Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Модун шаньюй Хан улсыг бачимдуулан шахсан түүхУншсан13,002

Хүн гүрний хүчирхэгжилт ба Пинчений тулааны дараах үйл явдлууд

Агуу Лев Гумилевийн монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байгаа. Өмнөх хэсэгт Хан улс, Хүн гүрний хамгийн эхний томоохон дайн тулаан болох Пинчений тулаан болон түүний үр дагавар энэ хоёр улсад ямар нөлөө үзүүлсэн талаар дурдсан.  Харин одоо Пинчений тулаанаас хойш Хүн гүрэн Хан улстай ямар дайн тулаанууд хийсэн, эргэн тойрны бусад ард түмэн, улс гүрнүүдэд хэрхэн нөлөө үзүүлж, хил хязгаараа өргөтгөснийг өгүүлж байна.

Өмнөх нь: Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

Их Цагаан хэрмийг байгуулсан нь

Хүн гүрэн Цин улстай дайтсан нь

Модун шанью ба Хүн гүрэн үүссэн нь

ХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайн


 

Хятадын цэрэг Фань Куай-н удирдлагаар хоёр жил байлдан дотоод дахь цэргийн бослогыг дарсан боловч хилийн чанад руу довтолж зүрхэлсэнгүй, учир нь Янь улсад (Хэбэй муж) шинэ бослого дэгдэж зоригийг мохоожээ. Бослогын толгойлогч Лу Гуан хүн-чүүдийн талд оров, гадны довтолгоо Хятадын дорнод мужид ч дэлгэрэв. Цэргийн дарга нар урвах нь хятадын армид байнгын үзэгдэл болов.

Гай түйтгэрт үйл тамаа идсэн Хан улсын Гаозу хаан 195 онд нас барав. Хаан ширээг залгамжлагч бага настай тул хатан хаан Люй Хоу засгийн эрхийг авав, түүний үед өвөр хоорондын тэмцэл бүр ч хурцаджээ. Модун 192 онд Хан улсын хатан хаантай гэр бүл болж, Хятадын хаан болох санал илгээв. Хатан ихэд хилэгнэж, элч нарыг цаазалж, дайныг сэргээе гэсэн боловч тойрон хүрээлэгчид нь түүнийг ятгаж «зэрлэг бүдүүлэг амьтанд» гомдохыг болиулав.

Модунд эелдэгхэн хариу өгч «сүйт бүсгүй чинь хэтэрхий өндөр настай» хэмээн татгалзсан байна. Хятадын сайдууд болгоомжилж байсан боловч хүн-чүүдийн эзэн уг хариунд сэтгэл ханаж, будилаан самуунд үйлээ үзэж хүч чадлаа алдсан Хятад руу хүчирхэг, аймшигт цэргээ оруулсангүй. (Ерөөс Модун хөгшин хятад эхнэр авахыг огт хүссэн биш харин Хан улсыг өдөж, дорой буурай гэдгийг нь харуулах гэж доромж үгс илгээн санасандаа хүрсэн гэж ойлгож болох буй за. Tolgoilogch.mn) 

Өнгөрсөн дайнаар хүн-чүүдийн тарьсан аймшиг түгшүүр арилаагүй байв. "Пинчен хотын дэргэд үнэхээр гашуун зовлонтой байлаа; долоо хоногийн турш хоол ундгүй сууж, нумаа ч татаж чадахгүй болов" хэмээн дуулалддаг байжээ. Түүнээс хойш найман жил өнгөрөхөд Хятадын шинэ залуу эзэнт улсын хүч чадал гадаадын дайсныг няцаахад хангалттай болж чадаагүй байв, Модун үүнийг мэдэж байсан ч гэсэн дайныг эхэлсэнгүй. Харин шалтгаан нь түүний энх тайванч бодлого байсан гэх үндэсгүй. Баруун хил дээр юэчүүдтэй ширүүн тулалдааныг Хүн гүрэн хийсээр байв (энэ байлдааны тухай эх сурвалжид дурдагдаагүй).

Модун дунху нар болон Саяан-алтайн аймгуудыг хялбархан ялсан бол баруун талынхаа нүүдэлчидтэй хийх тэмцэл нь нэн хүнд байлаа. Энд Азийн хувь заяа шийдвэрлэгдэж байв. Юэчүүд, хүн-чүүдийн хоорондын 2 мянган жилийн тэмцэл Их тал нутгийн зонхилогчийг тодорхойлсон нь угсаа гарвальд асар их ач холбогдолтой болжээ.

Улаанаар тэмдэглэсэн нь юэчүүд

Модун хүчээ тарамдуулахгүйн тулд Хятадыг зүгээр орхив. Ингэснээр Хан угсааныханд сэхээ авч бэхжих бололцоо олдов. Хатан хааны засгийн газар хилийн тэргүүн эгнээний цэргүүдтэй тэмцэлдэж байв, тэдний ихэнх нь энэ тэмцэлд мөхсөн бөгөөд нэлээд шаргуу хэсэг нь баруун хойд Солонгос руу зугтжээ. Дорнод талд нь хүн-чүүдэд тайван байдал хичнээн их хэрэгтэй байсан нь дараах баримтуудаас харагддаг. 177 онд хүн-чүүдийн хилийн вангуудын нэг нь Хятад руу довтолжээ. Хан улсын эзэн хаан Вэнь-ди морьт цэрэг, морин тэрэг (бүгд 85 мянга) дайчилж дайсныг няцаах гэтэл хүн-чүүд тулалдалгүй ухран одов. Вэньди араас нь тал нутагт хүрч байлдъя гэсэн боловч хилийн жижиг бүс Син Гюйд бослого гарсан нь түүнийг зогсоов. Энэ үед хүн-чүүдээс элч ирж гэм хийсэн ванг хил дээрээс татаж баруун тийш нь илгээв гэж мэдэгдээд, уучлал гуйсан байна. Тэнд тэр ван юэчүүдийг ялж нүглээ наминчилсан гэдэг. Хятадын ордон хүн-чүүдийн хүч чадлыг харгалзан үзсэнээр уучлал гуйж байгааг нь хүлээж аваад, арай хожим тэдэнтэй найрамдалт харилцаагаа сэргээжээ. Гэрээ ёсоор, Хүн гүрнийг хятадын эзэнт улстай эрх тэгш гэж хүлээн зөвшөөрөөд хаад нь бие биенээ ах дүү гэж нэрлэх болов.

Хүн гүрэнд шахагдсан юэчүүдийн түүхэн нүүдэл

Энэ бол хүн-чүүдийн хувьд үзэгдэж харагдаагүй амжилт мөн, юу гэвэл, эдүгээг хүртэл (Модун шаньюйн үеийг хүртэл. Tolgoilogch.mn) нүүдэлчдийн нэг ч ван хятадын эзэн хаантай эн зэрэгцэх юм гэж мөрөөдөж ч байгаагүй билээ. 177 онд хүн-чүүд орон даяар цэрэг дайчилж, юэчүүдийг бут цохиж чадсан нь хүн-чүүдийн шанью-гийн захидлаас харагддаг. Ялалтын үр дүн нэн чухал байв, юу гэвэл, хүн-чүүд, одоогийн Дорнод Туркестан, Үсуны нутаг дэвсгэр дээрх бүх вант улс, кян-уудын газрыг эзлэн авсан ажгуу.

НҮҮДЭЛЧИН ТҮВД-КЯН-УУД. Хятадын баруун хил дээр, Цин мужтай хаяа нийлж эунчүүд (тангадуудын өвөг) ба кян-уудын алан хядсан дайнаас амьд үлдсэн түвдүүд амьдардаг байв. Цин Ши-Хуанди Дорнод Хятадыг байлдан дагуулж дуусаад жүн-үүдийг дарсан. Түүний жанжин МэньТян 225 онд жүн-үүдийг Цайдмын уулархаг тал руу хөөсөн бололтой, учир нь Хятадаас салсан тангадууд цаашдаа чухам энд суурынсан билээ. Хуучны дайсан жүн-үүдээс салсан хятадууд Шар мөрний дээд эхээр сууж байсан нүүдэлчин түвд-кян- уудтай учирчээ.

Улаанаар тэмдэглэсэн нь түвд кянууд

Тэр үед энэ нь их эзэнт улс руу довтлохыг зүрхлээгүй цөөн тоотой, ядуу ард түмэн байв. Цинийн угсааныхан унаснаар хятадууд энэ мужид саяхан олж авсан манлайллаа алдав, хүн-чүүд түвдүүдийг захирахын хамт хятадын хилийг баруун захаас нь мэрж байлаа. Шар мөрний эх хавийн уулархаг газрыг эзэмших нь Хүн гүрний ч, Хятадын ч хувьд зөвхөн стратегийн учир холбогдолтой байлаа. Гэтэл кян-ууд энэ үеэс эхлэн эрчимтэй хөгжих замд орж хүн-чүүдийн холбоотон болов, хүн-чүүд бас өөрийн хөрш үсунүүдтэй сүжирхэж байлаа.

ҮСҮНЧҮҮД. Үсүнчүүдийн тухай асуудал нарийн түвэгтэй. Хятадын жуулчин Жан Цяны мэдээлснээр бол эртний усүний эзэмшил газар нь Дуньхуан, Циньяныпаны хооронд байрлаж байв, гэтэл энд бас юэчүүд сууж байсан билээ. Өөрийн удирдаага бүхий хоёр ард түмэн нэгэн нутаг дэвсгэр дээр хольцолдон сууж байжээ хэмээн Сиратори (119) ихэд гайхсан байдаг. Гэтэл тэдний нутаг дэвсгэрийг баруун тийш нь Лоб нуур, дорноос хойш нь Эзэн голын адаг хүртэл тэлээд үзлээ ч гэсэн энэхүү тал хөндий газар хүн ам олонтой хоёр ард түмнийг тэжээж чадахгүй юм.

Улаанаар тэмдэглэсэн нь үсүнчүүд

Үнэндээ бол эдгээр ард түмэн уул нутаг дэвсгэрийг ээлж дараалан эзэмшиж байсан бололтой. Ийм санал хэлэхийн үндэс нь «Шизи» доторхи нэгэн үгүүлбэр юм, тэнд: Гуажоу мужид Дуньхуаныг хүртэл (одоогийн Ганьсу мужийн баруун хэсэг) газарт «Цин ба Хан угсааныхны үед үсүнь, дараа нь юэч, эцэст нь тэднийг хөөж зайлуулсан хүн-чүүд сууж байв!» гэжээ. Хүн ардыг дэс дараалуулсан нь энд тодорхой байна. В.Успенский нэгэн таамнал дэвшүүлж энэ мужийг дээр үед түвдүүдийн түрүү үе-сижунууд эзлэн сууж байсан бөгөөд нүүдэлчин үсүнчүүд тэднийг Жаньго-гийн үед уул руу шахсан гэсэн санаа хэлсэн байна.

Ингэснээр Успенский абугай Бичуринтэй зөрөлдөж байна, юу гэвэл Бичурин энэ үед кян-ууд (өөрөөр хэлбэл түвдүүд) одоогийн Хөхнуурыг бүхэлд нь эзэмдэж байсан гэж бодсон, энэ ч ер нь үнэн бололтой юм билээ. Успенский жүн-үүдийг түвдүүд юм гэж үзсэн, гэтэл үнэндээ энэ нь онцгой ард түмэн байсан бөгөөд харин үсүнчүүд, жүн-үүдээс гарчээ (28), үүнээс болж дээрх зөрөлдөөн гарсан байх. Ийнхүү таамаглал дэвшүүлэх шаарддагагүй болов, «эртний үсүнчүүдийн нутаг» гэсэн «Шизийн» нэр томьёо Нанынаны уулс хавьд хамаарах нь үндэстэйгээр нотлогдож байна.

1 зууны сүүлээр Үсүнчүүд Данхэ мөрний хөндийгөөс зулбажээ. Юэчүүд тэднийг хөөсөн бололтой. Грум Гржимайлогийн саналаар бол үсүнчүүд Баруун халх руу зугтжээ. Тэнд тэд Модун шаньюн цэргүүдтэй тулалдаж толгойлогчоо алуулжээ. Ялагдсан үсүнчүүдэд хүн-чүүд зөөлөн хандав. Тэднийг хүйс тэмтэрсэнгүй, хөөж тараасангүй. Тэдний алагдсан толгойлогчийн хүүг Модун шанью өргөөндөө авч хүмүүжүүлэн, дараа нь түүнд гүньмо хэмээх цол олгож, ард олноо удирдахыг даалгажээ. «Баруун хэрэмний хавийн хилийг» хамгаалахыг үсүнчүүдэд оноосон байна.

«Баруун хэрэм» гэдэг нь Ордосын баруун хойд буланд оршдог Гао-кюе-сай-гийн бэхлэгдсэн хавцал юм гэж Грум Гржимайло тайлбарлажээ, гэтэл энэ үед тэнд хилийн дээсний хэрэгцээ байсангүй, яагаад гэвэл, тэнд Модуны үнэнч албатууд болсон Лэуфань, баянь аймгийнхан амьдарч байлаа. Харин энд Хүн гүрний баруун хилийг хэлсэн байх, уг нь тэнд үсүнчүүдын дайсан юэчүүд амьдарч байсан юм. Үүнийг Зүүн гарын баруунд, Долоон усанд үсүнчүүд хүрч ирсэн баримт нотолно, энэ баримт Жан Цяны намтрын мэдээтэй ч нийцдэг, намтарт залуу гүньмо ялагдсаныхаа өшөөг юэчүүдээс авахаар шанью-гаар зөвшөөрүүлж, Или руу цөмрөн орж юэчүүдийг баруун тийш нь элдэн хөөжээ. Ийнхүү, Модуны үед үсүнчүүд Хүн гүрний хараат байсан юм.

Ийнхүү мөхөн сөнөх гэж байсан эртний хүн-чүүд Модуны шинэчлэлийн дүнд цэргийн том Хүн гүрэн болж бэхжив. Энэ гүрний хүч чадал нь зав залуухан угсаатан үүссэнд оршиж байлаа. «Чи хэн байх ёстой, түүгээрээ л бай» гэсэн ёс суртахууны хатуу бөгөөд хөдөлшгүй зарчмыг энэ залуухан угсаатан баримталдаг байлаа. Тэгээд ч энэ үед хүн-чүүд бүхэн цэрэг болж, даргадаа чанд захирагддаг байв. Гэхдээ ургийн тогтолцоо эвдрээгүй, цэргийн ангиудыг, хожим хойно Чингисийн монголчуудад тохиолдсон шигээр, доод гарлынхан бус, хан хөвгүүд, ургийн зонхилогчид удирдцаг байв. Шанью болон язгууртнууд засгийн эрхийг өвөр хоорондоо хуваарилсан байснаас аль алиныхаа дураараа загнахыг хааж байв. Хүн бүр цэргийн алба хаана, даргадаа үг дуугүй захирагдана гэсэн, бас албан тушаалын тогтолцоо буй болгосон, гол нь нутаг дэвсгэр бол төр улсын үндэс мөн гэсэн үзэл баримтлал тогтоож мөрдсөн зэрэг Модуны шинэчлэлийг дэврүүн түлхэцийн дагавар болсон зан авирын цоо шинэ үндсэн дээр шинэ этносыг бүрэлдүүлсэн хэрэг гэж үзвэл зохино.

Хүн гүрэнд цэрэг болж төрсөн жирийн хүн зөвхөн түүгээрээ л байх ёстой. Ингэснээр, хүний дур хүсэл алдагдаж байсан боловч тэрээр амьдрал нь дордохгүй, аз заяа нь мэдэг гээд хээр хаягдахгүй гэсэн найдвартай баталгаа авдаг байлаа. Олз олбол тэрээр баяжиж болно, олз бол түүний яах аргагүй өмч мөн. Тайван цагт жирийн хүн-чүүд нүүдэллэх (жилд 2-4 удаа), цэргийн сургууль хийх, хавар, намрын цагт өөрийн дураар амрах зэргээр амьдармой. Хил хавийн боолчууд нь хүн-чүүдийн цэргүүдтэй «амьдрахад зугаатай» гэж хэлдэг байсныг хятадын сайдууд тэмдэглэж үлдээсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэгээд ч хятадууд хүн-чүүд руу зугтаж очихыг оролдох нь цөөнгүй байв.

Хүн-чүүдийн цэрэг 300 000 хүнтэй байсан гэж хятадууд тооцон гаргажээ. Энэ бол дэврүүлсэн тоо байхаа, яагаад гэвэл, бүх эрчүүдийг цэрэгт авдаг гээд бодоход л (энэ үед байлдааны чадвартай эрчүүд хүн амын 20% нь байсан гэдэг мэдээ бидэнд бий) Монголын бүх нутаг дэвсгэр дээр 1.5 сая эр хүн байсан байж таарна, энэ нь одоогийнхоос 2 дахин илүү бөлгөө. Хуучин Хятадын сурвалж бичгийн дэгсдүүлдэг тоо л энд яригдаж байх шиг байна.

Хүн-чүүдийн хөнгөн морин цэргийн гол зэвсэг нь нум сум байв. Эл морин цэрэг явган цэрэгтэй гардан байлдаан хийж чадахгүй хүнд морин цэрэгтэй тулалдаж чадахгүй, гэхдээ шалмаг байдлаараа тэднээс хамаагүй давуу юм.

Дайснаа үхтэл ядраах нь хүн-чүүдийн тактик. Жишээлбэл, Пинчэн хотын дэргэд хүн-чүүд хятадын цэргийн тэргүүн ангийг бүсэлсэн билээ. Хүн-чүүд тооны хувьд хятадуудаас илүү байв. Өмнө зүгт амьдарч дадсан хятадууд хүйтэнд нусаа гоожтол даарч, ачаа бараанаасаа салсан болохоор өлсөж ундаасч байв. Үүнийг мэдсээр байж хүн-чүүд дайрах давшилт хийхгүй л байлаа. Гэхдээ энэ нь айн хулчийснаас юм уу, хэт болгоомжилсноос болоогүй. Хүн-чүүд гардан байлдахыг хүссэнгүй. Тэд бүслэгдсэн дайснаа байнга түгшээж, дайсны зэвсэг нь аяндаа гараас нь унаж, дайсан өөрөө эсэргүүцэх тухай биш, унтаж амрахыг л хүсэх болтол нь ядраахыг тэд оролддог байв.

Хүн-чүүд тулалдаанд халирхай, гэхдээ энэ доголдлоо, уран нарийн үйлдлүүдээрээ нөхдөг байв. Тэд хуурмагаар ухран, бардам сэтгэл төрчихсөн дайснаа тавьсан зангандаа аваачин бүсэлчихнэ. Хэрэв дайсан эрс шийдэмгий довтолгоонд орвол хүн-чүүдийн морин цэрэг дахин цугларч, дахин тулалдаанд орохын тулд «шувуун сүрэг» лүгээ адил тархан сарнимой. Тэднийг үргээж хөөх амархан, бутцохих хэцүү, устгах бүүр ч бололцоогүй.

Цэргийн алба хаах нь хүн-чүүд бүрийн үүрэг учраас энэ талд ямар ч шагнал урамшил байхгүй. Цэрэг дайсныг албал «хундага дарс, олсон бүх олзоо авах эрхтэй». Дайнгүйгээр олдсон олзыг шанью-д нэлээд их хувьтайгаар хуваана, дээр дурдсан ишлэлийг үүнээс өөр тайлбарлах аргагүй. Дайн хүн-чүүдэд багагүй ашиг өгөхийн хамт бас аюул багатай, учир нь хүн-чүүдийн цэрэг дайснаа дориун алс газраас харвана, эсхүл түүнээ үхтэл нь ядрааж байгаад барьж аван хүлж гэртээ авчран боол болгоно.

Хүн-чүүд бол нүүдэлчин ард түмэн, тэд мал аж ахуйн бүтээгдэхүүнээр чинээлэг байсан боловч газар тариалангийн бүтээгдэхүүн, бүс даавуугаар их гачигддаг байв. Хятад, согдын худалдаачид арилжаа наймаа хийхдээ юм үзээгүй нүүдэлчдийг бүр баллаж өгнө. Гэхдээ наймаанд алдсан юмаа тэд дайрч довтолж олно, ингэснээр «шударга ёс» сэргэн тогтдог байв. Хүн-чүүдийн байлдааны амжилт тэдний аж байдлыг дээшлүүлж, нэгдэл нягтрал нь бие даасан аймгууд байгаатай холбогдсон дотоодын мөргөлдөөн, байнгын дээрэм тонуулыг багасгадаг байв.

Шанью болон албан хаагчдыг тэжээх хөрөнгийг ард түмнээс татварлахгүй. Талын малчдад татварын тухай ойлголт нэн харш; чөлөөт дайчин хэнд ч төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй, татвар төлбөр бол түүний эрх чөлөөг хөсөрдүүлж байгаа хэрэг мөн. Дээрх хөрөнгө чөлөөт бус этгээдүүдээс, өөрөөр хэлбэл, харьяат аймгуудаас гувчуурын байдлаар, дайснаас байлдааны олз маягаар орж ирнэ. Ялагдсан дунху нар үхэр, адуу, хонины арьсаар гувчуур өгмү. Одоогийн Дорнод Туркестаны газар тариалангийн баян мужууд ихээхэн татвар төлдөг байв. Хүн-чүүд тэндээс төмөр зэвсэг авдаг байлаа.

Л.Гумилевийн "Хүн гүрэн" номыг Интер номын дэлгүүрийн бүх салбараас худалдан авч болно.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 20. 13:37
Зочин

Энэ Хүн гэх нэршил бол огт буруу зүйл юм шүү дээ. Хүннү гэвэл үндсэн дуудлагадаа ойртсон болно. Шанью гэдэг нь гол үг. Шаньючууд гэх ёстой юм. Хэрэв Шанью нь Хүн юм бол хожмын Чингис хааны Хятадын хаанд илгээсэн захидалдаа манай Хүмүн улс гэх учиртай. Гэтэл Шанью гэдгээр явсан. Тэхээр энэ бол манай түүхчдийн нэг сонин амбийцаас эхтэй төөрөгдөл яах аргагүй мөн. Европт Хан гэх нэршлээр тархсан. Тэр нь төв азийн нүүдэлчдийн тэргүүнээ дуудах нэршлээс эхтэй. Энэ нь магадгүй Шаньютай холбогдож болно. Чухам манай түүхчид тэрхүү Хан гэх дуудлагын латин бичиглэлээс санаа аван "аан энэ чинь хүн гэсэн үг юм байна" гэж төөрөгдсөн. Бас л сонин байгаа биз? Эндээс харвал монголын түүхчид хэлний зүйн талаар ямар ч ойлголтгүй байдаг хэрэг үү? Уг нь түүхч хүн наад зах 3-5 хэл судалсан байх эхний шаардлага байдаг нь үүнтэй л холбоотой хэрэг. Тэхээр манай түүхчид дээд сургуульд ааваараа, ахаараа, нөгөө хэнээр яриулаад хаалгадаад орчихсон байдаг учраас тэр шаардлага маардлага бол өнгөрсөн хэрэг. Тэгээд л судалгааны сэдэв нь ердөө л өөрийн төрсөн нутгаа ямар нэг байдлаар чингис хаантай холбож түүнийгээ батлахад бүх амьдралаа зориулах болдог. Харамсалтай биз? Энэ амбийц нь бүр халиад хаа хамаатай НТӨ-н өмнөх Хүннүчүүдийг өөрсөдтэйгөө холбох туйлшрал руу халтирсан. Түүх бол шинжлэх ухаан. Хэрэв энэ судалгааны салбар хэн нэгэн нүүдэлчний өвөг дээдэс, ураг омог, өвөлжөө бууцны хэмжээний ач холбогдолтой болчихвол нийт хүн төрөлхтний хүрээнд яригдах асуудал болон үлдэж чадахуу? Бид бүхэл бүтэн шинжлэх ухааны үнэ цэнийг баллуурдаж байна шүү дээ. Бидэнд баллуурдуулдаг шинжлэх ухаан ч гэж юу байхав. Өөрсдийн түүхээр тоглоно л гэсэн үг. Хэрэв өөрсдийн түүхээр тогловол бид алдаагаа давтахаас өөр үр дүнд хүрэхгүй. Эцэст нь бид л хохирно. Хүннү ба Монголын судалгаа бол тусдаа сэдвүүд юм. Энэ сэдвүүд тусдаа байж манай түүхийн элдэв ээдрээ арилна. Иймэрхүү байдлаар судалвал түүхийн шинжлэх ухааны ололтын хүрээнд бид арвин ургацтай, үр дүнтэй байж чадах юм. Цаг зуурын хоосон үндсэрхэх үзэл, агуу ихийн д

2 сар 20. 13:52
Зочин

дэмийрэл, өөрөөрөө бахархах хэт харалган үзлээсээ болоод бид арай нэг хэвдээ орж байсан үүх түүхээ ширэлдсэн утас шиг дахиад л орооцолдуулчихвал үр хойчис маань юу гэх бол? "Арай ч дээ, бидний өвөг дээдэс ийм харалган, юм үзээгүй өлөн амьтад байсан юмуу? Тэр үед л түүхийн энэ ээдрээг тайлчихсан бол одоо ийм асуудал босч ирэхгүй байжээ" гэж дүгнэхдээ хүрвэл яах вэ? Хэдэн зуун дамнаж бид нөгөөх л иш мухаргүй үндсэрхэх, нармай үзэл, Хүннү, Чингис, нөгөөх л улаан хувьсгал, Сүхбаатар, социализм, коммунизмын амьдралтайгаа огт таардаггүй бадрангуй түүхтэйгээ нааж очино. Тэр үед Чингис гэж бодит хүн биш бурхан, хувилгаан болно. Өнөөдөр Бурхан багшийг дагалдагчид нь тийм л обьект болгож амжсан шүү дээ. 2 хуваагдчихсан. Тэр эгэл хүн байсан гэхээр мухар сохроор дагадаг нөгөө хэсэг нь хохирчих гээд байдаг. Бурхан хувилгаанаараа төрсөн гэхээр түүний сургаалийн жинхэнэ мөн чанарыг өөртөө тайлсан гэгээрэгсэд төөрөгдөлд орчих гээд байдаг. Ийм л хоёрдмол байдал дунд явна. Энэ дунд нөгөө сургаалийн үнэт чанар нь шалны алчуур шиг л болчихсон тууж явна. Мөн чанартаа бол аль нь ч тийм чухал биш түүний талбисан сургааль л гол нь байсан шүү дээ. Бидний үүх түүх хойчисдоо бас л нэг ийм мухардмал зүйл болж очих нь. Магадгүй улс үндэстний хувьд түгээмэл байдаг гол зорилго болох ахиц дэвшилдээ хүрчихсэн хойноо ч бид үүнийгээ үл хайхран түүхийн ээдрээтэй байдлаараа талцан дажин самуун үүсгэж байж ч магад. Шашины асуудал тийм л байдаг. Түүхийн самуурал ч ялгаагүй. Энэ нь нийгмийн үзэл санаатай уялддаг болохоор эмзэг сэдэв мөн. Тэхээр бид эцсийн эцэст түүхийг шинжлэх ухааных нь хүрээнд судлах л чухал байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]