Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Хубилай хааны цагаан суваргат сүмУншсан2,658

Сүмийн туурийн гол дунд нум сумтай цэрэг зогсоогоод дөрвөн зүгт сум талбиулж, сум туссан газрын хэмжээгээр сүмд эзэмшил газар олгон тиг гортиг татуулан зурхай зуруулсан байна.

Бээжин хотын баруун дүүрэгт Фучэнмэн гудамжны хойд үзүүрт оршдог энэ сүм нь язгуурын монголчууд гэгддэг хитанчууд хүчирхэгжин мандаж төр улс байгуулсан үе болох 1096 онд анх баригдсан. Ер нь Бээжин хот бол Хитан нарын үед анх улсын нийслэл болсон түүхтэй агаад Хитаны Ляо улсын таван нийслэлийн нэг Өмнөд нийслэл гэгдэж байжээ. Сүүлд нь Зүрчидийн Алтан улсын үед Жунду буюу Дунд нийслэл гэгдэх болсон. Чингис хаан Алтан улсыг мөхөөх үеэр монголын их цэрэг энэ хотыг хоёронтаа эзлэн авч галдан шатаасан бөгөөд тэр үеэр энэ сүм эвдэрч нурсан байна. Хожим нь Хубилай хааны зарлигаар 1271 онд сүмийг сэргээн засварлаж, хуучин байсан суваргын суурин дээр одоогийн Цагаан суваргыг шинэчлэн барьжээ. Сүмийг сэргээн барих болсонтой холбоотой нэгэн домог байдаг. Хубилай хаан Бээжин хотод шинжлн суурьшаад удаагүй байхад албат түшмэд нь эртний энэ нурсан сүмийн тууринаас шөнө болгон жигтэй гэрэл гэгээ цацрах болсон тухай дуулгажээ. Чингэсэнд Хубилай хаан даруй шалгаж үзсүгэй гэснээр туурийг ухахад дороос нь Бурхан багшийн чандрыг аравнайлсан эрдэнийн хайрцаг гарч иржээ. Чингэсэнд хаан бээр энэ сүмийг сэргээн босгосугай гэж зарлигласан гэдэг.

 Гол дуганд эртний хийцтэй олон бурхан байдаг.  

Ийнхүү Бурхны шашныг төрийн шашин болгосон Хубилай хаан энэ суваргыг өвөг дээдсээ тахин шүтэх тайлгын зориулалттайгаар сэргээн байгуулсан байна. Тэгэхдээ сүмийн туурийн гол дунд нум сумтай цэрэг зогсоогоод дөрвөн зүгт сум талбиулж, сум туссан газрын хэмжээгээр сүмд эзэмшил газар олгон тиг гортиг татуулан зурхай зуруулсан байна. Хааш хаашаагаа сум туссан газар гэдэг маш том байх нь мэдээж. Харин хожмын цаг үеүдэд сүмийн газар нутгаас тасдан авсаар байгаад, өнөөдөр тун бага хэсэг нь үлджээ. Сэргээн босгох ажилд монгол, хятад урчуулаас гадна Балбаас урьж ирүүлсэн олон урчуул оролцсоны дотор Арника хэмээх уран барималчин онцгой гавьяат үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс сүмийн хашаанд түүнд зориулсан хөшөөг хүндэтгэлтэйгээр залсан байна. Сүмд эл үйл явдлыг түүхчлэн үзүүлсэн музей бий бөгөөд тэнд Хубилай хаанаас Түвдийн шашны тэргүүдтэй харилцаж байсан, дотор газар Бурхны шашин дэлгэрүүлсэн түүх хийгээд уг сүм, суваргыг барьж босгосон үйл явдлыг харуулсан байдаг. 

 Цагаан суварга 

Өнөөдөр албан ёсны нэр нь Мяо-иньсы, ард олны дунд Цагаан суваргын сүм гэх болсон энэ сүмийг Юань улсын үед Ван-аньсы буюу монголчилвол Тэнгэрийн бошигт Түмэн амгалант сүм гэж нэрлэж байсан бөгөөд өвөрлөгчийн зарим бичгийн хүмүүс Их сахиуст Түмэн амгалант сүм  гэж нэрлэж байсан нь ч тааралдана. 9 м өндөр сүмбэр суурин дээр 51 м өндөр суварга сүндэрлэх бөгөөд хамгийн өргөн хэсгээрээ 18.4 метр диаметртэй, 13 давхар өндөр энэ суварга бүхий энэ сүмийн нийт талбай нь 810 хав.дөр.метр юм.

Цагаан суварга нь сүмбэр суудал, их бие, шүхэр, оройн суварга гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд бадам лянхуа цэцгийн хорин дөрвөн дэлбээний хэлбэртэй сүмбэр суудлын эргэн тойронд 108 ширхэг зулын гүнгэрваатай. Их биеийн дээд хэсэгт тэнгэрийн мандлыг бэлгэдсэн арван гурван номын цагаригтай, түүний дээр 9.7 м диаметртэй хүрэл шүхэр байх бөгөөд түүний эргэн тойронд гучин зургаан гуулин давтмал бурхдын дүртэй, мөн самгарди тарнийн үсэг сийлээстэй, олон тооны хүрэл хонх зүүгээстэй бий. Оройд нь хоёр тонн жинтэй дөрвөн метр өндөр алтадмал хүрэл суварга байдаг.  

 

“Юань улсын судар”-т тэмдэглэснийг үзвэл “1288 онд Түмэн амгалант хийд бүтээвэй. Бурхдын хөрөг, хэрэм ба гэгээвч тэргүүтнийг цөмийг нь алтдан өнгөлөв. Алт 540 лан илүү, мөнгөн ус 240 жин хэрэглэвэй” гэсэн байна. Юань улсын бүх цаг үеийн туршид энэ сүм хаан төрийн ёслол үйлийн чухал газар байсан төдийгүй шинэ хаан ор суух, хааны насны ойн баяр, цагаан сарын баяр ёслол болохын өмнө төрийн ноёд түшмэд энд ирж гурван өдрийн турш бэлтгэл сургууль хийж, ёслол журмыг дэглэн боловсруулдаг байжээ.

Хууч ярианаас үзвэл Хубилай хааны бариулсан Цагаан суваргын дотор бурхны шашны зан үйлд холбогдох өмнө нь байсан эд өлгүүдийн зэрэгцээ их хааны эцэг, эхийн шарил чандрыг нэмж хийн аравнайлсан гэх нь бий. Гэвч суваргыг үе үе нээн үзэж байсан боловч тэр тухай тодорхой бичлэг тэмдэглэл үлдээгүй тул энэ асуудлыг өнөөдөр тодотгох боломжгүй болжээ. Харин 1978 онд суваргыг засварлах үеэр дахин нээхэд дотроос нь манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан өөрийн мутраар бичсэн тарнийн уншлага, 724 хуудастай Ганжуур, Данжуур, 20 см өндөр шижир алтан Гурван цагийн бурхан, шар агар зандан Их нигүүлсэгч Хоншимбодисад гэдэг Арьяавал бурхан, шижир алтан Урт наст бурхан, жанч, нөмрөг, хадаг, таван талт Язгуурын таван бурхны дүр бүхий титэм малгай, бас бус шашны зан үйлийн эд өлгийн зүйлс, есөн эрдэнэ, Шигмуни бурхны чандрын үлдэгдэл зэргийг агуулсан дөрвөн хайрцаг гарсан байна.

Хубилай хааны үеэс энэ газар ийнхүү сэргэн өргөжөөд, улмаар Бурхны шашны ном судар хадгалах, орчуулж барлан хэвлэх ажлыг эрхлэн явуулж байжээ. Тэхлээр энд хааны зарлигаар байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн нэг хэсэг болох  монгол, хятад, түвд ном судар орчуулах, барлан хэвлэх газар, бурхан багшийн сэрэг дүр зэрэг эд өлгийн зүйлийг цутган урлах урлан зэрэг бүтээлийн ордон цогцолж байсан гэж үзэж болох юм. Монголын хаад Хаанбалгас болон Дээд нийслэл Шанду, бас бусад газар оронд олон тооны сүм хийд байгуулж, суварга цамхаг бариулсны нэлээд нь Бээжин хотод байдаг.

Цагаан суваргыг барьсан Балбын уран дархан

Арника бюу Анигаа 

Сүмийн гол дуганд Юань, Мин, Чин гүрний үед урласан нэг түмэн алтан, мөнгөн, гуулин бурхад залаастай байгаа нь сонин ховор үзмэрүүдэд тооцогдоно. Ялангуяа Юань улсын үед урласан бурхад нь нэн ховор нандин байх нь дамжиггүй ээ. Цагаан суваргыг Хубилай хааны зарлигаар Балбаас ирсэн Арника хэмээх уран дархан удирдан 1271-1279 оны хооронд барьж байгуулаад их хаанд өргөн танилцуулж их найр хурим хийн нээсэн байдаг. Хубилай хааны зарлигаар Балба орноос хүрэлцэн ирсэн 80 гаруй уран барилгачид, дархчууд дахин сэргээж барьсан болой. Тийм учраас “Балба дархан балбаж хийсэн” хуучны гэдэг хэлц үг чухам энэ үеэс үүдэлтэй буй заа.   энэ Цагаан суваргатай холбоотой сонирхолтой түүх, домог яриа бий. Анх энэ суварга цагаан биш, улаан өнгөтэй байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн ардын дуу байна. Тэр дуунд:

Улаан суваргатай байхад

Умрын хүмүүс ирж эзэн суулаа.

Өнгө нь хувирч цагаан болоход

Өмнийн хүмүүс ирж эзэн суулаа...  гэж дуулдаг байснаас үзвэл Юань гүрний үед улаан өнгөтэй байсан энэ суварга Мин улсын үед цагаан өнгөтэй болсон бололтой.

Сүмийн эртний дүр төрх 

Хятад газар Буддын шашин дэлгэрсэн нэгэн их идэвхжлийн үе бол XIII зууны үед монголчуудын байгуулсан Юань гүрний үе мөн. Юань гүрнийг байгуулсан Хубилай сэцэн хаан Буддын шашныг төрийн шашин болгон өргөмжилж ихэд хөхиүлэн хөгжүүлсэн нь бас түүний өвөг эцэг Чингис хаантай холбогдоно. Бөөгийн шүтлэгийн зан үйлтэй байсан Чингис хаан хожмоо дэлхий дахиныг нэгтгэсэн их гүрнийг байгуулахдаа христос, лал, будда болон хятадын бомбын шашныг анхааран танилцаж бүгдэд нь хүндэтгэлтэй хандаж байсны дотор хожмоо Буддын шашинд илүү тал өгч ивээн тэтгэх болсон байна. Буддын шашинд хүндэтгэлтэй хандаж түгээн дэлгэрүүлсэн дараачийн хүн бол Хубилай хаан байлаа. Тэрбээр Сажа бандида Гунгаажалцанг түүний хүү хожмын их багш Пагва лам Лодойжалцангийн нь хамт урин залж, Дайду Хаанбалгаст ирүүлж дэргэдээ суулгаад улмаар Бурхны шашныг төрийн шашнаар өргөмжлөн төр шашин хоёрыг тэнцүүхэн тэтгэн хөгжүүлсэн ажгуу.

Сүмд Балбын хаан айлчилж байгаа нь.  

Энэ бол Хятадын нутагт байгаа хамгийн эртний, бас хамгийн том гайхамшигт сүрлэг суварга юм. Тийм ч учраас түүнийг “Алтан шар хотын хаш цагаан суварга” хэмээн өргөмжлөн нэрлэгдэг байжээ. Балбын уран дархан Анигаа анхлан Шагжмуни бурхны хөргийг цутган үйлдэж энэ сүмд залахад “гайхамшгийн туйл болсон гэрэл огторгуйд тулан гялалзсанд Хубилай хаан биеэр очиж үзээд ихэд баярлан нийслэл хотын дүүргүүдээс сайн тариа нэг түм таван мянган му, тариачин эрс нэг мянга, хөллөх үхэр нэг зууг бусад эд зүйлсийн хамт соёрхон шагнавай” гэсэн байдаг. Хубилай хааныг нас барсны дараа энд түүний тахилгын сүмийг барьж байгуулжээ.  

    Цагаан суваргын сүм нь хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь Цагаан суваргын их хүрээ, нөгөө нь Дуганын их хүрээ юм. Дуганын их хүрээнд Махранзын дуган, Гурван цагийн бурхны харш, Долоон бурхны эрдэнэт харш зэрэг бий. Долоон бурхны харшид Шигмуни бурхныг нирваан дүр үзүүлсний дараа хамгийн түрүүнд номлол сургаалийг нь үргэлжлүүлсэн долоон шавь хувилгаадынх нь шуумал дүр байдгийн гурав нь Юань улсын үеийн хийцтэй 4.4 м өндөр алтадмал гуулин бурхад юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү