Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хошуудууд та нар арванхоёулхнаа юу?Уншсан5,314

Цэрэг байлдааны энэ арга ажиллагааг Чингис хаан олон удаагийн тулалдаанд хэрэглэж ялалтад хүрч басан нь мэдээж.

Нэг: Эхлэл

 

Хошууд угсааны Бор дэвэлт \дээлт\ овогт “Анд-Зол” ХХК-ийн захирал Равжаагийн Баатарсүрэн надад Хайртынхан овогт Ерөөлтийн Дорж агсаны туурвисан “Тэнгэрлиг дээдсийн удам хошууд түмэн” хэмээсэн судалгааны багтаамж сайтай нэг ном, “Ховдын хошууд нарын ургийн хэлхээс” хэмээсэн 79 өрх айлын ургийн бичгийг багтаасан нэг ном, “Эртэй Монгол” хэмээсэн яруу найраг, өгүүллэг, дурсамжийн нэг ном бэлэглэж заавал уншаарай хэмээн захисан юм. Яруу найраг, шүлгийн номыг нь уншиж явтал:

Намайг хошууд гэвэл

Нарнаас нууж

Сүүдэрт өлгийдэх байсан юм уу

Навч шиг гандааж

Нэр зүсийг минь бүрэлгэх байсан юм уу хэмээсэн мөрүүд тааралдсан билээ.

Үүнээс улбаалан хэрэгт дурлаж 2010 оны хүн амын тооллогын нэгдсэн дүн эмхэтгэлээс хошууд гэсэн үндэс угсааг хайвал байсангүй бусад гэсэн хэсэгт орсон бололтой, харин Ховд аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан эмхэтгэлд үзвэл Хошууд хэмээн 25-хан хүн 2010 онд тоологдсон байлаа. Хүн амын 2000 оны тоологод 149 хүн Хошууд хэмээн тоологдсон байв. Үүнийг бичигч би вээр илтэд сонирхон Е.Доржийн номноос эхлэн Хошууд ястан угсааг судлаж учир начрыг олохоор зориг шулуудан эрдэмтэд, судлаачдын бүтээлийг сөхөж эхлэвэй..

Хоёр: Хошууд нэрийн учиг

Хошууд нь дөрвөн Ойрадын нэгэн аймаг билээ. Чухам хошууд хэмээн нэрлэсний учир юун билээ. Эрдэмтэд, судлаачдад хошууд хэмээх нэрийг янз бүрээр тайлбарлажээ.

Судлаач Е.Доржийн судлаж “Тэнгэрлиг дээдсийн удам хошууд түмэн” номондоо бичсэнээр Оросын эрдэмтэн П.Пиллис хошууд газрын нэр эсвэл цэргүүд байлдаанд хошуучилж ордогтой холбоотой гэсэн бол Францын эрдэмтэн Вешки шувууны хоншоор гэсэн утгатай бас Хятад хэлний \хошигу\-тай нэг бүлэг \цэрэг анги\ гэсэн үгнээс үүссэн байж болно гэсэн бол Английн эрдэмтэн Ховорс Хошуудууд дорнод монголын Цагаан хошуут гэдэг газар нутаглаж байжээ гэсэн бол доктор А.Очир Хош \хос\ гэсэн үгэнд олны санаа илтгэдэг тул –уул буюу – ууд дагавар залгаж хошууд нэр үүссэн бололтой хэмээжээ.

Хятадын түүхч Б.Оюунбилэг хошууд хэмээх нэр нь “хошагул” гэсэн үгнээс үүсэлтэй, энэ нь Өрөгтөмөр арван өрх бүрээс хоёр хүн татаж бүрдүүлсэн. Тэгэхээр ингэж бүрдүүлсэн шинэ аймаг нь Хошууд нэр авах нь аяндаа хэрэг гэсэн бол Хятадын түүхч Х.Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ нар “Чингис хаан төрийг бариад хаан өргөөг тэтгэсэн түүх” сурвалж бичгийг үндэс болгон хошууд гэдэг нь хошууны олон тооны хэлбэр болно гэсэн бол бас нэг судлаач Кү.Күйв Хошуудын өвөг дээдэс Ойрадын Тогоон тайшийг түшиж очихдоо газар хол тул хош ачаатай нүүж ирсэн тул хошынхон гэж дуудсаар хошууд нэр үүсэж аажимдаа аймгийн нэр болон хувирсан гэжээ.

“Монголын нууц товчоон”-д Чингис хаан Найманыг дайлахдаа “Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн гарз гарна, харгана зорчлоор хатгалдаж, нуур байрлалаар байлдаж, цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя” хэмээн Хавт Хасар дүүдээ гол хүчээ захируулан өөрөө манлайлав гэжээ. Үүнд өгүүлж буй цүүц хатгалдааны цөмөрч тулах хүч нь хошуу цэрэг, хошуу анги юм. Цэрэг байлдааны энэ арга ажиллагааг Чингис хаан олон удаагийн тулалдаанд хэрэглэж ялалтад хүрч басан нь мэдээж. Энэ ажиллагаанд гаршсан Хошуу цэрэг, Хошуу ангийг Хавт Хасарын хошууд хэмээн нэрлэдэг байжээ. Үүнийг үг зүйн талаас авч үзэхэд анги цэрэг гэсэн утгатай төлөөний нэр үгийг тодотгож байгаа. Хошуу гэдэг үг нь аажимдаа бодит нэрийн үүрэг гүйцэтгэх болж олны санаа илтгэдэг –уул буюу –ууд дагаврыг авч ХОШУУД хэмээх нэр үүссэн гэх үндэслэлтэй байна хэмээн Е.Дорж тодорхойлсон нь үнэнд нилээд ойр мэт.

Гурав: Хошууд угсааны үүслийн тойрог

Хавт Хасарын хошуу цэрэг, хошуу анги эсвэл нэгэн мянган баатрууд буюу ордны шадар цэрэг Хорчины салаа эсвэл Чингис хааны байгуулсан гурван мянган хошуудаас үүсэн бүрэлдсэн болох нь илэрхий. Ингэж үүссэн Хошууд нарын бүрэлдэхүүнд Монголын эртний голлох аймаг отгууд болох Хорчин, Харчин, Батад, Гөрөөчин, Үжээд гэх мэт аймгуудын албатуудаас бүрдэж байсан нь мэдээж бөгөөд Хавт Хасарын хойчсийн харьяат болж явж иржээ.

Хошуудын ноёдын уг шагийг Раашпунцагийн “Болор эрхи”-д: “Хавт Хасар, түүний хүү Энхтөмөр, түүний хүү Адшир галзуу, түүний хүү Сав ширмэн, түүний хүү Гэгээн Хэвнэгт, түүний хүү Бурхан санж, түүний хүү Орогчин мэргэн, түүний хүү Асгалдай, түүний хүү Үрэгтөмөр ”[Раашпунцаг., 1985, тал 911] гэж тэмдэглэсэн байна.

Ойрадын түүхч Гаваншаравын туурвисан “Дөрвөн Ойрадын түүх” хэмээх сурвалжид “...Дөрвөн харь, таван өнгө улсыг эзэлсэн Чингис хааны дүү Хавт Хасарын уг. Түүний хөвүүн Энхсүмэр тайж, түүний хөвүүн Адшир галзуу чин тайж, түүний хөвүүн Хээ хэмнэгт, түүний хөвүүн Санж, түүний хөвүүн Сав ширмэн, түүний хөвүүн Асгалдай ноён, түүний хөвүүн Аругтөмөр, Үрэгтөмөр хоёр. Ахдаа өмч эс өгсөн тул Үрэгтөмөр Ойрадын Тогоон тайшид түшсэн” [Гаваншарав., 1967, тал 2-р] гэжээ.

Тогоон бол Ойрадын их мянганы Батула чинсаны хүүхэд юм. Тогтабух хаан болон Тогоон тайш нар XY зууны 30-аад оны сүүлийн хагаст цэрэг дайчлан Монголын Адай хаан, Аругтай тайж нарыг дайлаар мордон ялалт байгуулж Адай хааныг хороосноор Тогоон тайш Монголын ихэнх хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Чухам энэ үед Хавт Хасарын долдугаар үеийн ач Өрөгтөмөр эцгийнхээ өмч хөрөнгө, албат ардын хуваарилалтаас болж ах Арагтөмөртэй эвдрэлцэн Ойрадын Тогоон тайшид бараалхаж түүнийг дагахаа илэрхийлсэн байна. Тогоон тайш Өрөгтөмөрийг элгэмсгээр хүлээн авч хүүхнээ өгч ураг барилдсан бололтой. Ойрадын Тогоон тайшийн үед хошууд нар Ойрад Монголын дунд шилжин суурьшсанаас хойш XYI зууны дунд үе хүртэл зуун жилийг өнгөрөөхөд тэд дөрвөн Ойрадын хамгийн том хүчирхэг аймгийн нэг болон бүрэлджээ.

Ойрадын нөлөө бүхий ноёд 1502 онд хуралдаан хийж дөрвөн Ойрадын холбоог шинэчлэн зохион байгуулжээ.

Цорос нэгэн Ойрад \язгуур Ойрадын нэг хэсэг\

Дөрвөд нэгэн Ойрад \Цорос угсааны ноёноор толгойлуулсан Дөрвөд, Баяд, Хойт аймгаас бүрдсэн\

Торгууд нэгэн Ойрад \ Цорос аймгаас салсан Хэрэйдийн Тоорил вангийн угсааныхнаас бүрдсэн\

Хошууд нэгэн Ойрад \Хавт Хасарын угсааныхан толгойлсон олон овог аймгуудаас бүрдсэн\

Дөрвөн Ойрадын шинэ холбоо чуулганы “Хан”-аар Чингисийн угсааны ноёноор туг болгон удирдагчаа тавих нь зүйтэй хэмээн зөвшилцөж Хошууд аймгийн удирдагч Боржигон овогт Бүүвэй Марзыг Ойрадын чуулганы “Хан”-аар өргөмжилсөн байна. Бүүвэй Марз нь Хавт Хасарын 15 дугаар үеийн Төгүдэй чинсаны отгон хүүхэд аж. Тэр дөрвөн Ойрадын анхны “хан” цолтон бөгөөд 1541 оноос дөрвөн Ойрадын чуулганы үйл ажиллагааг идэвхжүүлж шинэ үешатанд гаргахын төлөө хүчин зүтгэсэн гавьяатан билээ.

Манжийн хааны “Гурван шатлалт бодлого” гэгчийг гаргаж Монголын урвамтгай ноёд түшмэдийг талдаа татах замаар эхлээд Өвөр Монголыг дараа нь Ар Монголыг буулган авч бодлогынхоо эхний хоёр шатыг хэрэгжүүлжээ. Манжийн хааны гурав дахь шатлал нь Ойрад Монголчуудыг эзлэх явдал байлаа. Тэр үед буюу 1676 оны 10 дугаар сард Хошуудын Очирт сэцэн хан Галдан бошигт хаантай нэгдэн нийлсэн юм.

Очирт сэцэн хан бол Бүүвэй Марзын хүү Хан хонгор, Хан Хонгорын хүү ууган “Хошуудын таван барс”-ын нэг Байвгас баатарын ууган хүүхэд юм. Очирт сэцэн хан гурван хатантай байсан бөгөөд анхны авааль Солом хатнаас Галдмаа баатар, Эрдэнэ хунтайж, удаах хатан Пунцагдуламаас Хүүхэн хутагт, гурав дахь хатан Доржравдангаас Ану хатан төрж бүгд дөрвөн Ойрад болон Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч гавьяатнууд байлаа.

Дөрөв: Хошууд нарын тархалт

Дөрвөн Ойрадын чуулган хан Төрбайх Гүүш /Хан Хонгорын гурав дугаар хүү\ 1636 онд Хөх нуур, Төвдийг нэгэтгэн захирсанаас хойш өдий хүртэл 380 шахам жилийн турш Гүүш хааны үр хойч Хошууд нараасголлон бүрдсэн Монголчууд Хөх нуур, Төвдийн өндөрлөгт амьдарсаар иржээ. Энд суурьшсан монголчуудыг Дээд Монгол хэмээн нэрлэдэг байна.

Харшаарын хошууд нар нь Хавт Хасарын арван долдугаар үеийн ач хан Хонгорын хоёрдугаар хүүхэд Хөндлөн Убашийн үр хойчис юм.

Галдан бошигт хаан Халхтай дайтаж байх ар хударгаар нь 1688 онд Зүүнгарын Цөхүр Убашийн тав дугаар хүү Лувсанренчин арваад тайж, таван зуугаад цэрэг бүгд бүгд мянгаад хүн дагуулан баруун хязгаарын Алшаад ирж Ханд тайжтай нэгдэн суурьшсанаас хойш эдүгээ 340 шахам жил болжээ.

Торгуудын Хо Өрлөгтэй хамт шинэ нутаг бэлчээр хайж Хошуудын ноён Хөндлөн Дүүрэгч Убашийн хоёр дугаар хүүхэд Дорж тайж, дөрөвдүгээр хүүхэд Огзодба хоёр 1628 онд, Ижилд хүрч нутагласнаас хойш 1663, 1669, 1673 онд Ижилд хүрч суурьшсан Хошууд нарын долоон ноёны уг албат нарын хамтаар үлдэж хоцорсон Хошууд Халимагт амьдарч байна.

Ховд аймгийн Булган, Эрдэнэбүрэн, Увс аймгийн Улаангом, Тэс, Өлгий, Сагил, Архангай аймгийн Өлзийт, Хотонт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, Заг, Бууцагаан, Галуут, Говь-Алтай аймгийн Шарга, Өмнөговь аймгийн Ханхонгор сумдад хошуудууд амьдарч буй.

Нэрт түүхч, доктор Д.Гонгор “Ховдын хураангуй түүх” бүтээлдээ “Булган голын торгууд нь хоёр хошуунд хуваагдаж байжээ. XYIII зууны эцэст дээрх хоёр хошуунд захирагч, мэйрэн, сумын занги тус бүр хошоод, залны занги тус бүр нижгээд, алба үзэх өрх 900 байжээ. Торгуудын Чин сэтгэлтийн чуулганд шинэ хошуудын нэг хошуу оролцоно. Хошуудын тэрхүү хошууны тэргүүлэх тайж Буянхишиг гэгчийн эх Цэен нь дээр өгүүлсэн торгуудын засагт тайж Шархүүхэний төрсөн эгч бөгөөд 1773 онд албатын хамт Хар шаараас Ховдод шилжин ирсэнийг Шархүүхэний хошуунд хавсруулан захируулжээ.

1792 онд Ховдын амбанаас тэрхүү хошуудын тайж Буянхишигийн харьяат албатад тусгай нутаг олгож, Сайшаалт ерөөлтийн 1, 4, 7 \1796,1799,1802\ онуудад жургаанд айлтгаж, тусгай хошуу болгон Буянхишигээр засаг тавьж, пүнлүү, тамга олгосон байна.

Ийнхүү Чин сэтгэлтийн чуулганд Торгуудын хоёр хошууны дээр Хошуудын нэг хошуу нэмэгджээ. Торгуудын хоёр хошуунд гурван сум байсан боловч XIX зууны эцэст зарим эрдэмтэд таван сумын торгууд гэж тэмдэглэсэн нь шинэ хошуудын нэг хошууны хоёр сумыг оролцуулсан хэрэг бололтой.” хэмээсэн байдаг.

Шархүүхэн нь торгуудын Хо өрлөгийн угсааны бэйл юм. Цэен \ Цээнэ \ болХошуудын ноён Мөнгөний хатан Шархүүхэний төрсөн эгч юм. Хошуудын ноён Мөнгөн дайны талбарт эрсдсэн байна. Эр нөхөр, албат нарынхаа дийлэнхийг дайнд алдаж, балчир хүүтэйгээ хоцорсон хатан уй гашууд автан яах ч учраа олж ядан тэвдэж байхад нь Хавт Хасарын удмын Талаг Убаш, Цэен хатанд эр нөхрийнх нь хувцас өмсгөн эр болгож цөөн тооны албат нартай нь 1790 онд Булган голдхамтдаа ирж суурьшжээ.

Хошууд нар 1792 онд “Засаг ноён гэгдэж уг хошууг Мөнгөн ноёны хүүхэд Буянхишиг тайж хэргэмтэйгээр суудал залгамжилжээ. Увс, Ховд аймгийн Хошууд нар нь Галданбошготхааны шийдвэрээр Ховд, Буянт, Тэс, Бөхмөрөн, Завхан голын хөндий, Увс нуурын сав дагуу суурьшуулж цэргийн хүнс бэлтгэх зорилгоор газар тариалан, мал аж ахуй эрхэлж байсан хошууд нарын үр хойчис бололтой хэмээн түүхч, доктор А.Очир “Ойрадын олон ястан” номондоо бичсэн байна.

Архангай аймгийн сумдад бүртгэгдсэн хошууд нар нь Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг Зүүн гарын хаант улсын явуулсан аян дайны уршгаар буцаж чадаагүй зам зуураа нутаглан суурьшсан хошууд нарын үр хойчис юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хошууд нар нь Галданбошгот хааны эрхшээлд орохоосоо татгалзсан Алшаан хязгаарт шилжин суурьшсан баатар эрх жонон Хорлоогийн албат нараас тасран өдгөөгийн Өмнөговь аймгийн зүүн өмнөт хэсгээр орж ирсэн иргэд билээ. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн зохион байгуулалтаар Өмнөговь аймагт харьяалагдан Ойрадын чуулганы Хан байсан Хан Хонгорын нэрээр сумаа нэрлэн амьдарсаар ажгуу. Тэд үндэс угсаагаамартаагүй Хошууд нар билээ.

Тогоон тайшийн хүү Эсэн хаан таалал төгссөний дараа түний ахмад хүү Хоругдсан, жимс хатан болон Асудын баян Төмөр Чинсан нар түмэн цэргээ дагуулан Завхан голоор нутагласныг түүхэнд бас тэмдэглэгдсэн байдаг ажгуу.

Тав: Хошууд та нар хэдүүлээ вэ ?

Би энэ асуултад хариу болгох зорилгоор Е.Доржийн “Ховдын хошууд нарын ургийн хэлхээс” номыг нээгээд сууж байна. Тэнд 79 айл өрхийн удмын хэлхээс, ургийн зурлага багтжээ. Хайртынхан овогт Ерөөлтийн Дорж агсан МУИС-ийг дүүргэсэн геологич инженер атал хэдийдээүүх түүхээ ийнхүү нарийвчлан судлаж, ийм олон айл өрхийн удам угсааг сурвалжилж амжсаныг гайхнам. Удмын хэлхээсээ энэном бүтээгч Е.Дорж агсаны өөрөөс нь эхлэе. Түүний ургийн зурлага Талаг Убаш, Аюуш тайжаас эхэлж явсаар хоёр хүүгийнх ньдөрвөн ачаар нь үргэлжилжээ. Доржийн аавЕрөөлт ах дүү дөрвүүлээ агаад удам нь арвин аж. Галдмаа баатрын хүүхэд Лувсангомбо түүний хүүхэд Мөнгөн, Хайрт хоёр.

Е.Дорж агсан эл Хайртынханы угсаа бололтой. Угийн зурлагаа намайг Хошууд судлал тийш залсан эр “Анд-Зол” ХХК-ийн захирал Бор дээлт \дэвэлт\ овогт Равжаагийн Баатарсүрэнгээр үргэлжлүүлье. Цэвэр цусны хошууд Р.Баатарсүрэнгийн ургийн зурлага Бор, Цэрэнпил нараар эхэлж түүний аав Равжаагаар үргэлжилжээ. Ш.Равжаа 11 хүүхэдтэй, Баатарсүрэн маань зургаан хүүхэдтэйгээс гуравнь хүү аж.

Одоо ургийн зурлагаахамгийн ойрхон танилуудаараа үргэлжлүүлье. Монгол Улсын гавьяат эмч Мэргэний Албанч агсаны угсаа Талаг Убаш, Аюуш тайж,Гунамбай хэмээн үргэлжилжээ. Гунамбай долоон хүүтэйгээс Мэргэнээс нь Албанч мэндэлжээ. Албанч хоёр хүүтэй аж. Миний үед удирдлага дор ажиллаж агсан нягтлан бодогч Цамбаасүрэн Мэргэний ах Таяас төрсөн агаад тэр арваннэгэн хүүхэд төрүүлснээс зургаа нь хүү аж.Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, онцгой бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, дипломатч Д.Ганхуяг Хошуудын Хөтөч овгийнх аж.

Энэ овгийнхон өнөр олуулаа бөгөөд ургийн зурлага нь Чогоогоос эхтэй маш олон өрх айл хамрагджээ. Д.Ганхуяг маань л гэхэд ах дүү арвуулаа ба тэдгээрийн долоо нь хүү ажгуу. Миний анд МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч Аюушийн Жаргалсайхан Хошуудын Батуд овгийнх агаад бас л олуулаа юм байна. Батуд овгийнхон Хошуудын “Маймаатан” шүтээнийг XYII зууны дунд үеэс эхлэн хадгалах, хамгаалах, нийтийн тахилга, тайлга хийлгэх үүргийг хүлээж иржээ.

Монгол улсын начин Идэшийн Мөнхбаатар дүү минь Хошууд аж. Түүний ургийнСайнбилэгээс эхлэсэн долоон үеийн зурлага байна. И.Мөнхбаатар начин ах дүү дөрвүүлээ.бөгөөд тэдгээрээс гурав нь хүү байна. Манай худ Ч.Цэнээ Хошуудын бага шарнууд овгийнх аж. Бага шарнууд овгийн үүсэл нь их, бага шар гэсэн ах дүү хоёроос үүсэлтэй юм байна. Монгол улсын гавьяат эмч Ч. Сүхтэй Хошууд агаад бас л олуулаа аж. Ч.Сүхтэй зургаан хүүхэдтэйгээс дөрөв нь хүү юм байна.

Миний биеийг аймгийн АДХГЗ-нд ажиллаж байхад Баадайн Даньдай хэмээх нэгэн хашир нямбай нэгэн Булган сумын АДХГЗ-ны нарийн бичгийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан агаад сүүлд Хоршоо байгуулсан давхиж явж билээ. Хөгшин залуу бид хоёр ажил төрөл, анд нөхрийн хувьд сайн харилцаатай байсан юм. Б.Даньдай агсан маань Хошуудын Бага шарнууд овгийнх бөгөөд найман хүүхэдтэйгээс зургаа ньхүү юм байна.

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, ажүйлдвэрийн гавьяат ажилтан, “Цахилгаан тээвэр” компаний захирал Жаргалсайхан Б. Даньдайн хүү аж. Монгол Улсын баатар Баясгалангийн Бадамтай 1947 оны 6 сард эх орны минь баруун хилээр халдсан Гоминданы цэргийн хороонд тулган шаардах бичиг бичиг хүргэж өгсөн Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Сумчин Баатар\Баарай\-ын Чулуундай Хошууд эр, зоригтон байсан бол миний үеийн Ховд аймгийн Цэргийн хэлтсийн дарга хурандаа Д.Бээжин хошууд аж.

Хурандаа Бээжин ах дүү есүүлээ бөгөөд аав Б. Дамиран хурдан, жороо морь олонтой, бух ноолдооч\бөх\ сайн эр байсан гэдэг.Улаанбаатар хотын Хөнгөн бетон үйлдвэрлэл компаний захирал,нэрт бизнесмен Тошлойн Баярхүү, Булган сумын анхны дарга Рэнжээн Ядмаа агсан Хошууд гээд цааш хөвөрнө.Үүнийг бичигч би вээр танилуудынхаа заримаас нь л дурьдлаа.Би маш олон хошуудуудтай танил юм байна. Ингэж бодохул Хошуудууд хорин тавуулахнаа биш аж. Хошууд угсааны зам мөр балрах биш тодрох ёстой. Одоо би Хошуудын түүх судлалаар ном ботилж гаргахаар зэхэж байна. Энд эрдэмтэн, судлаачдын Хошуудын талаар туурвисан бүтээлийг оруулахаас гадна энгийн иргэдийн сэтгэгдэл,дурсамж яриаг ч оруулах болно.

Үүнийг бичиглэгч би их соён гэгээрүүлэгч Равжимба Зая бандида Намхайжамцыг дурсахгүй өнгөрч үл чадах билээ. Заяа Бандида Намхайжамц нь Ойрадын хошууд аймгийн гөрөөчин отгийн шангас овогт Баавханы тавдугаар хүү болон 1599 онд төржээ. ЗаяБандида НамхайжамцТүвдийн Лхасын Цогтбэрэйвүн хийдийн Цанид дацанд арван жил шавилан суралцаж гүн ухааны чиглэлээр “Равжамба” цол хамгаалжээ.

Тэрээр 1638 онд ихгурван Богд хэмээн алдаршсан буюу Y дүрийн Далай лам Агваанлувсанжамц, IY дүрийн Банчин-Эрдэнэ, Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу, дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ. Равжимба Зая бандида Тод үсэг бичиг зохиож, Алтангэрэл, Банзрагч, Тарвачамба, Доржзодов, Цагаан шүхэрт, Субашид зэрэг 178 бүтээлийг түвд хэлнээс эх хэлнээ дуун хөрвүүлж эхлэл, төгсгөлд нь уянга тансаг 4-100 мөрт яруу найргийгшигтгэсэн байдаг билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Дагвын Жүгдэрбарам

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 22. 13:12
СБА Хошууд

Дарьганга хошуу 300 -аад жилийн өмнө Монгол нутгийн өнцөг бүрээс Манжийн хааны адууг хариулхаар олон айл өрх ирсэн дотор Хошуудууд мөн их байсан. Сүхбаатар аймгийн Халзан Дарьгангад мөн Хошууд угсааны айл өрх байдаг. Манайх УБ байдагч Дарьгангад байдаг Хошуудын үр хойч. Иргэний үнэмлэхэн дээр Хошууд гэж овоглосон.

2 сар 9. 15:36
Зочин

AMARSANAA HOSHUUD BISH HOID AIMGIINH

2016, 10 сар 18. 22:13
Хошууд бол боржгин хүмүүс шүү

Өмнөговийн Ханхонгорын талаар сайхан шаалаа даа. Тэнд хан уул , хонгор уул гэж байдгийн мал аа.

2016, 10 сар 16. 13:50
Зочин

хошууд амарсанаа манжуудыг дагуулан ирж ойрд монголыг манжид хаяж өгж өөрөө оросд амь зулбаж бас л цэдэнбал дарга шиг тэндээ үхсэн дэ

2016, 10 сар 14. 20:15
Зочин

Hoshuuduudaas neg yum asuumaar bna.jishee ni bi Hovdiin bulganii hoshuud. Getel passport ni deeree torguud geed bdag. Hoshuud gej bichuulj avuul ysiin. Demjij zuvluh hoshuuduud bnu?

2016, 10 сар 14. 20:11
Зочин

Hoshuuduudaas neg yum asuumaar bna.jishee ni bi Hovdiin bulganii hoshuud

2016, 10 сар 14. 20:00
Зочин

MGL ulsiin gav'yat emch Sukhtei 6 huuhedtei. 5n huu, 1 ohintoi ail yum shu.end 4n huutei gej bichsen bna. Za nemj helhed baynhongoriin zarim sumdad bas hoshuduud bga shu.tsaash ni sudalj uzeerei.

2016, 10 сар 14. 10:57
зочин

галдан бошигт гэгч Дөчин, дөрвөн хоёрыг үрж дуусгасан галзуу нохой Хошууд аймгийн голомтыг самарсан юм даа.Ойрдод ч гай, халхад ч гай болсноос гишгэх газаргүй болж халх, ойрдын хилийн зааг дээр хор ууж нохойн үхлээр тонилсон.

2016, 10 сар 13. 22:40
зочин

Гүүш хааны үр хойч хошууд нараас голлон бүрдсэн Монголчууд Хөхнуур Төвдийн өндөрлөгт амьдарсаар иржээ.Энд суурьшсан Монголчуудыг Дээд Монгол хэмээн нэрлэдэг байна.

2016, 10 сар 14. 11:25
о

галдан бас л төвдөд довтолж монголчуудаа хядаж хаанаас нь татан унагаж тэнд байсан монголчуудыг төвдтэй хамт манжийн хоол болгосон ямар учиртай хүн байсан юм бэ

2016, 10 сар 13. 18:51
Зочин

Угийн бичгээ хөтлөхгүй болгосноос болж ийм гэмшил ирсэн.Гээд голдоо ортол гомдоод хэрэгүй. Ер нь монголчууд ураг овог яс үндсээ нууж бараг бүгдээрээ халх гэхгүй бол дорд үзэгдэх хандлага байснаас ийм болсон. Хошуудууд бол олонл байгаа. өөрийгөө хошуудын цустай ястайг мэдэхч албан бичигтээ тэгж халхаар бичигдсэн олон хүн байгаа. харинч одоо яс үндсээрээ бахархах болсоноор алдааг залруулж Хошууд ястанаараа бахархаж гарч ирцгээх болно.

2016, 10 сар 13. 18:28
зочин

Уг нь манай аавын тал хошууд овогтой гэдэг харин би өвөөгийн нэрээр овоглоод буруутсаар л явна.Манай аав Увсын Тэсийнх.Одоо үүнийг ах дүүсдээ уншуулахаар шийдэв.Үүнийг бичигч танд гүнээ талархаж байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]