Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Түрэмгий баатрын түүхэн үхлийн "Нодго"Уншсан4,291

"Баяр гүн, Сүхбаатарын өөдөөс Богд хаант Монгол Улсын зарлигаар тохоогдсон Барон жанжны цэрэг байна. Намайг нэг сумаар дуусгаадах гээд байсан" гэжээ.

Түрэмгий баатарын манлай анги

Мэргэжлийн армийн өмнө талд тасран явж замд угтах аюул ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй тусгай отрядыг "авангард", ар талын хамгаалалтыг "арьергард" гэнэ. Барон Унгерны эмхлэн байгуулсан "Азийн морин дивиз"-ийн "авангард" анги нь Түрэмгий баатар Баяр гүний удирдсан Цахарын морин хороо байв. Монголоор толгойн сэргийлэх, манлай анги гэх мэтээр нэрлэдэг.

Хамгийн хүнд амь насанд халтай даалгавар гүйцэтгэх учир бусдаасаа арай илүү хангамж эдэлнэ. Манлай анги гэдгээ Баяр гүний цэргүүд хангалттай баталсан юм. Дундад Иргэн улсын "Гэминдан" (Революционная партия) нам Манжийн Чин династи нуран унасны дараа туурга тусгаар улс болсоноо нэн шуурхай шууд зарласан Халх-Монгол руу "Гэминцзюнь" (Револю-ционная армия) армиа илгээжээ.

 "Жунго" улсын түм гаруй гэмин цэрэгт эзлэгдсэн Богдхаант Монгол Улсын нийслэл Өргөө хотыг гурван сарын турш гурван удаа амь хайргүй атааклан байж "Азийн морин дивиз" чөлөөлсөн. Ээлжит нэгэн давшилт бүтэлгүйтсэний дараагаар хэсэг орос офицерийн бүрэлдэхүүн дивизээс оргон зайлж өршөөж болохооргүй буруу жишиг бусдадаа үзүүлсэн юм.

 Үүнтэй хатуу хариуцлага тооцохгүй бол "Азийн морин дивиз" цаашдаа энэ мэтчилэнгээр маш хурдан задрах аюултай нүүр тулгарах байлаа. Барон жанжин тэдний араас цахаруудыг яаравчлан довтолгож бүгдийнх нь толгойг даалгавар биелүүлсэний нотолгоо болгон авчрахыг тушаажээ. Орговол ингэж үхнэ гэдгийг дивизийн цэрэг болгонд харуулсан хэрэг болов.

 Цахарууд Унгерны тушаалыг ёсоор болгожээ. Харуй бүрийгээр Барон жанжин оргогсдын толгойг уутнаас гарган тоолж нэг бүрчлэн шалгана. Хэдхэн хоногийн өмнө тэд Барон Унгерныг ятгаж байсан орос офицерууд юм. Владивосток, Манжуур явж Семёновын цэрэгтэй нэгдье. Орос эх орныхоо төлөөх тулалдаанд амиа өргөцгөөе. Монголчуудын оршихуй цаашдаа эргэлзээтэй.

 

Богд Хаант Монгол Улсын “Зоригтбаатар”

Тогтох тайж, "Түрэмгий баатар" Баяр гүн нар

 Сөнөж мөхөж байгаа колони орны төлөө үхлээ гээд хэн биднийг үнэлэх юм гэцгээж байжээ. Зөвхөн цагаан оросууд л ингээд байсангүй. Улаан оросын суурин туршуулд монголын сүйрэл бас л нэвт харагдаж байв. Центрсоюзын заншлаач А.В.Бурдуков ар тийш бичсэн захидалдаа "Монголчууд мөхлийн замдаа эргэлт буцалтгүй орлоо .(Монголия не уклонно идет к вымиранию. стр-233.Старая и Новая Монголия).

 Ямар ч аврал ирээд тус нэмэргүй, одоо бол оройтсон" гэсэн утгаар бичиж байв. Өнөөдөр мөхөс судлаач цагаан оросын офицер хичнээн үнэн үг хэлсэн байгааг мэдэрлээ. Монгол орны төлөөө амиа өргөсөн цагаан цэргийн ач тусад талархаж байгаа хандлага илт мэдрэгдэхгүй байна.

Түрэмгий баатрын сүүлчийн тулаан

Алтанбулагт байгаа ардын журамт цэргүүдийг ялсны дараагаар Баяр гүнийг Барон Унгерн бүх монгол цэргийн жанжинаар дэвшүүлнэ гэж амалсан байна. Тэгвэл Сүхбаатарын цэрэгт яагаад ялагдсаны "нодго"-ыг тайлах хэрэгтэй болно. Богд хаанд бичсэн Барон жанжны захидалд улаан оросын дэмжлэг байхгүй аваас миний цахарууд Сүхбаатарын цэргийг хялбархан ялна гэж бичиж байсан нь хоосон бардамнал биш байв. Сүхбаатарын цөөн хэдэн монгол цэрэг, оросын улаан армийн явган болон морин цэргийн хамтарсан хүчээр цахаруудыг отоонд оруулан гарцгүй болгож "гацаа"-хаар бэлтгэсэн байжээ.

 Энэ тухай улаан партизан Жамсрангийн Доржхүү (1900-1969), Мацак Тонхеевич Бимбаев (1900), Феодор Николаевич Бассейн (1899), Чими-дийн Дамдин (1898-1971), Дашзэвэгийн Жамбалжав (1894-1965), Цэрэндоржийн Лувсанцэрэн (1899-1951), Иван Григорьевич Демко (1900-1981), Гумар Мустафьевич Козлов (1895-1976) нарын дурсамжид хангалттай тодорхой бичиж үлдээсэн.

 Ардын намын анхны долоогийн нэг Дарьзавын Лосол (1890-1937) энэ байлдааны олерацид хэрхэн бэлдсэн талаар дурсжээ. Цахар цэргийн довтолгооныг хялбар түргэн зогсоох нууц операцийн бэлтгэл ажил дууссаны дараагаар Бодоо, Сүхбаатар нарын хамтаар Хиагтын буриад Дамбадугарын хашаан доторхи их байшинд цайлан ундаалж суужээ.

Халимаг пулемётчин Лундуковын Шагдыр, Лижневын Мустабек, бөгтөр Дамдинсүрэн, шар Бямбаа нарыг хотын захаар, заримыг нь суварган дотор далдлан нуужээ. Мэргэн буучид нууц байрнаас отож байлаа. Тулалдааны эхэнд Баяр гүнийг буудаж унагах явдал чухал байв. Тэгвэл байлдааны хувь заяа шууд шийдэгдэнэ гэж зөв тооцоолжээ. Учир нь Баяр гүн отрядынхоо ард нь биш урд нь манлайлж явдаг учир хялбар танигдах ёстой байв.

Түрэмгий баатрын үхлийн шарх

 

Баяр гүнтэй цуг Хиагтын өмнө талаас давшин байлдаад улаантанд баригдалгүй үлдсэн Мөнх гэдэг монгол цэргийн айлтгал бичиг (1921-6-20) архивын баримтын эмхэтгэлд байна. Тэнд "Салдааз овооны баруун этгээдээс буудсан пулемёт бууны сум манай жанжин ноёны зүүн гуяны бүдүүн угаар тусаж шарх олсон учир буриад Очирын пулемёт бууны тэргийг суллан авчирч морь тэргээр яаралтай зөөсүгэй гэсэн.

Байлдааны талбараас арайхийн мултарсны дараа жанжин ноёныг орхисон газраа эргэж очих ямар ч боломжгүй болсон" гэжээ. Артерийн судас таарсан бол амь нь тэр дороо гарах байсан. Тэгэхээр шууд үхлийн шарх биш байж. Түүнийг Хиагтад эмчлэхээр авчирсан боловч дараа нь үхсэн гэнэ.

Өвөр-Хиагтыг морьт цэргийн аттакаар нэгмөсөн дайран эзлэхээр уулгалан довтлох цахаруудын байлдааны үйл ажиллагааг нууц байрнаас дурандан ажиглаж, радио станцаар ар тийш цаг алдалгүй улаан цэргийн командлалд шууд мэдээлж байсан оросын холбоочин цэрэг Феодор Николаевич Бассейн шархдан унасан Баяр гүн дээр Сүхбаатар нар давхин очоод гар, хөл нь гозолзоод ямар нэг юм хоорондоо яриад байсныг холоос ажиглажээ.

Энэ талаар тодруулга хийж үзэхэд улаан партизан Доржийн Бадгайн (1900-1976) дурсамж нилээд бодитой санагдав. Тэр хэлэхдээ "Чиний хэрэг үнэн үү? Миний хэрэг үнэн үү? гээд хоорондоо муудалцаад байсан" гэжээ. Үүнийг Сүхбаатарыг дагаж очсон цэргүүд дараа нь Бадгайд ярьсан байна. Бид хоёрын хэн нь үнэний талд зогсож байгаа вэ? гэж маргалдсан бололтой юм.

Журамт цэргийн партизан Цэвээний Цэдэв (1891-1967) хожим хойно дурсахдаа "Баяр гүн, Сүхбаатарын өөдөөс Богд хаант Монгол Улсын зарлигаар тохоогдсон Барон жанжны цэрэг байна. Намайг нэг сумаар дуусгаадах гээд байсан" гэжээ. Үнэнхүү баатар эр байдаг юм. Би бол хууль ёсны Богд хаант Монгол Улсын цэрэг. Чи бол хаанаасаа урвасан хүн гэсэн санаа харагдана.

Тухайн цаг үеийн ханшаар хаанаасаа урвасан хүнийг эх орноосоо урвасанд тооцож байсан юм. Тийм ч учраас улаан Оросын талд дагаар орсон монголчууд эсрэг талаа "урвасан хулгай" гэж хочлон дуу, шүлэг хүртэл зохиож байв. Өөрсдийгөө цагаатгаж байгаа юм байхдаа бодвол.

"Утга зохиол, урлаг" сонины №19(2369)-д бичсэн Жа.Баяржаргалын судалгааны өгүүлэлд Догсомын Бодоогоос ардын журамт цэргийг ерөнхийлөн захирах бүх цэргийн жанжны албан тушаалыг Баяр гүнд санал болгож байсан гэжээ. Туурга тусгаар Богд-хаант Монгол Улсынхаа төлөө дал гаруй тулаанд оролцож явсан Баяр гүн үүнийг эх орноосоо урвасантай адилхан үйлдэл хэмээн үзээд хүлээж аваагүй байна.

"Нодго" ба төгсгөл

Супер нэгдлийн онолч Чулуунбатын Эрдэнийн бичсэнээс "нодготой" гэсэн үгийг зээлдэн авлаа. Тэр монголын эрэн сурвалжлах сэтгүүл-зүйн хамгийн том төлөөлөгч бас эксперт мөнөөс мөн. Шинжлэх ухааны эцсийн үнэнийг эрж хайх нь эрэн сурвалжлахын дээд нь юм. Гэмт хэргийн мөрөөр гэлдрэхийг бид эрэн сурвалжлахуй гэж ямагт боддог.

Түрэмгий баатрын түүхэн үхэлд ямар нэгэн "нодго" байгаа нь илт. Үүнтэй яг адилхан XX зууны түүхэн үйл явдлыг эсрэгээр нь эргүүлсэн баримт хожим гарч ирснийг сануулья. Энэ нь Богд хаант Монгол Улсын гүн "Азийн морин дивиз"-ийн хурандаа буриад Вандановын үхэлтэй холбоотой. Хатанбаатарын тушаалаар цэрэг Онинго, Лхамсүрэн нар Вандановыг "Богдын бэлчирт буудан хороосон.

Цэргийн лам-Дэрэн чойжингийн майхны хормой дороос бууны ам  цухуйж ирээд Вандановыг хоёроос, гурав буудан үхүүлсэн. Ардын хувьсгалын өвгөн партизан Бүрэнтэйн Лхагважав (1894-1967) миний бие, Баатар Ванг туг тахин дөвчигнөж байхыг хоёр нүдээрээ харсан. Харин хүнээр тахиж, чойжиндож байхыг ердөө ч хараагүй гэх мэтээр өчнөөн олон хүн гэрчилсэн байдаг.

Гэтэл Оросын монголч эрдэмтэн Иннеса Ломакина чухамхүү Магсаржавтан, Вандановын амьд зүрхээр туг тахиж балмадаар аашилсныг илчилсэн юм. Бүр "Грозные Махакалы Востока" гэдэг зохиол бичсэн. Үүний дараа манай далай их түүхчид маань дарвалзах боломжгүй болцгоосон. Большевикууд үгэнд биш үйлдэлд итгэдэг хүмүүс.

Улаан намыг улангасан эсэргүүцэгчийг харгислан сөнөөхийг үйлдлийн баталгаа гэж үзнэ. Тийм хүнийг л еврей комиссарууд манай талын хүн байна гэж тооцно. Улаантны итгэлд багтахын төлөө улайран зүтгэх явдал байсныг нуух хэрэггүй юм. Баяр гүнтэй балмад хэрцгий харьцаж хороосон тухай нийтлэл урьд нь шар сонинд ч гарч байсан. Шар мэдээ учраас шал худал гэж өнөөгийн нийгэмд ойлгогдоно. Партизан Барайширын Шагдар(1892-1963)-ын дуртгалд Баяр гүнийг Алтанбулагт авчирсны дараагаар нэг гэрт оруулан Сүхбаатар жанжин байцаасан гэнэ. Шархтай хүнийг арай эрүүдэн байцааж тамлаагүй байлтай. Нөгөө Баяр гүнийг эмчилж, эдгээхээр мэрийсэн энэрэнгүй түүх худлаа болох гээд байна.

Дайрч, давшиж, эзлэн авахаар ирсэн хүнийг эмчилнэ гэж юу байхав. Дайснаа шууд л устгасан баймаар юм. Харин Барон Унгерны эсрэг босож тэмцэх болзол тавьсан байж болно. Гэх мэт өнгөрсөн түүхийн олон олон нодготой асуудал хожим баримт нотолгоотойгоор тайлагдах нь тодорхой. Улаан түүх үнэнийг мөн ч олон жил нууж дээ.

Хаа очиж цагаантны хөдөлгөөний түүх байгааг байгаагаар нь бичсэн учир илүү үнэ цэнэтэй судалгааны хэрэглэгдэхүүн болсон. "Янгиа толгой"-т хүн-араатан Сипайло хүртэл цагаан түүхэндээ яргачин хэвээрээ яг үнэн түүхлэгдсэн. Түүх бол уг нь яг ийм л байх ёстой” гэж Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, шинжээч Г.Чулуун "Улаан түүх"-ийн босгон дээрх Богдын Хүрээ илтгэлдээ тэмдэглэжээ

М.Энхпүрэв /Унгерн судлаач/

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 17. 19:58
ЗочинХөдөө

шизотой харийн сэтгэхүйтэй харийн нохой бичжээ.

1 сар 14. 23:13
Үнэн нь бол

Ер нь 1990-ээд оноос өмнө үзэж байсан түүх бол тухайн үеийн коммунист үзэл сурталд тааруулж хянагдаж хийгдсэн түүх шүү. Ардын хувьсгалын партизануудын болон Халх гол Чөлөөлөх дайнд оролцогчдын дурсамжууд бол коммунист шүүлтүүрээр орж хэвлэгдэж байсан үнэнээс нэлээд зөрөөтэй юм шүү.

1 сар 14. 22:01
Толь

Большевик үзэл сурталд тааруулж комминтерний зохиосон түүхийг 4 үе дамжин 80 жил үзсэнээ туйлын үнэн гэж ойлгосон нийгэм одоо ч залгамж үеээ гажуудуулсан түүхээр мунхруулсаар байна. Путин хүртэл саяхан оросын түүхэнд монголын гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нь гаргаж тавих хэрэгтэй гэж мэдэгдсэн тухай хэвлэлд гарч байсан.

1 сар 10. 18:48
mongol

еврей хүмүүсийн тухай сайн судлаж үнэн зөв гаргаарай. Зөвхөн еврей хүнд дургүйгээсээ болж түүхээр тоглож түүхийг өөрийн үзэлдээ ашиглавал та өөрөө харин нодго той хүн болох вий.

1 сар 10. 17:33
Зочин

Хувьсгалын түүхийг үзэл суртлын ид үед зохиосон оросуудын оролцоо их байсныг анхаарах ёстой. Манай талынхан Бүгд л баатар байсан цагаантан, лам ноёд харгаис байсан гэх үзэл огт буруу. Цагаантны талд байлдаж байсан Мэнгэт залантай Чойбалсан их найз байсан түүнийг шийтгээгүй хирнээ Л. Сумяа нарыг хороосон байдаг. Сүхбаатарыг өөрийн намдаа бүр сүүлд Магсар хурц элсүүлэн авсан талаар баримт байдаг.

1 сар 10. 13:40
Зочин

дарвалзаж байгаа хүн бол чи байх даа энхпүрэв поцэн

1 сар 11. 12:38
Ded

Ingeed l tenegteed teneg sharaar tolgoigoo tsenegleed dairchihdag uls daa bid chin.

1 сар 10. 20:06
unen tuuh

chinii uneniig helsen chin booj uhlee yu

1 сар 10. 15:04
Mongol khuu

Um uneneeree l baikh yostoi. Unen garaad l irdeg uchirtai...

1 сар 10. 23:43
Nym LkhaFacebook-р нэвтэрсэн

Bayar gun argagui l tsergiin hun shig haragdaj bna'

1 сар 18. 11:49
Зочин

Худлаа хуцдагаа боль ардчилал гарсанаас хойш хамгийн залхуу луйварчин хулгайч алуурчин ер нь хамгийн муу байсан нөхдүүд сайн болж сайн бөгөөд мөрөөрөө үнэнч ажилч хичээнгүй хүмүүс мартагдаж хаягдаад байгаа шүү.ЖА ЛАМ АМЬДААР НЬ ХҮНИЙГ ӨВЧИЖ БАЙСАН БАРОН УНГЕРН МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ХИЧНЭЭН ГЭМГҮЙ АРД ТҮМНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ХӨНӨӨСӨНИЙГ ХЭНЧ ЯРЬЖ БИЧИХГҮЙ .АМЕРИК ЮУМУУ ГАДНЫ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР УРД ӨМНӨХ НИЙГМИЙН САЙН САЙХАНЫГ МУУЛЖ БИЧИЖ ХООЛОО ОЛЖ ИДЭГСЭД ИХ БОЛЖ ДЭЭ.САЙН НИЙГМИЙН БҮТЭЭСНИЙГ ГУРАВ ХУВААЖ ИДЭХ МӨРТЛӨӨ САЙН НИЙГМИЙГ БИЙ БОЛГОЖ БОСГОСОН ХҮМҮҮСИЙГ ГУРАВ МУУЛЖ МЭРЖ ИДЭХЭЭ БОЛИМООР ЮМ.Хэний хүчинд өдий зэрэгт хүрснээ бүү март.ТЭНЭГҮҮД МИНЬ ...СОЦИАЛИЗМ БОЛ НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ НИЙТ НЭГИЙН ТӨЛӨӨ НИЙГЭМ БАЙСАН.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]