Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Эрэлхэг баатар Ц.ХасбаатарУншсан15,284

43 хоног үргэлжилсэн тус бүслэлт Толбо нуурын тулалдаан хэмээх үйл явдлыг баатарлаг эх орончид маань түүхийн хуудаснаа үлдээжээ.

Хэдэн мянган жилийн тэртээгээс төрт улсаа байгуулж, төв азийн цээжинд нүүдэллэсээр ирсэн эрэлхэг хөвгүүдийн баатарлаг гавьяаг нэхэн дурсаж байгаадаа таатай байна. 1921 оны үед цагаантны дээрэмчдийг бут ниргэж Ардын хувьсгалын ялалтыг баруун нутагт гарамгай зохион байгуулсан төр, цэргийн цөөн зүтгэлтнүүдийн жагсаалтад Ц.Хасбаатарын нэр, баатарлаг гавьяа зүй ёсоор багтдаг. Энэ бол Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн 43 хоногийн бүслэлтийн тухай баримт юм.

 ХАСБААТАР. Зураач Г.ОДОН

Ц.Хасбаатар Ордос нутгийн хүн байжээ. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1913 онд Хятадын цэргийн эсрэг байлдаанд манлай баатар Дамдинсүрэнгийн ангид алба хааж, гавьяа байгуулснаар нэр нь тодорчээ. Түүнийг ядуувтар амьдралтай, сайн морь, буу хоёрт дуртай ханхар цээжтэй, хатан зоригтой хүн байсан гэж ярьдаг. Жанжин Д.Сүхбаатартай 1921 онд цэрэг эрсийг элсүүлж явах үед нь анх учирч, ардын журамт цэрэгт элсчээ. Түүний дараахан Бургастын тулаанд оролцож, анхны ялалтаа байгуулжээ. Улмаар цэргийн дөрвөн хорооны нэгийг захирч, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцон гарамгай сайн байлдсан тухай хувьсгалын түүхэнд тэмдэглэсэн бий. 1921 онд Ардын түр засгийн газар байгуулагдахад төлөөлөгчөөр оролцон Засгийн газрын гишүүн болсон байна.

Ард иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалан дуудах, цэргээ байлдааны урлагт сургах үүргийг нарийн чанд гүйцэтгэж байв. Энэ үед монголын баруун нутгаар цагааны дээрэмчид олноор нэвтэрч, улс орны байдлыг улам хурцатгаад байлаа. Кайгародов, Казанцевын ангиуд Ховдод төвлөрөн, Бакичийн үлэмж тооны цэрэг Шинжааныг дайран түйвээгээд эргэн Ирмэгтийн даваагаар давж, тэдэнтэй нийлж, Унгернд хүч нэмэгдүүлэхээр завдаж байв. Иймд тэдний хоорондын холбоог таслах, баруун нутгийг чөлөөлөх  цагийн байдал үүсээд байлаа. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой тус хэргийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Хасбаатарыг томилж, цэрэг захируулан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар хүндэтгэлтэйгээр үдэн мордуулжээ. Тэд тус бүр тэргэнд сургасан гурван морь хөлөглөн ОХУ-ын Тройцк хот, Кошагач районаар дамжин коминтерний төлөөлөгч, хэлмэрч Нацов нартай уулзан чөлөөлөх тэмцлээ хэрхэн хийх талаар тохиролцоод баруун нутагт ирж байлдааны ажиллагааг шуурхайлан хийж эхлэв. Нутгийн дөрвөд, казах, урианхай ноёдтой уулзаж, богино хугацаанд хэдэн зуун цэрэг элсүүлээд цагаантны оргодлуудыг хэсэг хэсгээр нь бут ниргэж эхэлсэн тухай түүхэн баримт бичгүүдэд /Ц.Дамбадоржийн “Толбо нуур” / баримтат тууж, /К.К.Байкаловын дурдатгалын бүтээл/ тодорхой бичсэн байдаг.

Баян-Өлгий аймгийн болон Бугат сумын төвөөс холгүй, 10 орчим км зайтай Ховд болон Хатуугийн голын эрэг орчимд байх “Цэргийн хар толгой” буюу хожим нь “Хасбаатарын хар толгой” гэх болсон газарт Хасбаатар цэргээ төвлөрүүлэн Хязгаарын цэргийн жанжин штабыг байгуулжээ. Улмаар түүнийгээ өргөжүүлэн Баруун Монголын хувьсгалын төв штабын голомтыг бий болгов. Хиагт дахь нам засгийн төвтэй эндээс холбоо барин харилцаж байжээ.

Ардын журамт цэргийн отряд Ховд хотод төвлөрсөн цагаантны бүлэглэлүүдтэй Улаангом, Улаан байшинт, Ховд, Улиастай зэрэг уудам нутагт олон дахин тулалдсаар Толбын Бураат дахь Саруул гүний хүрээнд очсон байдаг. Гэтэл тэднийг хүрч ирэхийг урьдаас мэдсэн цагаантууд хүнсээ базааж, хүч хуралдуулан өндөр бэлтгэлтэй бүслэлтийг хийсний дээр хэд дахин давуу хүчтэй байлаа. 1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакич, Кайгородов нар хүчээ 2 хуваан Саруул гүний хүрээг бүх талаас дайрахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөгөөр цохилтын бүлгийг Кайгородовын отрядаас 300 цэрэг, нэг их буу, 4 пулемёт, Бакичийн корпусаас 420 цэрэг, 1 их буу, 7 пулемёттайгаар зохион байгуулсан ба түүнийг командлах үүргийг Кайгородов өөртөө авсан байна.

Хасбаатарчууд 1921 оны есдүгээр сарын 17-нд Толбо нуурын захад орших Саруул гүний хүрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бvслэгдсэн байна. 1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакича, Кайгородов нар Саруул гүний хүрээг дайрах шийдвэр гаргаж төлөвлөгөө зохиосон ба 21-ний шөнө хүчээ 2 хуваан хүрээний бүх талаас дайрахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөгөөр цохилтын бүлгийг кайгородовын отрядаас 300 цэрэг, нэг их буу, 4 пулемёт, бакичийн корпусаас 420 цэрэг, 1 их буу, 7 пулемёттайгаар зохион байгуулсан ба түүнийг командлах үүргийг Кайгородов өөртөө авсан байна. Энэ үед буюу 20 -д Бакичийн корпусын гол хүч хүрэлцэн ирсэн байна. Буслэгдсэн Хасбаатар болон Байкаловын цэргүүд хүрээний хамгаалалтыг сайжруулан окоп малтсаар хүн далд орохоор болгон бэхэлж чаджээ. Цагаантнууд шөнөөр артиллерийн буудлагагүй, нэг ч буун дуу гаргалгүй сэм дөхөн ирж чадсан ба тэгээд гэнэтийн дайралтанд оржээ. Ардын журамт цэрэг, улаан цэргүүд хүчтэй шуурган гал нээсэн боловч цагаантнууд гэнэтийн довтолгооны хүчээр хүрээний баруун хойт хэсгийг эзэлсэн байна. улаан цэргүүд зугатан зүүн өмнөд хэсэгт байх сүмд орж бэхлэн суужээ. Цагаантанд эзлэгдээгүй хэсгийг үндсэндээ ардын журамт цэргүүд хамгаалж чадсан бөгөөд хүрээний баруун хойт хэсэгт 20 орчим монгол цэрэг цагаантны ар талаас гэнэтийн цохилт хийн гар бөмбөгөөр цагаантныг цохисон байна. Энэ үед санамсаргүй тусламж ирсэнд зоригжсон улаан цэргүүд сөрөг давшилтанд орж цагаантнуудыг эзэлсэн байрлалаас нь цохин гаргасан. Цагаантнуудыг ухрахад нь буу болон пулемётын галаар дахин ширүүн цохилт өгчээ. Цагаантнууд энэ шөнийн дайралтанд тун их хохирсон байна. Тэднээс 260 хүн шархдаж, олон тооны цэрэг алагдаж, сураггүй алга болжээ. Улаантнууд хүрээний дотор 100 алагдсан хүн, хүрээний гадуур 40 орчим хүүр байхыг тоолсон бөгөөд цагаантнаас 20 хүн олзолсон байна. Амжилтгүй довтолгооны дараа Кайгородов өөрийн отрядын үндсэн хүчийг аван уулын Алтайн зүг салж явжээ. Саруул гүний хүрээний дэргэд генерал Бакичийн корпусын гол хүч, Казанцевын отрядууд үлдэн дахин 2 удаагийн дайралт хийсэн боловч бүслэгдсэн улаан цэрэг, ардын журамт цэргүүд тухай бүрт нь амжилттай няцаасан байна. Олон хоногийн бүслэлтэд цэргүүдийн сум хэрэгсэл болон хоол хүнс дуусаж, шархадсан цэргүүдийн байдал хүндэрч, туйлдаж эхэлжээ. Тухайн үед тулалдааны эхээр тус хошууны ноён Саруул гүнг дагалдан хүрээний ихэнхи суугчид дүрвэн зугатсан ба зугатахдаа мал, хоол хүнсээ авч явсан нь байдлыг улам хүндрүүлсэн байна.

Мөн Хасбаатар жанжин нэгэн тулалдааны үед сураггүй алга болсон байжээ. Бүслэгдсэн цэргүүд хэд хэдэн удаа тусламж хүссэн элчийг явуулсан боловч тэдгээрийг дайсны бүслэлтийг амжилттай гарсан эсэхийг мэдэхгүй байсан байна. Тэд гаднаас шувуу ч орохооргvйгээр бvслэгдсэн боловч 42 хоногийн турш өлсгөлөн, өвчин, цаг уурын бусад хэцvv, хvнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хөрөнгөд чинь халдахгvй. Эсэргvvцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа. Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бvслэлтийг дайран гарч, Хөшөө модонд байсан Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж vлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд алагдсан болох нь сүүлд тодорчээ.
Бүслэгдсэн цэргүүд эцсийн шийдвэрлэх цохилт хийн тэмцэхээр шийдсэний маргааш Зөвлөлтийн улаан цэргийн томоохон хүч Хөшөө модноос хүрэлцэн ирж гаднаас дайралт хийсэн байна. Ингэж 42 хоног үргэлжилсэн бүслэлт монголчуудын ялалтаар дуусжээ. Цагаантны хүч сарнин Генерал Бакич Увс, Улаангомын чиглэл рүү, Казанцев хятад руу чиглэн зугатсан байна.

 

Сүүлд мэдэгдсэнээр бүслэлтэд ормогц хэдхэн хоногийн дараа цаг үеийн байдал, дайсны арав дахин давуу хүчний байдлыг бүрэн мэдсэн Хасбаатар “Бүслэлт дунд бид дээрэмчдийг дийлэхгүй тул хүч нийлүүлэн бүслэлтийг сэтэлж гарцгаая” гэсэн санал гаргасныг Байкалов, Дамбадорж нар хүлээн зөвшөөрсөнгүй. Өөрөөр хэлбэл энэ отрядын гол удирдагч, баруун нутгийн бүх цэргийн командлагч Хасбаатарын тушаалыг биелүүлээгүй. Үүнээс дээд тушаалын даргынхаа байлдааны үүргийг эсэргүүцэн, цэргийн дүрэм зөрчиж, давшилт хийх боломжгүй гэдгээ мэдсэн хэрнээ хамгаалалт хийсэн үлдсэн нөхдийн буруу гэсэн дүгнэлт хийвэл үнэнд нийцнэ. Байкалов бол хэргэм зэргийн хувьд түүнтэй адилхан ч гадны хүн учир Монгол нутагт асуудлын үндсэн голыг шийдэх нь зүйд нийцэхгүй бөгөөд үүнд Хасбаатарын санал гарцаагүй зөв байсан. Үүнийг болсон үйл явдал баталсан. Өөрөөр хэлбэл бүслэлтийг сэтэлж гарах нь зөв гэдгийг Хасбаатараас 30 гаруй хоногийн хожуу ойлгож зугтахаар завдахад хойноос нэмэлт хүч орж иржээ. Ингээд Хасбаатар хэсэг цэргийг шөнө дагуулан довтолж бүслэлтийг сэтлэн гарах үед ихэнх нь суманд өртөж, зоригт жанжин хүнд шархдаад 70 орчим км зам туулж “Цэргийн хар толгой” дахь төв байрандаа иржээ.

“Хасбаатар жижиг оромжинд байрлаж өөрөө шархаа эмчлэхээр оролдсон ч тус болсонгүй хэвтэрт орсон. Хүүхдүүд түүнд хоол унд хүргэж өгдөг байлаа. Удсан ч үгүй өвлийн эхээр тэр хүн нас барсан” гэж нутгийн уугуул С.Шошай өвгөн хуучилсан байдаг. 1937-1938 онд Алтай ханы хошууны бага сургуульд багшилж байсан Ховд аймгийн харьяат Цэрэндаш дурдатгалдаа бичихдээ: “Би Алтай ханы бага сургуульд Мишиг, Ломбодоржтой хамт багшаар ажиллаж байлаа. Биднийг партизан Ш.Тэвэгт гуай дагуулан Ховд голын цаад талын Их булангийн булшнаас Хасбаатарын толгойн ясыг олж, түүний нас барсан газрыг бидэнд үзүүлж байлаа” гэж өгүүлсэн байдаг.

Толбо нуурын тулалдаанд ялалт байгуулж баруун нутгийг чөлөөлсөн Монгол, Орос дайчин эрсийн баатарлаг гавьяа, бат найрамдлын бэлгэ тэмдэг болгож 1957 онд Өлгий хотын төв талбайд, 1980 онд Толбо сумын төвд томоохон дурсгалын хөшөө босгожээ. 1960-аад оны дунд үеэр залуучуудын байгууллагаас санаачлан өрнүүлсэн эх оронч дайчин уламжлалын мөрөөр аялал зохиох, хувьсгалт түүхэн газруудыг тодруулан тогтоох ажлын хүрээнд Ховд голын эрэг дээрх “Хар толгой”-н өндөрлөгт Хасбаатарын түүхэн дурсгалд зориулан бунхан босгосон байна. Хасбаатарыг чулуугаар тааруухан дүрсэлсэн бунхан өнөөг хүртэл байдаг.

Баруун Монголыг дайсны савраас аврах гол үүргийг биелүүлж, эх орныхоо зүүн хязгаараас баруун хязгаарт ирж мөнх нойрссон Хасбаатарын булшин дээр 50 орчим жилийн турш нэг удаа боловч цэцэг өргөөгүй нь харамсалтай.

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 30. 18:35
Отто.

Хасбаатар цагаантанд баригдан улаан цэргийн сан хөмрөг болох мөнгө,нөөцөлсөн зэр зэвсэг пулемёт буу хэдэн мяншан сумыг дайсан зааж өгөн амь гарахыг оролдсон ч цагаантнууд түүнийг цавчин хороосон тухай бичсэн байсан.соц үед энэ үнэнийг нуусан бололтой.

2017, 10 сар 18. 10:08
ЗочинБат

Дээр үед Хасбаатарыг их баатарлагаар магтаж бичдэг байсан. Одоо харин өөр л байдлаар бичигддэг болсон байна билээ. Ямар ч л байсан бүслэлтэд байхдаа цэргээ орхиод хэл сураггүй алга болсон гэдэг нь үнэн юм гэсэн. Дарга нь цэргээ орхих нь байж боломгүй буруу үлгэр дуурайлал учраас тухайн үеийн үзэл сурталаар баатарлагаар үхсэн болгож бичсэн ч байж болох юм.

2017, 10 сар 16. 12:26
Зочин

Bayn Olgii aimgiin tob talbaid bsan dursgalin hoshoog buulgasan bsan. Yagaad bj boloogui ym bol. Uuniig sergej tsogtsolbor bosgoh heregtei.

2017, 10 сар 16. 12:22
Зочин

Ter ued amidarch bsan hogshchuul bugd dursan yardag.yalangya ih buland amidarch bsan urianhaichuud tuuh domog bolgon yarsan bdag.

2017, 10 сар 16. 12:12
Зочин7

ГОРЛОСЫН ХАСБААТАР ЧИНЬ ШИНЖААН УРУУ ЗУГТААСАН ГЭДЭГ. ҮХЭЭГҮЙ, ҮХСЭН ХҮН НЬ ӨӨР ХҮН БАЙСАН ГЭДЭГ.

2016, 12 сар 8. 12:06
Зочин

Tuuhee medehgui hun oid toorson sarmagchin lugaa adil gej yasan unen ug be ,Hasbaatar gedeg janjin olon togoo homorch tsagaantanuudiin esreg baildaj, busleltend orj baruun hyazgaariig zoloolsoniig mongolchuud bugd medne shuu



2016, 12 сар 7. 8:16
Зочин

za bolij uz tolbo nuuriin tulaan chin khazakiin buslelted orson tulaan bolson ym. baruun aimgaar tobtolson kazakuudtai mongoliin tsereg buslelted baij baigaad xel xurgesen baidag erguuteed tuux guibuulaad baigaaraa eron

2016, 12 сар 10. 3:05
SANSERBODDOO

KAZAK MALCHIN SHALGANBAI AVARSIIMAA

2016, 12 сар 7. 16:09
Зочин

залдаг амьтан бээ ха ха

2016, 12 сар 7. 3:03
Зочин

Хуучин нийгэмийн үед гарсан партизануудын дурсгал номноос уншсан санагдаж байна хамгийн сүүлчийн оролдлогоор бүслэлтийг сэтэлж гарсан цэрэг нь казах малчин нэмэлт хүч авчирсан гэж гардагийн

2016, 12 сар 7. 14:44
Зочин

тэр малчныг Шалганбай гэж бичсэн байдаг юм

2016, 12 сар 5. 12:03
Зочин

Толбо нуурын тулалдаан, 43 хоногийн бүслэлт, мориныхоо гөлөм, муур нохойгоор хооллож байсан гээд л .... худлаа үнэн нь мэдэгдэхгүй үлгэр, домог юм шиг яриа их байдаг.Өнөөдөр яг энэ агуа түүхийг судалдаг эрдэмтэн,мэддэг хүн ховорджээ. Баян-өлгий аймгийн төвд хуучирч, муудсан хөшөө л байх юм.Түүнийг нь сэргээж шинэчлэн, түүх намтрыг нь баяжуулж, иргэдэд сурталчилах юмсан даа.Тус аймгийн музейд 1 хэсэгхэн түүх байдаг ч түүнийг тайлбарлаж өгдөггүй, чаддаггүй юм билээ.БХЯ, ШУА-, түүхчид, эрдэмтэд анхааралдаа аваасаа билээ.ТӨР ЗАСГИЙН СОНОРТ ХҮРГЭХСЭН ДЭЭ...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]