Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бараг ялагдал буюу Бат ханы арми Мүхигийн тулаанд бутарсан нь (төгсгөл хэсэг)Уншсан3,124

Нилээд маргалдсаны эцэст хамгаалалтын стратегийг сонгох шийдвэрийг Бела хаан гаргажээ. Цэргийн хуаранг Мүхийгийн тал нутагт Сайо голын баруун эрэгт байрлуулав.

Алс тэртээх Унгарын Мохийн хөндий, Сайо голын хөвөөнд монгол морьтон баатруудын байгуулсан дэлхийн цэргийн урлагийн түүхэнд гайхамшгаар тэмдэглэгдсэн ялалтын тухай унгарчууд хэрхэн ярьж бичдэг вэ? Бат хан их цэргээ татан гэдрэг буцсаныг дотоод гадаадын түүхчид ихэнх нь Монголын эзэнт гүрний Их хааны угсаа залгамжлах асуудалтай холбон тайлбарладаг ч дээр дурдсан Мохийн тулаанд ихээхэн хохирол амсаж Европын гүн рүү давших хүчин чадал хомс болсон тул гэдрэг буцсан хэмээн өрнийн зарим түүхчид бичдэг. Тэгвэл энэхүү түүхийн ярианы нэг хэсэг болсон унгарчууд өөрсдөө ч ингэж үздэг аж. Унгарын томоохон сэтгүүлд нийтлэгдсэн Мохийн тулааны тухай сонирхолтой өгүүллийн хоёрдугаар хэсгийг Урианхан овогт Л.Пүрэвхүүгийн орчуулснаар уншигчдадаа хүргэж байна.


Эхлэл нь: Бараг ялагдал буюу Бат ханы арми Мүхигийн тулаанд бутарсан нь

Нилээд маргалдсаны эцэст хамгаалалтын стратегийг сонгох шийдвэрийг Бела хаан гаргажээ. Цэргийн хуаранг Мүхийгийн тал нутагт Сайо голын баруун  эрэгт байрлуулав. Голын энэ хэсэгт байх, стратегийн ач холбогдол бүхий цорын ганц гүүрний эсрэг талд европчууд хуарангаа байрлуулжээ. Бела хааны цэргийн хүч хуягт хүнд морин цэрэг, хөнгөн морин цэрэг, явган цэрэг болон тусгай харваачдаас бүрдэж байв. IV Белагийн цэргийн анги нэгтгэлүүдийг шилдэг дайчидад тооцогддог сүмийн морьт цэргүүд хүчитгэсэн байна.

(IV Бела хааны цэргүүдийг тухайн үедээ Европын шилдэг дайчид гэгддэг байсан сүмийн морьт цэргүүд - темпларууд хүчирхэгжүүлж байлаа. Эх сурвалж: Dead Lies Page) 

Тооцоолоогүй гэнэтийн зүйлүүд ч гарч мэднэ хэмээгээд Бела хаан цэргийн хуарангаа тойруулан хөсөг тэрэгнүүдээр хамгаалалтын хана босгов.

Чулуу ачсан тэрэгнүүдийг бие биетэй нь гинжилж холбон хана босгож хамгаалалтад онцгой анхаарав. Хүрэлцэхүйц тооны тэрэг байхгүй байсан ч байж мэднэ.

Гол нь унгарчууд цэргийнхээ тоотой харьцуулахад харьцангуй бага нутаг дэвсгэрт хуарангаа барьж тэргэн ханаар шахсан байлаа.

Үүнээс болж тулалдааны үеэр ноцтой үр дагавар гарсан юм. Польш улсыг бүхэлд нь нухчин дарсан Орда хааны цэргүүд дөрөвдүгээр сарын 9-нд Бат хааны гол хүчтэй нийлжээ.

Гэсэн ч монгол цэргийн тасарч холдсон бүлгүүдээс шалтгаалан тэдний цэрэг бүрэн бус байлаа. Иймээс Мүхийгийн талд бие биенийхээ эсрэг харан зогссон талуудын хүч ойролцоогоор адилхан байв.

Эцэст нь тулалдаан эхэллээ. Монголчууд дөрөвдүгээр сарын 11-ний үүрээр Сайо голын гүүрээр гарч Бела хааны цэргийн хуаранг бүслэх оролдлого хийв.

(Бат хаан ба түүнийг дагалдагсад. Эх сурвалж: C. P. Lesley) 

Гэвч унгарууд руу Бат хааны цэргүүд дундаас оргож ирсэн орос цэргээс монголчуудыг хэзээ хаагуур довтолж эхлэхийг мэдэж байсан самгардсангүй, өөдөөс нь эсэргүүцэн тулалдав. Хааны дүү Калман хунтайж, Угрин хамба лам нар шилмэл цэргүүдээр Бат хааны цэргийн толгойн ангиудтай гүүрэн дээр халз тулав. Унгарын тусгай харваачид хэргээ гаргаж монголчуудын эгнээг ихэд сийрэг болгож байв. Гэсэн ч монголчууд ухарсангүй гүүр болон түүний эргэн тойронд алалдан тулалдаж байлаа.  Хоёр талаас энэхүү аймшигт тулааныг ажиглаж байсан ч аль тал нь ч нэмэлт цэрэг давшуулсангүй.

Эцэст нь Бела хааны цэргүүд, сүмийн морьтон дайчид арслан шиг зоригтой тулалдан монголчуудад ноцтой хохирол учруулсан учраас монголчуудын удирдагч ухрахыг цэргүүддээ тушаажээ. Тулалдааны эхний үе шат ийнхүү Унгарын талын илэрхий ялалтаар дуусчээ. Ноцтой хохирол амссан Монголын цэргийн ухралтыг Бела хааны жанжнууд шийдвэрлэх ялалт хэмээн андуурсан учраас хамаг хүчээрээ хойноос нь хөөв. Гэсэн ч Бат хааны арми байдлыг эргүүлэн гартаа авахаар багагүй хүчээ тулаанд оруулж сөрөг дайралт хийх нь тэр.

Бат хаан ихээхэн хөнөөл удаж байгаа харваачдын сумнаас зайтай голын эрэг дээр чулуу шидэх төхөөргүүдийг байрлуулсан байв. Энэ тактик зөв байлаа. Монголчуудыг дахин дайрахад тусгай харваачид чулуу шидэх төхөөргөөс зайлсхийж байлдааны талбарт сум нь хүрэхгүй газарт очив.

Энэ үед монголчууд тулааны гол цэг болсон гүүрнээс алсуур Сайо голыг гатлах өөр нэгэн гарам олж байлаа. Унгарчууд энэ тухай төсөөлсөн ч үгүй. Ингээд Монголын цэргийн баруун жигүүрийн хүч бүхэлдээ Сүбээдэйгийн удирдлагаар голыг гатлан гарч ирэв. Энэ үед Калман хунтайж, Угрин хамба ламын сүмийн морьт дайчид монголчуудын давшилтыг гүүрэн дээр хоёр дахь удаагаа зогсоогоод байв.

Гэсэн ч тулааны эцсийн үр дүнг Сүбээдэйн гол гаталсан морьт цэргүүд шийдсэн юм.

(Монголчууд явж байгаа замдаа асар их сүйтгэлийг учруулж байсан. Эх сурвалж: Rusmania)  

Гармаар гол гаталсан Монгол цэргийн баруун талын хүч унгарчуудын хажуу бөөрнөөс довтлох хүртэл Батын цэргийн гол хүч томхон хохирлыг амссан тул Бат хаан ухрах асуудлыг үнэнээсээ эргэцүүлж эхэлсэн байдаг. Үүнийг тухайн үеийн Хятадын номд дурдсан байдаг. Тэр бүү хэл Бат хааны бие хамгаалагчдын захирагч Бакат, гучин шилдэг дайчдынхаа хамт гүүрний дэргэдэх тулаанд алагдсан аж. Яг ийм нөхцөл байдлыг Сүбээдэй баатрын гэнэтийн двтолгоон эргүүлсэн юм. Сүбээдэй унгаруудыг хуарангийн хамгаалалтын ар руу шахав. 

(Мүхийгийн тулаан Туроцийн

зурагт номын 1488 оны хэвлэлд.

Эх сурвалж: Wikimedia Commons)

Үүний дараа монголчуудын гол хүч гүүрээр саадгүй гарч ирэн хуаранг бүрэн бүсэлж, шатаагч сумнууд, түүний дотор хятадаас авчирсан “грек гал”-аар унгарчуудын барьсан тэргэн хана хэрмийг шатаажээ. Яг энэ мөчид маш давчуу талбайд шахаж барьсан хуарангийн гор гарсан юм. Унгарчууд эмх замбараагүй байдалд орж, Калман хунтайж үхлийн шарх авч сүмийн морьт дайчид бүгд алагдав.

Эцэст нь бүх талаасаа зогсоо зайгүй харвуулж байгаа европ дайчид бүслэгдсэн, шатаж байгаа хуарангаасаа жижиг бүлгүүд болон хуваагдаж сэт цохин гарах оролдлого хийв. Яг үүнийг хүлээж байсан монголчууд Бат хааны тушаалаар зугтагсдад зориулж хуурамч коридор гаргах нь тэр.  Ингээд хуарангаасаа ухаан зүггүй гарч ирсэн морьтой явган цэргүүдийг монголчууд хоёр талаас нь хавчиж цохин бүгдийг устгав. Сүмийн морьт дайчид бүгд алагдаж дуусан, ялагдлын гутамшигт мэдээг нийслэлд хүргэх ганц ч хүн үлдээгүй гэдэг.

(Сүмийн морьт дайчид эрэлхгээр тулалдаж  нэг нь ч амьд үлдээгүй юм. Эх сурвалж: The Kinght Templars) 

Бела хааны дүү хүнд шархадсан ба Пешт хүрч, Дунай мөрнөөр гарч, амь гарсан байдаг. Калман хунтайж ч сарын дараа шархаа даалгүй нас барсан. Бела хааныг бие хамгаалагчид нь аварсан ба тэрээр нийслэлдээ очихын оронд ууланд зугтаж гарсан байна.

(IV Белагийн үеийн унгар язгууртангууд ба морьтонгууд. Эх сурвалж: Pinterest) 

Бела хааны армийн энэ аймшигт ялагдал гурван зуун жилийн дараа болсон Мухачийн тулааны сүйрлийг унгарчуудад сануулж байдаг. Мүхийгийн тулаанд Калочийн Угрин хамба, Естергомын хамба Маташ, Дөрийн Гергей, Нитрагийн Якоб, Ердейгийн Ройналд лам нар амь үрэгдсэн юм. Мөн тулааны энэ талбарт хааны дараа орох засаг захиргааны язгууртан Томаз Денес, шүүгч Серафил Андраш, өмнөд нутгийн захирагч хорват Гүткелед Миклош нар алагджээ.

Османы эзэнт гүрний эзэн хаан Сүлеманы 1526 оны Мухачийн ялалтыг бодоход Бат хааны Мүхийгийн ялалт нь зөвхөн шилжилтийн шинжтэй асар их хохирлыг амссан ялалт байсан юм. Бат хаан Унгар улсыг нухчин дарсан боловч Бела хааныг барьж авах гэсэн зорилгодоо хүрч чадсангүй цэргийн хүч нь асар их хохирол амссан тул буцаж эргэсэн. Монголын цэрэг Дунай мөрнөөр гарч Дөр, Паннонхалма, Секешфехерварийг хүрсэн ч цайз бэхлэлтүүд тэсч гарсан юм. Мөн Загребын зүгт явсан ч саатаж, нэг ч чулуун хэрмийг авч чадаагүй юм.

(IV Бела монголчуудаас дүрвэж байгаа нь. Эх сурвалж: Wikimedia Commons) 

IV Бела хаан Загребаас Ромын пап IX Георгийд ялагдсан гэдгээ дуулгажээ. Эх сурвалжид дурдаж байгаагаар Ромын пап Унгар улсын төлөө эмгэнэн гашуудаж, монголчуудын эсрэг загалмайтны аян дайныг зарлан тунхагласан боловч Герман Ромын эзэн хаан II Фридрихтэй зөрчилдөөнтэй байсан тул бүтэлтэй юм болсонгүй.

 (IX Георгийн хөрөг. Эх сурвалж: Wikimedia Commons)

Их хаан Өгөөдэй 1241 оны 12  дугаар сард нас барсан. Түүхийн уламжлалт үзэл бодлоор бол Бат хаан үе залгамжлалаас болж Унгар улсаас гарч явсан гэдэг. Гэхдээ дайн байлдаанд амссан үлэмж их хохирлоос Унгар улсыг орхин явсан гэдэг нь илүү магадлалтай. Өгөөдэйгийн нас барсан тухай мэдээлэл Алс Дорнодоос олон сар өнгөрсний хойно ирсэн байх. Нөгөөтэйгүүр хурилдай таван жилийн хойно 1246 онд шинэ их хааныг сонгосон юм.

Бат хичнээн их эрмэлзсэн ч Унгарын цэргийг бүрэн хэмжээгээр дарж чадаагүй ба монголчууд чулуугаар барьсан хаалт хэрмүүдийг яаж ч чадаагүй юм. Гэвч тус улсыг асар их хэмжээгээр сүйтгэсэн. Бат хаан болон  монгол цэргүүд 1242 оны гуравдугаар сард Хавашалфөлдиг чиглэн Унгарын хаант улсын нутаг дэвсгэрийг орхин гарчээ. Монголчууд (крым болон турк угсааны татарчуудтай тэднийг андуурч болохгүй) дахиж хэзээ ч Унгарын газар нутаг дээр хөл тавиагүй юм.

Унгар хэлнээс орчуулсан Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]