Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхэнд ганц тохиолдсон "Үхлийн тоглолт"Уншсан8,476

Мөн прокурорын газар Николай Трусевич, Иван Кузьменко ба Алексей Клименко зэрэг тамирчид нь “үхлийн тоглолт”-оос хойш Киевийн ойролцоо удаан хугацаанд хоригдож байгаад хорих лагерийн даргын тушаалаар хороогдсон болохыг тогтоож чадсан байна.

Өдгөө хөлбөмбөгт, тэр дундаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үхлийн хэсэг хэмээх нэр томьёо бий. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид азгүйгээр, эсхүл харамсалтайгаар ч гэмээр нэг тойрогт орж хоорондоо өрсөлдөхийг хэлж байгаа хэрэг. Тэгвэл үхлийн хэмээх тодотголтой нэгэн тоглолт дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тохиосныг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Тэрхүү "Үхлийн тоглолт"-ын тухай уншигчдадаа амралтын өдөрт нь зориулж тодруулан сийрүүллээ.

1941 оны 6 сарын 22-нд Герман Улс харилцан үл довтлох гэрээгээ зөрчин Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтолсонтой зэрэгцэн Киевийн "Динамо" багийн хэсэг тоглогчид (Клименко, Кузьменко, Трусевич, Комаров, Путистин нар) Улаан Армид сайн дураараа элсэж (Киевийн хориглолтын батальонд хуваарилагдсан), зарим нь нүүлгэн шилжүүлэлтийн явцад Киевийг орхисон юм. Киевийг эзлэгдэхийн өмнөхөн арайхийн амжиж сүүлчийн галт тэргээр Афанасьев Москва руу, Лившиц, Махиня, Лайко, Онищенко нар тодорхойгүй чигт хотыг орхин гарчээ.

Дайны өмнө багийн цэргийн зөвлөх явсан Щегоцкий 1941 оны 9 сард ухарч яваа цэргийн анги, нэгтгэлүүдийн хамт Киевийг орхижээ. Гэвч Улаан Армид элссэн тамирчид Клименко, Кузьменко, Трусевич, Комаров, Путистин нар олзлогдсон бөгөөд зарим нэг баримтаар Трусевич, Кузьменко нар шархадсан гэсэн мэдээ байдаг. Тэднийг Боярскийн цэргийн олзлогдогсдын лагерьт хоригдож байгааг анх Киевийн биеийн тамирын дугуйлангийн дасгалжуулагч Дубянский, Киевийн Их Сургуулийн профессор, «Нове украүнське слово» сонины редактор К.Штеппа нар олж мэджээ. Тэд Киев хотын хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэхээр концлагерьт хоригдож байгаа Украины шилдэг тоглогчдыг суллуулахаар хотын захирагч Александр Оглоблинд хүсэлт тавин захидал бичжээ. Захидалд Кузьменко, Трусевич, Клименко, Коротких, Балакин, Щегоцкий, Шацкий, Сухарев нарын 8 тамирчныг суллуулахаар жагсаажээ. Удалгүй олзлогдогсдыг германчуудад таатай ханддаг хэмээн сэжигтэн этгээдүүдийн 4-р жагсаалтад багтаан сулласан байна.

Түүнчлэн эзлэгдсэн Киев хотод байсан 10 гаруй хөлбөмбөгчид тэдэнтэй нэгдсэн байна. Германчууд эзлэгдсэн газрын оршин суугчдыг партизануудын эгнээнд оруулчихгүйн тулд ядаж л идэх талх өгч, үзвэр, тоглолт үзүүлж байхыг хичээж байв. Удалгүй ардуудад зориулсан хүнсний талон үүсч, киевчүүд өдөрт 200 грамм талх нэмэлтээр авах болжээ. 1942 оны зургадугаар сарын 12-нд Киевийн нэгэн сонинд “Өнөөдөр 16 цагт Украины “Большая Васильковская” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт болно. Нээлтийн хөтөлбөрт гимнастик, хөнгөн атлетик, бокс болон хамгийн сонирхол татам номер болох хөлбөмбөгийн тоглолттой” гэсэн мэдээ нийтлэгджээ.

 

Цэнгэлдэхийн нээлтэд Украины Старт хөлбөмбөгийн баг анх удаагаа герман цэргүүдээс бүрдсэн багтай тогложээ. Тоглолт Старт багийн илт давуу ялалтаар өндөрлөсөн юм.

Дараагийн удаад германчууд дахин Киевийн багт ялагдахаас болгоомжлон Старт багийн эсрэг PZS буюу Германы танкны хорооны хамгийн шилдэг тамирчдаас бүрдсэн багийг талбайд гаргав. Гэвч Германы баг 6:0 гэсэн харьцаагаар мөн л бут ниргэгджээ. Гайхаад байх зүйл байсангүй. Старт багийн хаалгыг ЗХУ-ын шилдэг хаалгачид тооцогдож байсан Николай Трусевич манаж байв. Харин сонинд Старт багийн ялалтыг ийн тайлбарлав. “Германы багууд зөвхөн сонирхогчдоос бүрдсэн учир нэгдмэл баг гэж хэлэхэд хэцүү байв. Иймд Старт багийн ялалтыг амжилт гэж нэрлэж болохгүй.

Германы багийн тоглогчид бол зүгээр л цэргүүд, харин Старт бол өмнө нь тоглож байсан мэргэжлийн тамирчдаас бүрдсэн баг” хэмээн дүгнэсэн байв. Старт баг төрөлх Киев төдийгүй булаан эзлэгчдийн дунд ч алдар хүндтэй болж чадав.

Украины баг удаа дараалан ялж байгаа нь Германы холбоотон болох Унгар улсын сонирхлыг ч татжээ. Ингээд 1942 оны долдугаар сард Старт Унгарын армийн багтай тоглов. Тоглолтод мөн л Старт 5:2-р ялжээ. Хэсэг хугацааны дараа унгарчууд “даагаа”нэхэх тоглолтыг санал болгоод ганц бөмбөгний зөрүүгээр (3:2) бас л дийлджээ. Унгар, Германы багуудын цуврал ялагдлууд германчуудын удирдах албаны хүмүүсийн дургүйг хүргэж эхлэх нь тэр. Энэ үеэс эхлэн германчууд Украины тэрслэгч багаас хариугаа авч, ари үндэстэн бусдаас илүү гэдгийг мэдрүүлэхийг хүсчээ.

Стартын эсрэг ээлжит нэгэн тоглолтод германчууд Flakelf багийг илгээлээ. Киевийн хөгшчүүдийн ярьснаар бол Старт багийн өрсөлдөгч нь Люфтваффэ буюу Германы агаарын цэргийн ангийн шигшээ баг байсан гэдэг. Гэвч бодит байдал дээр тийм байсангүй. Агаарын довтолгоог эсэргүүцэх анги, агаарын хүчний техникийн ажилчид, онгоцны нисгэгчид багийн бүрэлдэхүүнд багтжээ. Өөрөөр хэлбэл, Германы шилдэг тоглогчдоос бүрдсэн байлаа. Тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид маш гайхашрам үзэгдлийн гэрч болцгоох хувьтай байжээ. Тэд Герман улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдыг онгоцны нисгэгчийн хувцас өмссөн байхыг харсан юм. Тоглолтод ялагдашгүй Старт өрсөлдөгчөө 2:0-ээр хожчихов. Чухамдаа энэ тоглолт хожмоо “үхлийн тоглолт” гэдэг гуншинтай болсон билээ. Тоглолт дууссаны дараа фашистууд Старт багийн ихэнх тамирчдыг буудан хороожээ. Эх орны дайнд ялсны 25 жилийн ойн үеэр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Е.Брежневын тушаалаар түүхийн үнэнийг тогтоох компанит ажил явагдлаа. Старт багийн тамирчдад ЗХУ-ын баатар цолыг нөхөн олгож, азаар амьд үлдэж чадсан багийн тамирчдыг Германы тагнуул хэмээн тооцож, байнга байцаан дарамталж байсныг эцэс болгосон төдийгүй “Байлдааны гавъяаны одон”, “Эр зориг”-ийн төлөө медалиар шагнасан юм. Старт багийн амжилтыг үгүйсгэсэн баримтууд бас бий. “Үхлийн тоглолт”-ыг германчууд нэгэн жижиг цэнгэлдэх хүрээлэнд явуулсан гэдэг.

Украинчууд үүнийг эс харгалзан цэнгэлдэхийг зайгүй болтол нь дүүргэж, зарим иргэд нь мод руу авиран гарч цэнгэлдэхийн гаднаас багаа дэмжин, фашистуудыг гутаан дормжилсон зүйл хашгирч байсан гэдэг. Украин гэр бүл бологоноос хэн нэг нь фронтод фашистуудын эсрэг байлдаж байсанд учир байлаа. Уур нь хүрсэн немцүүд агаарт хий буудаж, зарим нэг украиныг баривчилжээ.

Тоглолтыг үзсэн хүмүүсийн ярьснаар талбай дээр хөлбөмбөгийн бус, фашистууд-улаан арми дайтаж буй мэт ширүүн дүр зураг харагдаж байсан гэдэг. Тоглолт дууссаны дараа германчууд нэг ч тамирчныг баривчлаагүй ба Старт тухайн тоглолтоос хойш хоёр ч удаа тоглолт хийсэн гэх яриа бий. Үнэн, бодит явдлыг мэдэх хүний ярьснаар бол германчууд Старт багийн тамирчдыг ялалт байгуулсных нь төлөө бус, харин барьсан талхнууддаа шилний үйрмэг хийсэн гэдгээр баривчилсан гэнэ.

Түүнчлэн немцүүд багийн бүх тамирчдыг бус, дөрвийг нь буудан хороосон гэж нотолдог. Старт багийн гишүүдийг баривчилсны дараа тэднийг хамгаалахаар Унгар болон Германы хөлбөмбөгчид нэгдсэн нь сонирхол татам. Тэд гайхалтай сайн хөлбөмбөг тоглодог Старт багийнхан буюу талхны цехийн ажилчид нь барьж буй талхандаа шилний үйрмэг хийсэн гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байдаг. Аймшигт “үхлийн тоглолт”-ын талаар 1974 онд Гамбург хотын прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.Гэвч саяхан мөрдөн шалгах комиссын дүгнэлтээр хэргийг хаажээ.

Гамбургийн прокурорын газрын ажилтан Р.Баггерын ярьснаар тухайн үедхүүхэд байсан хүмүүсийг гэрчээр татаж, мэдүүлэг авсан байна. Мөн прокурорын газар Николай Трусевич, Иван Кузьменко ба Алексей Клименко зэрэг тамирчид нь “үхлийн тоглолт”-оос хойш Киевийн ойролцоо удаан хугацаанд хоригдож байгаад хорих лагерийн даргын тушаалаар хороогдсон болохыг тогтоож чадсан байна. Ингэж Германы прокурорын газар тамирчдын үхлийг “үхлийн тоглолт”-той огт холбоогүй хэмээн батлажээ.

Нууцлагдмал, гунигтай энэ түүхээс сэдэвлэсэн “Тэмцээн” уран сайхны кино ч үзэгчдийн хүртээл болоод байгаа. Киноны зураг авалтын ихэнх нь “үхлийн тоглолт” болсон газар буюу Киев хотод бус, Украины өөр нэг хот болох Харьковт явагджээ. Өнөөгийн Киев хотын ихэнх хэсэг нь орчин үеийн хэв шинжийг агуулах болсон, түүхийн дурсгалт байшингууд цөөн үлдсэн учир кино бүтээгчдэд гологдсон гэнэ. Киноны гол дүр болох хаалгач Николай Трусевичийн дүрд бидний сайн мэдэх жүжигчин Сергей Безруков тогложээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 14. 9:01
Зочин

Deer ueiin oros kino baidag sh dee. Togloltyn daraa buh tamirchdyg buudaad duusdag.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]