Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Олон улсад дуулиан дэгдээсэн эмч нарын гэмт хэргүүдУншсан2,741

Ян Патерсоны ажилчдад энэ нь нэг л сэжигтэй санагдсан тул мөрдлөг хийж, түүнийг огт хэрэггүй хагалгаа хийдэг болохыг нь мэджээ.

Алтан гарт ачтан, цагаан халаад шигээ ариун цагаан сэтгэлтэн, буянтан хэмээн Монголчууд эмч нарыгаа хүндэлдэг. Энэ хүндлэл, өргөмжлөлийн хажуугаар хаа нэгхэн эмч нар шүүхийн хаалга татсан мэдээ гарч л байдаг. Эмч ч гэсэн хүн л юм хойно алдаа дутагдал, хүнд байдаг гэм буруу байдаг л байх. Тэгвэл энэ удаа дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эмч мэргэжилтнүүдтэй холбогдон гарсан, улмаар олон улсад дуулиан дэгдсэн хэргүүдийн талаар өгүүлж байна.  

Амиа хорлолтоор дууссан гэмт хэрэг

1978 онд Глен Такер хэмээх эмч АНУ-ын Милуоки хотод гоо сайхны мэс заслын эмчээр ажилладаг байжээ. Нэг өдөр хамар нь хугарсан Йен Лехман гэгч эрийг түргэний машинаар түүн дээр авчирсан бөгөөд эмч үзлэг хийгээд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Хавдар нь буусны дараа хагалгаа хийдэг байтал Глен Такер эмч хавдрыг буулгалгүйгээр өвчин намдаах эм өгөөд хагалгаанд бэлдэж эхэлсэн аж. Ингээд өвчтөн ухаан орохдоо маш их өвдөлт мэдэрсэн байна. Йен Лехман хоёр сарын турш долоо хоног бүр Глен Такер эмч дээр очиж үзүүлдэг байсан бөгөөд дахин нэг удаа хагалгаанд оржээ. Сүүлдээ амьсгалахад бэрх болж, эмчтэй уулзахаар хүлээж байхдаа нусаа хүчтэй нийтэл хамраас нь их хэмжээний идээ бээр гарсан гэнэ. Ингээд болсон явдлын талаар эмчид хэлэхэд тэр инээмсэглээд "Чи зүгээр л эдгэхийг хүсэхгүй байна" гэж хэлсэн байна.

Залуу өөр эмчид үзүүлэхээр шийджээ. Харин Йен Лехманд үзлэг хийсэн эмч түүний хамар дотор илжирсэн марль байхыг олсон бөгөөд нэлээд удаан хугацааны турш эмчилгээ хийжээ. Гэсэн ч түүний хамар дотогш цөмрөн, нэг өглөө бүр хамрынх нь мөгөөрс ил гарсан байдалтай сэрсэн гэнэ. Хачирхалтай нь түүний нэгэн адил хохирсон арав гаруй өвчтөн Глен Такерын эсрэг гомдол гаргажээ. Гар нь байнга салганах болсон залууд хагалгаа хийсэн боловч мөнөөх эмчийн буруугаас болж өвчтөн гараа тайруулахаас өөр аргагүй болсон хэрэг ч гарч. Мөн 1979 онд хөх томруулах мэс засал хийлгэсэн нэгэн эмэгтэй мөн хохирч үлдсэн байна. Удаа дараагийн олон хохирогчтой Глен Такерын эсрэг 1982 онд хавтаст хэрэг нээсэн ч тэрээр загасчилж байхдаа ор сураггүй алга болжээ. Ингээд түүнийг нууранд живж нас барсан гэж үзэж байтал 1998 онд телевизийн нэгэн сурвалжлагын үеэр амьд байгааг нь цагдаа нар, гэрчүүд олж харсан байна. Улмаар цагдаа нарын уйгагүй мөрдлөгийн эцэст илчлэгдсэн Глен Такер баригдахдаа эхнэр болон муураа буудаад, дараа нь өөрийнхөө амийг хороосон байна.

 

Арьсны хорт хавдрын эмч

Флорида мужийн эмч Майкл Росин арьсны хавдрыг эмчилдэг онцгой хагалгаа хийдэг нэгэн юм. Тэрээр өвчтөнүүддээ арьсны хорт хавдартай хэмээн хуурамч онош тавьж, хагалгаа хийдэг байжээ. Майкл Росин эмч нэг хүнд хэд хэдэн хагалгаа хийдэг байсан гэнэ. Тухайлбал, 13 өвчтөнд тус бүрт нь 20 гаруй удаа мэс ажилбар хийжээ. 20 жилийн хугацаанд нэг өвчтөнд нийт 122 удаа хагалгаа хийсэн гээд бод доо. Гэхдээ өвчтөнүүд нь шинжилгээ авах бүрт яагаад хариу нь сөрөг гардаг байсан талаар огтхон ч бодож үзээгүй юм.

Түүний өвчтөнүүдийн 99 хувь нь арьсны хорт хавдартай хэмээн оношлуулах болсон учир эмнэлгийн ажилтнууд ч сэжиг авч эхэлжээ. Ажилтнуудын нэг нь хуурамч слайд хийж Майкл Розинд харуулахад тэрээр арьсны хорт хавдар хэмээн оношилжээ. Ингээд эмнэлгийн ажилчид хууль хяналтын байгууллагад түүний талаар гомдол гаргаснаар эмчийн үйлдэл илчлэгджээ. 2006 онд Майкл Розиныг буруутгаж, шүүхээс 22 жилийн хорих ял өгснөөс гадна 7.2 сая долларын торгууль тавьжээ.

Узбекстаны эмч нарын хэрэг

Чөлөөт нийгэм бүхий барууны орнуудад эмч нарын хэрэг олон нийтэд ил болж дуулиан шуугиан дунд шүүхээр шийдэгддэг. Харин хаагдмал, ардчилал хөгжөөгүй орнуудад эмч нартай холбоотой гарч буй хэрэг төдийлөн гардаггүй нь тухайн нийгэмтэй нь холбоотой хэмээн үздэг аж. Эмнэлгийн ажилтнуудын буруугаар Узбекистаны бараг 150 хүүхэд ХДХВ/ДОХ өвчний халдвартай болсон аймшигт хэргийг 2010 онд хүмүүс мэджээ. Аюултай өвчний халдвар тараасан энэ хэрэг 2007-2008 онуудад гарсан ч энэ тухай дөнгөж 2010 оны гуравдугаар сард олон нийт мэдэв. "Фергана.Ру" сайтад эмч нарыг шүүсний дараа Наманган мужийн прокурорын захиалгаар шүүхийн хэрэгцээнд Узтелерадио компанийн хийсэн баримтат кино олджээ. Шүүх хаалттай явагдсан учир уг киног тэр үед телевизээр харуулаагүй байна. Кинонд өгүүлснээр Наманган мужийн эмнэлгийн ажилтнуудын буруугаар 2007-2008 онуудад 147 хүүхэд ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвар авсан байжээ. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн ариутгалыг муу хийсэн нь үүний гол шалтгаан байсан ба мөн гэмт үйлдлээ далдах үүднээс эмнэлгийн бичиг баримтыг хэсэг эмч устгасан тухай ч тэнд өгүүлсэн байв.

Эх сурвалжийн мэдээгээр шүүх хурал эхлэх үед халдвар авсан хүүхдүүдээс 14 нь өөд болсон байжээ. Сэтгүүлчид энэ асуудалд олон нийтийг хандуулах гэсэн боловч эрх баригчид тэдэнтэй хамтран ажиллаагүй гэнэ. Эрх баригчид одоо ч уг асуудлыг нуусан хэвээр байна гэж "Фергана.Ру" сануулсан байдаг.

Зартай террористыг барьж өгөөд 30 жил

Эмч мэргэжлээ ашиглан тагнуулчидтай хамтран ажилласан хэмээгдэн ял сонссон эмч ч байх юм. Осама Бин Ладеныг олоход АНУ-ын тусгай албаныханд тусалсан гэх үндэслэлээр нэгэн пакистан эмчид 2012 онд шүүхээс 30 жил шоронд хорих ял оноож. Алан хядагч Осама Бин Ладены хаана байгааг тогтоохын тулд хуурамч вакцины хөтөлбөр хэрэгжүүлж, эх орноосоо урван тэрсэлсэн хэрэгт Пакистаны шүүх Шакил Афридийг яллажээ. АНУ-ын Төрийн департамент эмчид оноосон ялыг үндэслэлгүй гэж үзсэн боловч дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. 9/11 халдлагын гол зохион байгуулагч гэгддэг олон улсад зартай алан хядагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай алба 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботабад хэмээх газраас баривчилж, хөнөөсөн билээ. Олон улсад эрэн сурвалжилж байсан зартай алан хядагчийг Пакистанаас олж устгасан нь АНУ, Пакистаны харилцаанд сэв суулгах дөхсөн. Исламабад АНУ-ын тусгай албаны нууц ажиллагааг тус улсын аюулгүй байдалд халдсан хэрэг гэж үзсэн билээ. Бин Ладеныг баривчилсан тусгай ажиллагааны дараа түүний эмчийг Пакистаны тал баривчилсан аж. Пакистаны хууль сахиулагчид эмчийг ялласнаа гадаадын тагнуулын талд ажилласан ямар ч иргэнийг ингэж шийтгэдэг хэмээн зөвтгөжээ. 2012 оны нэгдүгээр сард АНУ-ын албаны хүмүүс Шакил Африд Бин Ладеныг байгааг нотлох ДНК-гийн дээжийг олоход тусалсан хэмээн ам алдсанаар эмчийн америк тагнуулчдад худалдагдсан нь ил болжээ.

Эмч жихадист

АНУ-ын цэргийн шүүхээс цэргийн хуаранд гал нээж, 13 цэргийн амийг хөнөөж, 32 хүнийг гэмтээж шархтуулсан Нидал Малик Хасан гэгчид цаазаар авах ял оноожээ. 42 настай Нидал Малик Хасан нь 2009 оны арваннэгдүгээр сард Техас мужийн Форт-Хүүд цэргийн хуаранд эмчээр ажиллаж байхдаа алба хаагчдынхаа эсрэг гал нээж, олон цэргийн амийг хөнөөсөн аж. Виржини мужид төрсөн мусульман шашинтан Нидал Малик Хасан нь Форт-Хүүд хуарангийн эмчилгээний төвд Талибанчуудыг өмгөөлөн цэргүүдийн эсрэг гал нээсэн бөгөөд хариу буудалцааны үеэр шархтаж эмнэлэгт хүргэгдэж байжээ. Буудалцааны үеэр Нидал Малик Хасан нийт 146 сумаар гал нээсэн байна. Тэрээр өчигдөр болсон шүүх хуралд тэргэнцэрээр ирсэн бөгөөд цаазын ял сонсох үедээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй гэнэ. Хэдийгээр Нидал Малик Хасан хэргээ хүлээж, цаазын ялаас мултрахыг оролдсон боловч цэргийн хуулиар иймэрхүү хүнд гэмт хэрэгт хэргээ хүлээхийг хориглодог байна.

АНУ-ын цэргийн шүүх 1961 оноос хойш армийн алба хаагчид цаазын ял оноож байгаагүй гэнэ. Одоогоор цаазаар авах ял сонсох хэмжээний гэмт хэрэг үйлдсэн таван хэрэгтэн АНУ-ын Канзас мужийн Форт-Ливенворт хотын шоронд хоригдож байгаа ба тэдний хэрэг шүүх хурлын шатандаа яваа аж.

Хамгийн муу мэс засалч

Кристофер Данц хэмээх энэ эр 20 жилийн турш мэс заслын эмчээр ажилласан байна. Энэ хугацаанд ажлын хамтрагч нар нь түүнд “Хамгийн муу мэс засалч” хэмээх нэр тодотгол өгч амжсан байна. Тэрээр багын найз болох Жерри Саммерст нурууны хагалгаа хийсэн гэнэ. Хагалгааны үеэр тэрээр нуруунд байрлах артерын судсыг нь санамсаргүй хайчилсан бөгөөд үүнээс болж их хэмжээний цус алджээ. Хагалгааны дараа Жерри гар, хөлөө огт хөдөлгөж чадахгүй байсан аж. Юунаас бож ийм байдалд хүрсэн шалтгааныг олж, найздаа оношилгоо хийхийн оронд Кристофер Данц эмч өөр өвчтөнд анхаарал хандуулсан байна. Үүнээс болоод Жерри гар хөлөө тайруулсан аж. Өөр нэг өвчтөн болох Жеффри Глидуэлдэд хагалгаа хийснийх нь дараа Кристофер Данцын мэс засалч байх эрхийг нь хасчээ. Тэрээр маш муу эмч байсан учир хагалгааны багийнхан хүчээр түүнийг ажиллахыг болиулжээ. Гэсэн ч Кристофер Данц өөрийгөө зөвтгөсөөр байсан гэнэ. Энэ хооронд өвчтөн Жеффри Глидуэлд бие нь дордож, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Гэр бүлийнхэн нь ч өөр эмч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ингээд Жеффрид Рэндал Кирби гэх эмч хагалгаа хийхээр болсон байна. Тэрээр өвчтөний хагалгаа хийлгэсэн хэсгийг нээж үзээд маш их цочирдсон аж. Учир нь артерийн судсыг тайрч, хоолойны зүслэгийг буруу хийснээс болж шарханд идээ орсон байжээ. Үүнээс гадна компьютер оношилгоо хийсний дараа Глидуэлийн хоолойд илжирсэн даавуу үлдээсэн байхыг олсон гэнэ. Тэгээд эмч нар Кристофер Данцын талаар Техасын Эрүүл мэндийн төвд мэдээлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний хийсэн бүх хагалгааны түүхийг судалж үзсэнээр 2013 онд мэс заслын эмч байх эрхийг нь хасаад зогссонгүй олон олон гэмт үйлдэл нь илэрснээр бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэмээн буруутгаж, насан туршид нь хорих ял оноожээ.

Мөнгөний төлөө тангарагаа умартсан нь

Мичиганы эмч Фарид Фата өөрийн өвчтөн болох Мэгги Дорсид булчирхайн үрэвсэлтэй гэсэн онош тавьж, химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Эмчилгээний явцад бүсгүй сульдаж эцэн, бие нь өмнөхөөсөө ч илүү дордсон гэнэ. Тэрээр хоол хийж, гэрээ цэвэрлэх байтугай охиныхоо үсийг ч самнах чадваргүй болсноос гадна хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан гэнэ. Хожим нь өөр эмнэлэгт хандаад Дори өөрийгөө булчирхайн үрэвсэлгүй болохоо мэджээ. Фарид Фата эмч хүмүүст хуурамч онош тавьж, өндөр төлбөртэй химийн эмчилгээ хийн, өөрийн санхүүгийн байдлыг дээшлүүлдэг байсан гэнэ. Патти Хистер хэмээх өвчтөн мөн Фарид Фата эмч дээр ирж ясны чөмөгний шинжилгээ өгсөн бөгөөд эмч шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, түүнийг архаг цус багадалттай хэмээн оношилсон байна. Хистерт мөн л химийн эмчилгээ хийхийг санал болгожээ. Ингэснээр өвчтөний бүх үс унаж, буйлны асуудалтай болжээ.

Фарид Фататай хамт хавдрын төвд ажиллаж байсан эмч Хууль зүйн яаманд түүний талаар мэдээлэл өгснөөр цагдаа нар баривчилсан байна. Шүүх хурлын явцад тэрээр өвчтөнүүдийг хавдартай хэмээн оношилж хэрэгтэй хэрэггүй маш олон химийн тариа хийж байсан нь батлагджээ. Тэрээр нэгэн хавдартай эмэгтэйд 195 төрлийн химийн  тариа хийсний 177 нь огт хийх шаардлагагүй байсан гэнэ. Эмчилгээний дараа бүсгүйн бие муудаж, шээсний замын өвчтэй, ходоод, бөөрний асуудалтай болсон байна. АНУ-ын прокурорын газар Фарид Фатаг 553 хэрэгт холбогдуулан шалгасан ч тэрээр нийт долоон мужид 17.000 орчим үйлчлүүлэгчтэй байсан учир энэ тоо түүнээс ч их байх магадлалтай юм. 2014 онд Фарид Фата мөнгө олохын тулд өвчтөнүүдэд хийх шаардлагагүй эмчилгээ бичиж өгч, оношийг нь хуурамчаар үйлддэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч 45 жилийн хорих ял авчээ.

200 хүнд ДОХ халдаасан эмч

Зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, 200 гаруй хүнд ХДХВ тараасан Камбожийн эмчид 25 жил хорих ял оноожээ. Энэ тухай Британийн “Гуардиан” сонинд мэдээлсэн байна. Камбожийн 74 настай оршин суугч өөрт нь ХДХВ илэрсэн тухай дээрх эмчийн бусад өвчтөнд ярьж, тэдэнд мөн шинжилгээ хийлгэхийг зөвлөсний дараа тус улсад уг вирус олон хүнд халдварласан дуулиан дэгджээ. Зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан эмчийн буруутай үйлдлийн улмаас 200 гаруй хүн ХДХВ-ийн халдвар авсан байна. Йем Чрин гэгч тэрбээр халдвартай тариурыг, мөн ариутгаагүй зүүг олон дахин ашигладаг байжээ.

Анагаах ухаанаар хууран мэхлэгч

Мэдрэлийн эмч Ария Сабит анх Калифорнид туршилтаа эхэлжээ. Түүнийг анагаах ухааныг ашиглан 20 гаруй удаагийн хууран мэхлэлт хийсэн хэмээн буруутгасан байна. 2011 онд Ария Сабит Мичиган руу нүүж, тэндхийн тархи, нуруу нугасны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуульд ажилд орсон гэнэ. 2012 онд Тонокка Скот хэмээх залуу нуруу нь байнга өвдөх болсон гэсэн шалтгаанаар Ария Сабит эмчид ханджээ. Эмч нуруу нугасны хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөж Скот ч зөвшөөрсөн аж. Харин хагалгааны дараа Скотын баруун хөлний ар хэсэг, хуруунууд, мөн өгзгөөр нь хатгуулж эхэлжээ. Тэрээр эмчид “Хөлд минь цус буцалж байгаа мэт мэдрэмж төрж байна” гэж хэлсэн боловч тоогоогүй учир Скот өөр эмчид хандсан аж. Харин Скотын хандсан эмч түүнд нуруу нугасны хагалгаа хийгээгүй болохыг тогтоосон байна.

Үнэн хэрэгтээ Ария Сабит эмч санхүүгийн асуудалтай байсан учир өөрт нь хандсан өвчтөнүүдэд хагалгаа хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж, хагалгаа хийлгүй нээчихээд, буцаан оёдог байсан гэнэ. Үүний ачаар тэрээр багагүй ашиг олдог байжээ.  Сабит маш олон өвчтөнийг ийнхүү хохироосон бөгөөд зарим нь архаг өвчтэй болж үлдсэн байна. 2017 онд Сабит өөрийн хэргийг хүлээн зөвшөөрч, түүнд 19 жил долоон сарын хорих ял оноожээ.

Огт хэрэггүй хагалгаа хийдэг эмч

Шерил Айомми гэх англи эмэгтэйн баруун хөх нь хавдсан учир тэрээр 2003 онд Ян Патерсон эмчид хандсан байна. Эмч бүсгүйг хөхний хорт хавдартай болсон гэж оношилжээ. Ингээд мэс засалд орж, хавдраа авахуулсан боловч хагалгааны дараа бүсгүй хоёр хөхийг нь авсан болохыг мэдсэн байна. Түүний хоёр дахь хөхөнд ч бас хавдар байсан учир авсан гэж эмч тайлбарлажээ.

Айомми эхлээд Ян Патерсон эмчид талархаж байсан ч хэсэг хугацааны дараа хагалгаа хийсэн газар нь том хонхортой үүссэн тул дахин мэс засалд орж засуулсан байна. Гэхдээ энэ байдал түүнд таалагдаагүй юм. Учир нь Ян Патерсон эмчийн болгоомжгүй байдлаас бүсгүйн цээж маш муухай сорвитой болсноос гадна бүсгүйн хоёр дахь хөхийг авах ямар ч шаардлагагүй байсан нь хожим илэрсэн байна. Ян Патерсоны ажилчдад энэ нь нэг л сэжигтэй санагдсан тул мөрдлөг хийж, түүнийг огт хэрэггүй хагалгаа хийдэг болохыг нь мэджээ. Ингээд Ян Патерсон баривчлагдаж 2017 онд Нотингемийн шүүх хурлаар 20 жилийн хорих ял оноосон байна. Харин мэс засалч эмчийн хохирогчид гомдол мэдүүлж, даатгалаас олон арван сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

175 жилийн ял

АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар 175 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Хориод жилийн хугацаанд ямар нэг байдлаар Нассарын бэлгийн хохирогч болсон 156 бүсгүй шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгсөн байна. Өдгөө 54 настай Нассар өмнө нь хүүхдүүдийн зүй бус дүрс бичлэг хадгалсан хэргээр 60 жилийн хорих ял сонссон байсан юм. Шүүх хурал долоон өдөр үргэлжилж, өчигдөр /2018.01.24/ дууссан бөгөөд шүүх хурлын үеэр Нассар өөрөө бага насны охид, залуу бүсгүйчүүдэд бэлгийн халдлага үйлдсэн 10 удаагийн тохиолдлыг хүлээн зөвшөөрчээ.

Шүүх хурлын явцад залуу охид, бүсгүйчүүд, хэдийн нас биед хүрсэн эмэгтэйчүүд Нассарын бэлгийн халдлагад өртөж, бие махбод, сэтгэл зүйн дарамт амсаж байсан тухайгаа ярьсан юм. Бүсгүйчүүдийн дунд олимпийн аварга гимнастикч Эли Райсман, Жордин Уибер нар ч байв. Тэдний хамт шигшээ багт харьяалагдаж байсан МакКайла Марони, Гэбби Дуглас, Саймон Байлс нарын тамирчид ч мөн ямар нэг байдлаар Нассарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноо гэрчилсэн байна. АНУ-ын гимнастикийн холбоо 2015 онд Нассарыг мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэлээр дуулиан шуугиан багатай ажлаас нь чөлөөлж байв. Түүнээс өмнө 2014 онд мөрдөн байцаалт явагдаж, Мичиган мужийн их сургууль түүнийг гурван сар ажиллах эрхийг нь түдгэлзүүлж байжээ.

Гэсэн ч Нассар өвчтөн үзэж, эмчлэх ажлаа орхиогүй. 2016 онд түүний талаарх мэдээлэл “Индианаполис Стар” сонинд нийтлэгдсэнээр Нассарыг дахин шалгаж эхэлсэн. Тэр үед гимнастикийн тамирчин Рашел Денхолландер эмч Нассар түүнийг бага байхад нь бэлгийн дарамт үзүүлсэн тухай анх дуугарсан юм. Ар араасаа Нассарын хохирогчид энэ мэтээр илчилсээр шүүх хуралд 156 хохирогч оролцжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 30. 14:16
Зочин

Mongold iim mes zasalch bii. Daraa n uvchtunii history n alga bolchihdog yum

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]