Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн анхны ялалтын парадын сонирхолтой баримтуудУншсан12,792

Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны дараахан, 6-р сарын 24-нд Улаан талбайд ялалтын парад болсон түүхтэй аж. Дайнд оролцсон 9 мянган цэрэг, офицерүүд жагссан байна

 

И.В.Сталины Аугаа их ялалтын баярын парад хийх тухай зарлигийг 1945 оны зургадугаар сарын 22-нд төвийн хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Эх орны дайны хүндийг үүрч Берлин хүрсэн бүх фронт, армийн ялагчдын оролцсон энэ парадыг ЗХУ-ын маршал К.К.Рокосовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков хүлээн авчээ.

Энэ парадын үеэр фашист германы 200 ширхэг туг сүлдийг Лениний мавзолейн хөлд хаясан. Германаас захиалж 300 ширхэг ийм туг, сүлд авчирсны 200-г нь цэргүүд хөсөр хаяхдаа бүгд бээлий өмсч дараа нь энэ бээлийг шатаасан гэдэг.

Парадад дайнд оролцсон 9 мянган цэрэг, офицерүүд жагссан байна. Парад ердөө л 20 минут үргэлжилсэн гэдэг. Гэтэл фронтод 9 сая эр цэрэг амиа өгсөн байдаг. 9 мянган цэрэг Улаан талбайг туулахад 20 минут зарцуулж байхад, 9 сая цэрэг эрс жагссан бол хэр хугацаа орох байсныг нэгэн байлдагч тооцжээ. Бүтэн 19 хоног парад үргэлжлэх байлаа гэсэн тооцоог гаргажээ.

1945 оны зургадугаар сарын 24-нд Ялалтын парадыг анх зохион байгуулсан түүхэнд сонирхолтой зүйл олон бий. Энэ тухай олон нийтэд төдийлөн ил болоогүй долоон баримтыг сонирхуулъя.

 

1. ЯЛАЛТЫН ТУГ

Дайралтын туг тодорхой стандарттай байдаг. Харин ялалтын туг түүнээс өргөнөөрөө 3 см, уртаасаа 73 см-ээр бага байдаг ажээ. 1945 оны тавдугаар сарын 2-нд Рейхстагийн дээвэр дэх 92-р миномётийн хорооны “Катюша” системийн чиглүүлэгчээр ажиллаж байсан Александр Харьков тугнаас дурсгал болгон өөртөө цуулж авсан тул ялалтын туг бусад тугнаас бага хэмжээтэй болсон гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ хувилбар яг батлагдсан яриа биш бөгөөд тэр тугийг  Ялалтын туг болгоно гэдгийг хэн тааж мэдэх билээ. Тухайн үед Рейхстагийн эргэн тойронд  150 орчим туг хатгасан байсан гэж бичдэг. 

Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр Зөвлөлтийн армийн музейд нэгэн эмэгтэй ирж, уг тугийг хадгалж байсан буудлагын 150-р дивизийн улс төрийн тасагт ажиллаж байсан тухайгаа ярьжээ. “Тэнд ажиллаж байсан эмэгтэйчүүд 1945 оны зун цэргээс халагдахдаа дурсгал болгож, тугнаас жижиг хэсгийг хайчлан авсан” хэмээн тэр эмэгтэй яриад, өөрийн дурсгал болгон авсан хэсгийг үзүүлсэн гэдэг.
 

2. ЯЛАЛТЫН ТУГ ПАРАДАД ХЭЗЭЭ ОРОЛЦСОН БЭ?

Ялалтын тугийг 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан ч Улаан талбай дээр тугийг залаагүй юм. Учир нь Рейхстагийн оройд ялалтын туг хатгасан баатрууд болох Неустроев, Кантария, Берест, Егоров нар тугийг барьж жагсах ёстой байсан ч тэд жагсаалын бэлтгэлгүй, дээрээс нь Неустроеваас бусад нь дайны үеэр шархадсан байсан тул бэрхшээл тулгарчээ. Ингээд парадын сургуулилтын үеэр тэд жагсаалд хөл нийлэх бэлтгэл тааруу байсан, ингэлээ гээд жинхэнэ баатруудаар нь биш, өөр хүмүүсээр тугийг бариулах нь утгагүй асуудал гэж үзсэн тул маршал Жуков ялалтын тугийг парадад гаргахгүй байхаар шийдэж байжээ. Улмаар ялалтын тугийг 1965 оны Ялалтын парадын үеэр анх удаа барьж жагссан байна.

 

3. ЖУКОВЫН ХЭЛСЭН ҮГНИЙ НУУЦ

Маршал Жуковын парадын үеэр хэлсэн үг хадгалагдан үлдсэн байдаг. Бичгийн маши­наар цохисон гар бичмэлийн захад сонир­хол­­той заал­тууд тэм­дэг­лэсэн нь бий. Тодруулбал, парадын үгэнд дууны өнгө аясыг хэрхэн илэрхий­лэ­хийг тэмдэглэсэн байдаг аж. Жишээ нь, “Дөрвөн жилийн өмнө немц фашистын тоо томшгүй хар хүч манай оронд дээрмийн халдлага хийлээ” гэсэн үгийг нам дуугаар, ширүүн төрхтэй хэлэх, “Улаан арми өөрийн суут жанжны удирдлага дор шийдвэрлэх довтолгоонд орлоо” гэсэн өгүүлбэрийг “Маш чанга унших” гэхчлэн тэмдэглэж байжээ.
 

4. СТАЛИН ЯАГААД ПАРАД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ВЭ?

Өнөөг хүртэл маргаан дагуулдаг Сталин ялалтын парадыг хүлээж авахаас татгалзсан тухай хувилбар Георгий Константинович Жуковын дурсамжид бичигдэн үлджээ. Маршалын дурсамжид өгүүлснээр бол Иосиф Виссарионович Сталин түүнийг  дуудаж,  ялалтын парадыг удирдах маршал Рокосовскийгээс парад хүлээж авахыг тушаасан бөгөөд түүнийг морь сайн унаж байгаа эсэхийг лавласан байна. Сталин өөрөө жагсаал хүлээж авахгүй шалтгаанаа нас өндөр гэж тайлбарлахыг оролджээ. Гэхдээ Жуковын бас нэгэн яриагаар бол Сталины хүү Василий эцгийгээ 1945 оны зургадугаар сарын 16-ны өдөр түүнд тусгайлан бэлтгэсэн мориор сургуулилт хийж байгаад, унаж бэртсэн гэж ярьж байжээ. Энэ хувилбар бас маргаантай юм. Учир нь Жуковын дурсамжийн номын эхний хэвлэлтүүдэд энэ тухай огт бичигдээгүй байдаг аж.
 

5.  ПАРАД ХИЙХ ШИЙДВЭР

Тодорхой схемээр батлагдсан анхны парад бол 1945 оны зургадугаар сарын 24-ний Ялалтын парад гэж үздэг. Ялалтын парадын схемийг Москвагийн гарнизоны удирдлагын төв бэлтгэж байжээ. Москвагийн цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Павел Артемьев анхны схемийг баталсан юм. Харин Сталин ялалтын парад хийх шийдвэрийг 1945 оны тавдугаар сарын 24-нд гаргасан гэж ярьдаг.

 

6. ДӨРВӨН ПАРАД

1945 оны Ялалтын парадын тухай ярихдаа зургадугаар сарын 24-нд болсон Москвагийн парадыг онцолдог. Гэтэл түүний зэрэгцээ 1945 онд өөр гурван парад болж байжээ.  Москвагийн парадаас өмнө буюу 1945 оны тавдугаар сарын 4-нд Зөвлөлтийн цэргийн парад Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэд болж байжээ. Парадыг Берлиний цэргийн комендант, генерал Николай Берзарин хүлээн авсан байна. Мөн Холбоотны цэргийн ялалтын парадыг Георгий Жуковын шийдвэрээр 1945 оны есдүгээр сарын 7-нд Берлин хотноо хийсэн байв. Түүнд холбоотнуудын 1000 хүнтэй нэгтгэмэл хороо болон хуягт танкийн анги нэгтгэл оролцжээ. Бас нэг ялалтын парад түүхэнд тэмдэглэгдсэн нь 1945 оны есдүгээр сарын 16-нд Харбин хотод болсон парад юм. Цэрэг, офицерүүд энэ парад дээр хээрийн дүрэмт хувцастайгаа алхсан бөгөөд их буучид, танкчид оролцож байжээ.  
 

7. БАЯРЫН ӨДӨР

Анхны ялалтын пара­даас эхлээд 1949 он хүртэл Ялалтын өдрийг Зөв­лөлтөд баярын өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Харин 1949-1965 онд Ялалтын өдрийг амралтын өдөр гэж үзэхээ больсон юм. Баярын өдрийг яагаад болиулсан шалт­гаан өнөөдрийг хүр­тэл таамаг хэвээр байдаг. “Сталин фронтын дайч­даас айдаг байсан, тэдний сэтгэл зүйн синдром янз бүрийн үр дагавар гаргаж магад­гүй гэж болгоомжилдог байсан” гэх яриа байдаг. Ямартай ч хэсэг хугацаанд энэ баяр “амрах эрхгүй” байсны эцэст ялалтын 20 жилийн ойгоор Леонид Брежневын санаач­лагаар  уг баярыг бүх нийтийн амралтын өдөртэй болгосон байна. Фронтод тулалдаж явсан, сүрлэг баяр наадамд дуртай Брежнев  маршалын хувцсаа өмсөх боломжийг Ялалтын баяраас авдаг байлаа.

 

8. АГУУ ЭХ ОРНЫ ДАЙН МӨН ҮҮ?

Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” (“Үнэн”) сонинд 1941 оны зургадугаар сарын 23-ны өдөр нэрлэж, бичсэн байдаг. Энэ нэрийг түүхэн нэршил болно гэж хэн нэгэн санаагүй биз. Тухайн үед Зөвлөлтийн сонин хэвлэлүүдэд “Ард түмний ариун дайн”, “Эх орон, ард түмний ариун дайн”, “Ялалт авчрах эх орны дайн” гэхчлэн эл дайны тухай бичдэг байлаа. Зөвлөлтийн удирдагч дайн эхэлсэнтэй холбоотойгоор 1941 оны долдугаар сарын 3-ны өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ эдгээр үгийг тус тусад нь хэрэглэжээ. Харин “Эх орны дайн” гэсэн үгийг 1942 оны тавдугаар ард бий болгосон дайны шинэ одон дээр баталгаажуулж, бичиж үлдээсэн байна.

Зөвлөлтийн бүтэцэд байгаагүй орнууд “Агуу эх орны дайн” гэдэг нэрийг бараг хэрэглэдэггүй. Англи хэлтэй орнуудад энэ дайныг  Зүүн фронт гэдэг.  Германы түүхэнд бол энэ дайныг Немц-Зөвлөлтийн дайн эсвэл  Оросын дайн гэж бичиж, ярьдаг. Заримдаа зүүн зүгт хийсэн аян дайн ч гэж нэрлэх нь бий. Харин сүүлийн үед оросууд “Агуу эх орны дайн” гэх нэршлийн оронд “Агуу дайн” гэж бичих нь элбэг болсон байна. Агуу дайн гэдэг тодотгол  дэлхийн нэгдүгээр дайнд хамаарч байсан билээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]