Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Япончуудын ар талд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан Монгол тагнуулчУншсан1,825

...Тусгай ангийнхан Овоотын отряд дээр очсон байлаа. Бид хоёр “Зис” машинтай, нэгэнд нь хүнээ ачиж, нөгөөд нь ангийн хэрэгцээний бензин шатахуун авч гүйцэж очсон.

Санжийн Эрэнцэнхорлоо гуайг орчин үеийн Монголын цагдаагийн байгууллагын дарга гэдгийг олон хүн мэднэ. Цагдаагийнхан бол бүр ч андахгүй. Тэд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаагаараа зүй ёсоор бахархдаг юм. Үр хүүхдүүдээс нь ч аавынхаа мэргэжлийг өвлөсөн нь бий. Харин түүнийг орчин үеийн Монголын тагнуулын албаны, тэр тусмаа гадаад тагнуулын албаны анхдагчдын нэг гэдгийг тэгтлээ мэдэх хүн юу л бол...

Санжийн Эрэнцэнхорлоо гуай сэтгүүлчтэй ийн хөөрөлдсөнийг эргэн сануулж байна.


-Эрэнцэнхорлоо гуай, Агуу их Эх орны дайны жилд цагийн байдал хүндэрч, Фашист Герман Орос оронд цөмрөн орж ирэхэд Японы милитаристууд ЗХУ-ын эсрэг Монголоор дамжиж довтлох нь илт мэдэгдээд байсан нь түүхэнд бичээстэй бий. Хэрэв Япон дайрвал тэдний ар талд өөрөөр хэлбэл фронтын ар талд хаягдаж “хорлон сүйтгэх үйл ажиллагаа” зохион байгуулах зорилгото Монголын тагнуулчдын анхны хэсгийг ЗХУ-д бэлтгэсэн гэдэг. Таны ч нэр дурсагддаг юм. Энэ явдал үнэн үү?

-Яг үнэн. 1942 оны 3-р сарын орчим Оросын нэг мундаг том чекист Улаанбаатарт ирээд буцсан юм билээ. Хожим нь тэр мундаг чекист бол ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны 4-р газрын /гадаад тагнуулын/ дарга, ахлах майор Мельников гэдэг хүн байжээ. Тэр хүн тэгж ирэхдээ монголын гадаад тагнуулын байгууллагын удирдлагатай яг энэ асуудлыг хэлэлцэж, харилцан зөвшиж, ЗХУ-д маш яаралтай арван хүний бүрэлдэхүүнтэй хэсгийг илгээхээр шийдээд, эх орондоо буцжээ. Би тэгэхэд Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дарга ахлах лейтенант цолтой байлаа. Нэг өдөр ДЯ-ны сайд Шагдаржав, Яамны зөвлөх Скоков хоёр манай цагдан сэргийлэх газрын хэлтсийн дарга, лейтенант Уртнасангийн Цэвээндорж бид хоёрыг дуудсан юм. Нэг нэгээр нь оруулсан. Цэвээндорж эхэлж ороод мөдхөн гараад ирэв. “Явж бай” гэсэн гэнэ. “Юм асууж байна уу” гэвэл “Орос хэл мэдэх үү, гэхээр нь мэдэхгүйгээ хэллээ” гэв. Би орлоо. Скоков гуай намайг сүрхий танимхайрч, олон юм ч асуулгүй инээж хөөрч байгаад гаргав. Нөгөөдөр нь дахин дуудлаа. Надаас гадны есөн хүн ирсэн байлаа. ДЯ-ны тусгай төлөөлөгч майор Жамсрангийн Самбууням, Яамны шинэ хүчний хэлтсийн дарга ахлах лейтенант Дэмдинцэрэнгийн Батаа, Засан хүмүүжүүлэх газрын гүйцэтгэх хэлтсийн дарга, ахлах лейтенант Банзрагчийн Тэрбиш, ДЯ-ны мөрдөн байцаагч ахлах лейтенант Цэрэндамбын Лувсандагва, 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч лейтенант Өлзийн Сурмаажав, “А” группын төлөөлөгч бага лейтенант Доржийн Лувсанбалдан, 5-р хэлтсийн төлөөлөгч бага лейтенант Эрдэнийн Цэнд-Аюуш, 3-р хэлтсийн төлөөлөгч сержант Мөнх-Очирын Жигжид, Яамны мөрдөн байцаагч Сэнгэдоржин Шийлэг ес байв. Шагдаржав сайд, Скоков зөвлөх хоёр бидний арван хүнийг авч маршал Чойбалсантай уулзуулахаар дагуулж явлаа. /ЗГ-ын ордон одоогийн УБИС-ийн байранд байрлаж байсан юм/. 2-р давхарт маршал суудаг байлаа. Нарийн бичгийн дарга нь Шагдарсүрэн, референт нь Ширэндэв гуай байсан санагдана. Маршалын албан тасалгаанд биднийг ороход Чойбалсан гуайгаас гадна Зөвлөлтийн сайд Иванов байлаа. Элчин сайд эхлээд үг хэлэхдээ биднийг чухам ямар зорилгоор явуулж байгааг хэлээгүй. Дайны цаг Орос орон маш хүнд нөхцөлд байгааг хэлж, хоолгүй, хөнжил гудасгүй ч байх үе гарч мэднэ. Фронтод хүртэл явна. Жил юмуу, бүтэн жил хагасын хугацаатай сургууль хийнэ. Их тэсвэр хатуужилтай, өндөр сахилга баттай, хариуцлагатай, авхаалж самбаа овсгоото суралцахыг зөвлөв. Чойбалсан гуай орчуулж өгсөн. Гаднах өрөөнд нь орос хэл гаргууд мэддэг Ширэндэв гуайг оруулж орчуулга хийлгэхгүй байхыг бодоход ямаршуу нууц байдалд энэ ажил зохион явуулж байгаа нь ойлгогдож байлаа. Маршал дараа нь, “та бүхнийг Москвад очиход нөхөр Мельников хүлээж авна. Үг дуугүй үгэнд нь орж, юу хэлснийг нь гүйцэтгэх хэрэгтэй. Тагна гэвэл тагна, устга гэвэл устга, дэлбэл гэвэл дэлбэл. Зааж өгснийг нь элдэв тайлбаргүй ягштал биелүүлж сайн сурч ир” гэв. Маршал маш өндөр хатуу шаардлагатай хүн байсан юм. Дараа нь хойшоо явах хүмүүс хамтдаа гэрэл зураг татуулсан.

 

-Чухам хэдийд та бүхэн Улаанбаатараас гарсан юм бэ?

-1942 оны 6-р сарын 15-нд “Зис” маягийн бүрхүүлт жижиг автобусаар гарсан юм. Засан хүмүүжүүлэх газрын улс төрийн хэлтсийн орос сургагч биднийг Улаан-Үд хүргэж өгсөн. Алтанбулагт нэг хоноод, Улаан-Үдэд очсон. Тэнд 3 хоног поезд хүлээсэн. Нийтийн галт тэргээр явсан юмдаг. Ес хонож Москва орсон. 6-р сарын 26-нд орчим очсон санагдана. Севастопольчууд төрөлх хотоо 254 хоногийн турш хамгаалж байгаад аргагүйн эрхэнд хотоо орхин гарлаа гэж мэдээлж байсан. Байдал үнэхээр маш хүнд байлаа. Вокзал дээр биднийг буусны дараа энгийн хувцастай нэг орос залуу ирж “Та нар монголоос ирсэн үү?” гэхэд нь “Тиймээ” гэж хариулсан. Нөгөө залуу яваад өгсөн. Тэр залуу дахин үзэгдээгүй. Тэгтэл цэрэг хувцастай нэг ахлагч ирж машинд суулгаад нэг ойрмогхон газар очсон. Тэнд биднийг нэг дэд хурандаа монголоор бидэнтэй ойлголцож байлаа. Монголд хязгаарын газрын отрядад сургагч байсан гэнэ. Тэр хүн хошууч генерал Вячеслав Васильевич Греднев бөгөөд 1944 онд цэргийн нэг том анги дээр аваачсан. Цэргийн казармын байранд байрлуулж, усанд оруулж, хооллосон. Хоол нь хоёр зүсэм хар талх, селёдка гэдэг загасны усан шөл байсан. Бид хоолоо ч идэж чадаагүй орхисон. Орос цэргүүд булаацалдах шахам аваад идчихсэн юмдаг. “Өнөө шөнөдөө амарцгаа, маргааш уулзана” гэсэн. Бидний ахлагч Батаа, орлогч нь Самбууням байсан юм. Мельников вокзал дээр тосч хүлээж аваагүйд гайхав. Тэгтэл манай Цэнд-Аюуш мэдэмхийрч “Бид буруу газар ирчих шиг боллоо. Цэргийн анги байна. Шинель, бакал өмсүүлж, гурван жил морин дэл дээр цэргийн алба хаах боллоо доо” гэлээ. Маргааш нь хүн бүрийн намтрыг бичлээ. Батаа “та нар боловсролоо нуугаарай, боловсролгүй гэж бичээрэй” хэмээн сэрэмжлүүлэв. Тэгтэл нэг өндөр биетэй, тас хар сахалтай хүн, хоёр орос цэргийн хамт ирлээ. Биднээс “хөгжим тоглодог уу” гэж асуухада нь гайхан харвал нөгөө тас хар сахалтай хүн “Хуур тоглодог уу” гэж асууж байна. Гайхал чинь яг л монгол аялгуугаар хэллээ. “Та нар биднээс юмаа нэг л нуугаад байна даа” гээд, өөрийгөө монголд 15 жил болсон, Хэнтийд байсан, орос нэр Вильдмен, монгол нэрээ Сумъяа гэдэг гэлээ. Тэгэхэд нь манай ахлагч Батаа “Та бүхэн биднийг уучлаарай, уг нь Мельников гэдэг хүн биднийг угтаж авна гэж Улаанбаатараас гарахад манай дарга нар хэлсэн. Угтаж аваагүй болохоор нь дотроо сэрэмжилсэн юм. Биднийг маргааш Мельниковтой уулзуулж өгөөч” гэж хүслээ. Сумъяа гуай эх орны дайнд оролцож, партизануудтай хамт тулалдаж яваад ирсэн юм билээ. Маргааш нь Мельников ирэв. Батаа, Самбууням хоёр болон Аюулаас хамгаалахад ажиллаж байсан манай нөхөд түүнийг монголд очиход нь харсан ажээ. Тэрбээр биднийг төрөл бүрийн зэр зэвсэгтэй танилцуулна, зарим зэвсгээр буудлага хийлгэж сургуулилна гэлээ. Хүн бүрт 300 рубль өгөв. Дайны үеийн мөнгөний ханш тун муу байсан юм. Сумъяа гуай ирлээ. Биднийг офицерүүдийн гуанзанд хооллуулах болжээ. Хоол нь сайн гэнэ. Өдөр бүр нэг рубль төлөх ёстой юм байна. Хар талхтай хамт, биточки, хуушуур зэрэг хоол өгнө. Гэтэл тэдгээрийг бүгдийг шар будаагаар хийж, ургамлын тосоор шаржээ. Мах огт байхгүй, махны холбогдолтой зүйл нүдний гэм. Хөгжим хуур асуугаад байсны учрыг олов. Морз хамгийн гол хичээл байлаа. Хөгжим тоглодог хүний гар хуруу морз сурахад хялбар ажээ. Иван Федорович гэдэг радиогийн багштай. Сумъяа тэр хоёртой нийлээд бид 12-уулаа. Нэг радио хүлээн авагч задлаж ерөнхий зохион байгуулалтыг заав. Нарийн ширийнийг мэдэх заавал шаардлагагүй гэнэ. Бие хамгаалах зэвсэг эзэмших, гар буугаар буудах, гранат шидэх сургууль хийж, тус тусад нь шалгалт өгөв. Энэ цэргийн анги дээр 15 хоносон юм.

-Тэгээд хаачсан бэ?

-Биднийг битүү тэргээр нэг өдөр Москва руу авч явсан. УАХХ /КГБ/-ны байшингийн үүдэн дээр ирж зогсоод 17, 18 насны нэг орос залууг авч хөдлөв. Курскийн вокзалын дэргэдүүр давхиж өнгөрснийг мэддэг юм. Зүг чигээ барагцаалахад бэрх байлаа. Ой модтой газар очив. 5-6 өрөөтэй ганц дан орос шавар байшин байлаа. Гурав гурваараа нэг нэг өрөөнд оров. Багш нар манай Шийлэгтэй цуг нэг өрөөнд орж, үлдсэн өрөөнд нь хичээл сургуулиа хийх болов. Бидний дотор насаар хамгийн ахмад нь Шийлэг. Намын боловсон хүчний сургууль төгссөн. 30 орчим настай. Хамгийн залуу нь Самбууням. Жигжид, Лувсанбалдан гурав 21-тэй, 24-тэй, 26-тай бас нэг хүн байсан юм. Бидний байрласан газар дайнаас өмнө эрдэмтэд эрдэм шинжилгээнийхээ ажлыг туурвидаг нэг ёсны уран бүтээлийн зуслан байжээ. Өрөөнүүдэд олон номтой номын сан байв. Бид 7-р сарын дундуур тэнд очсон юм. 9-р сард фронтод явсан капитан цолтой нэг бүдүүн орос хүн бидэн дээр ирлээ. Балданов гэдэг. Манай НТХ-нд ажиллаж байсан гэлээ. Тэрбээр “сахал” хэмээх Банзрагч гуайтай хамт хамт КУТВ /Дорно дахины хөдөлмөрчдийн их сургууль/-т сурч байсан монголчуудад хичээл зааж байснаар үл барам тэр хоёр Большевик Намын түүхийг монгол хэлнээ орчуулсан болохыг хожим мэдсэн юм. Балданов манай курсийн дарга, Сумъяа маань аж ахуйн ажил хариуцдаг болов. Сумъяа гуай гурван дугуйттай, байсхийгээд Москва орж аж ахуйн ажлг хөөцөлдөнө. Бидний хүнс хоолыг УАХХ-ны аж ахуй хариуцдаг байлаа. Манай тэр байранд монгол, орос нийлсэн 16 хүн байсан юм. Монголчууд маханд дуртай гэж онцгойлон харж үзэн нэг лааз үхрийн жигнэсэн махыг 16 хүний дунд гурван хоногийн махан хоол болгож тавьж өгдөгсөн.

1942 оны сүүлчээр Фронтод монголын ард түмний бэлгийг хүргэсэн монголын төлөөлөгчдийн тэргүүн маршал Чойбалсан, Бумцэнд, Сүрэнжав нар Москвад ирлээ. Тэгэхэд Москвад манай элчин сайд Жамсрангийн Самбуу гуай байлаа. Төлөөлөгчдийг “Метрополь” зочид буудалд буулгав. Бид бүгд тэнд очсон. Маршал Чойбалсан Балданов гуайг таньж байлаа. Маршалыг Кремльд Сталин хүлээж авсан гэдэг. Манай группын ахлагч Батаа маршалтай уулзах хүсэлтэй байгаагаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан Бадарч гуайгаар дамжуулж хэлүүлсэн юм. Маршал Самбууням, Балданов, Батаа нарыг үлд, бусад нь явж бай гэжээ. Бид нэгэнт шөнө болсон, Москвагаас 30 гаруй км хол, цахилгаан тэрэгнээс буугаад 3 км алхаж байрандаа хүрдэг, өвлийн хүйтэн цас ихтэйг хэлэх үү, “Метрополь”-д өөрсдийнхөн дээрээ аргалаад хоноглохоор боллоо. Овсгоотой нөхөд минь тус тусдаа учраа олов. Би Самбуу гуайн байрласан өрөөний үүдний өрөөнд түшлэгтэй хоёр сандал, бүтээлэгтэй ширээ байхыг олж харав. Тэнд хоноглохоор шийдлээ. Шөнө орой болсон хойно Самбуу гуай Кремлийн уулзалтаас буцаж ирлээ. Намайг хараад “хүүхээ чи энд унтах гэж байгаа юм уу” гэхэд “тийм” гэвэл өрөөндөө ороод тун удалгүй гарч ирснээ “яаж энд тохь тухгүй унтахав, миний ор их өргөн юм. Хоёулаа өвөртөө ороод унтчихъя” гэлээ. Би сандарч, “та битгий санаа зов, би эндээ давгүй болчихноо” гэсэнд “хачин хүүхэд юм даа” гэж билээ. Самбуу гуай тийм л хүн, тийм л Элчин сайд байсан юм.

-Эрдэмтдийн зусланд байх хугацаандаа та нар ямар сургууль хийсэн бэ?

-Тэнд найман сар болоход нэг сар нь тэслэх, дэлбэрэх бодис, мина бөмбөгтэй танилцаж, тэдгээрийг хэрэглэж, бэлдэж сурах, аюулгүй болгох арга барилд суралцаж, бүтэн долоон сард нь дан ганц холбооны өөрөөр хэлбэл морзчны мэргэжилд суралцсан. Өдөрч 6 цаг морз нүддэг байлаа. Манайхнаас Батаа, Жигжид, Шийлэг гурав морзчны мэргэжилтэй байсан юм. Тэд л харин их зав чөлөөтэй байсан даа. Балданжав, Сумъяа гуай хоёр ээлжилж орчуулга хийнэ. Бүх хичээл орчуулгатай явагддаг байсан юм.

-Өөр ямар хичээл үзсэн бэ?

-Нэгэнт япончуудын ар талд хаягдаж “диверсия” (хорлон сүйтгэх ажиллагаа) хийх гэж байгаа болохоор Японы хүн ам, зан заншил, уламжлалт ёс, газар нутаг, газар зүйг судалсан. Германы зэвсгийг бас судалсан. Нефть шатаах хүртэл арга барилд суралцаж байлаа. Бакугийн нефтэд тулгуурлан тайлбарлаж байсан юм.

-Хөтөлбөрөөс чинь биелэгдээгүй зүйл бий юу?

-Фронтод явах байсан чадаагүй. “Том” фронт нэгэнт холдчихсон байлаа. Парашютаар буух байсан бас чадаагүй. “Парк культур”-т л 20 м-ийн өндөрөөс бууж сургуулилсан. Өвөл цагт 20 см-ийн цас орохгүй бол парашютаар буух сургууль хийдэггүй юм билээ. Тийм хэмжээний цас ороогүй. Харин бороо орж, газар цас, бороотой хутгалдаж мөстсөн. Сталинградын сөрөх давшилт эхлэхэд бид сургуулиа дүүргэж нутагтаа буцсан юм.

-Яг хэдийд нутагтаа буцсан юм бэ?

-1943 оны 1-р сарын 30-нд нутагтаа буцаж ирсэн. 31-нд амраад 1943 оны 2-р сарын 1-нд яамны сайд дээр орсон. Шагдаржав сайд, Скоков зөвлөх хоёр байлаа. Германчууд Сталинградаас эхэлж цохигдож, хүч нь суларсан учраас өмнөөс дайрах япончуудын санаархал нэгэнт үгүй болсныг хэлж, биднийг шаардлагатай цаг хүртэл тус тусын ажилд томилох шийдвэр гарсныг мэдэгдсэн. Надад майор цол өгч, Улсын цагдан сэргийлэх газрын даргаар томилсон.

-Тэгээд хойно сурсан “эрдэм” чинь онц хэрэгцээгүй болж, тайван цагт цагдан сэргийлэх алба хаах болоо юу?

-Яг ч үгүй шүү. 1944 оны эхээр Баруун хязгаарын байдал мэдэгдэхүйц хүндэрсэн. Гоминданыхан болон хасгийн дээрэмчид БНМАУ-ын хил хязгаарын байдлыг илт хүндрүүлж, удаа дараа хил зөрчих, цэрэг зэр зэвсэг бөөгнөрүүлэх, хилийн ойролцоох энгийн ард түмний мал хөрөнгийг дээрэмдэх, тонох явдал үргэлжилсэн. Баруун хязгаарын хамгаалалтыг зузаатгах зорилгоор маршал Чойбалсангийн тушаалаар Цэргийн тусгай анги зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Тусгай ангийг ДЯ-ны орлогч сайд, хурандаа Бизьяагийн Дордогоор толгойлуулсан. Яамны зөвлөхийн орлогч Николай Самуэлович Фердгут онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр цагтаа Чанкайшинийн дэргэд ажиллаж байлаа. Манай нэг хариуцлагагүй залуу жолоочийн гайгаар тэрбээр 1946 онд автомашины аваараар монголд нас барсан юм. Тусга ангийн орчуулагчаар буриад Чимитов, төлөөлөгчөөр лейтенант Лувсангомбын Балдандорж, лейтенант Должинжавын Ёндон, бага лейтенант Чойжил, байлдааны инженерийн албаны сургагчаар миний бие томилогдсон. Нөгөө хойно хийсэн “диверсия”-ын маань мэргэжил уг үйл ажиллагаанд хэрэг болсон. Үнэхээр цэргийн тусгай анги зохион байгуулагдсан.

-Ямаршуу янзын анги вэ?

-Бүрэлдэхүүнээс нь л аяндаа мэдэгдэнэ. Цэргийн тусгай анги зохион байгуулагдахаас өмнө түрүүч Бердмурат ахлагчтай Хустхан, Тавираг, Хангаад, Нургааз, Авилхаан, Хавдал гэдэг казах долоон цэрэгт Самбууням бид хоёр таван өдөр хойно сурсан мэргэжлээсээ зааж сургасан. Энэ удаа тэдэн дээр бага түрүүч Сэр-Одоор удирдуулсан гурван монгол цэрэг нэмсэн. Тусгай ангийнхан Овоотын отряд дээр очсон байлаа. Бид хоёр “Зис” машинтай, нэгэнд нь хүнээ ачиж, нөгөөд нь ангийн хэрэгцээний бензин шатахуун авч гүйцэж очсон. 1944 оны 5-р сарын 17-нд зам даа хоёр хонож Овоотод очсон юм. Овоотын 7-р отрядын дарга хошууч Банзрагч, Дордог хурандаа удирдлага дор тусгай ангийн бааз болж байлаа. Хурандаа Эрэнцэн даргатай Сангийн далайн 8-р отряд тусгай ангийн туслах бааз байсан юм. Мамилаар ахлуулсан гуч гаруй казах цэрэг бидэнд туслахаар ирсэн. Манай гол бааз болох Замбэлэхийн 1-р суманд бид нүүж очсон. Хилийн 7, 8-р отрядаас цөөнгүй цэрэг, 3 радио холбоочин манайд хүч нэмэгдүүлсэн. Говь-Алтай аймгийн Наран, Алтай, Цогт, Бигэр, Эрдэнэ 5 сумаас гуч орчим ард мөн хүч нэмэгдүүлж ирсэн. Хүн амь, дээрэм, хулгайн гэмт хэргээр 10-аас дээш жилийн ял авсан хоригдол Шанхайн Цагаан, хулгай /Хөвсгөлийн/ Рашаантын Гүндсамбуу, хотын хогийн хулгайч Буянхишигийн Нямдорж, Сүрэнжав, шилийн хулгайч Мөнх-Очир нарын 7, 8 ялтан байлаа. Тийм бүрэлдэхүүнтэй 6-р сарын эхээр Замбэлэхэд очиж байрлаж, богино хугацаанд байлдааны бэлтгэл хийж, дайтахад бэлэн болсон юм. Чойжил, Балдандорж даргатай хоёр отряд үүргээ амжилттай сайн биелүүлсэн. Дайсантай хийсэн тулгаралтад Баянхонгорын харъяат залуу Махбариад, цэрэг Жагархаан, ялтан Цагаан, Говь-Алтайн ард Шагдар зэрэг олон хүн эр зориг гаргаж Жагархаан, Шагдар хоёр амь эрсдэж, зарим хүн төрийн дээд шагналаар шагнагдсан. Төвөөс хүч нэмэгдүүлж, Төв сургуулийн курсын дарга ахлах дэслэгч Норпилийн Жамбаа /БНМАУ-ын баатар/, Ширчингийн Доржгочоо, хүний бага эмч Дармаа, Гончигсүрэн, шифрлэгч лейтенант Ядамын Жамъянсүрэн нар хүнд пулемёт “АК-11” хэмээх машины бүхээг дээр суурилуулсан радиостанц, 4 радио холбоочныхамт ирж байлаа. Холбооны машины дарга нь ахлагч Денисов, ахлах түрүүч Сурков, Репин, Догодин гэдэг нэвтрүүлэгчтэй ирсэн юм. Монголд байсан зөвлөлтийн 17-р армиас авсан юм билээ. 9-р сард болсон тулгаралтад Жамба, Доржгочоо нарын удирдсан отряд үүргээ амжилттай биелүүлсэн. Ардуудаас зохион байгуулсан Шагдарсүрэн даргатай 60 хүний бүрэлдэхүүнтэй отряд ч оногдсон үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. 1945 онд эх орны дайн дуусахаас өмнөхөн “жаал” Наваан, “мухар улаан” Дагвасүрэн гэдэг хоёр партизаныг манай ангид өгсөн юм. Тэдний удирдсэн хэсэг тагнуулын үүрэг гүйцэтгэж, ангийн үйл ажиллагаанд ихээхэн тус дэм болсон. Тийнхүү миний бие цэргийн тусгай ангид Баруун хязгаарт үүрэг даалгавар гүйцэтгээд, 1944 оны 12-р сарын 22-нд Улаанбаатарт буцаж ирсэн.

-Хотод буцаж ирснийхээ дараа та гадаад тагнуулын ажлаар хилийн чанадад анх удаа гарсан байх нь ээ?

-Тэгж л таарч байна. Баруун хязгаараас ирээд дөнгөж 6 хоноод 1945 оны 12-р сарын 28-нд өмнө зүг рүү гарсан. Дэ вангийн цэрэг буюу генерал Дамирансүрэнгийн командалсан Өвөрмонголын 7-р дивиз, хошууч генерал Өлзий-Очирын командалсан 9-р дивизийн 2 мянга орчим цэрэг манай талд бууж өгсөн юм. Тэднээс Өлзий-Очир генералтай 4 салаа 130 орчим цэрэгтэй отряд зохион байгуулжр, отрядын орлогчоор дэд хурандаа Гомбожав, штабын дарга ахмад Жамсран, сумангийн даргаар ахлах дэслэгч Доржгэлэгийг томилсон. Отрядыг Өвөрмонголын нутаг Төмөртийн Шин дид байрлуулах ёстой байлаа. Шин ди гэдэг нь шинэ газар бөгөөд шинээр тариа тарьсан газрыг хэлдэг юм. Уг отрядын хамт хурандаа Дордог, зөвлөх Фердгут, яамны 3-р хэлтсийн хятадын асуудал хариуцсан тасгийн дарга, хятад үндэстэн Жан Хан, Холбооны яамнаас сүрхий хөөцөлдөж байж тэр үед монголдоо хамгийн шилдэг холбоочин байсан Өлзийтогтоход бага дэслэгч цол шагнаж радио холбоочноор авч явсан юм. Бидний орчуулагч бага дэслэгч Гүндалай байв. Миний бие анх удаа монголын мэргэжлийн гадаад тагнуулчнаар явсан юм. Арваад машинаар Замын-Үүд хүрэв. Тэнд Өлзий-Очирын отрядад шаардлагатай морь малыг бэлтгэсэн байлаа. Замын-Үүдээс цааш Дордог хурандаа “Газ-7”-тойгоо, Фердгут зөвлөх “американ-8” хөнгөн тэрэгтэй, бас ачааны хоёр машин авч, нийт 4 машин отрядаас түрүүлж явсан юм. Өлзий-Очирын отряд хятадын нутагт их үүрэг гүйцэтгэсэн. Гоминданы олон цэргийг илрүүлж устгасан гэсэн.

-Та бүхэн яасан бэ?

-1946 оны 1-р сарын 4-нд бид Жанчхүүд очсон. Тушаал ёсоор Баруун хойд Хятадын цэргийн командлагч Не Рунзин болон Өвөрмонголын удирдагч Улаанхүүтэй холбоо тогтоож ажиллаж эхэлсэн. Гэтэл 1-р сарын 6-нд Чун Цин дахь Гоминданы ЗГ-аас Монголыг одоогийн байгаа хил хязгаараар нь тусгай улс болгохыг Дотоодын тусгаар тогтнолыг зөвшөөрмөгц тэдэнтэй хэлэлцээр хийх Сүрэнжав даргатай манай засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дордог хурандаа оролцсон байсан тул тэр даруй эх орондоо буцсан. Зөвлөх Фердгут, зөвлөхийн туслах Жан Хан, орчуулагч Митипу гурав буцаж Өлзийтогтох бид хоёр тагнуулын үүрэг гүйцэтгэхээр үлдсэн юм. Бидний байр хоол хүнс гэхчлэн бүх зүйлийг хятадын коммунистууд дааж байсан юм. Хятадын тагнуулын газрын дарга Шүй /хожим нь Румынд элчин сайд байсан/ Өвөрмонголын өөртөө засах хөдөлгөөний Холбоот Хурлын дарга Улаанхүү нартай нягт хамтарч ажилласан. Холбоот хурал нь Өвөрмонголын засгийн газрын эхлэл юм. Монголын тагнуулчдын гол зорилго Америк, Япон, Гоминданы зүгээс БНМАУ болон Хятадын эв хамт намын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг илрүүлэх явдал байлаа.

-Монголын тагнуулчид дайсны тагнуулчдыг илрүүлж Хятадын талд хир тус болсон бэ?

-Бид чадлын хирээр ажилласан. Америк, Гоминданы талын хоёр эмэгтэй тагнуулчныг илрүүлж хятадын талд өгсөн. Биднээс өмнө Монголоор дайрч, зөвлөлтийн суурин нууц хятад үндэстэн Ли Жанчхүүд ирээд ажиллаж байсан юм. Тэднийд манай суурин нууц эмэгтэй Эрдэнэцэцэг байлаа. Орчуулагч Гүндалайг нутаг буцааж Эрдэнэцэцэгийг бид орчуулагчаар ажиллуулсан юм. Эрдэнэцэцэг цэвэр хятад үндэстэн. Хунань мужийн бүсгүй юм. Хятад нэр нь Ху Зуен гэдэг байв.

-Хятадын гүйцэтгэх ажлын нөхцөл байдал хир хүнд байсан бэ?

-Сүүлдээ хүндэрсэн. Хятадын Ардын чөлөөлөх 8-р арми том хотуудыг орхиж, партизаны дайнд шилжинэ гэсэн мэдээ нууцуудаас авагдсан. Байдал хүндрэх шинжтэй болмогц Төвтэй холбоо барьж, улмаар хоёр талаасаа машинаар гарч миний бие хятадын нэг салаа цэргээр хамгаалуулж, 1946 оны 3-р сард ДЯ-ны орлогч сайд, гадаад тагнуулын асуудал хариуцсан 4-р газрын дарга Дордог хурандаатай 1946 оны 3-р сард уулзаж, гүйцэтгэх ажлын нөхцөл байдлыг илтгэж, заавар чиглэл авсан. Цаашдаа байдал улам хүндэрсэн.

-Юу болсон бэ?

-Хятадын Баруун хойд фронтын штаб нүүх тухай мэдээ авагдсан боловч хятадын тал бидэнд юу ч хэлэхгүй байсан. Энэ нь цэргийн нууц байсан бизээ. Нэг шөнө Улаанхүү гурван хамгаалагчтай шөнийн 24 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Дөнгөж сая Баруун хойд фронтын цэргийн зөвлөлийн хурал дууслаа. Ю Шэн нүүх болсон. Фронтын штаб тэнд очно. Би Бандит Гэгээн рүү явна. Таныг надтай хамт яв гэсэн гэлээ. Зөвлөх Фердгутын захиж байснаар Хятадын армийн баруун хойд фронтын улс төрийн хэлтсийн орлогч генерал Цайтай уулзаж, хэрхэхийг зөвлөхөд “та төвдөө мэдэгдэж, даруй явах нь зүйтэй, байдал үнэхээр хүндэрсэн” гэв. Төвд мэдэгдэж хариу автал цаг хугацаа шаардлагатай байсан учраас Улаанхүүд хэлж, 3 хоног хүлээхээр болов. Холбоо саадгүй ажиллаж байсан боловч Төвд илгээсэн шифрийн хариу ирдэггүй. Хүлээж ядсан Улаанхүү нэг шөнө ирж, “өнөө шөнө амжиж гарахгүй бол гоминданы онгоцнуудын бөмбөгдөлтөд өртөнө” гэлээ. Яах ч аргагүй болж, шөнө хөдөлж, үүр цайгаагүй байхад Давхарыг эсэн мэнд өнгөрлөө. Гэрэл гэгээтэй байсан бол гоминданы онгоцнуудад бид цохиулж устгагдах байсан юм. Баруун Сөнөдөд иртэл Улаанхүүгийн давхар биетэй эхнэр хүүхэд төрүүлэх боллоо. Тав хонож байж бид Бандит Гэгээнд ирэв. Тэнд холбооны аппарат ажиллуулчих хүчтэй гэрэл байгаагүй юм. Ингээд 1946 оны 10-р сарын эхээр 8 морьтой ачааны машинаар хил давж, Эрдэнэцагааны 20-р отряд дээр очсон. Ирсэнээ төвд мэдэгдвэл “бусдыг нь үлдээгээд зөвхөн Улаанхүүг авч Улаанбаатарт ирэх үүргийг надад өгсөн. Бид хоёр Дорнодод очлоо. Дорнодын хэлтсийн дарга Осоржав хүлээж авав. Хятад хувцастай явсан тул хилийн цэргийнхнээс хөвөнтэй цамц зэрэг хувцас хунар авч, бидний хувцсыг солив. “Булу” тэргээр Улаанбаатар хөдөлж 3 хоног явав. Улаанхүү тун их ядарсан, тун ч их гомдсон байх. Өндөр том биетэй хүн, жижиг машины бүхээгт нуруугаа тэнийлгэх ч боломжгүй явсан юм. Байсхийгээд зогсч бүхээгнээс гарч нуруугаа тэнийлгэнэ. Дорнодоос гарч, 3 хоног сураг тасарсанд сэтгэл нь зовсон бололтой биднийг Баяндавааны хавьд явж байхад төвийн хэлтсийн дарга хурандаа Вандан “судебекер” хэмээх америкийн 10 дугуйтай машинаар тосч очсон. Ачаан дээр нь суухад хүртэл донсолгоо нь мэдэгддэггүй сайхан машин юм. Хотод ирэхэд Улаанхүүг ДЯ-ны ажилтнуудын 3 давхар байрны нэг өрөөг суллаж байрлуулсан. Маршалтай уулзуулна гэж байсан боловч уулзуулаагүй. Харин хүссэн ёсоор нь ЗХУ-д сургууль төгсөөд, Хятадад очиж чадаагүй байсан хятад Шиянзны найруулагч Заяатыг өгч явуулсан. Холбоочноор нь Нансалын Намсрайжавыг мөн хамт явуулсан юм. Эрдэнэцагаанаар дамжиж Бандид Гэгээнд буцсан даа.

-Та дахин хэдийд Өвөрмонголд очсон бэ?

-1947 оны 1-р сард Өвөрмонголоос мал авахаар болсон юм. Даваажав хойшоо сургуульд явж, би түүний оронд Яамны 4-р газрын Манжуурыг хариуцсан хэлтсийн дарга болсон юм. Вангийн сүм Хайлаарт манай гадаад тагнуулын хоёр төв байлаа. Тэдний ажлыг шалгаж танилцах, өвөрмонголчуудад бараа өгч, оронд нь мал авахаар очсон юм. Гэтэл Вангийн сүмд Өвөрмонголын их хурал хуралдах болж, ЗГ байгуулагдах мэдээ авагдав. Төвд мэдэгдвэл Их хуралд нь суу гэлээ. 1-р сард хуралдана гэсэн Их хурал хойшлогдсоор 1947 оны 4-р сарын шувтаргаар хуралдаж, 5-р сарын нэгэнд Өвөрмонголын ЗГ байгуулагдсан юм. Энэ хугацаанд миний бие тагнуулын төвийнхөө ажилтай танилцаж, суурин нууцуудтайгаа уулзаж, холбоо барьж, гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлж байлаа. Өвөрмонголын Их хурал тун хурц өрсөлдөөнтэй болсон. Хятадын талын баримтлагчдыг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахыг хичээж байлаа. Өвөрмонголын удирдлагын бүрэлдэхүүнд байсан Заяат, Төмөрбагана нар МУ-тай худалдааны хэлэлцээр хийхээр Улаанбаатарт ирсэн.

-Та дахин худалдааны ажлаар өвөрмонголд очсон уу?

-1947 оны 8-р сард Шилийн гол, Улаанцавын чуулганаар явсан. Даалимба гэхчлэн бараа таваар өгч оронд нь мал авсан. Худалдаж авсан малаараа хилийн 12-р отрядын хэрэгцээг бүрэн хангаж илүүг нь бусад хэрэгцээнд хэрэглэсэн юм. Малын худалдааны ажлаар зүүн чиглэлд хурандаа Вандан ажилласан юм.

-Малын худалдааны ажлаас өөр үүрэг гүйцэтгэсэн үү?

-1948 оны 4-р сарын сүүлчээр Хайлаар, Харбины чиглэлд гарсан. Миний холбоочноор Эрдэнэцогтын Билгүүнгэрэл явсан юм. Заяат тэгэхэд Хөлөнбуйр аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаар ирчихсэн байлаа. Бид суурин нууцтайгаа холбоо барьж ажилласан. Хайлаарт байсан гадаад тагнуулч нэг эмэгтэйг илчилж, хятадын талд хүлээлгэж өгсөн юм. Бас Дан Цун гэгчээр толгойлуулсан Гоминданы маш том тагнуулын бүлгийг илрүүлсэн боловч эх орондоо бүрмөсөн буцах болсон тул хятад нөхдөд шилжүүлж өгсөн. Уг бүлгийг шуурхай хөөцөлдөж илрүүлсэн байна лээ.

-Та яг хэдийд эх орондоо буцаж ирсэн бэ?

-Хятадын Эв хамт намын их хурал 1949 оны 9-р сарын сүүлчээр олон хоног хуралдаж, 10-р сарын 1-нд БНХАУ-ын засгийн газар байгуулагдсан юм. Нэгэнт ардчилсан засаг баттай хөл дээрээ зогсож, БНХАУ байгуулагдсаныг дэлхий дахинд зарласан тул америк, япон, гоминданы эсрэг Хятадын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан БНМАУ-ын тагнуулын групп, тагнуулчид даруй эх орондоо буцаж ирэх тушаалыг Төвөөс авсан. Манай тагнуулын группүүд, тагнуулчид эх орондоо буцаж ирсэн. Миний бие хамгийн сүүлд буюу 1949 оны 11-р сарын 5-нд Октябрийн баярын өмнөхөн Эх орондоо эсэн мэнд буцаж ирж байлаа. Монголын тагнуулчид хамтран ажиллаж байсан бүх нууцаа БНХАУ-ын аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлж өгсөн юм.

-Таны тагнуулчны гавьяаг нам, засаг хэрхэн үнэлсэн бэ?

-“Хүндэт чекист” тэмдэг, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Би их баярлаж явдаг даа…

У.Амарсайхан

1996 он

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]