Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ачаатай тэрэг өргөдөг Ардын засгийн анхны аваргаУншсан5,359

Ийнхүү алдарт аварга, арслан заануудтай хүч үзэн барилдаж эхэлсэн босоо Самдан 1921 оны Арван засийн наадамд наймын даваанд Лyy гүний Ванданд унаж үзүүрлэн, заан цол авсан байна

Одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 1899 онд харц ард Ганжууржавын их охин Буяндэлгэрээс хүү төржээ. Өвгөн эцэг Ганжууржав, ах Шарав, Чүлтэм нар болон ах дүү нар нь бага хөөрхөн хүү гарсанд бөөн баяр хөөр болон газар хүрэлгүй, гар дамжуулан долоон нас хүргэсэн байна.

 

Ах Шарав, өвөг эцэг Ганжууржав нар Самданг сахил хүртээлгэж лам болгон, Сэцэн хааны цагаан эргийн Гүндүгаварлин хийдийн Чогчин дуганд шавь болгон суулгажээ.

Самдан Чогчин дуганы олон шавь нартай танилцан төвд ном заалган суухдаа багачууд,банди нартай барилдавчиг нэг ч хүүхдийг хаяж чадахгүй байсаар Чойрын ном заалгаж, Чогчин дуганаасаа их дуганын хуралд сууж 12 нас хүрсэн ч мөн л банди нартай барилдсаар нэг ч хүүхдийг хаядаггүй байжээ.

Самдан 12 насандаа хурал ном сонирхол буурч, харин хөдөө гадаа гарч аянчин, жинчний хөтөл хийж, айлын эмнэг догшин адууг сурган унадаг болов. Самдан ингэж бие бялдар өсөж булчин чангарсаар ямар ч эмнэг догшин адууг барьж сургаж, унадаг болжээ.

Самдан 15 нас хүртлээ цагийн хурлаас бусад цагт хөдөө байж, аян жин хийж, адуу мал сурган унаж, хэн бүхэнд гайхагдахаар бие нь чангарч байгааг хуучин бөхчүүд, настнууд ажиглан мэдэж, ”Ганжууржавын зээ хүү сүрхий эр хүн болох нь ээ. Ер нь энэ маань бөх болох юм биш байгаа” гэж ярьдаг болов. Самдантай үргэлж барилдаад хаядаг банди нар ч чангарчээ. Гэсэн чиг тэд Самдантай барилдаад хаях байтугай барьж авч чадахгүй болсноо мэдээд ер барилдахаа байжээ. Самданг аян жинд явж, ачаа бараа өргөх, эмнэг догшин адуунд эрмэг чадалтай болсныг нутгийн бүдүүн Шарав гэгч мэдээд өөрөө зүүн Сөнө, Авга хошуу орж адуу малын арилжаагаар явахдаа Самданг гуйсан аж. Гэтэл Самдангийн ах лам Чүлтэм нар Самданг “хар” болчих вий гэж их айдаг болов. Олон хүүхэдтэй Ганжууржав өвгөн зээ хүүгээ ажилд сайн, ам тосолно гээд их сайн байдаг боловч хатуухан захиргаатай хүмүүжүүлнэ. Үүнийг Шарав сайн мэдсэн учир Самдангийн өвөг эцэг Ганжууржав, ах Шарав нарт “Самданг эрэлд авч явья” гэж худал хэлж, гуйгаад зөвшөөрүүлэн, Самданг дагуулан зүүн Сөнөдөд адуу худалдахаар явсан аж.

Шарав Самдан нар адуу малаа худалдаж дуусаад буцах гэтэл Авга хошууны их наадам таарчээ.

Тэд наадам үзэхээр очсон байна. Самдан тэр үед адуу, тэмээ, агт морь, хүнтэй ноцолдохгүй бол хамаг бие нь амрахгүй байсан тул тэр хошууны наадамд барилдах хүсэл мөрөөдөлд автжээ. Самдан хамт яваа Шаравтаа энэ тухайгаа хэлэхэд Шарав нь “Зодог шуудаг олоод, чамайг зөвшөөрч барилдуулах юм бол барилдахад яадаг юм бэ” гэжээ. Тэгээд бөхийн газар очиж, бөхийн даамал нарт барилдах тухайгаа хэлсэнд тэр ихэд тохуурхан шоолох маягтай “Хүү минь чадлаараа л барилд” гэсэн учир баярласан Самдан барилдах гэтэл өмсөх зодог шуудаг олдохгүй байжээ.

Гэтэл өрөвч сэтгэлтэй нэгэн бөх өөрийн бөхийн хэрэгслээ өгсөнд Самдан урьд нь өмсөх байтугай үзэж хараа ч үгүй шарын сураар бөхөлсөн, хадаг яндар болсон тэр зодог шуудгийг өмсөн, зүүнээс хоёр удаа гарч, тэр нутгийн өсөж яваа нэлээд сайн хоёр залуу бөхийг хаяжээ.

Гэтэл тэдний бөхчүүд болон үзэгчид Самданг бараг барьж авч зодох шахан, ”Чи аль газраас яваа хар хүзүүт маам бэ? Ер нь энэ хар хүзүүт маамыг дээш нь ноёдод хэлж хасуулъя” хэмээн хуйвалдаж, ноёдодоо мэдээ хүргэжээ. Тэгээд Самданг их асараас дуудсан байна.

Самдан Шараваасаа “Одоо би юу гэх вэ?” гэж асуухад “За чи голын том асарт байгаа маймаа маягийн махлаг тарган ноёны өмнө нь сөгдөөд асуусан зүйлд нь үнэнээрээ хариулаарай” гэжээ. Тэгээд зүүн байрын даамал дагуулан их асарт ормогц Шаравын хэлсэн хүний өмнө Самдан яаран сөгдөн унажээ. Монгол ноён хэрэг учир, хэт нутгийн асуусанд өөрийн үнэн байдлаа хэлэхдээ “Би барилдах дур хүрэхдээ хоёр бөхийг хаясан юм. Ноёнтон минь өршөөгөөрэй” гэжээ. Тэр монгол ноён “Аан чи манай хошууны миний албат хүн байжээ” гээд Авга ноён руу харсанд Авга ноён Монгол ноёнд тал засаж, “Их тайжтан та албатан бөхтэйгээ ирсэнд тун таатай байна, Барилдуул,барилдуул” гэжээ.

Тэгээд Самдан зүүн байранд ирж барилдах болсонд бөхчүүд “Лавсанд гэдсээ хага хаяуулах учиртай хүү байж дээ” гээд Самданг "Сайн барилдана шүү” хэмээн ихэд доог тохуу хийцгээн инээлдэж байв.

Тэгээд Самдан олон сайхан бөхчүүдийг нь хаяж үзүүр түрүүнд үлджээ. Тэр газрын настай боловчиг алдартай аварга бөх Лавсантай барилдаж, том биетэй хадаг яндар болсон бөх Лавсан аваргыг шууд дайран өргөөд тонгорон хаяжээ.

Ингэж зүүн Сөнөдийн их аваргыг хаяж морь, шарын шагнал аваад баяртай нутагтаа ирсэн боловчиг гэрээс оргож гарсан тэр наадамд нутгаас хүн байсангүй, өөрөө ч энэ тухайгаа хүнд ярьдаггүй байжээ. 

Самдан хүү ид л бяр хурж байсан үед хотонд нь нэг үнээ үхэж хоножээ. Эгч Цэнджав нь "Үүнийг яаж зайлуулан холдуулах билээ" гэхэд Самдан гэрээс гарч ирээд дөрвөн хөлийг нь хоньчлон хүлээд өргөн аваачиж хаяхад нутгийнхан түүний тэнхээг таньж наадамд барилдуулах болжээ. Тэгээд ч овоо тахилга, хошууны наадамд зодоглон, бөхийн гаргаагаа эхэлсэн 20 настай залуу эр анх Арван асгийн наадамд ирж барилдан, дөрөв давжээ. Түүнийхээ хойтон жилийн наадамд ирж барилдан дахин дөрөв давж, том цолтой нэр цуутай олон бөхтэй учран, тоотой бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс барьж монгол бөхийн олон хувилбар мэхнээс хийж ч, хийлгэж ч тэднээс барилдааны ур ухаан сурч барилдах хорхой нь улам гозогнож явжээ.

Зургийн тайлбар: Баруун гар талаас, Босоо хэмээх Самдан аварга, Буур хэмээх Жамьян аварга нар 1921 он.

Ийнхүү алдарт аварга, арслан заануудтай хүч үзэн барилдаж эхэлсэн босоо Самдан 1921 оны Арван засийн наадамд наймын даваанд Лyy гүний Ванданд унаж үзүүрлэн, заан цол авсан байна. Мөн 1923 оны арван засгийн наадамд 112 бөх барилдахад, их шөвөгг босоо Шагдартай үлджээ. Халхын босоо нэртэй хоёр бөх наадамчин олны харааг булаан, гол асрын өмнө өрж зогссоноо С.Шагдар нь дайраад барих гэж ухасхийтэл, Г.Самдан цохиод хажуу тийш зайлахад, босоо Шагдар бариад авчээ. Ийнхүү хоёр бөх лавхан барилцаж, бие биесээ тонгорон бужигнуулж байснаа Самданг дотуур дэгээ ороотол, өрсөлдөгч бөх нь арагш даран унаган түрүүлжээ. Босоо Шагдар бас тэр жил цэргийн наадамд 704 бөх барилдахад арвын даваанд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Дүйнхорын Далантайд өвдөг шороодон үзүүрлэж арслан цол хүртсэн байна. Харин хувьсгалын дөрвөн жилийн ойн барилдаанаар босоо Самдан Жамьян аваргын зүүн хөлийг гадна талаас баруун хөлөөр цохиж, хоёр хөлийг ойртоод ирэхэд нь тахимаар нь хумьж өргөөд, өвдөг шороодуулан 10 давж түрүүлсэн байна. Гэвч тухайн үедээ түүнд аварга цол албан ёсоор олгоогүй ч, олны дунд босоо Самдан аварга хэмээн нэрлэгдсээр яваад цуут бөхийг таалал болсноос хойш бараг тавин жилийн дараа аварга цолыг нь нэхэн хайрласан байдаг.

Хан Хэнтийн босоо Самдан гэгч энэхүү алдарт бөх маань тэр үеийнхээ алдарт бөхчүүлийн дотор биеэр арай намхан ч 1.9 метр өндөр нуруутай, 120 кг жинтэй, тэвхгэр дөрвөлжин биетэй, монхордуу хамартай, хөрслөг хүрэн царайтай, бяр чадал ихтэй, барилдааны эвсэл, мэхний хурд хувилбар даац сайтай бөх байжээ. Тэрбээр энгийн дээл хувцастай байхдаа биеийн хэмжээ нь олноос тийм ч томгүй мэт үзэгдэх атал бөхийн өмсгөлөө өмсөж хувцасласны дараа их том харагд цаг, мах мариа булчингийн хөгжил тун сайн тул өөрийн үеийн олон сайн бөхчүүлийн нэгэн манлай байжээ. Түүний хашиж цохих, өргөж тавих мэхэнд нэг орвол ямар ч бөх мултарч үлдэхэд тун бэрх гэдэг байжээ. Самдан аварга идэр залуудаа аян жинд их явдаг байжээ. Нэг удаа Хэнтийгээс Дорнодод тэмээн хөсөгтэй явж байтал араас нь машин ирэх үед догшин зантай нэг атан тэмээ үргэж замын хажуу руу туйлан гарах гэхэд Самдан тэрэгний арлаас ганц гараараа барьж татан уг тэмээг хөдөлгөөнгүй зогсоож байжээ. Мөн хязаалан насны эмнэг морийг нэрт уургач Уртаа гэгчээр уургалуулаад чихдэж авах гэтэл хуйв нь тасрахад, аварга гүйн очиж хангалын хүзүүг сугандаа хавчуулахад адуу хөдөлж чадахгүй дэмий л дороо ондогнож байжээ.

Түүний тухай өөр олон хууч яриа олны дунд ихэд дэлгэрсэн байдгын заримаас дурдвал: 3930 аад оны орчим цас ихтэй зудархуу нэг өвөл Баянтүмэн Дорнод аймаг руу дүү Донойн хамтаар үхэр тэргээр жин тээжээ. Дүү нь хөсгөө хөтлөн, Самдан жингийн цувааны ард өөд газар морио хөтлөн явган гэлдэрч явжээ. Гэтэл тэдний араас бүхээгтэй хоёр хүнтэй том ЯАЗ машин цас шороо бужигнуулан хүнгэнүүлж ирээд, өөд газар хүч алдан шарватал омголон нэгэн шар үргэн ухасхийж, хөтөлж яваа тэрэг нь машины дугуйд дайрагдан ямбийжээ. Нөгөө машины жолооч аянчин жинчний тэрэг дайрч эвдсэнээ юманд бодохгүй өөд газар уухилсаар холдоход Самдан аваргын уур хүрч, мориндоо ухасхийн мордоод хойноос нь давхин хүрч гараа дохин "Зогсооч ээ. Тэрэг дайрчихлаа шүү дээ. Зогс" гэж хичнээн хашхиравч тоосонгүй. Тэгэхлээр нь Самдан мориноос үсрэн бууж машины тэвшний араас хоёр гараараа шүүрэн барьж угзартал тэвшний арын зузаан таг банз тэр чигээрээ ханзран унжаад иржээ. Мань эр ч түүнийг нь сугандаа хавчуулан газарт уллан "Чүү" гээд татвал өөд газар хүч муутай явсан нөгөө "Яаз" цааш явж чадалгүй утаа савсуулан зогссон гэдэг. Ардын засгийн анхны аварга "босоо" Самдан хүч чадлаа гайхуулсан олон бахархам домог хууч яриа байдаг билээ. 1947 онд түүнд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон нь хээр явж байгаад гэв гэнэт галзуу чонотой тааралджээ. Аварга мориноосоо буун ханцуй шамлан ойртоод чимээ өгтөл чоно хурц шүдээ арзайлгаад муухай архираад ухасхийжээ. Энэ үед нь Самдан самбаачлан галзуу чоныг овоодон авч ноцолдон, унжсан хэлийг нь суг татан, эрүүг нь заан тонилгожээ. Гэвч түүнээс хойш сэтгэл санаа нь үймрэн дээрээс нь 3 настай бяцхан үрээ алдсан явдал хүнд цохилт болж, сэтгэл зүйд нь нөлөөлсөн гэдэг.

Самдан аварга лавтаяа гуч гаруй жил барилдаж явсан бөгөөд улсын чанартай наадамд 12 удаа барилдахдаа хоёр түрүүлж 3 үзүүрлэн долоо шөвгөрч байснаас гадна аймгийнхаа наадамд 17, орон нутаг овооны наадамд 27 удаа түрүүлсэн байна. Гайхамшигт монгол бөхийн нэг Ганжууржавын Самдан хэмээх энэхүү босоо бөх 1947 оны тавдугаар сард таалал төгссөн байна. Түүний дурсгалыг мөнхжүүлсэн баримал эдүгээ Өндөрхаан хотын төв болон түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баянхутаг сумын соёлын төвийн үүдэнд байх нь бөхөө дээдлэгч ард түмний хараа булааж байдаг ажгуу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]