Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оюун санааны мөнхийн ялалтУншсан2,211

Уран зохиол бол амьдралын хуудуугүй бодит дэлгэц, тэгэхээр үнэнийг харуулдаг гэсэн үнэмлэхүй ойлголттой утга санаа хийгээд үйлдэл давхацдаг.

Уран зохиол бол амьдралын хуудуугүй бодит дэлгэц, тэгэхээр үнэнийг харуулдаг гэсэн үнэмлэхүй ойлголттой утга санаа хийгээд үйлдэл давхацдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүйг холбогч гүүр нь уран зохиол л байдаг. Утга зохиолын зоригжуулагч чанар гэж бий. Эх орны дайны хамгийн хүнд бэрх үе буюу германы цэрэг Москвад тулж ирээд байсан түгшүүрт өдрүүдэд цэргүүдээ, ард түмнээ ялалтад уриалан зоригжуулах гэж Л.Н.Толстойн “Дайн ба энх” романыг яаралтай хэвлэж, фронтод тарааж байсан нь арга барагдсан үйлдэл биш орос хүний тэсвэр тэвчээр, орос орны үнэ цэнэ, ялалтын уриа дуудлага байжээ. Мөн энэ л хүндхэн үед Александр Невскийн ялалтыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байлаа.

Эх орны дайны сэдвээр дарийн утаа замхарч амжаагүй байхад бүтээгдсэн эхний кинонуудын нэг нь “Цэргийн эцэг” кино юм. Фронтод явсан хүүтэйгээ уулзах гэж араас нь явсан эцэг нь дайны гал, утаан дундуур амь өрсөн туучиж явсаар Берлинд хүрч, суманд өртөн амьсгал хурааж буй хүүтэйгээ уулздаг өгүүлэмжтэй энэ кино тавь, жараад оны үзэгчид, хүүхэд багачуудын “цээжний” кино болсон байдаг. Энэ кинотой ойролцоо бүтээгдсэн “Тэнгэрээс тавуулаа” нэртэй тагнуулчдын амь өрссөн баатарлаг гавьяаг илэрхийлсэн кино тухайн цагтаа ихэд алдаршиж байлаа.

Дайны мөрөөр бичигдсэн анхны томоохон бүтээл “Ёстой хүний тууж” юм. Орос хүний эр зориг, тэсвэр тэвчээрийг нээн харуулснаараа энэ тууж гайхалтай бүтээл болж чадсан билээ. Үүнтэй эн зэрэгцэхүйц гойд өгүүлэмжтэй, бодит үнэнийг чадварлаг тусгасан, сэтгэл зүйн нээлтээрээ илт ялгардаг зохиол бол М.Шолоховын алдарт “Хүний хувь заяа” өгүүллэг. Энэ хоёр зохиолоор бүтээсэн кинонууд дэлхийн II дайны тухай бүтээгдсэн сод бүтээлүүд болсон. “Хүний хувь заяа” өгүүллэгээрээ М.Шолохов зөвлөлтийн зохиолчдоос анхлан Нобелийн шагнал хүртэж байв. Эдгээр бүтээлүүдэд хүн чанар хийгээд эх оронч үзэл санаа хувь хүнээр дамжин хүчтэй илэрч чадсанаараа зөвхөн орос хүний биш нийтлэг хүн төрөлхтөний мөн чанар тусгагдсан билээ. Жар, дал, наяад оны дунд сургуулийн сурах бичигт орж, хүүхэд залуусын оюун санааг утга зохиолоор зүгшрүүлэхэд дээрх хоёр бүтээл тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг.

Өнгөрсөн зууны сүүлийн хагаст дэлхийн II дайны сэдвээр зохиол, бүтээлээ туурвидаг зохиолчдын бүхэл бүтэн “арми” орос, зөвлөлтийн утга зохиолд нэр алдраа мөнхөлжээ. Дайны сэдэв нь зөвхөн ялалтын тухай биш дайны хөлд нэрвэгдсэн ард түмний сэтгэл зүйн илрэл болж утга санааны талаар улам баяжин, хагацал гунигийг гайхалтай тодруулснаараа дайны эсрэг, энх амгалан аж төрөхийн мөн чанарыг өдгөө ч илэрхийлсээр байгаа юм.

Цаг хугацаа алсран цаашлах тусам дайны сүүдэр бүдгэрнэ. Тэр бүхнийг гагцхүү уран зохиол л бодитоор тусган дараа, дараагийн үед өртөөлөн хүргэнэ. Энэ зарчмаар л эх орны дайны сэдэвт уран бүтээл үргэлжилсээр байдаг. Тавь, жар, дал, наяад онд бүтээгдсэн дайны сэдэвт зохиол, дуу, шүлэг, кино, жүжиг, зурагт хуудас бусад уран бүтээлд үзэл суртал, намч зарчимч байр суурь илэрхий ажиглагддаг ч дайны хор хөнөөл, ялалтын төлөө тэмүүлсэн оюун санаа, сэтгэл зүйн мөн чанар огтоос алдагдаж, хазайгаагүй юм. Харин ч дээрх чанарууд дараа дараагийн бүтээлд улам тод илэрч, дайны үеийн нууцлагдмал үйл явдлуудыг олон нийтэд хүргэх нь элбэгшсэн билээ. Эх орны дайны цар хүрээ, хор хохирол, амьд үлдэхийн төлөөх тэмцэл зэргийг өргөн орон зайд харуулсан, ихээхэн хөрөнгө зарцуулсан “Чөлөөлөлт”, “Тэд эх орныхоо төлөө тулалдагсад” зэрэг кинонуудыг үзэхэд, дайны талбарт дунд нь ороод явчих шиг санагдах үе байдаг нь бодит орчинг нээж харуулж чадсан чансаатай бүтээлүүд гэдэг нь батлагдана.

Ю.Семеновын зохиолоор бүтээсэн “Хаврын арван долоон учрал” кино телевизээр анх гарахад орос орон даяар метро, нийтийн тээвэр зогсож байсан гэдэг.  Энэ гайхалтай туурвил дэлхийн II дайны явцад тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагаа ялалтад ямар их хувь нэмэр оруулсныг яруу тод илэрхийлсэн давтагдашгүй бүтээл болж, хэд хэдэн үеийн үзэгчдийн оюун санааг эзэмдэж чадсан юм. “Хаврын арван долоон учрал” дүрслэл, уран сайхны, сэтгэлгээ, сэтгэл зүйн өндөр түвшинд бүтээгдсэн кино төдийгүй эх орны дайны үеийг харуулсан олон ангит цуврал гэдгээрээ анхдагч бүтээл болсон юм. Зүүн Европын орнууд ч энэ жишгийг баримталж хэд хэдэн бүтээл туурвисныг манай үзэгчид сайн мэдэх билээ. “Үхлийн архив”, “Нохойтой дөрвөн танкчин”, “Километр бүрт”, “Аминаас чухал үйлс” зэрэг кинонуудыг нэрлэхэд дал, наяад оныхон огшдоггүй юмаа гэхэд тэгдэг, ингэдэг гээд шууд яриад эхэлдэг шүү дээ.

Ерээд оноос хойш оросын утга зохиолд дайны сэдвээр бичих нь багасаагүй харин ч ихэссэн байдаг. Утга зохиолд үзэл сурталжсан хэлбэрээс татгалзах хандлага гарснаар чухамхүү бодит байдлыг илүү дутуугүй үзэгчдэд харуулах нь дайны сэдвээр илүүтэй бичихийг шаардсан ч байж мэднэ. Ялалтын маршал хэмээгддэг домогт жанжны тухай “Жуков” нэртэй олон ангит кино үүний баттай илэрхийлэл болно. Оросын үзэгчдийн төдийгүй манай үзэгчдийн сэтгэлд тун ч нийцсэн “Апостол” кино ч бас өнөө цагийн шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Бүх урлагийн дотроос кино урлаг гэдэг тодорхойлолт мөн чанараа алдсангүй. Эх орны дайны сэдэвт уран бүтээлүүдээс үзэгчдэд, олон нийтэд хамгийн их хүрч чадсан нь кино юм. Орост жилд гарч буй киноны бараг тал хувь нь дайны сэдэвт кино байна. Энэ хандлага цаашдаа ч олон жил үргэлжлэх байх. Учир нь дэлхийн II дайны хөлд хамгийн их хохирол амссан, хамгийн олон хүнээ алдсан ч ялж дийлсэн ард түмэн оросууд шүү дээ.

“День победы” хэмээх алдар суут, бадрангуй дуунаас эхлээд “Гурван танкчин”, “Оросууд дайныг хүсээ гэж үү” зэрэг ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн олон зуун шилдэг дуунууд гагцхүү баатарлаг охид хөвгүүдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэсэн оросын ард түмний зүрх сэтгэлийн дуулал болон эгшиглэсээр байна.

Оросын төдийгүй ХХ зууны дэлхийн шилдэг зохиолч Ч.Айтматов, В.Распутин, В.Рыбаков, К.Симонов, Е.Евтушенко нарын уран бүтээлүүдэд дайны сэдэв зонхилж байсан нь шилж сонгосондоо бус ард түмнийхээ зүрх сэтгэлийн зовлон шаналал, эх орныхоо үнэ цэнийг утга зохиолоор дархалсан оюун санааны өв сан болсон юм.

Дэд хурандаа П.Батнайрамдал

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 22. 0:10
Зочин

Тувт худлаа шаамал коммунист ном зохиолуудын тухай байна

10 сар 22. 21:04
Зочин

чи ч хамгийн эхэнд урвана даа

10 сар 17. 19:40
Зочин

СТАЛИН 1943-9-4 нд үнэн алдартаны 3 хамба ламыг хүлээн авч уулзан уламжлалт шашины дугана, сүм, мөргөлийн газруудыг чөлөөлсөн нутгуудад байгуулах үүрэг өгсөн байдаг. ингэсэнээр 1946 онд 2813 шашины зан үйлийн байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжин тогтмол ажиллаж байсан байна .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]