Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эдуард Манегийн нүцгэн биеийн нууцУншсан4,213

Цаад ёгт утгаараа Викторина Мёриний ёс суртахууныг элэглэсэн нь илт бөгөөд зургийн доод хэсэгт зурагдсан мэлхий ч үүнийг баталдаг хэмээн урлаг судлаачид үздэг юм байна.

 

“Байгаль дахь өглөөний хоол” зурагтаа Мане эмэгтэй хүний нүцгэн биеийг харуулаад зогсолгүй, тэр нь эрчүүдийн дунд ердийн хэрэг гэж үзүүлжээ. Эмэгтэй хүн энэ зурагт хоол ундны нэг хэсэг л болсон мэт хааш яйш.

Эдуард Мане 1863 онд “Байгаль дахь өглөөний хоол” хэмээх энэхүү алдартай зургаа дуусгасны дараа нэлээдгүй дуулианы эзэн болсон юм. Парисын жил тутмын “Салон” дээр уг зургийн талаар ярихгүй хүн бараг алга байв.

“Нэгэн гудамжны хүүхэн зангиа бүхий, хотын хувцастай хоёр эрийн дунд ичгүүргүй сууж байх юм. Насанд хүрэгчдийг дууриасан сургуулийн сурагчид шиг. Би энэ ичгүүргүй тааврын учрыг олох гээд ядаж байна” хэмээн шүүмжлэгч Луи Этьенн бичсэн байдаг.

Уран зурагт дуртай эзэн хаан III Наполеон хүртэл өөрөө энэ үургийг үзэх гэж "Салон"-д очиж байж. Тэр Манегийн зургийг хараагаад ярвайн эргээд явжээ. Манегийн найз Эмиль Золя  түүний зургийг “утгагүй, ёс зүйгүй, инээдээс гадна уур хүргэсэн бүтээл” гэж нэрлэн дуулианыг улам  дэвэргэж байв.  Олны дургүйцэл, дуулианыг өдөөсөн Манегийн хувьд ингэж олны анхааралд өртөх л хэрэгтэй байсан юм чинь.

“Байгаль дахь өглөөний хоол” буюу The Luncheon on the Grass (Le dйjeuner sur l'herbe)

Тэрээр өөрөө зургаа тайлбарлахдаа "Тод гэрэлтсэн нүцгэн бие нь олон нийтийн ёс суртахууныг элэглэсэн бэлгэдэл" хэмээж байжээ. Эдуардын эцэг Огюст Мане шүүгч байсан ба олон нийтийн ёс суртахууны хэргийг шүүдэг байснаас хүүгийнхээ зургаас ичиж үхэх шахаж байлаа.

Маш тод гэрэлтүүлж зурсан нүцгэн бие

Гэтэл натураар нь хэн байсан гээч. Манегийн ах Гюстав, Манегийн сүйт бүсгүйн ах Фердинанд Ленхов нар. Тэд Викторинагийн адил хөргийн маягаар зурагдсан учир үзэсгэлэнд ирсэн хүмүүс тэднийг шууд таньж байв.

Үүнээс үүдээд дуулиан дэгдэж байлаа. Эдуард Манегийн сүйт бүсгүйн ах нь зураачийн нууц амрагтай цуг зуруулсан гээд л!

Викторинагийн царайг шүүмжлэгчид юу хийж буйгаа мэдэхгүй нойрмог гэж хэлдэг.

Мане зурагтаа ширэн эдлэлийн дэлгүүрийн худалдагч бүсгүй Викторина Мёраныг зурсан гэдэг. Тэд 1862 онд танилцсан байв. Удалгүй тэдний харилцаа хамгийн дотно болсон. Мёран ч өөрөө муугүй зурдаг байжээ. Викторинагийн царайг шүүмжлэгчид юу хийж буйгаа мэдэхгүй нойрмог гэж хэлдэг. Тэдний амраглал төгссөний дараа Мане загварынхаа толгойг зуржээ. Манегийн эцэг нас бараад тэр чөлөөтэй болсон учраас өөрийн хөгжмийн багш Сюзанна Ленховтай гэрлэсэн аж. Гэтэл тэд аль эртнээс холбоотойгоор барахгүй Манегийн “Лимбэчин” зурагт нь зурагдсан өсвөрийн насны хүүтэй байж таарлаа. Викторина энэ бүгдийг нэлээдгүй хүндээр хүлээн авсан нь түүний нүүрэнд илэрсэн бололтой.

Манегийн ах Гюстав Мане
Манегийн сүйт бүсгүйн ах Фердинанд Ленхов

Хожим “Байгаль дахь өглөөний хоол”-ыг судлаачид рентген судалгаагаар өндөр түвшинд шинжилж, зураг зурагдах явцдаа нэлээн их өөрчлөгдаж байсныг баталжээ.

Мане өөрөө зургийг гадаа агаарт зурсан гэдэг ч тэндээс түүнийг зохиомол болохыг илтгэсэн хэд хэдэн таарахгүй зүйл ажиглагдана. Зураачийн ах Гюстав Манегийн өмссөн фрак зохицоогүй бөгөөд тийм хувцастайгаар хэн ч агаар салхинд зугаалахгүй нь ойлгомжтой. Зураач үзэгчдийг даажигнаж буй мэтийн сэтгэгдэл төрөх юм. Зургийн хэмжээ ч үүнийг гэрчилнэ. Ийм хэмжээнд нууц амрагтайгаа агаар салхинд гарсан сэдвийг зурдаггүй ажээ.

 

Арын дэвсгэрийн ой мод  хайнгадуу зурагдсанаас театрын засал ч гэмээр

Арын дэвсгэрийн ой мод  хайнгадуу зурагдсанаас театрын засал ч гэмээр. Арын дэвсгэрт зурагдсан эмэгтэй нь харьцангүй том хэмжээнд зурагдсан. Түүгээр Мане буруу переспективын үр дүнг харуулж байна. Зургийн эхлэл, төгсгөл, төв, дэвсгэр зэргийг хэлэх нь ч ойлгомжгүй. Үүнээс үүдэн зургийн зохиомжийг бүрэн утгаараа тааруу, хааш яйш гэж дүгнэж болох юм. Гэтэл Эдуард Мане ингэж хааш яйш зурахааргүй их авьяас чадвартай зураач. Тиймээс зориудаар Мане зургаа эмх замбараагүй зурсан болж таарна.

Арын дэвсгэрт зурагдсан эмэгтэй нь харьцангүй том хэмжээнд зурагдсан

Цаад ёгт утгаараа Викторина Мёриний ёс суртахууныг элэглэсэн нь илт бөгөөд зургийн доод хэсэгт зурагдсан мэлхий ч үүнийг баталдаг хэмээн урлаг судлаачид үздэг юм байна. Тухайн үед биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг Францад мэлхий гэж хочилдог байжээ. Сагснаас асгарсан интоорын жимсэнд бас тийм тайлбар өгч болно. Ер нь бол тэр жимсийг хуял, тачаангуйн бэлгэдэл гэдэг юм гэнэ лээ.

Мэлхий
Сагснаас асгарсан интоор жимс
Зана шувуухай 

Бас нэг утгагүй зүйлийн нэг нь мөчирт суугаа зана шувуухай болов. Зуны улиралд Францад тэр шувуу байдаггүй.  Францын уран зураач, барлагч Эдуард Мане импрессионизмын урсгалыг үндэслэгч нарын нэг юм. 

Тэрээр 1832 оны нэгдүгээр сарын 23-нд Хууль зүйн яамны нэгэн албаны дарга Огюст Мане, дипломатын охин Эжени-Дезире Фурьне нарын гэрт төржээ. Мане 1839 онд Паулу ширээт ламын сургуульд орсон ч ямар ч сурах хүсэлгүй байлаа. Эцэг нь хүүгийнхээ зураач болох хүслийг дэмжээгүй. Харин эхийн талын төрөл Эдмон-Эдуард Фурнье зөвлөснөөр тэр зургийн курс дугуйлангаар дамжсан байв.

Улмаар усан цэргийн сургуульд орон Бразилд яваад ирснийх нь дараа түүний зургуудыг үзсэн эцэг нь энэ удаа хүүгээ дэмжин урлагийн сургуульд орохыг зөвшөөрчээ. Зураач болтлоо тэр Европын олон орноор явж, уран зурагтай танилцжээ. Мане 1859 онд урлагийн хангалттай боловсрол авсан гээд зураачийн нэр хүндийг байлдан дагуулах ажилдаа орсон аж. “Олимпия” гэх зэрэг олон сайхан бүтээлтэй болсон ч 1890-ээд он хүртэл тэр нэр алдаргүй байв. 1883 оны хавар Мане хөлөө тайруулах хүнд мэс засалд ороод тэр жилийнхээ дөрөвдүгээр сарын 30-нд тэнгэрт хальжээ. Мане алдар хүндээ хүлээж чадалгүй мөнх бусыг харуулсан ч түүний уран бүтээл нь өөрсдийн шүтэн бишрэгчдийг хожим олж чадсан билээ. 

Манегийн хөрөг зургийг Фантин Латур зуржээ

1890-1900-гаад оны арван жилийн турш Эдуард Манегийн зураг ихээхэн алдар хүндтэй болж хожим хойшдоо ч түүнийг урлагийн түүхэнд томоохон байх суурь эзлэх төлөөлөгч болгосон юм.

Манег хамгийн их алдар нэрд хүргэсэн “Байгаль дахь өглөөний хоол” буюу The Luncheon on the Grass зургийг хожим зураачид дууриаж, хэн нэгнийг элэглэж зурах маягаар давтдаг, орчин үед хүмүүс энэ зургийн дүрүүдийн байрлалаар сууж (эмэгтэй нь нүцгэн) гэрэл зургаа даруулах, үндсэн санааг эвдэхгүйгээр график дизайны аргаар зохиомжлох, тэр байтугай яг энэ зургийн бодит байдлыг дүрсэлсэн орчин үүсгэж жуулчдад сонирхуулах зэргээр бидний дунд оршсоор байна.

Зургийн бодит байдлыг дүрсэлсэн орчин
График дизайны аргаар зохиомжилжээ
Кафед
Зураачийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Олимпия"
Тюильрийн хөгжим

Le Chemin de fer буюу Галт тэрэгний буудлын ойролцоо

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 31. 13:33
Зочинza

hunii erhiin odoroor delge

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]