Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсуудУншсан8,001

Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм.

Сурахын замд орсон нь

Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ.

Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг. 

Ингэж шинэ үеийн залуу хүү С.Гэндэн эрдмийн их аянд Улаанбаатар хотыг зорин гарахаар болов. С.Гэндэн гуай дурсамждаа “Ингээд би аав ээждээ авчирч өгсөн цалингаасаа 15 төгрөг авч хоршоонд өнгө бүхий торго дурдангаас шилж байж авсан хээтэй цав цагаан торгыг хар пүүсүүгээр өргөн гэгч эмжиж сайхан дээл оюулж өмсөв.

Мөн хуучин монгол гутлыг маань шинээр улласан учир шөлний тосоор гялалзтал тосолж өмслөө. Хар хир болсон шар даалимбан бүсээ угааж өнгөлөөд ороож бүслэн айл саахалтаараа орж мялаалгахаар явтал хүн бүрийн нүд над дээр тусч, яг үд дундын нар шиг төөнөж, халуун цай ч оочиж болдоггүй, харах хараа ч эгцэрч өгдөггүй, хамаг биеийн хөлс цутгаж шинэ торгон дээлийн мяндас ширдэг бамбайтай ширэлдээд сэтгэл шаналган зовоож байж билээ" гэж тэр үеийн хөдөөгийн аж байдлын хэв маягийг жирийн сайхан өгүүлсэн байдаг.

1930-аад оны дундуур нүүр хагараагүй залуу хүү цагаан торгон дээлтэй шалгүй айлуудаар орж, сандалгүй шууд дэвсгэр дээр сууна гэдгийг дүрслээд бодоход нэг л инээдэмтэй зураг эвлэнэ. Ийнхүү С.Гэндэн хүү нөгөө дээлээ дор нь хийж, дээр нь ааруул ээзгий тосоо чихэж амыг нь боосон шуудайтай юмтайгаа замын унаанд дайгдан Улаанбаатарын бараа харжээ.

Бага сургуулиа амжилттай төгссөн С.Гэндэн дунд сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, дотуур байранд орж, зорьж гарсан хэрэг бүтээд эхлэв. Сургуулиас тусгай форм тавьж өгсөн учир ганган цагаан дээлээрээ гоёх нь бүү хэл гаргаж үзэх ч зав гарсангүй. Энэ үед үлгэр жишээ нэгдүгээр сургуульд Палаан, Цэвэгмэд, Цэвэгжав, Батсүх, Шаравнямбуу, Далхжав, Даш, Баваасанжав, Намжаа, Батмөнх, Цэрэндулам зэрэг Монголын алдартай багш нар ид залуухан ажиллаж байсан гэдэг.

Сурагч  Гэндэнгийн паян 

Хотын амьдралд ороод удаагүй Гэндэн хөдөөх байдлаараа авчиг багш нарын үг сургаалыг даган хичээлдээ хэрдээ шамдан суралцаж байв. Гэтэл нэг л орой паянгаа дэлгэх нь тэр. Энэ паянт явдал нь нөгөө л ганган цагаан дээлнээс нь үүдэлтэйгээр дэгджээ. Нэг орой Гэндэн байрныхаа үүдэнд элдвийг харж ажиглан сууж байтал хичээл ангийн эрхлэгч Баваасанжав багш нь гоё ганган хувцаслаад эхнэртэйгээ сугадалцан, ер бусын хөгжилтэй яваа харагджээ.

Энэ байдлыг хараад бас чиг аймгийн төвд сүүдэр ший гэгчийг үзэж мэдэх болсон С.Гэндэнгийн толгойд хөгжим дуу тасардаггүй клубын явдал тодоор бууж Баваасанжав багшийн араас сэм дагав. Тэр дурсамждаа энэ явдлаа"... сонирхон дагаж нэлээд явтал яг гэр шиг хэлбэртэй бөмбөгөр ногоон байшингийн хаалганы дээгүүр янз бүрийн бөндгөр хурц гэрэл асч амьтан хүн үймэлдэн байхыг олж хараад “лав энэ клуб болж таарлаа.

Ямар нэг ший жүжиг гарах нь” гэж бодоод бушуухан буцан гүйж ирээд нөгөө торгон дээлээ шуудайнаас гаргатал дал мөр, энгэр зах нь гүүний ааруулын тосонд нүүгэлтсэн хар юм болсон байв. Гэвч ийм цагт торгон дээлээ өмсч гоёхгүй бол хэзээ өмсөх билээ гэж бодоод хэд сайн нухчихчаа аядаад л өмсөөд гарч одов" гэж илүү нэмэлтгүй бичсэн байдаг.

Ийнхүү тухайн үеийн сургуулийн дотоод дүрэм зөрчсөн сурагч Гэндэн анх удаа төвийн театрын тайз дээр “Харц Дамдин Хатан Долгор” жүжгийг үзэн сэтгэл уярч, зарим эмгэнэлтэй хэсэг дээр нь нулимс унагаж суужээ. Жүжиг үзсэн сурагч Гэндэн нөгөө л хөдөөх байдлаараа харц Дамдингийн хувь заяаг бодол хийлэн алхсаар сургуулийнхаа үүдэнд иртэл аль хэдийнэ хаалгаа хаагаад түгжиж орхисон байв.

Байдлыг үзээд айж балмагдсан сурагч Гэндэн дээгүүр нь тор татсан хашааны намхан хэсгээр давж орохоор шийдэж, арайхийн авирч гараад дэвхрэн буух гэтэл юу юугүй хормой нь торонд орооцолдон дүүжлэгджээ.

Хичнээн оролдоод салгаж чадалгүй айж цочирдож арга буюу “Хүн байна уу, амь авраарай” гэж ойр ойрхон орилон тийчилж байтал сургуулийн жижүүр сонсч мэдээд ирж, нэр усыг нь асууснаа мөрөн дээрээ гишгүүлэн байж арайхийн салгаж авсан гэдэг.

Сурагчийн дүрэм зөрчсөн Гэндэнцэвэлийн (ийм нэртэй байсан) энэ паян сургуулийн жижүүр, эргүүлийн багш нараар дамжин захирлын сонорт оройдоо хүрчээ. Маргааш өглөө нь сургуулийн бүх хүүхдүүдийг жагсаан захирал Палаан ирж сурагчийн дүрэм зөрчсөн Гэндэнцэвэлийг жагсаалын өмнө гарган хатуу донгодож сургуулиас гадуур явах эрхийг нь 15 хоногоор хорьсон төдийгүй сургуулийн гол замыг өдөрт нэг удаа шүүрдэн цэвэрлэж байх шийтгэл ноогдуулж гэнэ.

Урагдаж навтарсан цагаан торгон дээлээ шөнөжин оёж бас чиг өмсчихөөр болгосноо өглөө сандрахдаа өмсчихөөд жагсаалд очсон нь сурагч бүхэнд нүдлэгдэж дорхноо “цагаан дээлт” нэрийг олжээ. Охид бүр зориуд чиглэн ирж “цагаан дээлт балиар жаал еэ еэ, бөөвөө, еэ еэ, бөөвөө” гэж ичиглэн дамшиглах нь энүүхэнд болов. Гэсэн ч Гэндэнцэвэл хүү өдөрт нэг удаа хог шүүрдэж, шөнө орондоо элдвийг бодон хямарч “Цагаан дээлт’’ хоч авсандаа гутран уйлдаг байсан ч хичээлдээ байнга онц дүн авч байлаа.

Гэндэн гуай дурсамждаа "... шийтгэл зэмлэлийн 15 хоногоо дуусгаад байтал 18 дахь хоног дээр Палаан багш сургуулийн нийт багш сурагчдыг жагсаагаад намайг заасан хугацаанд дутагдлаа гэмшиж ойлгосон ба цэвэрлэгээг сайн хийснээс гадна сурлагын дүн онц сайн байсныгтэмдэглэж хэргийг цагаатгаж билээ” гэж тэмдэглэжээ.

“Арвайхээрийн цагаан дээлт” алдар зүүсээр Гэндэнцэвэл хүү урлагийн үзлэгт оролцох, бүлгэм дугуйланд суралцах зэрэгт тэргүүний сурагчдын эгнээнд явж ардын урт, богино дуу дуулах авьяасаараа ер нь бузгай ялгарч байжээ. Ийм маягаар нэрт найруулагч, ардын жүжигчний сурагч ахуй цагийн амьдрал хөвөрч байв. 

Л.Вангантай танилцсан нь

Жүжгийн нэрт зохиолч, найруулагч А.Ванган, нэрт найруулагч, ардын жүжигчин С.Гэндэн нарын танилцсан түүх сонин бөгөөд тэдний сурагч ахуй цагаасааа эхэлсэн үерхэл 40 орчим жил үргэлжилсэн юм. Л.Ванган, түүний дүү Л.Нацаг (циркийн), Ч.Долгорсүрэн (Ардын жүжигчин), Ө. Ринчинноров (нэрт жүжигчин) нар бүгд сурагч Гэндэнтэй хамт дунд сургуулийн жилүүдээ дүүргэсэн гэдэг.

Сурагч Гэндэн дээр дурдсанаар шийтгэл хүлээн хог шүүрдэж байхад нь ах дүү Ванган, Нацаг хоёр давхин ирж хамгийн түрүүнд тусалж, улмаар “Чи гэрээ санаж байна уу?” хэмээн асууж хөдөөгийн муу нөхөртөө сэтгэлийн дэм үзүүлж байжээ. Хэдийгээр хот газрын том сэхээтний хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж, халуун сэтгэл гаргаж байсан нь багаасаа сэтгэлийн боловсрол өндөртэй байсныг нь гэрчилнэ.

Гэндэн гуай дурсамждаа Нацаг тэр хоёр (нэг өдөр) намайг манайд оч. Баваасанжав багшаас чөлөө гуйж өгье гэв. Би “Оройн хоол одоохон болно. Хоолоо идээд явбал явъя” гэтэл тэр нөхөр нэлээд янзгүй харснаа, үг дуу ч үгүй явж Баваасанжав багш дээр очоод нэг жижиг зурвас барьж ирэнгээ “За явцгаая. Би чамд хоногийн чөлөө авчихсан” гэв”... гурвуулаа явсаар одоогийн Д.Нацагдоржийн хөшөөний архан тал орчимд байсан гудамжны дунд хэрд их бага хүрэн хаалганд оров.

Зайтай сайхан хашаан дотор цагаан эсгий бүрээстэй том гэр байлаа. Ороод очсон чинь баруун хойд талд нь тагжгардуу нуруутай, бор царайтай, гялалзсан нүдтэй жаахан халзан орж яваа дунд насны хүн ном уншиж сууна” хэмээн Л.Ванганы аав Ламжав гуайн босгыг алхсанаа тов тодорхой бичжээ. 

Ингэж тэр хоёрын халуун дотно үерхэл эхэлсэн бөгөөд Ванганы дүү Нацагийг дагуулж сурагчдын анхаарал татсан гурван хүү явах болсон аж. Урлагийн үзлэг, концерт үдэшлэг болоход сурагч Л.Ванган, Л.Нацаг нарын циркийн үзүүлбэр, сурагч С.Гэндэнгийн дуулсан урт, богино дуу оролцогсдын талархлыг хүлээнэ.

Бусад сургуулиар явж хийх тоглолтуудад ч мань гурав байнга оролцож шагшигдаж, одоогийнхоор бол бяцхан “одод” болж байлаа. Энэ үед театрыг шинэ боловсон хүчнээр хангах зорилгоор дунд сургуулийн сурагчдаас авьяастнуудыг сонгон шалгаруулж урлагийн тусгай сургуульд суралцуулан бэлтгэх шийдвэр гарчээ.

Уулын шийдвэрийн дагуу театрын орос сурагч Бореша, найруулагч, хэлмэрч Э.Оюун, алдарт дуучин Дорждагва, нэрт морин хуурч Түдэв нар нэгдүгээр сургууль дээр ирж авьяастай хүүхдүүдийг шалгаруулж элсэлт авсан гэдэг. Сурагч Гэндэн энэ шалгаруулалтад “Эр бор харцага", “Хүрэн толгойн сүүдэр” дуугаар оролцсоноо шалгалтын комиссынхны хүсэлтээр “Сүнжидмаа’’-г дуулж өндөр үнэлэлт авчээ.

Харин найз Л.Ванган, Л.Нацаг нар нь энэ шалгалтад ороогүй юм. Ийнхүү сурагч С.Гэндэн сургуулиасаа Ч.Долгорсүрэн, Ө.Ренчинноров, Цэрэн, Цэрэндулам, Лувсанбалдан, Гажадмаа, Дэчин, Эрээнхүү нарын хамт шалгарч урлагийн ертөнцөд авьяас сорих их аянаа эхэлжээ. Энэ бол 1936 он.

Хэдийгээр ардын хувьсгал ялаад 15 жил болсон ч улс орны дотоод амьдрал ээдрээ төвөгтэй байсны дээр улс төрийн их хэлмэгдүүлэлт жинхэнэ тогоондоо буцалж байв. Гэвч сургууль соёлын мөр хөөж яваа Гэндэн хүүд элдэв айх эмээх зүйл байсангүй.

Тэр уран сайхны түр курсээ дүүргэж театрын дагалдан жүжигчин, улмаар жүжигчин болж авъяас билиг нь ид цэцэглэж гарах нь тэр. Шилдэг жүжигчин залуучдын эгнээнд орж нэг хэсэг явтал 1940 он гараад явчихав. Ажил сургуулийн мөр хөөж явсаар Ванган найзтайгаа хаа нэг уулзан хэдэн оныг элээчихэв.

Багш нар нь дэмжиж авьяаслаг залуу Гэндэнг Москва хотын урлагийн дээд сургуульд найруулагч жүжигчний мэргэжлээр сургахаар болж түүний амьдралын дэвшил хөгжлийн хоёр дахь үүд нээгдэх нь тэр. Түмэн түжгэнэж, буман бужигнасан их Москвад тал нутгийн буурай малчны хүү Гэндэн нөгөө л цагаан паян, хөнгөн инээдмээ дагуулсаар оюутны шуугиант он жилүүдээ эхэлсэн бөгөөд бас алдарт найз Л.Вангантайгаа үерхлийн түүхээ үргэлжлүүлэн бичсэн түүхтэй. 

Ванган Гэндэн хоёрын Москвагийн жилүүд 

Алдарт Гэндэн Москвад 1945 онд очсон бол Л.Ванган 1946 онд хөл тавьсан байдаг. Хоёулаа нэг сургуульд орсон бөгөөд тус сургуульд Гэндэнгээс өмнө Монгол оюутан байсангүй. Уул сургуульд тухайн үеийн ЗХУ-ын Ардын жүжигчин профессор Захав, Ардын жүжигчин, төрийн дөрвөн удаагийн шагналт профессор А.В.Попов, ардын жүжигчин М.О.Кнебель зэрэг алдартнууд багшилж байжээ.

Хэд гуравхан орос үгтэй С.Гэндэн урлагийн нарийн ухаанд суралцана гэдэг амаргүй байсан ч Захав, Па нарынхаа шахапт, ангийн нөхөр Черкасов Кухта нарын тусламжтайгаар орос хэлийг хичээнгүйлэн сурч, анх Крыловын “Хоосон торх” үлгэрийг жүжиглэн оросоор уншиж, Чеховын “Хурим” жүжгийн Грекийн ролийг бузгай амилуулж Монгол хүний ой ухааныг хөөрхөн гайхуулж  "ганц дайчин ганцаардахгүй’’ гэгчийн үлгэрээр Гэндэнг ийнхүү тоосруулж байх үед Л.Ванган тус сургуульд элсэн орсон байдаг.

Л.Ванган орос хэлний мэдлэгээрээ нэг жил болчихоод байсан Гэндэнгээсээ илүү шахам байжээ. Хоёр найз дор дороо хичээл сургуульдаа шамдаад зав муутай ч үе үе уулзаж биесийн авьяас билгийг хурцалсаар байсан аж. Нэг удаа тэдний сургууль дээр “интернационал" үдэшлэг болохоор болж сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Иванов тэр хоёрыг дуудаж Монголын дуу хуурыг сурталчилсан хоёр сайн номер бэлтгэх даалгавар өгчээ.

Тэд тухайн үед хөгжмийн сургуульд суралцаж байгаад хожим хөгжмийн нэрт зохиолч болсон Чимэддоржоос туслалцаа дэмжлэг авч “Шивээ хиагт”, “Партизан Чойбалсан” гэдэг хоёр дууг хоолой салган дуулах болжээ. Улмаар хувцасны хувьд монгол үндэсний хувцас өмсөхөөр шийдсэн боловч тэр хоёрт ямар ч монгол хувцас байсангүй.

Арга буюу мань хоёр Монголын Элчин сайдын яам руу очиж монгол дээл хайжээ. Тэд элчингийн таних мэдэх хүмүүсээс сураглаж явсаар тэр үеийн Монголын элчин Ж.Самбуу гуайн гэргий Нямаа гуайтай уулзаж, Гэндэн нь Самбуу гуайн мөнгөн товчтой, дугуй хээтэй, хөх цэнхэр дээл дээр шар дурдан бүс бүсэлж ер бусын сүрлэг монгол эр болжээ.

Харин Ванган нь бие жижиг учир Нямаа гуайн өргөн эмжээртэй, одтой хүрэн торгон тэрлэгийг өмсч хэвлүүхэн монгол залуу эр болох нь тэр. Ингэж гангарсан хоёр оюутан залуу уул “интернационал" үдэшлэгт оролцож дуугаа дуулж олон орны залуучуудыг шуугиулж амжив.

Хамгийн гол нь тэр хоёрын хувцаслалт нь биеийнх нь хэмжээг хэт ялгаруулж циркийн алиалагч нар шиг харагдуулсан нь бөөн инээд наадам дагуулсан гэдэг. Хоёр найзын энэ тоглолт “интернационал” үдэшлэгийн шилдэг үзүүлбэрийн тоонд багтаж багш, оюутнуудын талархлыг хүлээжээ.

Ванган, Гэндэн хоёрын үерхэл шинэ нөхцөлд, гадаад оронд ийнхүү үргэлжилж хожим урлаг соёлын нэрт зүтгэлтэн болсон зохиолч Д.Сэнгээ, хөгжмийн зохиолч Чимэддорж, зураач Чүлтэм, Одон, Доржпалам нартай музей, жүжиг, кино үзэж шүүмжлэн ярилцаж, хичээлийн хажуугаар нэвтрүүлэгч зэрэг ажил хийж, жүжгийн дүр бүтээж тун завгүй өнгөрч байв.

Ялангуяа Гэндэн сургуулийнхаа дөрөв, тавдугаар курсын жилүүдийг найз Вангантайгаа байнга хамт хичээллэж зай завгүй ажиллаж үдсэн нь түүх болж үлдсэн байдаг. Л.Ванган нь орос хэлний мэдлэг, ур чадварын хувьд нэлээд ялгарсан оюутан байсан учир Гэндэн найздаа тал талаар тусалж чаддаг байв.

Хожим нэртэй найруулагч Гэндэн дурсамждаа “Ванган"... миний төлөө их тусыг, ёстой жинхэнэ нөхрийн ёсоор үзүүлж, нүд анилгүй хичнээн хоног цагаар мэрийж байсныг одоо бодоод өрөвдөх юм" гэж дурсан өгүүлсэн нь бий. Үнэхээр С.Гэндэнгийн дипломын ажил, томоохон жүжгийн тавил, уран сайхны шинэ эрэл хийлэл бүхэнд Ванган биечлэн тусалж, харилцан бие биеэ хурцалж байжээ. 

Тэд сургуулиа тус тус дүүргэж ирсний дараа Монголын шинэ театр, киноны урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Гэндэн “Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдов “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудсууд болов. Энэ бол 1950-иад он буюу Гэндэнгийн уран бүтээлийн эхлэлийн үе байлаа.

Залуу найруулагч С.Гэндэнгийн амжилтуудыг найз Ванган нь байнга хөхүүлэн дэмжиж, хурцалж байсны дээр зарим жүжгийн найруулгад шүүмжлэлтэй хандаж, хоёр найз тун удаан маргалдаж байсан түүх бий. Тэр бүхэн нь тэдний ур чадварын лабораторийн ажил байлаа.

Тэднийг тухайн үеийн театр, киноныхон ‘‘дайрдаг Гэндэн “боддог" Ванган хэмээн авгайлж цаг улирлын шалгарлыг ажралгүй даван туулах бүтээлүүдийг бишрэн хүндэтгэж их үйлсийг нь хөгжөөж байжээ. Ийнхүү Арвайхээрийн “хазгар” хэмээх Гэндэн таалал төгссөнөөс 20 орчим жилийн дараа Арвайхээрийн өндөр Гэндэн Монголын театр, киноны урлагт өөрийн орон зайгаа буй болгож эхэлсэн буюу.

Энэ бол XX зууны хоёрдугаар хагасын түүх юм. 

Н.ДАВААДАШ /МУСГЗ/

2012 ОН

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 13:40
Зочин

Сайхан түүх. Үер киноны дүрээрээ мөнхөрч дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]