Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Харийнхан монгол тэмээний тухай-2Уншсан399

Алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь: -Нутгийн иргэдээс нууцаар газрын зураг авсан нь http://www.tolgoilogch.mn/_0fbht+-ed2

-Цахар монголчуудын зан чанар эвдэрсэн гэж дүгнэжээ http://www.tolgoilogch.mn/_hw9osawyu7

Харийнхан монгол тэмээний тухай-1 http://www.tolgoilogch.mn/_0t-dskhihh


 
III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

 

(Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Тэмээ нэг их зовохгүйгээр авч явдаг ачааны дундаж хэмжээ нь 12 пүү юм. Цайны тээвэрчид тэмээ болгонд 4 хунз (тус бүр 3 пүү) цай тэгнэснээр ихэвчлэн ийм жинтэй ачаа авдаг. Харин нас гүйцсэн буур 15 пүү ачаа даах учир тав дахь хунз цайг нэмж ачна. Гэхдээ монголчууд олон бууртай байдаггүй, зөвхөн ингээ хээлтүүлж, ботголуулахын тулд л буур тавьдаг. Бууран тэмээ орооныхоо үед асар догшрон ууртай болдог аж.

Тэмээнд ачааны жингээс гадна овор нь их чухал. Хэтэрхий овортой ачаанд салхи маш их эсэргүүцэл үзүүлдэг учир тэмээг урагшлахад үлэмж саад учруулдаг, үүний нэгэн адил хэтэрхий жижиг хэмжээтэй атлаа дэндүү хүнд байвал даралт маш бага талбайд ногдох учир тэмээний нурууг гэмтээнэ. Монголчууд цул цутгамал мөнгийг тээвэрлэхдээ 12 пүү цай ачиж болох тийм тэмээнд 7-гоос илүүгүй пүү мөнгө ачиж явдаг. Хэвийн ачаатай тэмээ хоногт 40 орчим бээр газрыг амархан туулж, бүтэн сар тасралтгүй явж чадна. Тэгээд арав юм уу, арван дөрөв, арван тав хоноод дахин аян жинд гарах мэтээр бүтэн өвлийн турш буюу 6-7 сар ажрах чадвартай. Тэгэхдээ ийм улирлын эцэст маш эцэж туйлддаг учир монголчууд тэмээгээ зуны турш сул тавьж, таргалуулна. Ингэхгүй бол тэмээ гэдэг амьтан нэг жил хүчин зүтгэж чадахгүй болох учир заавал ингэж амраана. Бид аялал хийж явахдаа бүтэн жилийн дараа, гэхдээ бүр зунжингаа тэмээдээ унаж, эдэлдэг байсан учир олон тэмээ алдсан билээ.

Зуны улиралд эрх дураараа бэлчээрлэж идээшилсний дүнд намар гэхэд тэмээ тарга хүч авч, ноос нь шинээр ургаж гүйцнэ. Тэмээний ноос 3-р сарын үед хөндийрч эхлэх бөгөөд 6-р сарын сүүлч гэхэд цөм унаж, тэмээ нүцгэн үлдэнэ. Энэ үедээ тэмээ бороо, хүйтэн болон ер нь цаг агаарын аливаа өөрчлөлт болгонд маш эмзэг болдог. Бие хаа нь ч эмзэг, хэврэг болж, өчүүхэн бага ачаанд нуруу нь автана, нэг үгээр хэлэхэд энэ бол тэмээний өвчлөлтийн үе ажээ. Дараа нь түүний бие хулганых шиг тачир зөөлөн үсээр бүрхэгдэж, 9-р сарын эцэс гэхэд үс ноос нь ургаж бүрэн гүйцнэ. Тэр үедээ эр тэмээ ялангуяа буур маш гоёмсог, овдөг, хүзүүндээ өтгөн урт зогдор бүхий сүрлэг амьтан харагдана.

Өвлийн цагт тэмээн хөсгөөр аян жинд явахдаа хом бамбайг нь хэзээ ч авдаггүй, буух газраа ирэнгүүт ачааг нь буулган сул тавьж идээшлүүлнэ. Харин зуны халуунд тэдний хом бамбайг одөр болгон авч байхгүй бол хөлөрч норсон нуруу нь автаж гэмтэнэ. Тэгэхдээ тэмээний хом бамбайг буумагцаа, ачааг нь буулгасан даруйдаа авдаггүй, харин нэг хоёр цаг болоод, тэмээний хөлс хатсан хойно нь авдаг. Түүний дараа л сул тавьж бэлчээрт гаргах юм уу, усална, тэгэхдээ халуун нартай байвал тэмээний нурууг эсгийгээр хучиж бүрхэхгүй бол нар тэр газрыг нь түлж, арьс нь ачааны дор тэр аяараа хөндийрч хуурна. Товчоор хэлэхэд, тэмээн хөсөгтэй аялахад зуны цагт ажиллагаа ихтэй ч тэмээгээ баллачихгүйн тулд ингэхгүй байхын аргагүй юм. Иймэрхүү ажил явддыг гаргууд сайн мэддэг монголчууд юу амлаж, ямар шан харамж өгөөд ч зуны цагт тэмээгээр жин тээдэггүй ажээ. Бидний хувьд огг өөр зорилготой явсан болохоор олон малаа жагсаалтаас гаргасан билээ.

Тэмээ нь туйлын ижилсэг амьтан учир аян жингээр явахад эцсээ хүртэл зүтгэдэг байна. Харин эцэж цуцаад нэг л хэвтсэн бол яаж ч зодож цохиод босгож үл чадна, тийм тэмээдийг бид зөнд нь хаян явахаас өөр аргагүй болдог байлаа. Ийм тохиолдолд монголчууд хамгийн ойрын айл хотод очиж эцсэн тэмээгээ захиж орхино, хоол тэжээл, ус байгаа нөхцөлд орхигдсон тэмээ хэдэн сарын дараа хэвийн шинжиндээ орно.

Шавар намагт унасан тэмээ бас л муудаж, түргэн зуур турж эцнэ, гэхдээ Монголд намаг шавар ховор учир ийм явдал ховор тохиолддог. Усархаг борооны дараа тэмээ шаварлаг хөрстэй газраар явж үл чадна, гөлгөр хавтгай тавхайтай учир амархан халтирч унана. Хэдий тийм боловч хамгийн өндөр ууланд ч гэсэн тэмээ унан явж болдог. Бид Гань-суг дайран хоёр тийш тус бүр 500 бээр газрыг туулахдаа далайн түвшингээс дээш 12 мянган фут найман давааг хошоод удаа даван, үүнийг биеэрээ үзэж мэдсэн билээ. Манай тэмээд энэ хавийн уулсад ихэд туйлдсан хэдий боловч ямар ч уулаар тэмээтэй явж болно гэдэг нь харагдсан юм. Умард Төвөдөөр дамжин Лхас руу явахад далайн түвшингээс дээш 16 мянга, түүнээс ч илүү өндөр даваагаар тэмээд маань давж байсан юм, тэгэхдээ агаар сийрэгжсэнээс болж нэлээд нь үхэж үрэгддэг байв. Ийм өндөрлөгт гарсан тэмээд нэгмөсөн жагсаалаас гардаг гэж монголчууд ярьж, тийм тэмээд Халхын нутгаас доогуур орших бэлчээрт огт тэвээрэг авдаггүй гэж байлаа. Харин ч эсрэгээрээ, хоёр дахин их үнэмлэхүй өндөрт орших Хөх нуурт авчирсан Халхын тэмээд энд огт ажралгүй байж, дээрх нуурын эрэг хавийн хужир мараат газарт удалгүй тэнхэрсэн юм.

Зуны улиралд тэмээд тал нутагт ямар ч хариулга маллагаагүй бэлчээрлэн идээшилж явах ба хоногт ганц удаа ус уухаар худаг дээр ирнэ. Аяллын үеэр тэмээдийг майхан хөсгийнхөө ойролцоо зэрэгцүүлэн хэвтүүлж, ачаа бараанаасаа юм уу, урт хэц, зэлнээс бурантгаар нь уяж хононо. Овол цагт их хүйтний үеэр хөтөч монголчууд өөрсдөө ч гэсэн тэмээдийнхээ хооронд хэвтэж, арай дулаахан хонох нь олонтаа байлаа. Аялж явахдаа тэмээдээ ар араас нь цувруулан бурантгаар хооронд нь холбон уях бөгөөд тэгэхдээ аль нэг тэмээ хажуу тийш гарах юм уу, хойш сууж чангаавал хамрыг нь гэмтээчихгүйн тулд хөвөрхий уяагаар бэхэлнэ.

Тэмээг ачлага, тээвэрт хэрэглэхээс гадна уналгад мөн тэргэнд хөллөж, эдэлнэ. Тэмээ унахын тулд морины эмээлтэй төстэй гэмээр тохош тавьж, эхлээд мордсоныхоо дараа тэмээгээ босгоно. Харин буухын тулд ихэвчлэн түүнийг хэвтүүлдэг хэдий ч яарсан үед шууд дээрээс нь бууна. Тэмээгээр алхуулж, жонжуулж явахаас хатируулж, цогиулж явдаггүй. Харин тэмээний таваргааг зөвхөн сайн хурдан морь л гүйцнэ. Нэг хоногийн дотор тэмээгээр 100 орчим бээр газрыг туулах маягаар 7 хоног халаа сэлгээгүй явж болно.

Тэмээг ачлага, уналгад хэрэглэж ашиг тусыг нь авахаас гадна ноос, сүүг нь авч хэрэглэнэ. Ингэний сүү өрөм мэт отгөн, маш сайхан амттай, ингэний сүүнээс авсан өрөм тос үнээнийхээс огтхон ч дутахгүйгээр гадна хайлуулсан өөхтэй нэн төстэй. Монголчууд тэмээний ноосоор оосор уяа хийж, гол толөв хятадуудад худалдаж борлуулна. Ноос нь их биеэсээ хөндийрч эхлэх үед буюу гуравдугаар сард тэмээг хяргана.

Тэмээ маш чийрэг, бат бэх амьтан боловч говь цөлийн хуурай уур амьсгалд байнга амьдарч дассан учир ус чийгэнд маш муу. Бидний тэмээ Гань-су уулын нойтон хөрсөн дээр хэдэн шөнийг хэвтэж өнгөрүүлээд цөм хатгаа авч, бие дээр нь идээ бээртэй яр шарх гарч эхэлсэн билээ. Хэрэв хэдэн сарын дараа бид Хөх нуур руу яваагүйсэн бол Гань-суд бидэнтэй хамт ирсэн нэгэн ламын тэмээд үхэж дууссан шиг манайх ч гарцаагүй зүйл дуусах байсан юм. Мал амьтны өвчнөөс монголчуудын хамуу хэмээдэг өвчинд тэмээ хамгийн их өртдөг ажээ. Энэ өвчинд нэрвэгдсэн тэмээний хамаг бие аажим аажмаар идээ яранд баригдаж, үс ноос нь зулгарч унах ба хэсэг хугацааны дараа яах ч аргагүй үхнэ. Хамуунаас гадна сахууд нэрвэгдэх нь бий. Хамуутсан тэмээнд монголчууд ямааны шөл цутгахын хажуугаар яр шарх дээр нь шатаасан байван, хамрын тамхи тавих, дарь шатаах зэрэг аргаар эмчилнэ. Хөх нуурт тэмээ болон бусад малын өвчнийг гишүүнэ ургамлаар эмчилдэг, гэхдээ аль ч газар нутгийн монголчууд эмчилгээний арга барилаа ихэд нууцалдаг. Цаг агаар чийглэг, хур бороотой үед тэмээ амархан ханиалгана, энэ тохиолдолд эмчилгээний хамгийн сайн хэрэгсэл нь Шар мөрний хөндий газар, бас өмнөд Монголын зарим газарт хааяа ургадаг сухайн бут байдаг.

Тэмээн хөсөгтэй аялах, ялангуяа говийн жижиг хайрга чулуу ихтэй газраар удаан явах үед тэмээний тавхай элэгдэж цоорон улдаж, эхлээд доголж явснаа дараа нь ерөөсөө явж чадахаа болино. Ийм үед монголчууд доголох тэмээгээ хүлж газарт унагаад, мөнөөх цоорсон тавхайд нь зузаан гэгчийн шир барьж оёно. Чингэхдээ бүдүүн гэгчийн тэвнээр тэмээний улыг нэвт хатган ширэх учир энэ ажилбар маш түвэгтэй, шаналгаатай боловч ийм эмчилгээний дараа тэмээ доголохоо больж, хэвийн болно.

... Дөрөвдүгээр сарын 24-ний өглөө гэхэд бид Монголын захын нурууны Хаалган руу уруудаж очих зам эхэлдэг яг тэр цэг дээр дахин зогсож байлаа. Дахиад л хөлийн маань дор уулсын сүрлэг дүр төрх цэлийн харагдаж, цаана нь Хятадын номин ногоон тэгш тал үргэлжилнэ. Тэнд хавар нэгэнт ирчихсэн атал ард маань байх өндөрлөг газар оронд байгаль дэлхий өвлийн царцанги шинжээсээ дөнгөж сэрж байлаа. Хавцал даган доошлох тутам тал газрын дулаан амьсгал улам хүчтэй мэдрэгдэх ажээ. Хаалган хотод навчис нь ургаж гүйцсэн модод хаа сайгүй харагдаж байсан бол ойр хавийн уулнаас нь бид 30 гаруй төрлийн цэцэглэн буй ургамлыг түүж авсан билээ.

Монсудар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]