орно. Маргааш нь Дуутын цуглаанаар шийтгэнэ. Гинжээ гэж дооромбо, маарамба хүн эмнэдэг мундаг номтой ламтай байлаа. Гэтэл намайг хүрээн дээр байх хойгуур Цагаан сарын шинийн гурванд манай ламыг бариад явчихсан байсан.

-Хаашаа тэр вэ. Өнөөх айхтар хэлмэгдүүлэлт эхэлж буй нь тэр үү?

-Тиймээ. Бид хоёр шинийн 4-д өртөөн дээр уулзаж, золгоод салсан. Тухайн үед би харгалзаж байсан хүмүүсээс нь айгаад Гинжээгээс олигтой юм ч асууж чадалгүй буцаж билээ.

-Тэгээд Гинжээтэйгээ дахиад уулзаж чадсан уу?

-Барьж авч явсан хүн нь 14 хоногийн дараа очиж эргээрэй гэсэн юм. Ингээд хэлсэн хугацаа өнгөрсөн хойно Улиастайд очиж эргэсэн. Би Гинжээд нэг дэвсгэр, жаахан тос аваачиж өгсөн юм. Харин Гинжээ маань “Би сайн байна. Та нар сайн байна уу” гээд нэг хүрэм өмсч явсан түүнийгээ надад өгч билээ. Гинжээ маань нэг их удалгүй Цагаан сарын 25-26-ны хавьд алга болсон гэж дуулдсан. Их айдаг байсан цаг. Айгаад хүнээс асууж сураглаж чаддаггүй байлаа. Манай Улиастайн ганц худагийн амаар хүн явдаггүй. Цагдаатай байсан үе.

-Хэлмэгдүүлэлтийн үед их олон лам хар болсон гэлцдэг?

-Би Дуутын хүрээнд 17 настай унзад болсон юм. Түүнээс хойш гурван удаа унзад болж, хэлмэгдүүлэлтийн үе буюу 1938 онд 27 настай хар болсон.

-Таныг Дилав хутагт Б.Жамсранжавын шавь гэж дуулсан?

-Хуучнаар Сайн ноён хан аймгийн Албат хошуут бээсийн хошууны тэр үеийн олны багш Дилав хутагтын тавдугаар дүр Б.Жамсранжав гэж хүн байлаа. Энэ хүнийг мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Би Дилав хутагт Б.Жамсранжавын сэрүүн тунгалаг байхад нь шавь орсон хүмүүсийн нэг. Эдүгээ надаас гадна түүнийг Америкт байхад дэргэд нь байсан 103 настай Жамбалдорж гэж шавь бий. Энэ хүний шавь нараас эдүгээ бид хоёр л үлдэж дээ.

-Тухайн үед Монголчууд Цагаан сарыг хэр өргөн тэмдэглэдэг байв?

-Айлууд битүүнд боовоо хийдэг. Харин шинийн 29-нд цэвэрлэгээ хийж хотныхоо хогийг арилгана. Мөн шинийн 29 -нд хүрээн дээр сор залдаг байлаа. Шинийн нэгэнд ах дүү садандаа золгож цайлна. Гэхдээ өнөө цагтай адилгүй. Шинийн нэгний үеэр хэдийн мал төллөчихдөг. Уураг цагаан идээгээ тавган дээрээ тавьчихна. Бууз нэг их хийдэггүй. Банш л гэж байсан. Баншаа усанд чанаад шүүрээр гаргаж иддэг. Манай тэнд ууц тавиад байдаггүй. Нэг л их том цагаан таваг засдаг байлаа. Голдуу өрөм, зөөхий, шинэ уураг тавьдаг.

-Айлууд хүмүүсийн гар цайлгадаг байсан байх. Ямар бэлэг өгдөг байсан бэ?

-Тэр үед нэг нэг хадаг, хамгийн том бэлэг орой торго, ёотон чихэр дээрээс нь тавьж өгнө. Харин настайчууддаа хадаг барина. Ер нь том бэлэг өгдөггүй. Сар шинийн үеэр хүүхэд мэндэлвэл түүнд халзан цагаан хонь, эрэгтэй хүүхэд гарвал адуу малнаас зааж өгдөг байсан. Манай нутагт хоёр гурван пүүс хятад арилжаа наймаа хийдэг. Хүмүүс тэндээс боов чихэр авна. Тэнд дутуу юм байхгүй.

-Та хэдэн онд нийслэлийн иргэн болов?

-1972 онд хотод орж ирсэн. Ардчиллын ачаар 1990 онд шашин ном сэргэхэд Дашчойлин хийд эргэж нээгдсэн. Дашчойлин нийслэлийн хамгийн ууган хийд. Хуучин циркийн байруудыг ашиглан Дашчойлин хийд байгуулагдсан түүхтэй. Энэ хийдэд би хурлын ламаар анх орж, дараа нь их гэсгүй, ловон болсон. Одоо нас өндөр болсон тул гол төлөв дүйцэн хурлууд дээр очиж суудаг.

-Танайх эдүгээ үр хүүхэд  хэдүүлээ вэ?

-Би ганц хүүтэй. Хүү минь олон сайхан хүүхэдтэй болж одоо манай ам бүл ач гучтайгаа нийлээд 16. Ач гучаа тойруулаад өнөр өтгөн сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань төр, засгийнхаа буянаар зөв гишгэж явна. Хамгийн наад зах нь архи уугаад гудамжинд уначихдаг хүн нэг ч байхгүй.

-Ойрын өдрүүдэд их хүйтэн байна. Байшинд амьдарвал тухтай биш үү?

-Би насан туршдаа гэрээс салаагүй. Гэрт амьдрах нь тухтай санагддаг. Манайх урд нэлээн том айл байсан юм шүү. /инээв/ Би гэрийн шавхруун дээр ганцаараа үлдсэн нь энэ.

-Та гэртээ ганцаараа амьдардаг хэрэг үү?

-Надад шавь орон номын мөр хөөж буй Ш.Жамбаа хэмээх шавьтайгаа 20 жил хамт амьдарч байна. Багш хүн арван эрдэм төгс байх учиртай хэмээн бурханы номонд үздэг. Дээр үед шавь сургалт буюу гэрийн сургалтын арга түгээмэл байлаа. Өдөрт багшдаа бараалхаж номоо хэмжүүлж, цээжилж шалгуулдаг. Бага балчир оюун ухаан хурц үед нь номыг сайн цээжлүүлдэг. Харин бие хаа өсгөлүүн насаа дагаад оюун ухаан юмыг эргэцүүлж бодох ой тоо нь сууж ухаажих тэр үед номын учир утгийг тайлж өгдөг.

-Шавь тань ном үзэхээс гадна гэрийн бүхий л ажил төрлийг амжуулдаг байх нь ээ?

-Урдны ерөөлийн хүчээр бид хоёр багш шавийн барилдлагатай болсон биз ээ. Шавь маань номыг нь сурдаггүй юм гэхэд номхоныг нь сурахыг хичээнэ хэмээдэг. Би 05 цагт дээшилж босдог. Шавь маань намайг босохоос нь өмнө галаа түлж, орон гэрээ цэвэрлэн, шүтээн бурхныхаа тоос шороог арчиж тахилаа солиод цай буцалж бэлэн болгодог. Ингээд бид хоёр өглөөнийхөө цай ундыг ууна. Дараа нь шавь маань өмнөх өдрийн цээжилсэн номын шүүлгээ өгч, дараагийн номоо хэмжүүлж хуралдаа явдаг. 

Харин би гэртээ уншлагаа уншаад үлдэнэ. Одоо нас өндөр болсон тул шинийн найман. Арвантаван, битүүний өдрүүдэд хуралд очдог болсон. Энэ өдрүүдэд их хөлгөний тэтгэн ариутгах санваар авдаг тул цагаан хоол зооглодог. Бид хоёр жирийн өдөр 13 цагийн үед гүнцгээ зооглож тэрнээс хойш хоол идэхгүй, шингэн зүйл уудаг. Ингээд өдөр тутмын уншлагаа уншиж, орой ерөөлөө тавина. Мөн орой өдрийн заасан номнуудын утга учрыг тайлж мэдүүлж, тайлбарлаж өгдөг.

-Энэ өдрүүдэд цагаан хоол идэх нь ямар ач тустай вэ?

-Шашин бурхан сайн байх үед лам харгүй нийт олноороо шинийн найман, арвантаван, битүүн тэргүүтэн мацаг өдрүүдэд махан хоолыг идэхийг цээрлэдэг. Их хөлгөний тэтгэн арвитгах санваар гэдгийг авдаг. Түүгээрээ олон түмэн буян хурааж, нийгэм буяны үрээр амар тайван байдаг гэж үздэг.

-Та хамгийн сүүлд ямар ном, судар уншив?

-Би тангад ном л мэднэ. Хамгийн сүүлд “Сандуйн жүд” буюу “Нууцын хураангуйн үндэс ” хэмээх ном уншсан.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]