Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын дотоод дахь дөрвөн их гүрний нэгэн. Чингис хаан хүү Цагадайдаа өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекстаны дорно бие, Киргизстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжааны өрнө хэсэг багтаж байв.

"Монгол Улус" хэмээн дахин тунхагласан хаан Туглуг ТөмөрУншсан2,112

Моголын олон аймгууд хөрш улс аймагтай худ ураглан нэгдэж нийлэх, дотоод самуунаас дайжих, эзлэсэн нутагт үлдэх, олноор барьцаалагдах гэх мэт янз бүрийн шалтгаанаар нутгаасаа таран тархсан.

Чингис хаан 1206 онд эсгий туургатнаа нэгтгэн МОНГОЛ УЛУС хэмээн тунхаглав. (Монголын Нууц Товчооны эхэд "Монгол улус", "Монголжин улус" гэж бичигдсэн аж.) 1260 оноос Аригбөх-Хувилайн Их Монголын Далай хааны төлөө тэмцэл өрнөжээ. Аригбөх ялагдаж, Хувилай Монголын нийслэл Хархорумыг нэгтгэн, Их Монголын хаанд өргөмжлөгдөв. Хувилай хаан 1266 онд улсын нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлэн, 1271 он Их Монгол нэрийг халав. 1272 онд шинэ нийслэлээ ДАДУ гэж зарлаж, улсын нэрийг ЮАНЬ гэж тунхаглажээ. Ийнхүү “МОНГОЛ” үгийг улсын нэрээс, “Хархорум” хотыг улсын нийслэлээс халав.

ХАРХОРУМЫН ТӨЛӨӨ

1266 онд Өгэдэйн удмын Хайду Их Монголын Хархорумыг эргүүлж авах зорилгоор Зүчи, Цагадайн хаант улсын ноёдын дэмжлэгийг аван Юань улсын эсрэг тэмцэлд орсон ажээ. Хайду 1269 оны хавар Зүчийн улсын Мөнхтөмөр, Цагадайн улсын Борактай Таласд чуулган хуралдуулж, Хубилайн (мөн Хүлэгү) эсрэг цэргийн эвсэл байгуулж чадав. Ингээд 1276 он, 1289 онд Хайдугийн хүчин Хархорумыг эзэлсэн боловч Хубилайн их цэргийн хүчинд ялагдаж ухарчээ. Дахин 1301 онд цуврал дайралтаа явуулахдаа, Хайду Хархорумын ойр алагдаж, удаан үргэлжилсэн тэмцэл шувтрав. Гэвч Цагадайн угсааны хаад Хархорумыг эргүүлж авах бодлоос ухарсангүй. 1314-1318 онд Юань улсын Аюурбарвад хаанаас Хархорумыг эргүүлж авах Цагадайн улсын ЭСЭН БУХА хааны сүүлийн оролдлого нь амжилгүй болж буцжээ. Хожим түүний хүү Монгол Улсыг Цагадай улсын нутагт шинээр байгуулна.

Хувилай хаан улсын нэрнээс Монгол гэх үгийг халсан боловч Их Монголын задарсан дөрвөн хаант улс болон хөрш улс, угсаатнуудын үг ярианд хэлэгдэж, судар, номонд бичигдсээр байв. Монголчууд төр барьсан улсаа "Монгол" гэж зарлаж тунхаглалгүй өнө удаан, 76 жилийг өнгөрүүлэв. Дэлхийн талыг эзэлсэн өргөн уудам нутаг захирсан Монголчууд бие биенээс ялгарах гэж Зүчи, Цагадай, Ильхаан, Ногай, Узбек гээд алдартай эрхэм хүнийхээ нэрээр улсаа нэрлэх уламжлал тогтчихсон, 16-р зуун хүртлээ үргэлжилж билээ.

1346 онд Цагадай хаант улс дотоодын самуунд задарч хаан алагдаж, гол зонхилох аймгуудын ноёд улсыг хуваан захирцгаажээ. Улсын зүүн хэсэгт ноёрхогч нирун аймаг Долоодууд шинэ улсаа түрүүлж зарлав. Долоодууд “Их засаг” хуулиар алив шашинд тэгш хандаж, шүтдэг аймаг байжээ.

 ТҮҮХЭН ШАСТИРТ ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ.

(Туглуг Төмөрийг Ойрадаас эрж олсон түүх)

“... Хижирийн 764 онд (1363 он) Хаан тэнгэрт халив. Моголын уламжлалаар Хижирийн 730 онд (1329 он) төрсөн. Туглуг Төмөрийг 16 насанд нь Булажи ноён Калмак (Ойрад) нутгаас авчирсан. Тэр хөвгүүн 18 насандаа хаан их ор суув. 24 насандаа ислам шашинд хөрвөгдөв. Хаан хөвгүүн 34 насандаа тэнгэрт хальсан... ”

”...ЭСЭН БУХА хаан Сатилмиш Хатнаа машид хайрлав. Бас Манлиг нэрт хатантай бүлгээ. Сатилмиш Хатан хаанд хөвүүн эс төрүүлэв. Хаан өөрийн их цэргээ дагуулан аян дайнд цэрэглэн мордов. Моголын уламжлалаар (Монголын эртний уламжлал), Их хатан бага хатдыг хүнд өгөх, төрхөмд буцаахыг мэдэх болжээ. Сатилмиш Хатан хаанд удам залгах хөвгүүнийг төрүүлсэн Манлиг хатанд атаархан ташаарч, Духтуй Шаравал (Ойрад) их ноёнд түүнийг өгөв. Хаан их аянаас буцаж хариад Манлигийг асууваас, Сатилмиш Хатан “Түүнийг хүнд өгсөн” гэж хариулжээ. Хаан “Түүнд миний хөвүүн байсан за” гэж ихэд хилэгнэв. Гэтэл Моголуудын дунд ийм ёсон буй тул хаан юугаа эс хэлэв...”

“...Долоод аймгийн ноён Булажи шинэ улсаа дахин сэргээж, өргөмжлөх хаанаа хэмээн (Ойрадын) Духтуй Шаравалыг эрж олж, Таштөмөрийг мордуулах болов. Тэр Манлиг хатанд хөвгүүн буй эсэх мэдэх, хөвгүүн бол сэмээр хулгайлж, авчрах тухай ийм үгийг ярилцав. Таштөмөр “Холын хүнд эцэх аян байна. Аяны бэлтгэлээ тааруулж бэлдэх юун. Шөрөглөн сааж, төхөөрч идэх зургаан зуун ямаа өгнө үү“ гэв. Булажи ноён түүний үгийг таалан өгөв. Таштөмөр ямаагаа тууж, зам зуураа гарсан. Тэр Духтуй Шаравалын нутагт хүрэх мөчид ганц бор ямаатай үлдэв. Манлиг хатан, хөвгүүнийг сураглаж явахад, нутгийн хүмүүс (ойрад) түүнд хэлжээ. “Хатан хөвгүүнтэй байсан. Тэр Духтуй Шаравалаас Инчумалиг нэрт хөвгүүн төрүүлсэн.” гэв. Түүний хойно, Таштөмөр Туглуг Төмөрийг аван, Булажид ноён руу буцав... “

ТУГЛУГ ТӨМӨР ХААН

Дэлхийн дундад зууны түүхэнд шинээр байгуулсан улсаа МОНГОЛ гэж зарлан тунхагласан гурав хаан байдаг. Хамаг Монголын Хабул хаан, Их Монголын Чингис хаан, Моголын Туглуг Төмөр хаан билээ. Мөн "Монгол" (Могол) гэмээн бусдаар нэрлүүлсэн улс нь энэтхэгийн Их Могул юм. Сударт бичгүүдэд Туглуг Төмөр хааны эцгийг Дува хааны хоёр хүү ЭСЭН БУХА, Эмил хожа гэж зөрүүтэй бичсэн байдаг юм.

Хааны ургийн бичгийг ингэж бичжээ: Чингис хаан---Цагаадай---Мутухан---Есөндува---Барак---Дува хаан---ЭСЭН БУХА хаан---Туглуг Төмөр болой. Цагаадайн улсын ЭСЭН БУХА хааны хөвгүүн, Чингис хааны долоо дахь үе Туглуг Төмөр нь Долоод аймгийн Булажи ноёны дэмжлэгээр 1346 онд шинэ төрөө байгуулж, улсаа ”МОНГОЛ УЛУС” хэмээн дахин тунхагласан билээ. Энэ түүх бол Хувилай хаан Монгол нэрийг халснаас 75 жилийн дараахь үйл явдал байв. Төрийн хэл нь Цагаадай хаант улсын шинэ төлөвшсөн Цагаадай хэл байв. “МОНГОЛ” гэх үгийг Цагаадай аялгаар “МОГОЛ” гэж дуудна. Хаан он тоололдоо Жарны Зурхай, Исламын тооллыг давхар хэрэглэж байв. ЭСЭН БУХА хааны хүү хаанд өргөмжлөгдснөөс 6 жилийн дараа 1352 онд сонин тохиолдлоор ислам шашинд орсон байдаг. Хааныг исламд оруулах эсэхийг Цорос аймгийн бөө, Тажик ислам шүтлэгтний зодооноор шийдсэн тухай сударт дурддаг. Хааныг дагаж янз бүрийн шүтлэгтэй 16 түмэн Монголчууд ислам шашинд орж, үсээ хуссан юм.

Моголын Туглуг Төмөр хаан 1360-1361 онд Цагаадайн баруун хэсгийг цэрэглэн эзэлж, түүнтэй дайтаагүй барлус аймгийн язгууртан залууг Кеш хотын захирагчаар тавьж, түмэн цэргийг захирах эрхийг олгоод нутгийн зүг буцав. Тэр залуу нь хожим Доголон Төмөр гэж алдаршсан эмир Төмөр байсан. Нутагтаа хаан удалгүй 1363 онд сударт дурдснаар, ан хийж байхдаа алагдсан гэдэг. Хааны орыг хүү Илиас Хожа залгамжлан сууж, харин барлусын эмир Төмөр Моголын эсрэг бослого гаргаж, 1363 оноос их улсынхаа суурийг тавьж эхэлсэн. Цагаадайн улсад төрсөн Тогоонтөмөр хаан 1368 онд Хятад дах Дайду нийслэлээ орхин, тал нутаг руугаа буцаж, улсын нэрийг “ЮАНЬ” гэж өөрчилсөнгүй. Умард Юань улсын нэрийг 1402-1408 онд хэргүдийн Үгэши Хашха хаан "ТАТАР" гэж түр зуурхан сольж байв. Мин улсын түүхэн сударт хойш нутаг руугаа буцсан нүүдэлчдийг "ТАТАР" гэж бичиж үлдээжээ.

ТУГЛУГ ТӨМӨРИЙН МОГОЛ УЛУС

Туглуг Төмөр хаан МОГОЛ УЛУС (МОНГОЛ)-аа байгуулснаас 70 дахь жилдээ, 1420 онд түүний удмын Увас хаан Ойрадын Эсэн тайштай худ ураг бололцож, Ойрад Могол аймгууд ойртон нийлэх болов. Моголуудтай ураглаж хүчийг авсан Ойрадын Эсэн тайш зүүн зүг рүү чиглэн, Хянганы нурууг даван Урианхай, Зүрчидийг нэгтгэээд, 1449 онд Тумуд Мин улсын их цэргийг ялж, Жэнтун хааныг олзлосон байна. Цаашлан Дөрвөн Ойрад, Умард Юань улсын аргыг нэгтгэн эвд оруулж, Тогоонтөмөр хаанаас хойш бүх Монголыг анх хураан, "Татар" гэж нэрлүүлсэн уугуул нутгийн Монголчуудад “Монгол” нэрийг эргүүлж холбуулсан юм.

Эсэн тайшийг алагдсны хойш хүү Амасанжи тайш нь хадам ах Моголын Юнус хаантай 1470 онд эе эвдэрч, Могол, Ойрад аймгууд дахин дайсагнаж эхэлсэн байна. СУДАРТ БИЧИГТ бичснээр: "...Хижирийн 910 онд (1470 он) Ибрахим Ун, Илиас Ун хоёр (Эсэн тайшийн ач, Увас хааны зээ) Хятадад мордож, хоёулаа алагдсан ажгуу. Ибрахим Ун нэгэн Бабулай нэрт хүүгээ үлдээсэн... Мансур хаан Хятадын эсрэг ариун дайн (жихад) явуулж, (Бабулайн??) овгийн сурагийг олж ирэв. Гэвч Ибрахим Ун, Илиас Ун хоёр хөвгүүдээсээ хагацсан Амасанжи Моголистан нутагт хүрч ирэв. Тэр Айлах голын ойр хэдийнээ ирчихсэн, Юнус хааныг гэнэдүүлэн цохисон. Энэ тулаанд олон могол эмир язгууртнууд үрэгдэв. МОГОЛ УЛУС бүгд Туркестанд ухран явцгааж, Хар Тукай (Тохой??) гэх Шихуны хөндийд өвлийг өнгөрүүлсэн..." гэжээ.

(Тайлбар. Сударт Могол улсыг Moghul Ulus гэж бичсэн байдаг. Түүхээр Амасанжийн дайралтаас 30 жилийн дараа Мансур хаан болдог. Сударт үйл явдлын он тооллын дарааллыг будилуулж бичсэн.) Туркестанд очсон Юнус хаан барлусын эмир Төмөрийн удмын язгууртнууд худ ураглаж, охид хөвгүүн нь гэрлэж, Могол, Барлус аймгууд хамтран эвсэн байна. Юнусын зээ хүү барлус овогт Бабур хожим энэтхэгийн Их Могулын хаан болсон.

Моголуудын эл удаан тогтсон түүх Могол (Монгол) нэрийг бусдад түгэн дэлгэрүүлсэн үйл явдлууд байв.

Моголын олон аймгууд хөрш улс аймагтай худ ураглан нэгдэж нийлэх, дотоод самуунаас дайжих, эзлэсэн нутагт үлдэх, олноор барьцаалагдах гэх мэт янз бүрийн шалтгаанаар нутгаасаа таран тархсан. Моголын аймгууд Ойрад, Умард Юань, Киргиз, Энэтхэг, Узбек, Афган мэт олон улс нутагт шингэж, Монголжин, Могол, Могул, Монол гэж дуудуулан тэдний нэг аймаг, овог нь болж байв. Иймд, Умард Юань, Ойрадын аймгуудтай нийлсэн моголууд нь Монголжин аймаг гэж үзэж байгаа юм. Улсаа Могол улус (Монгол улус) гэх тунхагласан Туглуг Төмөрийн удмын хаадууд Торгоны замыг амлан тосох Цагаадай улсын зүүн хэсгийг 340 жил мэдэж эзэгнэн оршин тогтнохдоо, эмир Төмөр, Ойрад, Узбек, энэтхэгийн Их Моголын хүчирхэгжилт, мөн Тэнгэр уулын Киргиз, Казахын хаант улсын үүсэлд түүхэн нөлөө үзүүлсэн. Моголууд төр, шашны зөрчлөөс үүдэн хагаралдан, 1680 онд Зүүнгарын Галдан Бошигт хаанд дарагдаж мөхсөн билээ.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: ТУГЛУГ ТӨМӨРИЙН БУНХАН.

Бунхан Хятад Шинжаан-Уйгурын нутагт Казахстан Хятадын хилийн ойр Хочен сууринд байрладаг. Энэ газарт цагтаа Цагаадайн орд бүхий Алмалык хот байсан. Туглуг Төмөр судлал АНУ, Барууны орнуудад идэвхтэй ажиллаж байна. Монголоос бусад хөрш орны судлаачид, иргэдээс уг бунханыг соёлын өв, хамгаалалтанд авах санал тавьж байжээ.

 Судлаач С.Алдар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]