Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн 2-р дайны төмөр мангасуудын нэг ИС-2Уншсан7,584

...Хойноос нь нэхэж ирээгүйг бодоход ИС-үүд ч бас гэмтэл авсан бололтой гэж Германы танкчид дуртгалдаа бичсэн байдаг.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга бичиж байна.


Энэ танк 1943 онд хийгдэж эхэлсэн байдаг. Танкийг КВ-1, КВ-2, КВ-85 танкуудын үргэжлэл болгож үйлдвэрлэж эхэлжээ. Нэр нь Иосиф Сталин гэсэн нэрний товчлол. Авьяаслаг зохион бүтээгч Иосиф Котины бүтээл.

 

Жин 43 тонн

Урт буугүйгээр 6,9 метр.

Өргөн 3 метр.

Өндөр 2,73 метр.

Хамгийн чухал үзүүлэлт болох хуяг нь их бие болон цамхгийн духны хэсгээр 120 мм зузаан, МЗ-2 маркийн гангаар хийсэн хуягтай. Хажуугийн хуяг 80 мм. Мотор нь Т-34-т тавьдаг В-2 моторын хүчийг нэмэгдүүлж тавьсан. КВ-2 танкны хурдны хайрцаг амархан эвдэрдэг байсныг мөн ИС-т сайжруулжээ.

85 мм-ийн их буутай үйлдвэрлэгдэж байсан нь хуяг нэвтлэх чадварыг айхтар болгосон ч сумны тэсрэх задрах нь хохирол бага учруулж байсан учраас ИС-2-ын дараагийн сайжруулсан загвараас Д25 хэмээх 122 мм-ийн (Петро гэдэг зохион бүтээгчийн) их буутай үйлдвэрээс гаргах болсон.

Энэ танкийн талаар тэр үеийн болон одоогийн Оросын цэргийн судлаачид ам муутай байдаг ч харин эсрэгээрээ германчууд үг хайрлахгүй магтсан байдаг. Германы №2 танкийн асс Отто Кариус ИС-2 танкны хуягийн үзүүлэлт, галын чадал нь манай Барсаас илүү болсон хэдий ч экипажийн удирдах чадвар дотоод, гадаад холбоо, хяналтын систем нь Барсад хүрэхгүй байсан нь эдгээр танкийг хүч тэнцүү болгож байсан. Отто Кариус ИС танктай хэд хэд тулсан, гэнэдүүлж сөнөөж байсан боловч яг тулааны үед бол дийлж чадаагүй гэдэг. Отто Кариус, Кершер нар 2 ч ИС танктай тулгаран байлдаж Кершер цамхгийн духандаа хоёр буудуулж, Кариусын танк цамхгийн духандаа нэг буудуулж, урд хэсэгт гинжээ таслуулсан учраас тэд байлдаанаас чирүүлж ухарч гарсан байдаг. Барсын буу ПАК-34 нь 88 мм-ийн их буу. Гэтэл ИС-ийнх 122 мм гээд харьцуулаад үзэхэд ч хангалттай.

Хойноос нь нэхэж ирээгүйг бодоход ИС-үүд ч бас гэмтэл авсан бололтой гэж Германы танкчид дуртгалдаа бичсэн байдаг. ИС-2 танк минутад 2-3 удаа буудахад Барс 6-8 удаа буудаж амждаг. Сумны амны энерги хамаагүй өндөр буюу 2,5 дахин илүү тул учруулах хөнөөл нь маш өндөр. Зүйрлэвэл жижиг алхаар олон дахин нүдэх, хүнд лантуугаар нэг сайн буулгаж авахтай жишиж болох. Берлиний бүслэлтэд бууж өгөхгүй байсан нацистуудыг ИС танкуудаар ойролцоох байшингуудыг нь 2-3 удаа буудахад л байшин нурж хүнтэй юутай хээтэй нь дарж алдаг байсан гэдэг.

Т-34 танкийн хувьд буу нь 85 мм-ийнх учраас байшинг ИС-2 шиг балгас болтол нурааж чаддагүй байж. Борис Полевойн дурдатгалд ИС-2 танкийн дэргэд явж байх үед дайсны их бууг анзаарсан экипажийнхан танкандаа ороод гал нээх үед агаарын долгион, чичиргээнд тухайн гудамжны бүх цонх бутран унаж сурвалжлагчийн дээрээс асгаран буусан цонхны шилний хэлтэрхийд мөрөндөө шарх авч байсан гэдэг.

Анхны тулааны тухай бичихэд Корсунь Шевченкод бүслэгдсэн 80 мянган цэргийг устгахад ИС-2-ыг оролцуулжээ. Ухарч байсан Германы цэргийн цувааг гүйцэж ирсэн ИС танкууд үхтлээ айсан цэрэг техник, автобус, морин тэрэг, явган цэргүүд рүү гал нээсэн байна. Сумаа цэнэглэх хугацаа нь удаан байсан учир шууд няц дайраад л орсон байна. Өнөөх ИС танк өөрийнхөө дайрсан хүн, морь, машин дотроо шаварт сууж байгаа мэт суух үед нь арайхийн зугтаж амь гарсан гэж тухайн бүслэлтээс гарч чадсан герман цэргүүд дурдсан байдаг.

Оросууд өөрсдөө хүртэл танкийнхаа хүчин чадал, хөнөөл үзүүлэх чадварыг хараад бүр дотор нь эвгүйцсэн гэдэг. ИС танкны нэгэн жолоочийг командлагч нь танкаа цэвэрлэ, ойртохын аргагүй өмхий үнэртэж байна, битгий хүмүүсийг амьдаар нь дайрч алаад бай гэж загнасан тухай яриа ч бий.

Аймшигтай эд шүү.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 29. 10:01
ИС танк тухай

ИС танкны тухай зураг техник байлдааны ажилгааны тухай нарийвчалсан тайлбар нийтлэл бна уу .сонсож бгаагуй их сонирхолтой юм .амжилт

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]